ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАХ БИЧГИЙН МЭДЭЭЛЭЛ

A- A A+
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАХ БИЧГИЙН МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 98 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичиг төлбөртэй ашиглуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрт сурах бичгийг төлбөртэй ашигласнаас олох орлогыг дунд, ахлах ангийн сурах бичгийн эх бэлтгэх, хэвлэн нийлүүлэх, төлбөртэй ашиглуулах үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлэхийг заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 98 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны “Журам батлах тухай” А/302 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ыг батлан сурах бичиг төлбөртэй ашигласны төлбөрийг 2019 оноос эхлэн яамны “Эргэлтийн сан”-ийн дансанд төвлөрүүлэн зарцуулж байна.

Энэ журмаар ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчид 10-16 нэр төрлийн сурах бичгийг хичээлийн жилийн туршид   14,2-18,6 мян төгрөгийн төлбөрийг нэг удаа төлж сургуулийн номын сангаасаа хичээлийн жилийн эхэнд хүлээн авч ашиглаад хичээлийн жилийн төгсгөлд буцаан тушааж ашигладаг. Нэг сурах бичгийг 4 жилийн хугацаатай ашиглан эдэлгээ нь дуусаж байхаар тооцон ашиглах төлбөрийг тогтоосон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны “Төлбөрийн хэмжээ тогтоох тухай” А/624 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын төлбөртэй ашиглах сурах бичгийн төлбөрийн хэмжээг 4 жилээр тогтоож өгсөн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны “Журам батлах тухай” А/302, “Төлбөрийн хэмжээ тогтоох тухай” А/624 дүгээр тушаалыг яамны сайтаас авч үзнэ үү.

2022 оны 4 дүгээр сараас эхлэн сурах бичгийн хэвлэлт, хангалт, түгээлт, ашиглалтын асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар хариуцан ажиллаж байна.  

Сурах бичгийн 2022-2023 оны хичээлийн жилийн хангалтын мэдээлэл:

2022-2023 оны хичээлийн жилд I-V ангийн суралцагчдад 1,2 сая ширхэг сурах бичгийг 3,7 тэрбум төгрөгөөр, VI-XII ангийн суралцагчдад түрээсээр ашиглуулах 1,0 сая ширхэг сурах бичгийг 3,7 тэрбум төгрөг, нийт 2,2 сая ширхэг сурах бичгийг 7,5 тэрбум төгрөгийн зардлаар тус тус хэвлүүлсэн.

Хэвлэлийн компаниудтай хийсэн гэрээний дагуу бага ангийн сурах бичгийг 8 дугаар сарын 25-аас 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор түгээлтийг хийж дуусгах бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний  байдлаар I ангийн сурах бичгийн түгээлт 92 хувь, II-V ангийн сурах бичгийн түгээлт 84 хувьтай байна.

Жил бүр I ангийн сурах бичгийг 100 хувь хангадаг бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд I анги 100 хувь, II-V ангийн сурах бичгийг 51 хувиар нэмж нөхөн хангалт хийж байгаа бөгөөд II-V ангид 2019-2021 онуудад хэвлэгдсэн сурах бичгийг үргэлжлүүлэн ашиглана гэж тооцоход 100 хувь хангагдана.

VI-XII ангийн сурах бичгийг энэ хичээлийн жилд ирүүлсэн захиалгын 80 хувиар тооцон хангахаар тооцсон бөгөөд мөн 2019-2021 онуудад хэвлэгдсэн сурах бичгийг үргэлжлүүлэн ашиглана гэж тооцоход 100 хувь хангагдана. Хэвлэлийн компанитай VI-XII ангийн сурах бичиг хэвлүүлэх гэрээг 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бөгөөд 9 дүгээр сарын 15 гэхэд улсын хэмжээнд түгээлтийг хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажилласан.

2022 оны 09 дүгээр сарын 20-ны  байдлаар I-5 ангийн сурах бичгийн түгээлт 100 хувь, VI-XII ангийн сурах бичгийн түгээлт 70 хувьтай орон нутгуудад тараагдах шатандаа явж байна. 7, 8, 12 дугаар ангийн сурах бичгүүд Адмон ХХК-ийн хэвлэлийн цаас хил гаалиас шалтгаалан дутагдалтай байгаа шалтгаанаар нийлүүлэлт оройтож байна.