БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2023 ОНЫ 2 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2023 ОНЫ 2 ДУГААР САРЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2023 ОНЫ 2 ДУГААР САРЫН

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэгт дэмжлэг үзүүлж ажиллалаа. Тайлангийн хугацаанд хуулийн төслүүдтэй холбогдон Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны гишүүдээс гаргасан 90 гаруй санал, асуулт (давхардсан тоогоор)-ын хариултын товъёог бэлэн болгосон.  Мөн Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх шаардлага, хуулийн төслийг хэлэлцүүлснээр нийгэмд бий болох өөрчлөлт, хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл бэлтгэж Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлсэн.

Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар "Технологи дамжуулах эсхүл хамтын оффисын гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийг татварын бодлогоор дэмжих журам"-ыг хэлэлцүүлж батлагдсан.

Ази тивийн Физикийн 23 дугаар олимпиадыг Улаанбаатар хотод 2023 онд зохион байгуулах асуудлыг 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлагдлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажил мэргэжлийн стандартыг боловсруулах ажлын хэсэг (Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/364 дүгээр тушаал)-ээс боловсруулсан стандартын төслийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 3 дугаар тогтоолоор батлагдлаа. Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багшийн ажил мэргэжлийн стандарт 2341-01 индексээр, бүрэн дунд боловсролын багш 2330 индексээр бүртгэгдсэн. Багшийн ажил мэргэжлийн стандарт батлагдсанаар багшийн албан тушаалын тодорхойлолт шинэчлэх, багш бэлтгэдэг их, дээд сургуулийн хөтөлбөрийг шинэчлэх, багшийн ажлын норм, нормативыг шинэчлэн тогтоох суурь бий болно.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 31 дүгээр тогтоолоор Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга, цөмийн болон цацрагийн хяналтын асуудал хариуцсан шинжээч цөмийн болон цацрагийн асуудал хариуцсан шинжээч, цөмийн болон цацрагийн хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, эрсдэлийн удирдлага хариуцсан ахлах мэргэжилтэн, зөрчлийн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт батлагдсан.

Хүүхдийн хоол хүнсний хангамж, хүртээмж, тэжээллэг байдлыг сайжруулах, хоол, шим тэжээлийн боловсрол олгоход олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/50, А/57, А/45 дугаар "Үндэсний чуулган зохион байгуулах тухай" тушаал батлагдсан.

Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жилийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах загвар, аргачлалыг турших, орон нутагт хэрэгжилтийг сайжруулах баг бүрэлдэхүүн болон ажиллах удирдамж Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар батлагдлаа.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/56 дугаар тушаалаар “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ зохион байгуулах удирдамж, арга зүй” батлагдсан. Батлагдсан удирдамж, арга зүйн дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын үйл ажиллагааны чанарын үнэлгээг 3 дугаар сард зохион байгуулж, үр дүнг 4 дүгээр сард багтаан танилцуулах бөгөөд тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд техникийн боловсролын сургалтын байгууллагуудын үйл ажиллагааны чанарын үнэлгээг зохион байгуулахад шаардагдах арга хэрэгслийг боловсруулж, турших бэлтгэл ажлыг хангасан.

Эрдэм шинжилгээний байгууллагын чадавхийг бэхжүүлэх, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар шинжлэх ухааны салбараас санхүүждэг төрийн өмчит эрдэм шинжилгээний 27 хүрээлэн, төвийн судалгааны 99 үндсэн чиглэл, хамрах хүрээний 322 сэдвийн жагсаалт батлагдсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "Хяналтын улсын байцаагчийн албаны болон хувийн дугаар олгох тухай" А/33 дугаар тушаал, 02 дугаар сарын 01-ний өдрийн "Салбарын улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай " А/35 дугаар тушаал, "Улсын ахлах байцаагчийн эрх олгох тухай" А/37 дугаар тушаал батлагдсан.

Монголын уламжлалт Цагаан сарын баяр болон хөдөө орон нутаг дахь зуд, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал, томуугийн тархалттай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн хичээлд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/52 дугаар тушаалаар зохицуулалтыг хийлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" А/540 дүгээр тушаалаар баталсан ”Оюутан элсүүлэх журам”-ын танилцуулга, нөлөөллийн шинжилгээ, хэлэлцүүлгийн протокол, холбогдох мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 6160 дугаарт бүртгүүлсэн.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

Боловсрол, шинжлэх ухааны сайд болон албаны бусад төлөөлөгчид Япон улсад албан томилолтоор ажиллаж Япон Улсын Боловсрол, шинжлэх ухаан технологийн сайд К.Нагаокатай уулзаж Монголын инженер, техникийн боловсролын Коосен хөтөлбөрийг идэвхжүүлж, орон нутагт байгаа МСҮТ, Коллежийг Хөдөө аж ахуйн төрөлжсөн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр холбон Монгол оюутнуудыг тус улсад сургах, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Google компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Вамвакитис, Япон болон Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Колин Марсон нартай уулзаж Google компанитай хамтран ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зориулсан мэдээллийн технологийн хөтөлбөрийг анги бүрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх, багш бүрийг компьютержуулах чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх, боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр дижитал тоног төхөөрөмжийн төсөл хэрэгжүүлэх, багш нарын ажлын ачааллыг бууруулан олон системд тайлан оруулдаг, программ нь ачааллаа дийлдэггүй байдлыг халж google-ийн боловсролын болон төрийн байгууллагын дижитал орчныг сайжруулахад чиглэсэн орчин үеийн программ хангамж, шинэлэг аппликейшн нэвтрүүлж ажиллахаар боллоо.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж  Сөүл хот дахь Монгол сургуулиар зочлон үйл ажиллагаатай нь танилцан, сургуулийн багш, ажилтнуудтай уулзаж санал солилцлоо. БНСУ дахь Монгол сургуулийн багш, суралцагчид medle цахим сургалтын платформыг ашиглах чиглэлээр тус сургуулийн багш нарт сургалт зохион байгуулж, 10 дугаар ангийн 32 суралцагчийн сонгон судлах хичээлийг цахимаар судлах сонголтыг хийлгэн тус сургуулийн суралцагчид цахим хичээлд хамрагдаж эхэллээ.

Салбарын хөрөнгө оруулалтын оновчлолын системийг Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын ерөнхий газар, бусад холбогдох байгууллага, албан тушаалтнуудад танилцуулах уулзалт зохион байгуулж салбарын хөрөнгө оруулалтын оновчлолын системийн цаашдын хөгжүүлэлт, математик загвар дээр санал, шүүмж авч, системийг хүлээн авах шийдвэр гарсан.

Дэлхий даяар өрнөж буй "Хувьсаж буй боловсрол"-ын хүрээнд Монгол Улсын амлалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, замын зураглал боловсруулах семинарыг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Семинарт оролцсон төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, аж ахуйн нэгж, байгууллага, залуучуудын төлөөллийн оролцоотойгоор боловсролын цахим шилжилт, суралцахуй, багшийн хөгжил, санхүүжилт, сургалтын орчин, сургалтын хөтөлбөр зэрэг чиглэлээр төлөвлөгөө, замын зураглалд тусгах арга хэмжээний саналыг тодорхойлов.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол дахь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйлдэлд суурилсан санхүүжилтийн томьёоллыг хэрэгжүүлэх зорилготой хоёр программыг боловсруулан төрийн өмчийн 6, хувийн 1 чадамжийн төвд туршиж байна. Цаашид сургалтын чанар, үр дүнтэй уялдсан санхүүжилтийн шинэчлэлийн тогтолцоог үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

Засгийн газрын 2022 оны “Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг салбар яамдад шилжүүлсэнтэй холбогдуулан хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч эрх бүхий албан тушаалтнуудын 14 нэр төрлийн хэвлэмэл хуудсыг шинэчлэн боловсруулж, Архивын ерөнхий газарт хүргүүлж, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр баталгаажуулсан байна.

"Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III"-ийг хэрэгжүүлэх, төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Архангай, Төв, Говьсүмбэр аймгийн 6000 орчим төрийн албан хаагчид үндэсний бичгийн мэдлэг дээшлүүлэх цахим бичвэр боловсруулах сургалт зохион байгууллаа.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн нь Финляндын Турку их сургуулийн дэргэдэх Еduten технологийн компанитай хамтран ажиллах санамж бичигт 2022 оны 12 дугаар сарын 14-нд гарын үсэг зурсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 24-нд “Eduten платформыг турших” гэрээг байгуулан 2022-2023 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагас жилд аймаг, нийслэлийн 9 сургуулийн 15 ангид математикийн сургалтыг дэмжих eduten платформыг турших ажлыг эхлүүллээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн 2023 оны хамтын хэлэлцээрийн хүрээнд 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж 2022 оны хамтын хэлэлцээрт туссан арга хэмжээний хэрэгжилт, хүрсэн үр дүн, цаашид авах арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.

ХААИС-ийн харьяа Төв аймгийн Батсүмбэр сум дахь Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц, ХААИС-ийн харьяа Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэн, Архангай аймаг дахь Өндөр уулын бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн станц, Өмнөговь аймаг дахь Говийн бүсийн бэлчээрийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэн, Улаангом дахь Газар тариалангийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц, Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх төлөвлөлтийн талаар орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны улсын байцаагчдад зөвлөгөө, мэдээлэл хүргүүллээ.

Сургуулийн өмнөх боловсролын багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд шинжилгээ хийж "Цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ ба багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих зөвлөмж"-ийг боловсруулав. 2023 оны 02 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд зөвлөмжийн дагуу арга зүйн цахим сургалт зохион байгуулан улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн 9239 багш, удирдах ажилтан, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн хамрагдсан. “Цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ ба багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих зөвлөмж”-ийг e-book хэлбэрээр нийслэл, орон нутгийн Боловсрол шинжлэх ухааны газар, цэцэрлэгийн багш нарт хүргэлээ.

Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газартай хамтран “Энтрепренёршип ба бизнес эрхлэх ур чадвар” чадамжид суурилсан хөтөлбөрийг танилцуулах семинарыг 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж Улаанбаатар хот болон орон нутгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн 70 гаруй захирал, удирдах ажилтан цахим болон танхимаар оролцов.

Боловсрол, шинжлэх ухааны яам нь Жендэрийн үндэсний хорооны дэмжлэгтэйгээр “Салбарт жендэрийн талаар баримтлах бодлого” (2017-2024 он)-ын дунд хугацааны хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэлээ.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн хэрэгжилтийн хугацааг 2023 он хүртэл сунгах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлээр ”Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар сольж, бүрэн ашиглалтад оруулах ажил”-ыг эрчимжүүлэх, төслийн хугацааг сунгах талаар шийдвэр гаргуулсны дагуу Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газартай хамтран баталгаажуулсан Засгийн газрын 2021 оны 127 дугаар тогтоолын дагуу “Төлбөр тооцоо гүйцэтгэх түр журам”-д нэмэлт өөрчлөлт орж батлагдлаа. Санхүүжих дүн 100.0 тэрбум төгрөгийн үлдэгдэл 70,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хугацааг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгав.

Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяныг баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт зохион байгууллаа. Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран тус аймагт тулгамдсан 8 асуудлыг тодорхойлж энэ хүрээнд эрдэм шинжилгээний хурал, старт ап сургалт, үзэсгэлэнг зохион байгуулав.

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх ажлын хүрээнд 2023-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/59 дүгээр тушаалаар батлагдлаа. Төлөвлөгөө нь (i) сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэл, (ii) сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулах, үнэлгээ хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, (iii) багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцооны чадавх бэхжүүлэх, (iv) багш бэлтгэх боловсрол, (v) төрөлжсөн ахлах сургууль хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн 5 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бөгөөд нийт 34 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгав. Мөн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Кембрижийн боловсролын түншлэл байгууллагатай хамтран ажиллахыг холбогдох нэгж байгууллагад даалгасан.

ТАВ.САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Боловсрол, шинжлэх ухааны салбарын 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэл гаргахтай холбоотойгоор салбарын байгууллагуудын нэмэлт санхүүжилтийн тооцоог Сангийн яамтай нийлж, холбогдох байгууллага тус бүрийн нотлох баримтын бүрдлийг хангуулах ажлыг зохион байгуулж, баталгаажууллаа. Тус ажлын хүрээнд Сангийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Дансны үлдэгдэл буцаан олгох тухай” 24 дүгээр тушаалаар нийт 35 байгууллагын 4.7 тэрбум төгрөгийг буцаан авахаар батлуулсан. Мөн салбарын байгууллагуудын хоорондын тооцооны нэгтгэлийг хийж Сангийн яаманд хүргүүллээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамны олон улсын зээл, тусламжийн төслийн нэгжүүдийн 52 төлбөрийн хүсэлтийн 7.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрх нээлгэх тухай 27 албан бичгийг Сангийн яаманд хүргүүлж холбогдох эрхийг нээлгэн “Монгол улсын засгийн газрын гадаад зээл, тусламжийн удирдлагын мэдээллийн систем”-ээр баталгаажуулж салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл хөтөлбөрийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллав.

Монгол-Энэтхэгийн хамтарсан Мэдээллийн технологийн боловсролын аутсорсингийн төв байгуулах төсөл арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор "Төвийн суурийн нэг давхартай нийт 10 давхар барилга угсралтын ажил"-ын гүйцэтгэгч P.K Saxena Contractor, "Төвд шаардлагатай сүлжээ, дата төв, сүлжээ, албан хаагчийн компьютер тоног төхөөрөмж, хяналтын камер багаж хэрэгсэл"-ийн нийлүүлэгч Lovely International Trust болон Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч WAPCOS Limited байгууллагын удирдлагуудад Монголын талаас бичиг баримтын бүрдүүлэлтэд зөвлөгөө өглөө.

Шилэн дансны шинэчлэгдсэн системийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын нийт 145 дансны төсвийн гүйцэтгэлийн мэдээг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар нэгтгэж, шилэн дансны цахим системд оруулсан.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

Бичиг хэргийн эргэлтийн мэдээ: Яаманд байгууллага, иргэдээс яаманд 930 хариутай бичиг, 163 шууд бичиг, 293 өргөдөл гомдол, нийт 1386 бичиг ирүүлсэн. Үүнээс 796 хариутай албан бичиг, 225 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл, гомдлын 83.5 хувийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Мөн 134 албан бичиг, 68 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.  Яамнаас байгууллага, иргэдэд хандаж 803 албан бичиг хүргүүллээ.

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай яаманд нийт 95 иргэний өргөдөл, гомдлыг хуваарилж, шилжүүлсэн ба үүнээс 78 буюу 82.0 хувийг нь шийдвэрлэж, 17 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.

Монголын Ахмад багш нарын холбоотой хамтран Монгол улсад Боловсрол, шинжлэх ухааны Төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 99 жилийн ойн өдөрт зориулсан “Ардыг гэгээрүүлэх яам-99” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.