БАГШ МЭРГЭЖЛИЙН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ

A- A A+
БАГШ МЭРГЭЖЛИЙН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ

Дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилго 4 “Чанартай боловсрол”-д хүрэхийн тулд багшийн үүрэг оролцоо чухал болохыг онцолж, 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр тодорхой үүрэг амлалт авч байна. Монгол Улс боловсролын салбарын хүний нөөцтэй холбоотойгоор “Багш мэргэжлийг хувирган өөрчлөх”, энэ хүрээнд багшийн ил, далд хомсдолыг шийдвэрлэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, нэр хүнд, үнэлэмж, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр амласан.

Үндэсний хэмжээнд Боловсролын багц хуулийг шинэчлэн баталж, хэд хэдэн чиглэлээр боловсролын хувирган өөрчлөлтийг эрчимжүүлж байгаагийн нэг нь “Багшийн хөгжил” юм. Энэ хүрээнд дараах өөрчлөлтийг хийж байна.

Үүнд:

  • Багшийн мэргэжил дээшлүүлэх төвлөрсөн тогтолцооноос багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих тогтолцоонд,
  • Байгууллага санхүүжүүлдэг арга хэлбэрээс багшийн хөгжлийг санхүүжүүлдэг арга хэлбэрт,
  • Танхим төвт сургалтын арга хэлбэрээс цахим-танхим хосолсон сургалт, платформ суурьтай ажлын байран дахь сургалтад,
  • Батлагдсан нэг хөтөлбөрт сургалтаас сонголтот, багшийн хэрэгцээнд суурилсан агуулгад шилжих үйл явцыг хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн суралцагчдын суралцахуйг дэмжихэд боловсролын бусад мэргэжлийн оролцогчдын үүрэг, оролцоог чухалчилж байна. Суралцагчдын сайн сайхан байдлыг хангах, тэдний суралцахуйг дэмжих чиглэлээр боловсролын салбарт мэргэшсэн хоол зүйч, сэтгэл зүйчид ажиллаж эхлээд байна.

Тухайлбал, 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 2 сургууль тутмын 1 нь мэргэжлийн сэтгэл зүйчтэй болсны зэрэгцээ “Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Эдгээр хүний нөөцийг чадавхжуулахад мэргэжлийн байгууллагын оролцоо улам бүр нэмэгдэж, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлж байна.