МУИС-д “Шударга ёсны клуб” үйл ажиллагаагаа эхлүүллээ

A- A A+
МУИС-д “Шударга ёсны клуб” үйл ажиллагаагаа эхлүүллээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс их, дээд сургуулийн оюутан, залуусын шударга байдлын түвшинг нэмэгдүүлэх, сургуулийн орчинд шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, шударга байх соёлыг түгээх зорилгоор МУИС-ийн оюутнуудын дунд “Шударга ёсны клуб” байгуулах нээлтийн арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээг нээж МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр үг хэлэхдээ “МУИС-ийн 28018 оюутанд шударга ёс, зөв байх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг оюутны хөгжлийн клуб ус, агаар шиг хэрэгтэй байгаа учраас клубын үйл ажиллагааг цаашид бодлогоор дэмжиж ажиллана” гэдгээ онцлон тэмдэглэсэн.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Үеийн засуустаа зөвийг үлгэрлэж, бурууг жигших, шударга байх соёлыг түгээх, нийгэмд шударга ёс тогтоход залуу үеийнхэн, оюутнуудын дуу хоолой хамгийн их хэрэгтэй байна” гэсэн бол Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг “МУИС-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн болон сайн дурын оюутны 67 клуб байдаг. Эдгээр клубүүдэд 2300 оюутан хамрагддаг. Энэ удаад отгон клуб болж “Шударга ёсны клуб” нээгдэж байгаа нь оюутнуудын дунд зөв, шударга байх талаар соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахад түлхэц өгсөн өндөр ач холбогдолтой үйл явдал юм” гэв.

Арга хэмжээний үеэр оюутан залууст Авлигатай тэмцэх газраас бэлтгэн гаргасан видео, контентыг үзүүлж, оюутнуудын шударга ёсны талаарх санаа, бодлыг нь сонсож, үе тэнгийн залууст шударга ёсны талаарх үзэл бодол, дуу хоолойг хүргэх боломжоор хангав.

Клубын нээлтийн арга хэмжээнд Нийгмийн ухааны салбар сургуульд суралцдаг Улс төр, Сэтгүүл зүй, Социологийн ангийн 120 оюутан хамрагдаж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн бөгөөд клубт элсэх хүсэлтэй оюутнуудыг бүртгэж үйл ажиллагааг эхлүүлэв.

Авлигатай тэмцэх газраас дараагийн 5 их, дээд сургуульд “Шударга ёсны клуб” нээхээр ажиллаж байна.