БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН МЭДЭЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:

  1. Боловсролын ерөнхий хууль болон дагалдан гарах хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2021 оны 08 дугаар сарын 26-нд УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын Хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зохион байгуулсан. Уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын нэр бүхий 9 гишүүн, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, харьяа байгууллагын төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцсон. Оролцогчид өргөн барьсан хуулиудтай холбоотойгоор 30 гаруй санал хэлсэн. Хэлэлцүүлгийн дараа УИХ-ын гишүүд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, нийслэлийн Боловсролын газар, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцсон.
  2. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын бодлого, зохицуулалтын асуудлыг боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлд нийцүүлэх, цаашид бүтэц, чиг үүргийн уялдааг хангах, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах, холбогдох төсөв, санхүүгийн нөлөөллийг тооцох үүрэг бүхий Ажлын хэсэг батлах тухай  Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А/301/А/122 дугаар тушаалыг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  
  3. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-д Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамаарах 6 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг гаргаж, танилцуулга бэлтгэн Засгийн газрын  Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.
  4. Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/292, А/525 дугаар хамтарсан тушаал /1 дүгээр хавсралт/- аар батлагдсан “Коронавируст халдвар /ковид-19/-ын үед цэцэрлэгийн  сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад  мөрдөх түр журам”-ыг танилцуулах сургалтын 2021 оны 08 сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад аймаг, нийслэлийн нийт 11,650 багш ажилтан  /1676 эрхлэгч, 962 арга зүйч, 6072 багш, 2920 туслах багш болон бусад/ хамрагдаж, хичээлийн жилийн бэлтгэл хангах, түр журмын хэрэгжүүлэх талаар мэдээлэлтэй болсон.
  5. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 8 сарын 17-ны өдрийн “Түр журам шинэчлэн батлах тухай” А/290 дүгээр тушаалаар “Их, дээд сургууль, коллежийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг шинэчлэн баталж, журмыг дээд боловсролын сургалтын байгууллагуудад хүргүүлэн ажиллалаа.  
  6. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 сарын 25-ны өдрийн хуралдаанд “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид санхүүгийн дэмжлэг олгох, эргэн төлүүлэх журам”-ын төслийг хэлэлцүүлж батлууллаа.  
  7. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 сарын 31-ний өдрийн хуралдаанд “Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын төслийг хэлэлцүүлж батлууллаа.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

  1. “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө (2021-2023 он)-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсролын хүрээлэнгээс тусгай хэрэгцээт суралцагчид  зориулан “Хэл яриа, танин мэдэхүйн болон дүрслэх урлаг технологи”-ийн дасгал ажлын дэвтрийг эцэслэн боловсруулж дуусгалаа. Тус дасгал ажлын дэвтэр нь багш, эцэг эх, асран хамгаалагч хүүхэдтэйгээ ганцаарчлан ажиллахад зориулагдсан, хүүхдийн онцлог хэрэгцээнээс хамааран аль ч ангийн хүүхэд ашиглахад боломжтой, хүүхдийн хөгжлийг дэмжих дэвтэр болсон.
  2. Жайка Старт-2 төслийг хэрэгжүүлэх зорилтот 25 сургуулийн удирдлагуудыг оролцуулсан “Тусгай хэрэгцээт боловсролын асуудал, шийдэл” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 140-өөд оролцогч оролцож, сургалтын үйл ажиллагааг тусгай хэрэгцээт хүүхдэд үр дүнтэй зохион байгуулах талаар мэдлэг, ойлголттой боллоо.
  3. Ерөнхий боловсролын 25, 55, 63, 70, 29, 116 дугаар сургуулийн удирдлагуудад хичээлийн жилийн зорилт болон БШУ-ны сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан  А/ 292, А/525  дугаар тушаалыг танилцуулах цахим хурлыг зохион байгууллаа. Мөн дээрх сургуулиудад ажилласан  ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулан, сургалтын  үйл ажиллагаандаа анхаарч ажиллах асуудлаар мэдээлэл өглөө.
  4. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/177 дугаар тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах журам”-ыг аймаг нийслэлийн цэцэрлэгийн удирдлагуудад танилцуулан, арга зүйгээр ханган ажиллалаа.
  5. Нээлттэй шинжлэх ухааны openscience.mn порталын эхний шатны хөгжүүлэлтийн ажил дуусаж АХБ-аас БШУЯ-д хүлээлгэн өглөө. Төслийн гүйцэтгэгч Инфокон ХХК-тай 2 сарын хугацаанд порталын туршилтыг хийх, туршилтын хугацаанд мэдээлэл, өгөгдлийг системд оруулахад хамтарч ажиллахаар боллоо.
  6. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасны дагуу Эрдэм шинжилгээний ажилтны аттестачлалыг 2021 оны 7 сарын 1-ээс 8 сарын 15-ны хооронд зохион байгууллаа. Аттестачлалд Шинжлэх ухаан академи, их сургуулиудын харьяа зэрэг 28 хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд хамрагдаж, мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах шаардлага хангасан байна. Тэргүүлэх зэрэг дэв авах шаардлага хангасан эрдэм шинжилгээний ажилтны аттестатчиллын дүнг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталгаажуулахад бэлэн болоод байна.
  7. ЮНЕСКО-гийн Бээжин дэх оффистой Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх  мастер төлөвлөгөөнд хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэх болон 2022 оноос хэрэгжих салбарын дунд хугацааны төлөвлөгөө боловсруулахад шаардагдах зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай № 45004444189 тоот гэрээг байгуулан ажлыг эхлүүлээд байна.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:             

  1. 2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсүүлнэ. Өнгөрсөн жил бүртгэлийн цахим системийг 50 хувь ашигласан бол энэ хичээлийн жилд бүртгэлийг 100 хувь цахимд шилжүүлж байгаагаараа онцлог юм.
  2. Ерөнхий боловсролын лаборатори сургуульд ажиллах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалтыг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, баталсан бөгөөд дээрх сонгон шалгаруулалтад тэнцэж ажлын байраар хангагдсан 42 сургуулийн сэтгэл зүйчдийн сургалтыг зохион байгуулж ажиллалаа.
  3. Энэ хичээлийн жилээс Улаанбаатар хотын хэмжээнд 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулахаар шийдвэрлэсэн.  Ээлжийн багштай болсноор цэцэрлэгийн эхлэх болох тарах цагийн хуваарьт өөрчлөлт орох бөгөөд энэ зохицуулалтын үр дүнд:
  • Замын түгжрэл буурна
  • Цэцэрлэгийн үндсэн багшийн ачааллыг багасгаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ
  • Аав ээжүүд бүтэн цагаар ажиллах боломж бүрдэх юм. Хэрэв энэ туршилт амжилттай болбол нийслэлийн хэмжээнд энэ аргачлалыг бүрэн нэвтрүүлэх юм.
  1. Монгол Улсын хэмжээнд 11 мянга гаруй тусгай хэрэгцээт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэдний 1156 нь цэцэрлэгт 7794 нь сургуульд суралцаж байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудлыг цогцоор нь авч үзэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээг нэг цэгт үзүүлдэг байх шийдлийн талаар аав ээж, асран хамгаалагчид, багш ажилчидтай 8 сарын 19-ний өдөр ярилцлаа. Энэ уулзалт ярилцлагад Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар оролцсон юм. Уулзалтын үеэр хөндөгдсөн сэдвүүд: БОЛОВСРОЛ:
  • Тусгай хэрэгцээт хүүхдүүд тусгай сургуульд 9 дүгээр анги хүртэл суралцдаг. Тэднийг үргэлжлүүлэн суралцах боломжоор хангах
  • Цэцэрлэгт хамрагдах насыг уян хатан зохицуулах
  • Сургууль, цэцэрлэгээс бусад төрлийн боловсрол, хөгжлийн байгууллагыг байгуулах, эцэг эхчүүдэд сонголт олгох
  • Багш нарыг дахин сургах, чадавхжуулах
  • Ердийн сургуулийн багш нарт ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүйд сургах
  • Хүүхдийн сургууль дээр байх хугацааг сунгах
  • Сэтгэл судлаачдыг ажиллуулах

ЭРҮҮЛ МЭНД:

  • Эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах
  • Хөдөлгөөн засалч, хэл засалч зэрэг мэргэжилтний хангалтыг нэмэгдүүлэх
  • Сэтгэцийн эмгэг гэсэн ганцхан ангилал, ойлголтод бүх хүүхдийг хамруулахгүй байх
  • Өрхийн болон бусад шатны эмч нарын мэдлэг, ур чадвар, хандлагыг сайжруулах  

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ:

  • Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг орчин үеийн чиг хандлагад нийцсэн ажил мэргэжил, ур чадвар эзэмшихэд дэмжлэг үзүүлэх
  • Хүүхдээ харж байгаа эцэг эхийн нийгмийн баталгааг сайжруулах
  • Барилга байгууламжийн хүртээмжтэй байдал, хөгжлийн бэрхшлээтэй иргэнд ээлтэй байдалд анхаарах

Гурван салбарын хамтын ажиллагааны хүрээнд тушаал, шийдвэр хангалттай гарсан боловч хэрэгжилт хангалтгүй байдагт анхаарч ажиллахаар боллоо. Мөн энэ салбаруудын хамтын ажиллагааг тогтмолжуулахыг чухалчилсан юм. Энэхүү уулзалтын төгсгөлд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан эцэг эхийн хүсэлтийн дагуу 10 дугаар цэцэрлэгт тархины саажилттай хүүхдийн хоёр ангийг тохижуулж, шинээр нээж өгөхөө мэдэгдлээ.  

  1. “2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэвт цахим сургалтыг  Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газраас НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.  2 өдрийн цахим сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Боловсролын газар хэлтсийн мэргэжилтэн, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн  нийт 1576 удирдах ажилтан, багш нар хамрагдаж  Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан “Коронавируст халдварын үед цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-тай танилцлаа. Короновируст халдварын үед боловсролын үйл ажиллагааг танхимаар явуулахдаа: 
  • Нэг ангид 20+5 суралцагчтай байх
  • Цэцэрлэгийн танхимын сургалтад хамрагдах хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн саналыг харгалзан хүлээн авах
  • Дотоод орчинд багш, удирдлагууд амны хаалт хэрэглэх
  • Хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байх
  • Хүүхэд, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийг хамруулсан уралдаан , тэмцээн зохион байгуулахгүй
  • Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг 3 сар хэрэглэх хэмжээгээр бэлтгүүлэн авах
  • Хүүхдийн гарыг халдваргүйжүүлэх уусмалаар ариутгахгүй, зөвхөн савандаж угаана гэх мэт зохицуулалтууд түр журамд тусгагдсан байна.
  1. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 8 сарын 19-ээс 22-ны өдөр улс орон даяар зохион байгууллаа. Улсын хэмжээнд нийт 82 шалгалтын төвд 9250 багш, боловсролын байгууллагын албан хаагчид ажиллав. Энэ удаагийн шалгалт “Ковид-19” халдварын үед болж байгаа учир шалгалтын байруудад тусгаарлах танхим бэлдэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, тусгай горимын дагуу явууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарын холбогдох хүмүүс 8 сарын 19-ны өдөр 84 дүгээр сургуульд ажиллаж, шалгалтын нөхцөл байдалтай танилцав.
  2. “Боловсрол, Шинжлэх ухааны салбарын статистикийн мэдээллийн үндсэн үзүүлэлтийн танилцуулга-2020/2021 оны хичээлийн жил” эмхэтгэлийг бэлтгэн боловсруулж, цахимаар нийтэд тархаасан. 

  ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:

  1. “Судар бичгийн хүрээлэн-100” буюу орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн цогц арга хэмжээг  2021 оны 11 сарын 20-ны дотор  Улаанбаатар хотноо зохион байгуулна. Арга хэмжээний төлөвлөгөөг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/246 дугаар тушаалаар батлуулан, гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээ байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  Уг арга хэмжээнд  ШУА, эрдэм шинжилгээний байгууллагууд, Монголын үндэсний номын сан,  Монгол Улсын төв архив, Олон улсын Монгол судлалын холбоо, Монгол судлалын үндэсний зөвлөл зэрэг байгууллагууд хамтарч ажиллах юм.
  2. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс 14 дүгээр сургуульд 8 сарын 13-ны өдөр ажиллаж, энэ хичээлийн жилээс хэрэгжих “Үдийн хоол” хөтөлбөрийн бэлтгэл ажилтай танилцлаа. Үдийн цайны зардлыг 2006-2019 онд үе шаттайгаар нэмэгдүүлж 900 төгрөгт хүргэсэн. Харин энэ онд 1500 төгрөг болгон нэмэгдүүлж, бага ангийн сурагч үдийн хоолноос хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал авах боломж бүрдэж байна.
  3. Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн шав тавих ёслолыг 8 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Синг нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд 864м2 талбай бүхий 10 давхар барилга баригдах бөгөөд 700 гаруй хүнийг ажлын байраар хангах юм. Барилгыг ирэх онд ашиглалтад оруулж, төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Төслийн ач холбогдол:

  • Монгол залуус эх орондоо мэдээлэл харилцаа холбоо, технологийн чиглэлээр чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэн дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэнэ
  • Сүүлийн үеийн технологийн мэдлэг, ур чадварын үндэс суурийг Монгол Улсад нэвтрүүлэх Орчин үеийн мэдээллийн технологийн орчинг ашиглан дэлхийн стандартад нийцсэн боловсрол олгох
  • Бизнесийн шинэ боломжууд нэмэгдэж, дэлхийн стандартын дагуу ажиллан аутсорсингийн үйлчилгээнээс орлого олох боломжийг бүрдүүлэх юм.

 

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:

  1. “Боловсролын зээлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Дээд боловсролын суралцагчдад санхүүгийн дэмжлэг олгох, эргэн төлүүлэх журам”-ын төсөл, танилцуулга зэргийг бэлтгэсэн. Ерөнхийлөгчийн 2 зарлигийн төсөлд саналыг боловсруулж ЗГХЭГ-т хүргүүлсэн. Зарим төрийн өмчийн сургуулийн үзүүлэлт, сургалтын орчин, төсвийн мэдээлэл, сургалтын чанарын үзүүлэлт зэрэг мэдээллийн харьцуулсан судалгааг боловсруулж байна.
  2. “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т туссан төсөл, арга хэмжээний мэдээллээ Хөрөнгө оруулалтын төслийн нэгдсэн мэдээллийн сан www.project.nba.gov.mn цахим системд шинэчлэн оруулах ажил хийгдэж байна.
  3. Монгол Улсын засгийн газраас “2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг  танхим болон танхимын бус(зайн) хэлбэрээр үе шаттай  эхлүүлэхээр шийдвэрлэсэн. (2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 45 дугаар тэмдэглэл).  Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур  байранд суралцагчид, багш ажилтныг халдвараас сэргийлэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд “Тусгаарлах өрөө”-нд байх хамгаалах хэрэгслийн багцыг нийлүүлэхэд  санхүүгийн  дэмжлэг үзүүлэх хүсэлтийг  НҮБ-ын Хүүхдийн санд хүргүүлж, 138,962,200 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүллээ. Үүнд:  
  • Гар ариутгагч 52.702.200 төгрөг (цэцэрлэгт).
  • Тусгаарлах өрөөний эрүүл ахуйн хамгааллын багц хэрэгсэл 85,960,000 төгрөг (сургууль, цэцэрлэг, дотуур байрны 20 хувийг хамруулахаар тооцсон.)  НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр сургууль, цэцэрлэгийн сургалт, үйл  гар ариутгах бодис, тусгаарлах өрөөнд байх хамгаалах хэрэгслийн багцыг нийлүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
  1. Дэлхийн банкны санхүүжилттэйгээр "Ухаалаг засаг" төслийн "Инновацийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, 16 инновацийн дэд төслийг "Инновацийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх заавар"-ын дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан нийт 1,274,294,989 төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн.  
  2. Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн төслийг 3.3 их наяд төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд энэхүү төсөв нь 2023 онд 3.5 их наяд, 2024 онд 3.7 их наяд болж нэмэгдэхээр байна. Нийт төсвийн 3,132.2 тэрбум төгрөг буюу 95.7 хувь нь боловсролын салбарт, 137.6 тэрбум буюу 4.3 хувь нь шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт тус тус зарцуулагдахаар тооцоолж, төсвийн төслийг 2021 оны 1а/4041 тоот албан бичгээр Сангийн сайдад хүргүүлсэн. Багцын 2022 оны төсвийн төслийн 3,132.2 их наяд төгрөгийн 2,205.7 тэрбум төгрөг буюу 70 хувь нь боловсрол, шинжлэх ухааны 2525 байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, татаас олгох зэрэг урсгал үйл ажиллагааны төсөвт хуваарилагдах бол 945.6 тэрбум төгрөг буюу 30 хувь нь салбарын байгууллагуудын барилга байгууламжийг шинэчлэх, өргөтгөх, их засвар хийх болон тавилга, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг хөрөнгө оруулалтын зардалд зарцуулагдах юм.
  3. Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн жилийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс үе шаттайгаар эхлүүлэхтэй холбогдуулан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн хичээлийн байр, дотуур байрыг мэргэжлийн байгууллагаар ариутгаж халдваргүйжүүлэх 512,600.2 сая төгрөгийг зарцуулах тухай 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/279 тоот тушаал гаргалаа.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД:

  1. Мэдээллийн технологийн хөгжил, нийгмийн өөрчлөлттэй уялдуулан бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын арга зүй технологийг хөгжүүлэх, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулсан Бага насны хүүхдийн хөгжлийн чиг хандлага-сургалтын арга зүй, технологийн  хөгжил” и-форумд хэлэлцүүлсэн 20 илтгэгчийн 12 илтгэлийг эмхэтгэн, сургуулийн өмнөх боловсролын багш, ажилтнуудад хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүргэлээ.
  2. 2021-2022 оны хичээлийн жилд 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулах зорилгоор нийслэлийн цэцэрлэггүй хороод болон  ачаалал өндөртэй  цэцэрлэгүүдийн салбар бүлгийг ажиллуулахад шаардлагатай түрээсийн байрны судалгаа хийж, ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 13 байранд 11 цэцэрлэгийн  49 бүлэгт 1165 хүүхдийг элсүүлэхээр шидвэрлэлээ. /Баянзүрх дүүргийн 8, 191-р цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 16-р цэцэрлэг, Хан-Уул дүүргийн  27, 46, 134, 53 ,218, 35-р цэцэрлэгийн 3 байр, Сонгинохайрхан дүүргийн  188-р цэцэрлэг, Налайх дүүргийн 140-р цэцэрлэг/