PISA 2022 National Report Mongolia

A- A A+
PISA 2022 National Report Mongolia

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас зохион байгуулдаг PISA (Programme for International Student Assessment) нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.

PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээ нь:

•             Хүүхдүүд суурь боловсрол эзэмшээд дараагийн шатны боловсролын түвшинд шилждэг нас учраас 15 настай суралцагчдыг хамруулдаг.

•             Суралцагчдын мэдлэг, чадварыг математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний агуулгаар судалдаг.

•             Сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор сургуулийн захирал болон суралцагчдаас асуулга судалгаа авдаг.

•             Компьютерт болон цаасанд суурилсан хэлбэрээр явагддаг.

Гурван жил тутам зохион байгуулагддаг энэхүү үнэлгээнд дэлхийн 81 улс орон хамрагдсанаас Монгол Улсаас анх удаа 2022 онд оролцсон. Манай  улс компьютерт суурилсан хэлбэрээр оролцсон бөгөөд ба судалгаанд хамрагдах сургууль, суралцагчийг түүврийн аргаар сонгосон.

Нийт  түүврийн аргаар сонгогдсон 196 сургуулийн 7276 суралцагч 2022 оны 04 дүгээр сарын 11-ээс 2022 оны 05 дугаар сарын 14-ны хугацаанд уг судалгаанд хамрагдаж, математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгаврыг, сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгыг хийж гүйцэтгэсэн.

Монгол Улс PISA үнэлгээнд оролцсоноор

•             15 настай суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал практикт хэрхэн хэрэглэж буйг бодитой тодорхойлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдэх;

•             Өөрийн орны боловсролын чанарыг дэлхийн бусад оронтой харьцуулах, арга туршлагаас суралцах;

•             Үр дүнд тулгуурлан боловсролын бодлого, шинэчлэлийн чиглэл, төлөвлөлтийг тодорхойлох;

•             Мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

•             Дагалдах асуулгын хүрээнд хүн ам зүй, нийгэм эдийн засаг, боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь суралцагчийн сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх зэрэг боломж бүрдэх юм.

PISA 2022 National Report татаж авах