Оюутнуудын дунд авлигын хэрэг, зөрчлийн асуудлаар мэтгэлцээн зохион байгуулав

A- A A+
Оюутнуудын дунд авлигын хэрэг, зөрчлийн асуудлаар мэтгэлцээн зохион байгуулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Глобал удирдагч” их сургууль, Хууль зүйн сургуулийн оюутнуудын дунд “Эрүүгийн эрх зүйг хэн сайн мэдэх вэ?” мэтгэлцээнийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуулийн мэдлэгт тулгуурлаж дээрх сургуулийн 2-4 дүгээр курсийн 122 оюутныг хамруулан 3 үе шаттайгаар зохион байгуулсан мэтгэлцээнд Г.Мөнхзул ахлагчтай баг тэргүүн байрыг эзэлж, Б.Түмэнцоож ахлагчтай баг хоёрдугаар байрт шалгарч, Ц.Сувдмаа ахлагчтай баг гуравдугаар байрыг эзлэв.

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтсан “Эрүүгийн эрх зүйг хэн сайн мэдэх вэ?” мэтгэлцээнд оюутнууд шүүхээр шийдвэрлэсэн авлигын гэмт хэргүүдээс сонгон авч бодит хэрэг, маргаанд хэргийн оролцогчийн байр сууринаас тодорхой нөхцөл байдалд үнэлгээ өгч, авлигын эсрэг хууль тогтоомжийг судлан, мэдлэгээ дээшлүүлсэн нь авлигын эсрэг боловсролыг дэмжих, соён гэгээрүүлэхэд чиглэсэн бодит үр дүнтэй ажлын нэг боллоо.

Авлигатай тэмцэх газраас цаашид хууль зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд авлигын гэмт хэрэг, зөрчлийг мэдээлэх, илрүүлэх, мөрдөн шалгах, шийдвэрлэхтэй холбоотой бодит жишээ, баримтад тулгуурлан соён гэгээрүүлэх ажлыг мэтгэлцээн хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.