МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭД ЗУДЫГ ДАВАН ТУУЛАХ АРГА ЗАМЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭД ЗУДЫГ ДАВАН ТУУЛАХ АРГА ЗАМЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Орон даяар өвөлжилт нэн хүнд, цас, зудын байдалтай байгаа энэ үед “МАЛЧДАД ТУСЛАЯ” аяны хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг орон нутагт ажиллаж байна. Тэд малчид, малын эмч нарт зудын эрсдлийг хүндрэл багатай даван туулахад шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, инновацын бүтээгдэхүүний тусламж хүргэж байгаа юм.

Эрдэмтэн судлаачид дараах зөвлөгөөг хүргэж байна.

 

Бэлчээр-тэжээлийн хомсдолыг даван туулах:

  • Малыг салхи шуургагүй үед аль болох бэлчээрт гаргаж идээшлүүлэх
  • Цас ярагч хийж ажлын мал (шар, тэмээ, морь)-аар чирч эсвэл адуун сүрэг тууж зам гаргах аргаар бог малыг бэлчээрт хүргэх, бэлчээрийн хатуурсан цасыг гишгүүлэн бутлаж бог мал идээшлэх боломж гаргах 
  • Нэмэгдэл өвс, тэжээлээр тэжээхдээ боломжоороо хотноосоо зайдуу (1-3 км хүртэл зайд) газар аваачиж тэжээх.
  • Малыг тэжээх, арчлах арга: Бэлчээрийн монгол малын биемахбод өвөл хаврын хатуу ширүүн уур амьсгалыг даван туулахын тулд бодис солилцоо удааширсан, дулаан үүсгэж биеэ бүлээцүүлэхэд зохилдолдож бие махбод нь хувирсан байдаг бөгөөд бараг л “ичмэл” төлөвт шилждэг тул үүнийг анхаарч сайтар тэжээж сувилдаг онцлогтой.
  • Муудаж байгаа малдаа нэмэгдэл өвс өгөх. Өвс заавал ногоон байх албагүй ч хамгийн гол нь илжирч муудаагүй, хөгцрөөгүй байх ёстой.
  • Өвлийн малын тэжээл боловсруулах үйл ажиллагаа хүйтний улиралд зохицсон байдаг тул ногоон өвс, хүчит тэжээл зэргийг боловсруулах чадамжгүй байдаг тул тэжээхийн өмнө хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сэргээх, дэмжих, гүзээнд агуулагдах микрофлорын үйл ажиллагааг дэмжих зорилгоор урьдчилсан арга хэмжээ авах шаардлагатай. Тэжээлийн шингэж сайжруулах, ходоод гэдэсний хөдөлгөөн идэвхижүүлэх, гүзээний микрофлорыг дэмжих чиглэлтэй эм бэлдмэлийг урьдчилан олгоно. Өвс тэжээл идсээр байгаад сэхэхгүй үхдэг нь үүнтэй холбоотой юм.
  • Ногоон өвсний ханд урьдаар өгч тэжээхэд тордлого авах нь хурдан байдаг.
  • Гүзээнд агуулагдах микрофлорын амьдралын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийг хооллоход дэмжлэг үзүүлэх тэжээл, сэвс, сахар, уураг, пробиотик зэргийг тэжээлд оруулж тэжээх хэрэгтэй.
  • Тамир доройтсон малын шулуун гэдсээр эмт, уурагт шингэн зүйл (шар тос, загасны тос, өндөг гэх мэт)-ээр бургуй хийж болно.

Дулаан солилцооны алдагдалыг даван туулах:

  • Малын тарга хүчийг маш сайн авхуулж, тогтоосон байх
  • Хашаа хороогоо дулаалсан, салхи шуурганаас бүрэн нөмөрлөсөн байх
  • Малын үс ноосонд цас тогтох нь дулаанаа амархан алдах үндэс болно. 
  • Хэвтэр дулаан, хөлдөөгүй байх
  • Мал бэлчсэний дараа хотныхоо өтгийг овоолж бүлээтгээд орой мал хотлоход тарааж дэвснэ.
  • Малд хивлэг өгөх тэжээлээр тэжээж, гүзээнд үүсэх дулааныг дэмжих
  • Цас болон цасан шуурганаас нийлэг даавуугаар хамгаалах, нөмөрлөх арга хэмжээ авна.

Шимэгчдээс үзүүлэх дарамтыг арилгах:

  • Зудын үед мал ядарч доройтох, дархлаа суларсан үед хөх, шар ширх, хүрд, хамууны хачиг зэргээр үүсгэгдэх шимэгчдийн өвчин тохиолдох нь элбэг байдаг. Мал ширхтэх, хүрдтэх, хамуурах нь сүргийг нийтээр нь өвчлүүлж, тэдгээрээс малд үзүүлэх зовиур, шаналгаа нь малд бас нэг төрлийн дарамт болдог байна. Шар ширх буюу үс идэгч ширхээр халдварлагдсан малын үсэн бүрхүүлийн хэвийн байдал алдагдах, үс ноос унах, шингэрэх зэргээр дулаан алдах үйл ажиллагаа ихэссэнээр мал даарах, осгох нь их болно.
  • Иймээс шимэгчдийн өвчингүй эрүүл байлгах нь зудыг даван туулах хөшүүрэг болж өгнө. Иймд дээрх паразитыг үхүүлэх үйлдэлтэй эм, бэлдмэл (пур-он буюу дусаалга, тариа, цацлага хэлбэртэй эм тохиромжтой), хэрэглэнэ.
  • Хашаа хороондоо өтгө бууцаа биотермийн аргаар халдваргүйтгэх, хашаа хорооны хана руу ариутгалын бодисоор шүршиж цацах аргаар шимэгчээс сэргийлэх арга хэмжээ авбал зохино.