БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

           

  1. “Харааны бэрхшээлтэй хүүхдэд ахуйн баримжаа олгох сургалтын жишиг хөтөлбөр”, “Харааны бэрхшээлтэй хүүхдэд орон зай, хөдөлгөөний баримжаа олгох сургалтын жишиг хөтөлбөр”-ийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/309 дүгээр тушаалаар батлан гаргалаа. Тус хөтөлбөрийн зорилго нь харааны бэрхшээлтэй хүүхдэд тэмтрэх мэдрэхүйн тусламжтайгаар өөртөө үйлчлэх энгийн чадварыг хөгжүүлэх, танил бус эд юмсыг танин мэдэх арга барил, бие даан аюулгүй амьдрахад бэлтгэх чадвар эзэмшүүлэхэд оршино.
  2. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 348 дугаар тушаалаар “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, хамтарсан саналыг тусган журмыг батлан гаргалаа. Тус нэмэлт өөрчлөлтөөр Инновацийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн гарааны компани хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгохтой холбогдсон ерөнхий харилцааг зохицуулахаар тусгасан болно. Цаашид үүнтэй холбоотой инновацийн дэд бүтцийг байгуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай судалгааны ажлыг хийж байна.
  3. БШУ-ны сайдын 2021 оны А/293, А/297, А/298 тоот тушаалаар Шинжлэх ухааны паркийн эрхзүйн зохицуулалтын судалгаа, Инновацийн хөгжлийн түвшинг үнэлэх аргачлал, суурь үзүүлэлтийн түүвэр судалгаа, Гарааны компанийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх судалгаа, гарааны компанийн хувьцааг олон нийтэд санал болгох судалгааны ажлыг тус тус хийлгэхээр санхүүжилтийг батлуулж, судалгааны ажлыг эхлүүллээ.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарыг чадавхжуулах 2 дахь удаагийн 5 өдрийн онлайн сургалтыг 9 сарын 20-24-ний өдрүүдэд Боловсролын хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 500 гаруй багш оролцсон бөгөөд 5 дугаар сард зохион байгуулсан сургалтаас гарсан багш нарын санал хүсэлтийн дагуу сургалтын агуулгыг боловсрууллаа. Тус сургалтын агуулгад тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүй, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх мэдээллүүдийг багтаасан болно.
  2. “Хичээл, үйл ажиллагааг зохион байгуулах, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах менежмент” удирдах ажилтанд зориулсан сургалт, зөвлөн туслах ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа мэргэжлийн байгууллагууд Булган аймгийн Боловсролын газартай хамтран 2021 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалт, зөвлөн туслах ажилд Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 44 захирал, сургалтын менежер хамрагдсан бөгөөд сургалтаар коронавируст халдварын үед танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах менежмент, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах менежмент, үр дүнд суурилсан үнэлгээ, сургалтад цахим технологи хэрэглэх арга, туршлага, шийдлийн асуудлын талаар хэлэлцэв.
  3.  Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчдийг мэргэшүүлэн бэлтгэх сургалт-үйл ажиллагааг “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн үндэсний түшиц байгууллага-Боловсролын хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч-Байгаль орчин мэдээлэл сургалтын төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг хамтран 2021 оны 6 дугаар сараас үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.  “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн зорилтот 6 аймаг, 2 дүүргийн 24 сургуульд ажиллах 25 сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж сертификатыг гардуулан 9 сарын 20-оос ерөнхий боловсролын сургуулиудад ажиллуулж эхэллээ.  
  4. Засгийн газрын 2019 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 53 дугаар тогтоол, 2021 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах ажлын төлөвлөгөө”, Улсын Их Хурлын Байнгын хорооны 2021 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ерөнхий боловсролын сургуульд ажиллах хоол зүйчийг хөрвүүлэн бэлтгэх ажлыг Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/336 дугаар тушаалаар байгууллаа. Тус ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу 2022-2023 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуульд ажиллах хоол зүйчийг хөрвүүлэн бэлтгэх удирдамж, чиглэлийг боловсруулж, зохион байгуулалтаар ханган ажиллах юм.    
  5. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 9 сарын 8-ны өдрийн хуралдааны 50 дугаар тэмдэглэлийн 4 дүгээр заалтаар “Төвлөрлийг бууруулах зорилгоор зарим их, дээд сургуулийг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор  хэлбэрээр төрөлжүүлэн хөгжүүлэх тухай” асуудлаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгөгдсөний дагуу Засгийн газрын 2021 оны 9 сарын 15-ны өдрийн хуралдаанд хэлэлцүүлж их, дээд сургуулийг орон нутагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон үе шаттайгаар хөгжүүлэх тухай 51 дүгээр тэмдэглэлийг гаргуулах ажлыг зохион байгуулж ажиллалаа. Тус тэмдэглэлд Орхон аймаг дахь технологийн сургуулийг инженер технологийн чиглэлээр, Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг Сургалт, судалгаа үйлдвэрлэлийн чиглэлээр цогцолбор болгон хөгжүүлэх, Өмнөговь аймагт геологи, уул уурхай чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа салбар сургууль шинээр байгуулахаар тус тус заасан. Тус тэмдэглэлийн хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлыг хэсэг Дархан-Уул аймагт 9 сарын 20-22-ны өдрүүдэд, Өмнөговь аймагт 23-25-ны өдрүүдэд, Орхон аймагт 27-29-ний өдрүүдэд тус тус ажиллаж, өнөөгийн нөхцөл байдалтай танилцан, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж байна.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  1. Дэлхийн банкны  хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилээс Архангай, Булган, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Завхан, Төв, Хэнтий аймагт "Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим"-ыг жишиг байдлаар байгуулж, шаардлагатай ном, тоглоом, тавилга, тоног төхөөрөмж, туслах хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. 9 сарын 20-оос 30-ны өдрүүдэд дээрх аймгуудын загвар танхимын болон хичээл сургалтын үйл ажиллагаатай танилцах, сургуулийн дэмжлэгийн багт зөвлөн туслах, багш, удирдах ажилтанд холбогдох дүрэм журам болон арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа.
  2. Булган /09.23-24/, Архангай 09.27/ аймгийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчдэд Сургуулийн өмнөх боловсролын бодлого шийдвэрийн хэрэгжилт, сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээний бодлого хэрэгжилтийг танилцуулан, 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагааг танхим болон зайны хэлбэрээр зохион байгуулах, хүүхдийн чадварыг илрүүлэн үнэлгээ хийх  арга зүйн сургалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр орон нутагт сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад тулгамдаж буй асуудлыг сонсож, зөвлөгөө өгч, арга зүйн дэмжлэг үзүүллээ.
  3. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 35 нэрийн 1,030,590 ширхэг, дунд ангийн 26 нэрийн 151,431 ширхэг, Оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын 11 нэрийн 5700 ширхэг сурах бичиг, Багшийн журнал 4 нэрийн 25,077 ширхэг нийт 76 нэрийн 1,212,798 ширхэг сурах бичгийг хэвлүүлэн 9 дүгээр сарын 20-нд  аймаг, нийслэлийн Боловсролын газруудад хүргэх ажлыг зохион байгууллаа.
  4. Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн шинжлэх ухааны хичээлд хэрэглэгдэж буй химийн хорт болон аюултай бодисын тооллого, эрсдэлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, авах арга хэмжээний зөвлөмж боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/277 дугаар тушаалаар байгууллаа. Ажлын хэсгийг БОАЖЯам, МХЕГ, Онцгой байдлын ерөнхий газар, ЦЕГ, ШУА-ын албан хаагчдаас бүрдүүлсэн бөгөөд тус ажлын хэсгээс санал, дүгнэлт, зөвлөмжийг 11 сарын 15-ны дотор Сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм.   
  5. Ерөнхий боловсролын сургуулийн I-XII анги болон дүйцсэн хөтөлбөрийн сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага боловсруулах ажлын боловсруулалтын шат дуусаж тайлан нэгтгэх ажил хийгдэж байна. Бүтээгдэхүүнийг сайжруулахтай холбоотойгоор 09 сарын 23-аас 24-ний өдрүүдэд аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг бүсээр 5 бүлэг болгон цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
  6. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимаар эхлүүлж байгаатай холбогдуулан 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөлийн барилгыг түрээслэн сургалтын үйл ажиллагаа явуулах цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн жагсаалтыг баталж түрээсийн зардлыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/296 дугаар тушаалаар шийдвэрлэлээ.   
  7. Ковид-19 цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаатай холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр  нийт 6,506 ширхэг “гар халдваргүйжүүлэгч гель”-ийг /300 мл савлагдсан/ нийт цэцэрлэгт, тусгаарлах өрөөний  эрүүл ахуйн хамгаалалтын багцыг эрсдэл өндөртэй байгаа 8 аймгийн 260 цэцэрлэг, 220 ерөнхий боловсролын сургууль, 214 дотуур байранд нийлүүлэх ажлыг зохион байгууллаа.
  8. БШУ-ны сайд, Гадаад харилцааны сайд, Соёлын сайдын  2021 оны хамтарсан А/304, А/47, А/173 дугаар тушаалаар “Гадаад улсад амьдарч  байгаа Монгол Улсын харьяат иргэдийн хүүхдэд монгол хэл, түүх, соёл, ёс заншлын боловсрол олгох ажлыг бодлого, зохицуулалтаар хангах байнгын ажиллагаатай салбар дундын комисс”-ыг байгууллаа. Тус комисс Монгол Улсын хууль, холбогдох баримт бичгүүдэд тусгагдсан боловсролын бодлогын хэрэгжилтийг хангахтай холбоотой харилцаа, зохицуулалтыг тодорхой болгох, Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдүүд, тэдэнд сургалт явуулж буй Монгол хэл, соёлын сургалтын төвийн судалгаа, бүртгэлийг боловсролын удирдлагын системтэй уялдуулан сайжруулах, Сургалтын жишиг хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, багш бэлтгэх, давтан сургахтай холбоотой харилцааг боловсронгуй болгох зэрэг асуудлаар судалгаа хийн ажиллаж байна.
  9. Насан туршийн боловсролын үндэсний төвөөс улсын хэмжээнд бичиг үсэггүй иргэдийн судалгаа гарган сум, дүүргийн насан туршийн боловсролын нэгжид түшиглэн бичиг үсгийн сургалтыг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Судалгаагаар бичиг үсэггүй гэх 2874 иргэний 1164 нь эмэгтэй, 112 нь сургуулийн насны хүүхэд байна.
  10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, БШУ-ны сайдын 2021 оны хамтарсан А/131, А/308 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох “Хөдөлмөр сургалтын танхим” туршилтын төслийг хэрэгжүүлэх удирдамжийг батлан ажиллаж байна.
  11. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг тэтгэлгээр 2021-2022 оны хичээлийн жилд суралцах БШУ-ны сайдын 2021 оны 9 сарын 03-ны “Тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаадад  суралцуулах тухай” А/313 тоот тушаалыг гаргалаа.
  12. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөж, гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш нийгмийн даатгал төлж, үр бүтээлтэй ажиллаж байгаа,  шаардлага хангасан, гэрээний үүргээ биелүүлсэн иргэдтэй холбоотой асуудлаар БШУ-ны сайд 2021 оны 9 сарын 03-ны “Гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай” А/312 тоот тушаалыг гаргалаа. Тушаалаар нэр бүхий 39 иргэний гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгосон болно.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  1. 2021–2022 оны хичээлийн жилд ЕБС-ийн 1 дүгээр ангид шинээр элсэн суралцаж буй сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааг улсын хэмжээнд эхлүүлээ. Судалгаанд төрийн өмчийн 325 сургуулийн 1404 бүлгийн 24000 сурагчийг хамруулж байна. Судалгаа энэ сарын 20-ны өдөр эхэлсэн бөгөөд 1 сарын турш үргэлжилнэ. Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхдээ хүүхдийн хөгжлийг “Бие бялдар”, “Танин мэдэхүй”, “Нийгэмшихүй” гэсэн 3 чиглэлээр судлах юм. Багш хүүхэд нэг бүрийг таних, ялгаатай байдлыг илрүүлэх, цаашид сургалтын үйл ажиллагааг хэрхэн удирдан чиглүүлэх арга барилаа тодорхойлж, эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх юм. Энэ судалгааны үр дүнд үндэслэн цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, үйлчилгээний чанарыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх бодлого төлөвлөлтийн чиглэлийг тогтоох ажлыг хийх юм. Ирэх жилээс нэгдүгээр ангийн бүх сурагчдыг хамруулах бол цаашид 5, 9, 12 дугаар ангиудад нь дахин тухайн хүүхдийг үнэлэх юм.
  2. Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулах тухай” 2021 оны А/214 дүгээр тушаалын хавсралтаар баталсан нийслэлийн 6 дүүргийн 25 цэцэрлэгийн 60 бэлтгэл бүлэгт ээлжийн багшийг 2021 оны 9 сарын 1-ний өдрөөс туршилтаар ажиллуулж эхэллээ. Цэцэрлэгийн багшийн ажлын ачааллыг бууруулж, сургалт, үйл ажиллагаанд бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор ээлжийн багшийг туршилтаар ажиллуулж байгаа бөгөөд туршилтын үр дүн, цаашид авах арга хэмжээний саналыг 2022 оны 5 дугаар сард танилцуулна. Ээлжийн багшаар ажиллаж буй МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 4 дүгээр дамжааны оюутнуудад зориулсан ээлжийн багшийн сургалтын хөтөлбөрийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт боловсруулж, танхимын болон цахим сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.
  3. ОХУ-ын Гэгээрлийн яам, Интердом агентлагтай 2019 онд байгуулсан гэрээний дагуу орос хэлний мэргэжилтэн багш нарыг Баянхонгор, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймгуудад цахимаар ажиллуулах зохион байгуулалтыг хийлээ. Баянхонгор, Өвөрхангай аймгуудад ажиллаж байгаа орос хэлний мэргэжилтэн багш нар тухайн аймгуудын Боловсролын газрын шийдвэрээр аймгийн орос хэлний багш нарт цахимаар орос хэл, орос хэлний заах арга зүйн хичээл орж байгаа бол Дорнод, Хэнтий аймгуудад ажиллаж байгаа орос багш нар ЕБС-ийн дунд ангийн сурагчдад орос хэлний хичээл зааж, хамтран ажиллаж байгаа орос хэлний багш нартаа заах арга зүйн зөвлөмж өгч байна. Харин Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад ажиллах орос багш нарыг Оросын талаас 2021 оны 09 сарын 28-ний өдөр томилж, багш нарынхаа мэдээлэл болон холбоо барих цахим хаягийг ирүүлээд байна.
  4. Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн бага ангийн сурагчдын үдийн хоолны үйлчилгээний нөхцөл байдлын судалгааг нэгтгэн боловсруулж дуусаад байна. Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө ерөнхий боловсролын 746 сургууль (төрийн өмчийн 591) ундны усыг шинжилгээнд хамруулсан бол нийт 744 сургуулиас /төрийн өмчийн 600/ бага ангийн сурагчдын хоолны үйлчилгээний байдлын судалгааг авлаа. Үүнд:
  • 900 төгрөгөөр тооцон хоол өгч буй  25 сургууль (төрийн 20)-ийн 10641 (төрийн өмчийн сургуульд 6291) сурагч
  • 1500 төгрөгт хоол өгч өгч буй 708 сургууль (төрийн өмчийн 570)-ийн 347 868 (төрийн өмчийн сургуульд 281 220) сурагч
  • 5 өдөрт халуун хоолоор үйлчилж буй сургуулийн тоо 540 (төрийн өмчийн 400)
  • холимог /халуун хоол болон бэлэн бүтээгдэхүүн/ хэлбэрээр үйлчилж буй 158 (төрийн өмчийн 140) сургууль байна.
  • 5 өдөр бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилж буй 45 (төрийн өмчийн 42) сургууль байна. Энэхүү судалгааны мөрөөр хийх ажлын төлөвлөгөө, цаашид анхаарч ажиллах ажлын санал дүгнэлтийг боловсруулж эхлээд байна.  
  1. БШУ-ны сайдын 2021 оны “Судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх тухай” А/334 тоот тушаалаар Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын ковид-19-ийн эсрэг халдварын эмчилгээнд Чун-7 эмийг хэрэглэж, үр дүнг тогтоох эмнэл зүйн судалгаанд шаардлагатай 154,042,500 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, гэрээг байгуулан судалгааны ажлыг эхлүүллээ.
  2. Улсын II төв эмнэлгийн дэргэд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийг байгууллаа. Улсын II төв эмнэлгийн эмч, ажилтнуудын гэр бүлд цэцэрлэгийн насны нийт 1000 гаруй хүүхэд байдаг байна. Иймд эмч, ажилтнуудынхаа нийгмийн асуудал, тэр дундаа хүүхдүүдийн ирээдүйн хөгжил, боловсролд хөрөнгө оруулалт хийх санаачилгыг эмнэлгийн удирдлагууд гаргасан бөгөөд өнөөдөр нийт 100 хүүхдийг хүлээн авч, дөрвөн бүлэг, 22 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Тус цэцэрлэг 50 дугаар цэцэрлэгийн харьяанд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд байгууллагын дэргэдэх 24 дэх цэцэрлэг юм. Эмнэлгийн захиргааны зориулалттайгаар 1971 онд баригдсан барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчлөх хөрөнгийг “Айвико” ХХК, “Дэвжих ган харш” ХХК-иуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэсэн байна.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  1. Аймаг, нийслэлийн боловсролын газраар дамжуулан энгийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй харааны бэрхшээлтэй 23 хүүхдэд брайл сурах бичгийн багц болон ном уншигч төхөөрөмжийг олголоо.
  2. “КОВИД-19”-ын эрсдэлтэй нөхцөлд цэцэрлэгийн танхимын сургалт үйл ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд халдварын эрсдэл өндөртэй төрийн өмчийн 265 цэцэрлэгт /нэг цэцэрлэгт 235,0 мянган төгрөг/ халдвараас сэргийлэх болон тусгаарлах өрөөний хамгаалалтын багцыг нийлүүлэх ажлыг хийж байна. Энэхүү багцыг НҮБ-ын Хүүхдийн сангийн 138,9 сая төгрөгийн санхүүжилтийн хүрээнд бүтээгдэхүүнийг нийлүүлэх бэлтгэлийг хангаж байна.
  3. БШУ-ны сайдын 2021 оны А/269 тоот тушаалаар "Барилгын алдагдлыг бууруулах, дулааны хэрэгцээг нарны энерги ашиглан хангах технологийн шийдлийг боловсруулах нь"  сэдэвт ШУТИС-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн хавсарга судалгааны төсөлд 199,307,640.00 төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүллээ.
  4. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт шаардагдах инженерийн боловсон хүчнийг Япон улсад бэлтгэх, МУИС, ШУТИС-ийн инженерийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, судалгааны чадавхыг бэхжүүлэх зорилготой. Энэхүү төслийн хүрээнд 9 сарын 10-нд МУИС-д судалгааны зориулалттай 8,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 109 нэр төрлийн 148 тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. МУИС, ШУТИС-ийн болон Япон улсын 40 гаруй их сургуулийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан 20 баг ажиллаж байна. Хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд тус хоёр их сургуулийн сургалт, судалгааны орчныг сайжруулах, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нээлттэй лабораториудыг байгуулах, туршилт судалгааг олон улсын түвшинд хийх чадавхыг дээшлүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн худалдан авалтыг шат дараатайгаар зохион байгуулж ирсэн. Нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмж бүхий лабораториудад ажиллах багш, ажилтнуудыг МУИС төслийн зэргийн болон зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамруулан Япон улсад магистр, докторт, мөн богино хугацаанд сурган бэлтгэж байна. Үүнээс 34 багш, судлаачдыг докторын хөтөлбөрт, 10 судлаачдыг магистрын хөтөлбөрт, 86 судлаачдыг зэргийн бус хөтөлбөрт хамруулж Япон улсад суралцуулжээ.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  1. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын удирдлагын систем /esis.edu.mn/-ээр дамжуулан 7 хоног бүрийн 5 дахь өдөр хичээл, сургалтын үйл ажиллагаа, нөхцөл байдлын мэдээллийг нэгтгэж, анализ хийн, орон нутгийн боловсролын байгууллагуудыг мэдээллээр ханган ажиллаж байна.
  2. 2021 оны 9 сарын 24-ний байдлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан түр журмын холбогдох заалтын дагуу нийт ерөнхий боловсролын сургуулиудын 33.5 хувь нь танхимаар /5 өдөр/, 49.1 хувь нь 5/9 зарчмаар буюу танхимын, танхимын бус сургалтыг хослуулан хичээллэж байна. Харин улсын хэмжээнд зөвхөн Архангай аймаг нийт ерөнхий боловсролын сургуулиа 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг Онцгой комиссоосоо гаргасан байна.
  3. 2021 оны 9 сарын 24 буюу 4 дэх 7 хоногийн мэдээгээр нийт ерөнхий боловсролын 281 сургуулийн 4851 бүлгийн 98.918 сурагч танхимаар хичээллэж байна. Харин танхимын, танхимын бус хосолсон хэлбэрээр буюу 5/9 зарчмаар ерөнхий боловсролын 411 сургуулийн 16.662 бүлгийн 516.848 сурагч хичээллэж байгаа нь 1 дүгээр 7 хоногтой харьцуулахад ердийн горимоор хичээллэх сургуулийн тоо 23-аар нэмэгджээ.
  4. 2021-2022 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, ирцийн талаарх мэдээллийг аймаг, нийслэлийн Боловсролын газруудаас 4 удаа авч нэгтгэв. Энэхүү мэдээллээр (i) танхимаар хичээллэж байгаа анги, бүлэг, суралцагч, (ii) 5/9 хэлбэрээр хичээллэж байгаа сургууль, анги, бүлэг, суралцагч, (iii) халдварын тохиолдол бүртгэгдсэний улмаас хичээл хаасан сургууль, анги, бүлэг, дотуур байр, хүүхэд, (iv) ойрын хавьтлаар тусгаарлалтад байгаа суралцагч, багш, (v) тодорхой хугацаанд цахим сургалт шилжсэн сургууль, бүлэг, суралцагчийн тоо зэрэг мэдээлэл цуглуулж, үүссэн нөхцөл байдалд чиглэсэн хариу арга хэмжээ авах чиглэлийг аймаг, нийслэлд чиглэл өгөв.
  5. 2021-2022 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтын хөтөлбөрөөр 51 аймаг, 9 дүүргийн Насан туршийн боловсролын төвүүдэд  4369 суралцагч суралцахаар бүртгүүлсэн бөгөөд 788 суралцагч нь Улаанбаатар хотод, 3581 суралцагч нь орон нутгийн Насан туршийн боловсролын төвүүдэд суралцаж байна.
  6. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д боловсролын салбарын чиглэлээр тусгагдсан заалтуудын  хэрэгжилтийг гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 9 сарын 22-ны өдрийн 1а/4838 тоот албан бичгийн хавсралтаар хүргүүллээ.
  7. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 1 дүгээр хавсралтад заасны дагуу “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг гаргаж, Үндэсний хөгжлийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 1а/4447 тоот албан бичгийн хавсралтаар хүргүүллээ.
  8. Иргэд, албан байгууллагаас ирүүлсэн хариутай албан бичиг, өргөдөл гомдлын тайланг гаргаж шийдвэрлээгүй, хугацаа хэтэрсэн өргөдөл гомдлын талаарх мэдээллийг 7 хоног тутам удирдлагуудад танилцуулагдаж байна.
  9. Бичиг хэргийн эргэлтийн мэдээ: 2021 оны 09 сарын 30-ны байдлаар гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 5789 хариутай бичиг, 1378 шууд бичиг, 2106 өргөдөл гомдол, нийт 64739 хуудас бүхий 9273 бичиг ирүүлсэн байна. 5537 хариутай албан бичиг, 1974 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт өргөдөл, гомдлын 93.73%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Мөн 231 албан бичиг, 112 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Яамнаас гадны байгууллага иргэдэд хандаж  11030 хуудас бүхий 5002 албан бичиг явуулсан байна.
  10. Яаманд ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэн, хариуцсан албан хаагчдад хүргэж өгөх, 262227 болон шуурхай утас 18001001 утсаар хандсан гадны иргэдэд мэдээлэл өгөх, яамнаас гадны байгууллага, иргэдэд явуулж байгаа албан бичгийг хянах, эйбл программын хэвийн үйл ажиллагааг хангах, албан хаагчдад албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээлэл, зөвлөмжийг өгөх зэрэг ажлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна. 

2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН БИЧГИЙН ЭРГЭЛТИЙН ТОО /ХҮСНЭГТЭЭР/

Ангилал

Тоо

Хуудасны тоо

1

Ирсэн бичиг

7167

52325

2

Өргөдөл, гомдол

2106

12414

3

Явсан бичиг

5002

11030

 

Нийт дүн

14275

75

 

---оОо---