Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад "Багшлах эрх олгох, хүчингүй болгох журам”-ын төсөлд санал авч байна.

A- A A+
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад

Боловсрол, шинжлэх ухааны cайдын

2023 оны ..... дугаар  сарын  ... ний өдрийн

... дугаар тушаалын  хавсралт

 

БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Мэргэжлийн боловсролын сургуульд багшлах хүсэлтэй бакалавр, түүнээс түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл үйлчилгээний салбарт гурваас доошгүй жил ажилласан, Политехник коллежид багшлах хүсэлтэй магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл үйлчилгээний салбарт таваас доошгүй жил ажилласан туршлагатай мэргэжлийн, мэргэжлийн өндөр ур чадвартай иргэнд багшлах эрх олгох, хүчингүй болгохтой холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Энэхүү журмын зорилго нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагад багшаар ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, тасралтгүй хөгжлийг дэмжих, багшийн ёс зүй, нэр хүнд, үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд оршино.

1.3. Багшлах эрх олгох, хүчингүй болгох үйл ажиллагаанд хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх, ил тод, нээлттэй, тогтвортой, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтална.

Хоёр. Сургалтын хөтөлбөр, агуулга

2.1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад багшлах эрх олгох сургалт нь боловсролын тодорхой түвшинд багшлах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн, шатлан суралцах агуулгын залгамж холбоо бүхий  агуулга, хөтөлбөртэй, багшаас бусад мэргэжилтэй иргэнийг багшлах эрхтэй болоход бэлтгэх хувилбарт сургалт байна.

2.2. Мэргэжлийн сургалтын байгууллагын багшид сургах зүйн гэрчилгээ олгох сургалт нь чадамжид суурилсан сургалтын үндсэн зарчимд нийцсэн байх бөгөөд тухайн салбар, мэргэжлийн онцлогт тохирсон, уян хатан хөтөлбөртэй байна.

2.3. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш бэлтгэх хувилбарт сургалтын хөтөлбөр нь Боловсролын ерөнхий хуулийн 5.1.4-т заасан зарчимд үндэслэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 17.6-д заасан ажил мэргэжлийн стандартад нийцсэн байна.

2.4. Тухайн сургалтын хөтөлбөрийг танхимын,  танхимын бус /зайн, цахим/ болон хосолсон хэлбэрээр зохион байгуулж болно.

2.5. Багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтын хөтөлбөрт тавих ерөнхий шаардлагыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

2.6. Журмын 2.1, 2.2-ын дагуу багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтын хөтөлбөрийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, баталгаажуулан сургалтыг зохион байгуулна.

Гурав. Багшлах эрх олгох

3.1. Багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтад хамрагдах иргэн доорх шаардлагыг хангасан байна:

3.1.1.Мэргэжлийн боловсролын болон мэргэжлийн сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэжлийн  мэргэшлийн өндөр ур чадвартай байна:

3.1.2.техникийн боловсролын сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт таваас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэжлийн  мэргэшлийн өндөр ур чадвартай байна:

3.2.  Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэн дараах баримт бичгийг бүрдүүлж,

сургалтын байгууллагын удирдлагад хүсэлтээ гаргах ба цахим бүртгэлд бүртгүүлсэн байна.

         3.2.1.Өргөдөл; 

         3.2.2.Анкет;

         3.2.3.Журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан баримт бичгийн хуулбар;

         3.2.4.3х4 хэмжээний 2 ширхэг цээж зураг;

3.3.   Шаардлага хангасан багшийн баримт бичгийг сургалтын байгууллагын албан бичгээр баталгаажуулан, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад багтаан хүргүүлнэ.

3.4.  Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь багшлах эрх олгох болон сургалтыг дууссанаас хойш ажлын 10 хоногт багтаан шаардлага хангасан багш нарын нэрсийн жагсаалт, тайланг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.5. Багшлах эрх олгох сургалтад хамрагдан сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, тэнцсэн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид   “БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ” олгоно.

3.6. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сургах зүйн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, тэнцсэн мэргэжлийн сургалтын байгууллагын багшид “СУРГАХ ЗҮЙН ГЭРЧИЛГЭЭ” олгоно.

Дөрөв. Багшлах эрхийг хүчингүй болгох, сэргээх

4.1. Багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, үйл ажиллагааны гүйцэтгэлд тавигдах шаардлагыг хангах чадваргүй, багшийн ёс зүйн хэм хэмжээ, нэр төрийг эрхэмлэн сахих үүргээ биелүүлээгүй, сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд багшлах эрхийг хасна.

4.2. Сургалтын байгууллагаас багшлах эрхийг хасуулах тухай саналаа дараах бичиг баримтын хамт  бүрдүүлж Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:

4.2.1. Багшлах эрхийн гэрчилгээний эх хувь;

4.2.2. Багш ёс зүйн дүрмийг зөрчсөн болон  багшлах эрхийг хүчингүй болгох үндэслэлийг

        нотолсон баримт, тэмдэглэл, гомдол гаргасан этгээдийн өргөдөл;

4.2.3. Сургалтын байгууллагын багш нарын  ёс зүйн зөвлөлийн дүгнэлт;

4.2.4. Сургалтын байгууллагын албан бичиг;

4.3. Зөрчил гаргасан нь холбогдох дээд байгууллагын дүгнэлтээр батлагдсан бол багшлах эрхийг 1 жилийн хугацаатай хасна.

4.4. Багшлах эрхээ хасуулсан багшийн эрхийг энэхүү журмын 3.1-д заасан шаардлагыг хангасны дараа 1 жилийн хугацаа дууссаныг холбогдох байгууллага баталснаар, сургалтад хамрагдсаны дараа сэргээж болно.

4.5. Энэ журмын 4.2-д заасан байгууллагын дүгнэлтийг үндэслэн “Багшлах эрх олгох, хүчингүй болгох, сэргээх” тухай шийдвэрийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

Тав. Багшлах эрхийн гэрчилгээ нөхөн олгох

5.1.  Багшлах эрхийн гэрчилгээг гэмтээсэн, гээж үрэгдүүлсэн тохиолдолд дараах баримт бичгийг  үндэслэн нөхөн олгож болно:

5.1.1. Багшлах эрхийн гэрчилгээ нөхөн авах тухай иргэний хүсэлт;

5.1.2. Бичиг баримтын хуулбар;

5.1.3. Багшлах эрхийн гэрчилгээний үндсэн үнийг төлсөн төлбөрийн баримт;

5.1.4. 3х4-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг;

5.1.5. Сургалтын байгууллагын тодорхойлолт;

5.2.  Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь багшийн мэдээллийн санд үндэслэн багшлах эрхийн гэрчилгээ нөхөн олгох үйл ажиллагааг  ажлын 21 хоногт багтаан зохион байгуулна.

Зургаа. Багшлах эрхийн гэрчилгээний загвар

6.1. Багшлах эрх авах шаардлага хангасан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид “БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ” олгоно.

6.2. Мэргэжлийн сургалтын байгууллагад багшлах иргэнд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулдаг сургалтад хамрагдаж шаардлага хангасан тохиолдолд “СУРГАХ ЗҮЙН ГЭРЧИЛГЭЭ” олгоно.      

6.3. Сургах зүйн гэрчилгээнд судалсан агуулгыг бүрэн оруулсан, В5 хэмжээтэй байна.

6.4. Багшлах эрхийн гэрчилгээний нүүрэн талд “Соёмбо” тэмдэг зурж, “БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ” гэж Монгол бичиг, крилл үсгээр алтан боронзоор бичнэ.

Долоо. Бусад

7.1. Багшлах эрхийн болон сургах зүйн гэрчилгээ олгосон, хассан, нөхөн олгосон багш нарын мэдээллийг бүртгэх, код олгох, мэдээллийн сан үүсгэх, бүртгэлийг шинэчлэх, лавлагаа олгох асуудлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.

7.2. Багшлах эрх олгох, хүчингүй болгохтой холбоотой шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн багш холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд шүүхэд хандаж болно.

7.3. Багшлах эрхийн гэрчилгээ нь мэдээллийн санд бүртгэлтэй код, дугаартай байна.

7.4. Боловсролын бүх шатны байгууллагад 5-аас дээш жил ажиллаагүй тохиолдолд багшлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцно.

7.5. Багшлах эрх олгох сургалтын болон гэрчилгээ хэвлүүлэхтэй холбогдон гарах зардлыг багш хариуцна.

7.6. Багшлах эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн ашиглахыг хориглоно.

7.7. Багшаар ажиллаж байгаад боловсролын салбарын захиргааны болон мэргэжлийн байгууллагад шилжин ажилласан бол багшлах эрх нь хэвээр  хадгалагдана.

---оОо---

 

Боловсрол, шинжлэх ухааны

сайдын 2023 оны ..... дугаар  сарын

 ...ний өдрийн .... дугаар тушаалын

нэгдүгээр хавсралт

 

“БАГШЛАХ ЭРХИЙН БОЛОН СУРГАХ ЗҮЙН” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЖИШИГ БҮТЭЦ

 /Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх хөтөлбөр/

Сургалтын хөтөлбөрийн зорилго: ...........................................................................................

Сургалтын хугацаа:.....................................................................................................................

Сургалтад багшлах багшид тавигдах шаардлага:..................................................................

Сургалтад хамрагдах иргэнд тавигдах шаардлага:................................................................

Хөтөлбөрийн агуулга:.................................................................................................................

Чадамжийн нэгж

Агуулга

Танхимын цаг

Бие даалтын цаг

Нийт цаг

Онол

Дадлага

 

 

 

 

 

 

 

Арга зүй:

Сургалтын хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн олон хувилбарт заах арга зүйн аргачлалаар зохион байгуулах

Үнэлгээ:

-Сургах зүйн сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн судалж, даалгавраа илгээсний дараа тайлан хамгаалалт хийгдэнэ.

-Сургалт дууссанаас хойш ажлын 10 хоногт багтаан шаардлага хангасан багш нарын нэрсийн жагсаалт, тайланг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

-Сургах зүйн сургалтын хөтөлбөрийг бүрэн судалж, тэнцсэн мэргэжлийн сургалтын байгууллагын багшид “СУРГАХ ЗҮЙН ГЭРЧИЛГЭЭ” олгоно.

Сургалтаар эзэмших мэдлэг, чадвар:

Мэргэжлийн болон техникийн боловсролын, сургалтын байгууллагын багшийн ажил мэргэжлийн лавлах, стандартад үндэслэн эзэмшвэл зохих мэдлэг, ур чадварыг тодорхойлсон байна.

Бие даалтаар хийх даалгавар:

Сургалтын хөтөлбөрийн гол чадамжийн нэгжүүдээр танхимын сургалтыг ажлын байранд бататгах зорилготой ажлын даалгаврыг боловсруулсан байна.

Бие даан унших судлах материал:

Сургалтын хөтөлбөрийн чадамжийн нэг бүрээр бие даан уншиж, судлах ном, сурах бичиг, гарын авлага, холбогдох мэдээллийн эх сурвалжийг оруулна.

 

Боловсрол, шинжлэх ухааны

сайдын 2022 оны ..... дугаар  сарын

 ...ний өдрийн .... дугаар тушаалын

хоёрдугаар хавсралт

 

 

Тайлбар: Гэрчилгээний дугаар кодлолт

МБ - 21 145 131

МБ – мэргэжлийн боловсрол

23 – тушаал батлагдсан оны сүүлийн 2 орон

.... – тушаалын дугаар

.... – бүртгэлийн дугаар

QR – тухайн багшийн бүртгэлтийн мэдээлэл

 

---оОо---

 

Боловсрол, шинжлэх ухааны

сайдын 2022 оны ..... дугаар  сарын

 ...ний өдрийн .... дугаар тушаалын

 

Тайлбар: Гэрчилгээний дугаар кодлолт

МС - 21 95 18

МС – мэргэжлийн сургалт

23 – тушаал батлагдсан оны сүүлийн 2 орон

.... – тушаалын дугаар

.... – бүртгэлийн дугаар

QR – тухайн багшийн бүртгэлтийн мэдээлэл

---оОо---