БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины  конвенцыг соёрхон батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, хуралдаанаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн болон Шинжлэх ухааны паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, хуулийн төсөл боловсруулахад шаардлагатай урьдач нөхцөл байдлын болон эдийн засаг, үр нөлөөний судалгааг мэргэжлийн эрдэмтдийн багаар хийлгэж, судалгааг хүлээн авсан.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн гишүүдийн 66,8 хувийн саналаар УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж дэмжигдлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал УИХ-ын чуулганы хуралдаанд танилцууллаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулж, гишүүдээс гарсан саналд хариу тайлбар, холбогдох мэдээллийг хийсний үндсэн дээр, нийт гишүүдийн олонхийн саналаар Улсын Их Хурлын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх үеэр гишүүдээс гарсан саналын товчоог нэгтгэн холбогдох тайлбар, танилцуулгыг хийсэн.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд төсөл, арга хэмжээ бүрээр мэдээллийг хянан баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Хуулийн төсөлд нийт 369 шилжих төсөл арга хэмжээний төсөвт өртөг 1,478.2 тэрбум төгрөг, санхүүжих дүн 507.4 тэрбум төгрөгөөр хэрэгжихээр туссан. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд 2 дугаар хэлэлцүүлгээр орж хэлэлцэгдсэн.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын харьяа төсвийн шууд захирагч, төвлөрүүлэн захирагч нарын төсвийн төслийн саналыг авч тусган, салбарын дунд, урт хугацааны бодлого, зорилт, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хянан боловсруулж хүргэсэн бөгөөд Сангийн яамнаас Улсын Их хурал, Засгийн газарт өргөн барьсан. Боловсролын салбарын шинээр ашиглалтад орох барилга байгууламжийн тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/-өөс бусад хөрөнгө оруулалтын шинэ төсөл, арга хэмжээ төлөвлөгдөөгүй бөгөөд шилжин хэрэгжиж байгаа 369 төсөл, арга хэмжээний 332 нь барилга байгууламж, 37 нь их засвар, тоног төхөөрөмж, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил байна.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 88 дугаар тогтоолын 4, 5 дахь заалтыг хэрэгжүүлэх, “Барилга, байгууламжийн 2021 оны үнийн индекс”-ийг батлан хэрэгжүүлэхэд Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын үнийн өсөлт тооцуулах бэлтгэл хангах" гэсэн арга хэмжээний хүрээнд салбарын хөрөнгө оруулалтын шилжих 212 төсөл, арга хэмжээнд 100.5 тэрбум төгрөгийн үнийн өсөлт тооцуулан баталгаажуулж, 2023 оны төсвийн төсөлд тусгуулсан ба мөн нэмэлт санхүүжилтийн магадлалаар оруулж баталгаажуулсан зарим төсөл арга хэмжээний төсвийг төсөвт өртөгт нэмэгдүүлж орууллаа.

“Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж, мэргэжлийн стандартыг нэвтрүүлэн, багшийн үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/430 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”,  “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам” батлагдсан.

Суралцагчийн бие даан суралцах үйлийг дэмжихэд программ хангамж ашиглах арга зүйд багшийг сургах, зарим ЕБС-ийн 6-9 дүгээр ангид турших сургалт туршилтад хамрагдах сургуулийн нэрс, шаардлагатай зардлыг БШУ-ны сайдын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Зардал батлах тухай” А/411 дүгээр тушаалаар баталлаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Журам батлах тухай” А/418 дугаар тушаалаар "Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам"-ыг баталсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Аргачлал шинэчлэн батлах тухай" А/384 дүгээр тушаалаар “Ерөнхий боловсролын хичээлийн контент сонгон шалгаруулах үнэлгээний аргачлал”-ыг шинэчлэн баталсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны “Журам батлах тухай” А/391 тоот тушаалаар “Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журам” батлагдаж захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Жүү-Ок Лиг хүлээн авч уулзан Боловсролын салбарын хурдасгуур (Education Accelerator) санаачилга болон 2023 онд болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас “Хувьсаж буй боловсрол” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дэлхий нийт боловсролын  өөрчлөлт шинэчлэлийн талаар баримталж байгаа бодлого, төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Ханыг хүлээн авч уулзан цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд ЮНЕСКО-гийн хоёрдугаар зэрэглэлийн төвийг Монгол Улсад байгуулах саналтай байгаагаа мэдэгдэж ЮНЕСКО-гийн тэнхимүүд болон их сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээг Монголд байгуулахыг санал болгов.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/-гийн дэд суурин төлөөлөгч Аяако Кайног хүлээн авч уулзлаа. Тэд боловсролын байгууллагын дотуур байран дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, хоол хүнс, үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг хөндөн ярилцаж цаашид дотуур байрны хүүхэдтэй ажиллах, хамгаалах, хүний эрхийг хангах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох нар Шинжлэх ухаан, технологийн сан болон Шинжлэх ухааны паркийн захиргааны удирдлага, төлөөлөлтэй уулзаж, салбарын асуудлаар ярилцлаа.

Төрийн өмчийн 6 их сургуулийн Дундын Удирдах зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж, тус сургуулиудын засаглалыг сайжруулах асуудлыг хэлэлцлээ. Тус хуралдаанаар Дундын Удирдах зөвлөлийн дүрмийг баталж, дэд дарга, хорооны дарга, гишүүдийг томилсон. Их сургуулиудад засаглалыг сайжруулах чиглэлээр сургуулиудын стратегийн төлөвлөгөөг "Шинэ сэргэлтийн бодлого"-д уялдуулах, удирдах ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, сургуулиудын захиргааны бүтцийг Захиргааны ажил, Сургалт, цахим шилжилт, Эрдэм шинжилгээ, инноваци, Оюутны хөгжил, Санхүү, аж ахуй гэсэн 5 нэгжтэй байхаар өөрчлөн зохион байгуулж, захиргааны албан хаагч болон багш нарын харьцааг зохистой хэмжээнд оруулах шийдвэрийг гаргахаар тогтсон.

2022 онд үргэлжлэн хэрэгжиж буй судалгаа боловсруулалтын ажлын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт хийх ажлын хүрээнд суурь судалгааны 116 төсөл, улсын захиалгат 42 төсөл, хамтарсан 71 төсөл, докторын дараах инновацийн 10 грант, Шинжлэх ухааны академийн 12 грант, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн 6 төсөл, хөтөлбөрийн зорилтот 3 төсөл нийт 47 байгууллагын 260 төсөлд хяналт, мониторинг хийх ажлыг Шинжлэх ухаан, технологийн сантай хамтран зохион байгууллаа.

Цэцэрлэгийн багш нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, үнэлгээг зохион байгуулах удирдамжийг боловсруулан аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтсийн холбогдох албан тушаалтанд танилцуулах сургалтыг зохион байгуулсан.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

GPE буюу боловсролын төлөөх дэлхий нийтийн түншлэл байгууллагаас боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон манай улсад 5,0 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн бөгөөд энэ санхүүжилтээр “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг хэрэгжүүлнэ. 2022-2025 онд 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх энэ төслийн хүрээнд тэгш хамран сургах боловсрол, сургуулийн үдийн хоол, хосолсон сургалт гэсэн 3 арга хэмжээг хэрэгжүүлэх ба төслийн нээлт 10 дугаар сарын 27-ны өдөр боллоо.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” буцалтгүй тусламжийн төслийн дунд хугацааны хэрэгжилтийн үнэлгээний баг Монгол Улсад ажиллаж байх хугацаандаа БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд төслийн Удирдах хорооны дарга Л.Цэдэвсүрэнтэй уулзаж, үнэлгээний үр дүнгийн талаар хэлэлцэн Нийгмийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн Гохар Тедовасьян үнэлгээний үр дүн, төслийн явцыг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Төслийн үр нөлөө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ялгаварлан гадуурхлаас ангид нийгмийн бүх харилцаанд тэгш оролцоог хангахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй охид, хөвгүүдийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад оршиж байна.

2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн 682 сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 6 настай 77,1 мянган суралцагчдыг хамруулан “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгаа”-г 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулж сургуульд бэлтгэгдсэн байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлэх судалгааг хийж судалгаанд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, бэлтгэл бүлгийн багш, бага ангийн багш, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, сургуулийн сургалтын менежерүүд хамрагдлаа. Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ, асуулгын үр дүнд боловсруулалт хийгдэж байна.

“Дотуур байрын суралцагчийн эрх, хамгаалал, аюулгүй байдал сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж их дээд сургуулийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлого чиглэл, дотуур байран дахь оюутны эрх, хамгаалал, оюутан залуусын эрүүл мэндийн өнөөгийн байдал, эрт илрүүлэг, цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцэж санал бодлоо солилцлоо.

2022 оноос эхлэн хэрэгжих улсын захилгат төслийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд project.edu.mn-д цахимаар бүртгүүлсэн 31 төслийн саналд баримт бичгийн бүрдэл, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр тэнцсэн 23 төслийн саналыг 2022 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Шинжлэх ухаан, технологийн 6 салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.3.2 дахь зорилт”, Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоолын 7 дахь заалтыг тус тус хэрэгжүүлэх хүрээнд боловсруулсан “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээ” баримт бичгийн төслийг бага насны хүүхдийн хөгжлийн асуудлаар үйл ажиллагаа эрхэлдэг 41 төрийн бус болон нийгмийн байгууллагыг нэгтгэсэн “Бага насны хүүхдийн цогц хөгжил, боловсролын сүлжээ”-ний байгууллагын гишүүдээр хэлэлцүүлж, саналыг баримт бичгийн төсөлд тусгав.

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн Европ, Хойд Америк, Зүүн Азийн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдаж байна. Тэмцээн 2022 оны 9 дүгээр сарын 7-ноос эхлэн 11 дүгээр сарын 26 хүртэл 12 долоо хоногийн турш явагдах ба 58 улсын 1000 гаруй оролцогчид өрсөлдөж Монгол улсаас токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт гэсэн 7 төрлөөр оролцож байна. Дорнод Политехник коллежийн оролцогч Г.Очбаатар, эксперт багш Г.Оюунбатын хамт ХБНГУ-д 10 дугаар сарын 6-17-нд токарийн мэргэжлийн тэмцээнд амжилттай оролцсон. Швейцар улсын Базел хотод 10 дугаар сарын 7-16-ны өдрүүдэд болсон мужааны тэмцээнд Завхан Политехник коллежийн оролцогч Г.Хатанбаатар, эксперт багш Б.Анхбаярын хамт 800 онооноос 665 оноо авсан. АНУ-д болсон Гагнуурын тэмцээнд Монгол улсын оролцогч Д.Амаржаргал 694 оноо авч 13 дугаар байранд шалгарсан. Сантехникийн тэмцээн ХБНГУ-д болох бол өрөг угсралт, цахилгаан угсралтын тэмцээн Австри улсад 11 дүгээр сард болно.

Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол сургалтын 10 гаруй байгууллага сургалтын орчныг сайжруулах, ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр суралцагчдын дотуур байрны гаднах болон дотоод засвар үйлчилгээ, сантехникийн шугам, хаалга цонх солих, ариун цэврийн өрөөний иж бүрэн болон хэсэгчилсэн засвар тохижилт үйлчилгээг байгууллагын өөрийн орлого, улсын төсөв, иргэд олон нийтийн хандив тусламж, Нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг аж ахуйн нэгж, ажил олгогчийн туслалцаа дэмжлэгээр 120,0 гаруй сая төгрөгийн өртөгөөр хийсэн байна. Олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилт, дэмжлэгээр 813.527.000 төгрөгийн санхүүжилтээр 5 мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага дотуур байрын завсар, хөрөнгө оруулалт, цэвэр усны асуудлыг шийдвэрлэж суралцагчдыг ая тухтай амьдрах орчин нөхцлөөр хангасан.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан томоохон бүтээн байгуулалт, үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан мэргэжлийн боловсрол, сургалтыг төрөлжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэх зорилтын хүрээнд Хангайн бүсийн 8 аймгийн 11 мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, цаашид төрөлжүүлэн хөгжүүлэх хүрээнд баримталж ажиллах санал дүгнэлт боловсруулах чиглэлийн судалгааны ажлыг холбогдох мэргэжлийн судлаач, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, судлаач нартай хамтран хийж байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зарим арга хэмжээний хүрээнд цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах байр түрээслэх Боловсрол, шинжлэх ухааны сайдын 7 удаагийн тушаал батлагдан нийт 11095 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/272 дугаар тушаалаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн цэцэрлэгийн хүртээмж багатай байршилд хамран сургах тойргийн хүүхдийг хамруулж буй төрийн бус өмчийн цэцэрлэгийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хүүхдийн хоолны зардлын хамт олгох заавар болон нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж багатай хороодын байршил батлагдсан. Тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэгийн хүртээмж багатай хороодын 114 байршлын 237 төрийн бус өмчийн цэцэрлэгт 14041 хүүхэд нэмэлтээр хамрагдаж, хамран сургах тойргийн цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцаж байгаа болон нэмэлтээр элссэн нийт 13687 хүүхдэд хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж хоолны зардлын хамт олгосон байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн хүрээнд 186,3 сая төгрөгийн 162 ширхэг ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг Баянхонгор, Завхан аймгийн ерөнхий боловсролын 106 сургуульд нийлүүлснээр 35483 сурагч сургууль дээрээ ундны цэвэр ус уух боломж бүрдсэн.

ТАВ.САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа 1957 байгууллага шилэн дансны тухай хуулийн дагуу https://shilendans.gov.mn/ цахим хуудсанд мэдээллээ оруулж ил тод байдлыг ханган ажиллаж байна. Эдгээр байгууллагууд нь 2022 оны 9 дүгээр сард оруулах 192185 мэдээллээс 187133 мэдээллийг оруулж нийт гүйцэтгэл 97.0 хувьтай байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар харьяа бүх байгууллагуудад ажил эрчимжүүлэх тухай албан бичиг хүргүүлж ажилласан.

“Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн саналд насжилт өндөр, газар хөдлөлтөд тэсвэргүй талаар мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан барилгуудыг хэрэгцээ шаардлагын судалгаанд үндэслэн төлөвлөх” заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор 2023 оны улсын төсвийн төсөлд тусгуулахаар санал ирүүлсэн 477 шинэ төсөл, арга хэмжээний 394 төсөл, арга хэмжээнд газар зүйн мэдээлэлд тулгуурласан хэрэгцээ шаардлагын шинжилгээг хийж, 3 ээлжинд шилжих нөхцөл үүссэн 25 сургууль, анги дүүргэлт нь хэт өндөр буюу хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэн хамруулж байгаа 28 цэцэрлэгийн барилгыг 2023 оны төсөвт тусгуулахаар шинжилгээ хийсэн. Салбарын хэмжээнд хэрэгцээ шаардлага өндөртэй 88 төсөл, арга хэмжээ/30 сургууль, 36 цэцэрлэг, 6 дотуур байр, 16 бусад барилгын жагсаалт/-г газарзүйн мэдээллийн системийн шинжилгээнд үндэслэн судалж, нэгдүгээр эрэмбийг үүсгэн судалгаанд авсан ба тус 88 төсөл, арга хэмжээний газар, зураг төсвийн боловсруулалтыг хийж дуусгахад анхаарч нийслэл, орон нутаг, Барилгын хөгжлийн төв, бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 310, 366 дугаар тогтоолоор Монгол Улсын 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн гүйцэтгэлийн явц байдалтай уялдуулан батлагдсан төсвийн багцынхаа дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахаар даалгасны дагуу Боловсролын салбарт хэрэгжиж байгаа нийт 544 төсөл, арга хэмжээ, үүний 2022 оны төсөвт тусгагдаагүй үргэлжлэн хэрэгжиж байгаа 94 барилга, 2022 оны төсвийн тухай хуулиар хэрэгжиж буй 371 барилга, нийт 465 барилга байгууламжийн ажлын явц, санхүүжилтийн явцад судалгаа дүгнэлт хийсэн.

Улсын хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын санхүүжилтээр 4 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. 2022 оны 10 дугаар сарын байдлаар 7 аймгийн 27 сумын 58 сургууль, 19 цэцэрлэг, 32 дотуур байрыг ариун цэврийн байгууламжтай болгож, 136 объектыг байнгын ашиглалтад оруулсан. Үлдсэн 62 сумын 171 объектын 1, 2 дугаар ээлжийн барилга угсралтын ажлын явц дунджаар 75.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар байгууллага, иргэдээс яаманд хандаж 7750 хариутай бичиг, 1423 шууд бичиг, 3767 өргөдөл гомдол, нийт 12940 бичиг ирүүлсэн байна. Үүнээс 7506 хариутай албан бичиг, 3688 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл, гомдлын 97.2 хувийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Энэ нь өмнөх сараас 0.1 хувиар нэмэгдсэн байна. Мөн 244 албан бичиг, 79 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Яамнаас байгууллага, иргэдэд хандаж 5239 албан бичиг хүргүүлсэн.

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс тус яаманд нийт 1093 иргэний өргөдөл, гомдлыг хуваарилж, шилжүүлсэн байна. Үүнээс 1064 буюу 97.3 хувийг нь шийдвэрлэж, 29 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Засгийн газрын 11-11 төвтэй тогтмол хамтран ажиллаж, тус төвөөс илгээсэн иргэдийг биечлэн хүлээн авч уулзаж, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллав.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчид болон иргэдэд сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Удирдлагын Академиас энэ оны 2022 оны 10 дугаар сарын 3-14-ний өдрүүдэд зохион байгуулсан "Алсын хараа 2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат "Шинэ сэргэлтийн бодлого" сэдэвт сургалтад Боловсрол, шинжлэх ухааны яам, харьяа байгууллагын нийт 100 удирдах болон гүйцэтгэх албан хаагч танхимаар болон цахимаар хамрагдсан.