ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

A- A A+
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Инновацийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.4.2 дахь заалт, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.4.1 дахь зорилтын 2 дахь арга хэмжээг тус тус үндэслэн “Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффисд гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг боловсруулан, Захиргааны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын хүрээнд санал авахаар оруулж байна.
Саналаа uribold@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Төсөл

 

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ, ЭСХҮЛ ХАМТЫН ОФФИСТ ГИШҮҮНЧЛЭЛЭЭР БҮРТГҮҮЛСЭН ГАРААНЫ КОМПАНИ БОЛОН ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖИД ТАТВАРЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1  Энэ журмын зорилго нь технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффисын гишүүн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл   ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг  /цаашид “гарааны компани” гэх/ бүртгэх, түүнд татварын дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулахад оршино.

1.2  Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллагатай гэрээ байгуулсан технологи дамжуулах төв, эсхүл хамтын                    оффист гишүүнчлэлээр бүтгүүлсэн гарааны компанид татварын дэмжлэг үзүүлнэ.

1.3  Энэ журмын 1.2-т заасан технологи дамжуулах төв, хамтын оффист тавих шаардлагыг Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн сайдын тушаалаар батална.

1.4.  Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан аж ахуй нэгжийг болон байгуулагдаад 5-аас илүү жил болсон аж ахуй нэгжийг гарааны компаниар бүртгэхгүй.

Хоёр. Гарааны компанийг бүртгэх

2.1. Инновацийн төсөл санаачлагч нь гарааны компанийг бүртгүүлэх зорилгоор боловсруулсан инновацийн төслөө бүртгүүлэхдээ дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ:

                       2.1.1. төсөл бүртгүүлэх тухай хүсэлт;  

          2.1.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний үнэмлэх)-ний хуулбар;      

        2.1.3. энэ журмын 1.2-т заасан байгууллагад гишүүнчлэлээр бүртгүүлсэн тухай нотлох баримт /Гишүүнчлэлийн гэрээний хуулбар, Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффисоос гишүүнчлэлээр бүртгүүлсэн тухай тодорхойлсон албан бичиг/.     

         2.1.4. эрх бүхий байгууллагаас олгосон патент, ашигтай загвар эсхүл зохиогчийн эрхийн гэрчилгээний хуулбар;      

                      2.1.5. төсөл хэрэгжүүлэх шаардлага, үндэслэл, судалгаа;      

                      2.1.6. маркетингийн болон бизнес төлөвлөгөө;      

                      2.1.7. үйл ажиллагааны төлөвлөгөө;

                      2.1.8. техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа;      

         2.1.9. төсөл хэрэгжүүлэхэд ашиглах техник, технологи, программ хангамж, зураг дизайны тодорхойлолт;      

         2.1.10. бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн талаарх мэдээлэл;      

         2.1.11. зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулсан судалгаа;      

                      2.1.12. бусад шаардлагатай мэдээлэл.

2.2.   Инновацийн төсөл, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв байдлыг төсөл санаачлагч бүрэн хариуцна.

2.3.   Инновацийн төсөл нь хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг  өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт  гаргах аргачлал”-ыг ашиглан шинжээчид гаргана.

2.4.   Инновацийн төсөл хэрэгжүүлэх хугацаа төсөл бүртгүүлсэн өдрөөс эхлэн 5 хүртэл жил хүртэл байна.

2.5.   Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинжээчдийн үнэлгээ дүгнэлтэд үндэслэн, төслийг мэдээллийн санд бүртгэж, ажлын 3 хоногийн дотор бүртгэсэн талаар төсөл санаачлагчид албан бичгээр хариу мэдэгдэнэ.

2.6.   Инновацийн төсөл санаачлагч энэ журмын дагуу бүртгэгдсэн инновацийн төслөө  хэрэгжүүлэх зорилго бүхий хуулийн этгээдийг 5 хүртэлх жилийн хугацаатай Компанийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлнэ. Гарааны компанийн оноосон нэрийн өмнө “Гарааны” гэсэн тодотголыг оруулж бүртгүүлнэ.

2.7.  Технологи дамжуулах төв, хамтын оффис нь гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компанийн талаарх мэдээллийг гарааны компани улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

2.8.  Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллага нь бүртгэгдсэн гарааны компанийн мэдээллийг ажлын 3 хоногийн дотор Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газарт хүргүүлнэ.  

Гурав. Гарааны компанид татварын дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа

3.1. Гарааны компанид татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэхэд холбогдох хуулийн нарийвчилсан зохицуулалт, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам”-ыг баримтална.

3.2. Гарааны компани нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын дэмжлэгийг эдлэхдээ энэхүү журмын 2-т зааснаас гадна дараах нөхцөл шаардлагыг хангасан байна:

        3.2.1  Гарааны компани болон эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь хуулийн этгээдийн бүртгэлийн болон татварын албанд бүртгэгдсэн байх;

        3.2.2 Гарааны компанийн зөвхөн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний татвар ногдуулах орлогод ногдуулсан татварын                                          хөнгөлөлтийг эдлэх;

        3.2.3 Гарааны компани нь бараа бүтээгдэхүүнийг дотоодод шинээр үйлдвэрлэсэн, инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ болохыг нотлох баримттай байх;

        3.2.4  Гарааны компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нь Засгийн газрын баталсан инновацын бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтад бүртгэгдсэн                           байх;

3.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5.4-т заасны дагуу гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.

3.4. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу гарааны компанийн инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлнө.

3.5. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.14-т  заасны дагуу гарааны компанийн инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодисыг гаалийн татвараас чөлөөлнө.

3.6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13-т заасны дагуу гарааны компани инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй  түүхий эд, материал, урвалж бодисыг албан татвараас чөлөөлнө.

3.7.  Энэхүү журмын заасан татварын хөнгөлөлт, чөлөөлтийг эдлэхдээ холбогдох хууль, тогтоомжийг  баримтална.

                                            Дөрөв. Бусад

4.1. Төслийн хэрэгжилтийн явц, хугацаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн байдал, үр дүнд Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

4.2. Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих үүрэг бүхий мэргэжлийн шинжээч ажиллуулж болно.

4.3. Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг жил бүрийн 2 дугаар сард багтаан Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгууллагад цахимаар хүргүүлнэ.

4.4. Шинжээчтэй холбогдон гарах зардлыг тухайн инновацийн төсөл санаачлагч хариуцна.

4.5. Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гарааны компанийн үйл ажиллагаа эрхлэх явцын үед инновацийн төслийн талаарх шаардлагатай мэдээллийг гаргуулан авах эрхтэй байна.

4.6. Төсөл нь анх мэдүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэгжээгүй нь энэ журамд заасан хяналтаар тогтоогдсон, журмын 4.3-т заасан тайланг хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гарааны компани үйл ажиллагааг дуусгавар болгож Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий ерөнхий газар, болон Татварын ерөнхий газарт тус тус албан бичгээр мэдэгдэнэ.

4.7. Гарааны компанийн үйл ажиллагааны мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон харилцааг Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай хуульд заасны дагуу зохицуулна.