Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Багшлах эрх олгох, хасах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Багшлах эрх олгох, хасах журмын төслийг шинэчлэн бол

A- A A+
  Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Багшлах эрх олгох, хасах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Багшлах эрх олгох, хасах журмын төслийг шинэчлэн бол

                      Боловсрол, шинжлэх ухааны  

сайдын 2022 оны ..... дугаар  сарын

 ...ний өдрийн .... дугаар тушаалын

 хавсралт

 

БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ, ХАСАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад багшлах хүсэлтэй бакалавр түүнээс дээш зэрэгтэй эсвэл мэргэжлийн өндөр зэрэгтэй, үйлдвэрлэлд ажилласан туршлагатай иргэнд багшлах эрх олгох, хасахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
  2. Энэхүү журмын зорилго нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад багшаар ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, тасралтгүй хөгжлийг дэмжих, багшийн ёс зүй, нэр хүнд, үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд оршино.
  3. Багшлах эрх олгох, хасах үйл ажиллагаанд хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх, ил тод, нээлттэй, тогтвортой, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтална.

Хоёр. Сургалтын хөтөлбөр, агуулга

  1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид багшлах эрх олгох сургалт нь боловсролын тодорхой түвшинд багшлах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн, шатлан суралцах агуулгын залгамж холбоо бүхий  агуулга, хөтөлбөртэй байна.
  2. Мэргэжлийн сургалтын байгууллагын багшид сургах зүйн гэрчилгээ олгох сургалт нь чадамжид суурилсан сургалтын үндсэн зарчимд нийцсэн байх бөгөөд тухайн салбар, мэргэжлийн онцлогт тохирсон, уян хатан хөтөлбөртэй байна. 
  3. Тухайн сургалтын хөтөлбөрийг танхимын,  танхимын бус /зайн, цахим/ болон хосолсон хэлбэрээр зохион байгуулж болно.
  4. Багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтын хөтөлбөрт тавих ерөнхий шаардлагыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
  5. Журмын 2.1, 2.2-ын дагуу багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтын хөтөлбөрийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, баталгаажуулан сургалтыг зохион байгуулна.

Гурав. Багшлах эрх олгох

 3.1. Багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтад хамрагдах иргэн доорх шаардлагыг хангасан байна:

3.1.1.Бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй:

3.1.2.Үйлдвэрлэлийн зохих дадлага, туршлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй

3.2.  Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэн дараах баримт бичгийг бүрдүүлж,

сургалтын байгууллагын удирдлагад хүсэлтээ гаргах ба цахим бүртгэлд бүртгүүлсэн байна.

         3.2.1.Өргөдөл; 

         3.2.2.Анкет;

         3.2.3.Журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан баримт бичгийн хуулбар;

         3.2.4.3х4 хэмжээний 2 ширхэг цээж зураг;

3.3.   Шаардлага хангасан багшийн баримт бичгийг сургалтын байгууллагын албан бичгээр баталгаажуулан, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 01 ба 09 дүгээр сард багтаан хүргүүлнэ.

  1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтыг дууссанаас хойш ажлын 10 хоногт багтаан шаардлага хангасан багш нарын нэрсийн жагсаалт, тайланг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
  2. Багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтад хамрагдан сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, тэнцсэн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид   “БАГШЛАХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ” олгоно.
  3. Сургах зүйн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, тэнцсэн мэргэжлийн сургалтын байгууллагын багшид “СУРГАХ ЗҮЙН ГЭРЧИЛГЭЭ” олгоно.

Дөрөв. Багшлах эрх хасах, сэргээх

  1. Багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, үйл ажиллагааны гүйцэтгэлд тавигдах шаардлагыг хангах чадваргүй, багшийн ёс зүйн хэм хэмжээ, нэр төрийг эрхэмлэн сахих үүргээ биелүүлээгүй, сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд багшлах эрхийг хасна.
  2. Сургалтын байгууллагаас багшлах эрхийг хасуулах тухай саналаа дараах бичиг баримтын хамт  бүрдүүлж Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:

4.2.1. Багшлах эрхийн үнэмлэхний эх хувь;

4.2.2. Багш ёс зүйн дүрмийг зөрчсөн болон  багшлах эрх хасах үндэслэлийг

        нотолсон баримт, тэмдэглэл, гомдол гаргасан этгээдийн өргөдөл;

4.2.3. Сургалтын байгууллагын багш нарын  ёс зүйн зөвлөлийн дүгнэлт;

4.2.4. Сургалтын байгууллагын албан бичиг;

  1. Зөрчил гаргасан нь холбогдох дээд байгууллагын дүгнэлтээр батлагдсан бол багшлах эрхийг 1 жилийн хугацаатай хасна.
  2. Багшлах эрхээ хасуулсан багшийн эрхийг энэхүү журмын 3.1-д заасан шаардлагыг хангасны дараа сэргээж болно.
  3. Энэ журмын 4.2-д заасан байгууллагын дүгнэлтийг үндэслэн “Багшлах эрх олгох, хасах” тухай шийдвэрийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

Тав. Багшлах эрхийн үнэмлэх нөхөн олгох

5.1.   Багшлах эрхийн үнэмлэхээ гэмтээсэн, гээж үрэгдүүлсэн тохиолдолд дараах баримт бичгийг  үндэслэн нөхөн олгож болно:

5.1.1. Багшлах эрхийн үнэмлэх нөхөн авах тухай иргэний хүсэлт;

5.1.2. Бичиг баримтын хуулбар;

5.1.3. Багшлах эрхийн үнэмлэхийн үндсэн үнийг төлсөн төлбөрийн баримт;

5.1.4. 3х4-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг;

5.1.5. Сургалтын байгууллагын тодорхойлолт;

5.2.  Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь багшийн мэдээллийн санд үндэслэн багшлах эрхийн үнэмлэх нөхөн олгох үйл ажиллагааг  ажлын 21 хоногт багтаан зохион байгуулна.

Зургаа. Багшлах эрхийн үнэмлэхийн загвар

  1. Багшлах эрх авах шаардлага хангасан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид “БАГШЛАХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ” олгоно.
  2. Мэргэжлийн сургалтын байгууллагад багшлах иргэнд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулдаг сургалтад хамрагдаж шаардлага хангасан тохиолдолд “СУРГАХ ЗҮЙН ГЭРЧИЛГЭЭ” олгоно.      
  3. Сургах зүйн гэрчилгээнд судалсан агуулгыг бүрэн оруулсан В5 хэмжээтэй байна.
  4. Багшлах эрхийн үнэмлэхийн нүүрэн талд “Соёмбо” тэмдэг зурж, “БАГШЛАХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ” гэж Монгол бичиг, крилл үсгээр алтан боронзоор бичнэ.

Долоо. Бусад

  1. Багшлах эрх олгосон, хассан, нөхөн олгосон багш нарын мэдээллийг бүртгэх, код олгох, мэдээллийн сан үүсгэх, бүртгэлийг шинэчлэх, лавлагаа олгох асуудлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.
  2. Багшлах эрх олгох, хасахтай холбоотой шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн багш холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд шүүхэд хандаж болно.
  3. Багшлах эрхийн үнэмлэх нь мэдээллийн санд бүртгэлтэй код, дугаартай байна.
  4. Боловсролын бүх шатны байгууллагад 5-аас дээш жил ажиллаагүй тохиолдолд багшлах эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцно.
  5. Багшлах эрх олгох сургалтын болон үнэмлэх хэвлүүлэхтэй холбогдон гарах зардлыг багш хариуцна.
  6. Багшлах эрхийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэн ашиглахыг хориглоно.
  7. Багшаар ажиллаж байгаад боловсролын салбарын захиргааны болон мэргэжлийн байгууллагад шилжин ажилласан бол багшлах эрх нь хэвээр  хадгалагдана.

---оОо---