БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН МЭДЭЭ

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

  • "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах журам"-ыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 5 сарын 13-ны өдрийн "Журам батлах тухай" А/177 дугаар тушаалаар батлан гаргалаа. Журам нь Бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ/цэцэрлэг/-д тэгш хамруулахад хүүхдийн суралцах, хөгжих эрхийг хүндэтгэх, тэдний эрүүл мэндийн байдал, онцлог хэрэгцээнд нийцсэн, ялгаварлан гадуурхалтаас ангид, олон нийтийн оролцоог хангах зарчмыг баримтлах юм.
  • БШУ-ны сайдын 5 сарын 20-ны өдрийн “Босго оноо тогтоох тухай” А/187 дугаар тушаалыг батлан гаргаж 2021-2022 оны хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгчдэд үндэсний хэмжээний босго оноог тогтоолоо. Энэ хичээлийн жилд Бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байх юм.
  • БШУ-ны сайдын 5 сарын 18-ны өдрийн “Зарим мэргэжлийн чиглэлээр тусгай зөвшөөрөл шилжүүлэн олгох тухай” А/184 дүгээр тушаалаар АШУҮИС-д 9 мэргэжлийн, Этүгэн дээд сургуульд 5 мэргэжлийн, Оточ манрамба их сургуульд 1 мэргэжлийн чиглэлийг сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт шилжүүлэн сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг баталгаажуулав.   
  • БШУ-ны сайдын 3 сарын 26-ны өдрийн А/119 дугаар тушаалаар байгуулсан Татвар, Гааль, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, хувийн хэвшлийн болон мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий Ажлын хэсгээр “Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг эцэслэн боловсруулаад байна. Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу мэргэжлийн байгууллагуудаас  санал авч байна
  • Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2021 оны 03 тоот тогтоолоор “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль болон Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2019 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужингаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг Ерөнхий боловсролын зарим сургуулийн /Нийслэлийн 14, 79, 25, 58/ хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хоолны газрын үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүдтэй санал солилцлоо. Ажлын хэсгээс “Ерөнхий боловсролын сургуулийн үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” БСШУС-ын байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулж 5 сарын 25-ны өдөр 05 дугаараар батлуулан ажиллалаа.   
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийг тус тус үндэслэн “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох, тодотгол хийх журам”-ын төслийг боловсруулан эрдэм шинжилгээний байгууллага болон холбогдох байгууллагаас санал авч тусган Үндэсний хөгжлийн газар, ЗГХЭГ-аас санал авахаар хүргүүлээд байна.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  • Бага нас/0-5 нас/-ны хүүхдийг эрүүл өсгөн бойжуулах, эрхийг хамгаалах, бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн цогц хөгжлийг дэмжихэд тэдний нас, хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанартай үйлчилгээг үзүүлж,  хүүхэд аюулгүй, ээлтэй гэр бүл, нийгмийн орчинд өсөж, хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор  “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн төслийг боловсруулаад байна. Хөтөлбөрийн зорилго, зорилтыг бага насны хүүхдийн цогц хөгжлийн талаар дэлхий нийтийн чиг хандлага, Монгол Улсын бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа хамгаалал, боловсролын үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн 0-2 нас, 3-5 насны хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн тодорхойллоо. Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ нь i) бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, салбар дундын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах,  ii) үйлчилгээний чанарыг үнэлэх тогтолцоо бүрдүүлэн, үр дүнд үндэслэсэн бодлого хэрэгжүүлэх,  iii) эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн чадавхыг сайжруулах, iv) гэр бүл, олон нийтэд түшиглэсэн үйлчилгээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, v) хүүхдэд зориулан зарцуулах төсвийн үр ашигтай хуваарилалтын шинэчлэл хийх, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын салбарын төсвийн хөрөнгийг хүүхэд, гэр бүл, тэдэнд үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэй ажилтны хөгжилд зарцуулах зэрэгт чиглэх юм.
  • Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй бага ангийн багш нарыг чадавхжуулах цахим сургалтыг энэ сарын 17-20-ны өдрүүдэд БШУЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зохион байгууллаа. Эхний шатны сургалтыг тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүйн мэдлэг ойлголтыг эзэмшүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн 400 багшид цахим хэлбэрээр зохион байгуулав. Сургалтаар багш нарт тэгш хамран сургах сургалтын талаар баримталж буй бодлого, хууль эрх зүй, олон улсын чиг хандлага, боловсролын хүртээмжтэй орчин, тохирох хэрэглэгдэхүүний санаа, хүүхдийн хөгжлийн танхимын чиглэл, дэмжлэгийн багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, арга зүй зэрэг сэдвээр мэдээлэл өглөө. Сургалтыг үе шаттай зохион байгуулах бөгөөд дараагийн шатны сургалтыг ирэх хичээлийн жилийн эхэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн чиглэлээр зохион байгуулах юм.     
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 4 сарын 16-ны өдрөөс 5 сарын 14-ний өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн төрийн өмчийн 148 сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, 261 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, Албан бус-насан туршийн боловсролын төв, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн зэрэг нийт 1187 албан тушаалтныг хамруулан цахим хэлбэрээр зохион байгууллаа. Боловсролын салбарын албан хаагчдад “Авлига, авлигын шалтгаан, нөхцөл”, “Авлигын хор уршиг ба ангилал”, “Нийтийн болон хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчил”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”,  “Авлигын гэмт хэрэг-шинэ зохицуулалт” сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийж сургалтад оролцогчдын асуултад хариулж, авлигаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгөв. Цаашид 21 аймгийн боловсролын салбарын албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 6 дугаар сард үе шаттайгаар зохион байгуулах юм.
  • Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр БШУЯ, БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын виртуал чуулган 5 дугаар сарын эхний 7 хоногт цахимаар амжилттай зохион байгуулагдлаа. Оролцогчид “Тогтвортой хөгжлийн боловсрол 2030”-ын тэргүүлэх таван чиглэл болон тэдгээрийг хэрэгжүүлэх арга менежментийн зургаан чиглэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Цахим зөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож, үг хэлж “Тогтвортой хөгжлийн боловсролын элч” өргөмжлөлийг СТА Д.Ганцэцэгт гардуулав. “Тогтвортой хөгжлийн боловсрол” цахим чуулганд 21 аймаг, бүх сумдын багш сурган хүмүүжүүлэгчид, байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл, ХБНГУ, Австрали, Индонези, Европын холбоо, Япон, БНХАУ, АНУ зэрэг улсаас шууд холбогдон илтгэл, мэдээлэл хийж, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааны механизмыг бий болгоход хувь нэмрээ оруулж байна.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  • БШУ-ны сайдын 5 сарын 12-ны өдрийн “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээ зохион байгуулах, зардал батлах тухай”  А/170 дугаар тушаалын дагуу “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээг 5 сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Инновацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл,  хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уг арга хэмжээний хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа:

-“Үндэсний инновацийн хөгжил” форум;

-“Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилтууд” олон улсын цахим үзэсгэлэн;

-“International Conference on Innovation and Entrepreneurship Development – 2021” олон улсын эрдэм шинжилгээний хурал;

-“Соёлын бүтээлч үйлдвэрлэл–2021” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал;

-“Best Paper Awards–2021” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал;

-Залуу судлаачдын “Эрдэм Хакатон” уралдаан;

-Оюутнуудын гарааны бизнесийг шалгаруулах “Start-Up Weekend” арга хэмжээ

-“Инноватор-21” цуврал лекц;

-“Инноваци ба хөрөнгө оруулалт” хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулагчдын уулзалт;

-Шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүн, сайн туршлагыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх цахим сургалт;

-Шүлснээс SARS-CoV-2-ыг илрүүлэх “in-house RT-PCR" оношлуурыг үйлдвэрлэх АШУҮИС-ийн дэргэдэх дэргэдэх “С4А” гарааны компанийн нээлт;

-ЗГХЭГ-ын захиалгаар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Инновацийг дэмжих хөтөлбөр”-ийн танилцуулга, гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт татах DEMODAY арга хэмжээ. Эдгээр арга хэмжээнд төр хувийн хэвшлийн их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд, хамтын оффис, төрийн бус байгууллага зэрэг 28 байгууллагын давхардсан тоогоор 3000 орчим судлаач, эрдэмтэд оролцов.

  • “Бага насны хүүхдийн хөгжлийн чиг хандлага-сургалтын арга зүй, технологийн хөгжил” сэдэвт и-форумыг үндэсний хэмжээнд 05 сарын 27-28-ны өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. И-форумд Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол улсын боловсролын их сургууль,  орон нутаг дахь сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их дээд сургуулийн багш, цэцэрлэгийн  арга зүйч, багш нарын төлөөлөл бүхий 20 гаруй эрдэмтэн, судлаач, багш нарын 12 илтгэлийг хэлэлцүүллээ. И-форумын онцлог нь мэдээллийн технологийн хөгжил, нийгмийн өөрчлөлттэй уялдуулан бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын арга зүй технологийг хөгжүүлэх, шинэчлэхэд чиглэсэн шинэ санаа, санаачилгыг дэвшүүлэн хэлэлцэж, энэхүү шинэ санаа, шийдлийг сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаарх бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэхэд чиглэлээ.
  • Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх “Үндэсний сургагч багш” бэлтгэх сургалтыг 5 сарын 19-өөс 25-ны өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион явууллаа. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн 152 багш, удирдах ажилтан хамрагдан “Үндэсний сургагч багш”-аар бэлтгэгдлээ. Сургагч багш нар нь цэцэрлэг, гэр бүлийн хамтын ажиллагааны шинэлэг, оновчтой хувилбаруудыг туршин хэрэгжүүлэх, хүүхдэд ээлтэй сэтгэл зүйн орчныг бүрдүүлэх талаар онол-арга зүйн чиглэлээр мэдээлэл авсан бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд нийслэл, орон нутгийн цэцэрлэгүүдийн багш, ажилтнуудад дээрх чиглэлээр сургалтыг зохион байгуулах юм.  
  • Аймаг, нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 2021-2022 оны хичээлийн жилд шаардлагатай боловсон хүчин,  хүний нөөцийн судалгааг авч нэгтгэлээ. Судалгаагаар  цэцэрлэгийн багш 408, хөгжмийн багш 233, туслах багш 228, эмч 284, нийт 1153 багш, ажилтан шаардлагатай гэсэн судалгааны урьдчилсан дүнг гаргаад байна. Тус судалгаанд 2021-2022 оны хичээлийн жилд шинээр ашиглалтад орж буй цэцэрлэгт шаардагдах багш, туслах багшийн тоо болон нийслэл, орон нутагт нийтлэг дутагдалтай байгаа мэргэжлийн хөгжмийн багш, эмчийн тоог нэгтгэн гаргасан болно.
  • Японы “Жайка” ОУБ-ын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах” Старт-2 төслийн хүрээнд "Тэгш хамран сургах анги зохион байгуулалт" сэдэвт сургалтыг 5 сарын 7-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтад БШУЯ, Боловсролын хүрээлэн, МУБИС, ерөнхий боловсролын сургуулийн багш, судлаачид оролцлоо.
  • Боловсрол, шинжлэх ухааны яамны санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөд зориулан шалгалтын өмнөх стресс менежмент шалгалтын айдас, санаа зовнилоо даван туулахад нь тусламж дэмжлэг өгч, чиглүүлэхээр мэргэжлийн сэтгэл зүйчдийг 5 сарын 24-өөс ажиллуулж эхэллээ. Сэтгэл зүйчид фэйсбүүк чатбокс үйлчилгээг ашиглан Даваа-Баасан гарагт 10:00-22:00 цагийн хооронд сурагчдад зөвлөгөө өгч ажиллаж байна.
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 5 сарын 21-ний өдөр Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологи, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Түүх, угсаатны зүй, Хэл зохиол, Археологийн хүрээлэнгүүдэд ажиллалаа. Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн асуудлыг тодорхой болгож өөрчлөх, төрийн мөнгийг шинжлэх ухаааны салбарынхан судлаачиддаа зарцуулж, үр дүнг хүртэх, мөн хүрээлэн хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, удирдлага, хүний нөөц, цалин үнэлэмжийн асуудлыг эргэн харж, тогтолцоог нь өөрчлөх, эрдэм шинжилгээний ажилтнуудын академик ур чадварыг дэмжих чиглэлээр анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд онцоллоо.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  • Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг 2021-2022 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангид элсэн суралцагчдаас түүврээр 30 хувийг хамруулан туршин хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хүүхдийн хөгжлийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийн чадварыг илрүүлэх 150 жишиг даалгавар, аргачлал, хэрэглэгдэхүүний загварыг БҮТ-өөс боловсруулаад байна. Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг туршилтаар зохион байгуулах ЕБС-ийн 1 дүгээр ангийн багш, аймаг нийслэлийн БСУГ-ын мэргэжилтнүүдийн сургалтыг 8 дугаар сард зохион байгуулах, үнэлгээний даалгаврын хэрэглэгдэхүүнийг бэлтгэж хүргэх зэрэг ажлын төлөвлөгөөний төслийг Дэлхийн банкны “Бага боловсролын чанарын шинэчлэл” төслийн нэгжид танилцуулан, бэлтгэл хангах талаар хамтран ажиллаж байна.
  • Манай улс 2022 онд анх удаа “PISA-2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Сурлагын амжилтыг үнэлэх олон улсын энэхүү үнэлгээ нь 3 жил тутам зохион байгуулагддаг бөгөөд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх бус 15-16 насны сурагчид унших, математик, байгалийн ухааны хичээлээр олж авсан мэдлэгээ амьдрал ахуйдаа ашиглах чадварыг үнэлэх зорилготой шалгалт юм. Уг шалгалт нь туршилтын болон үндсэн гэсэн хоёр шаттай зохион байгуулагддаг. Туршилтын шалгалт нь сурагчдын гүйцэтгэх дасгал даалгавар, сурлагын амжилтад нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлох асуулгын тохирц, нийцийг тандах зорилготой бөгөөд үндсэн шалгалт 2022 онд зохион байгуулагдана. “Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ PISA-2022”-д дэлхийн 88 орны 15-16 насны сурагчид хамрагдаж, математик, унших, байгалийн ухааны хичээл болон бүтээлч сэтгэлгээний чадварыг шалгасан агуулгын хүрээнд шалгалтын даалгаврыг гүйцэтгэх юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ цаг үед манай улс туршилтын шалгалтыг Улсын Онцгой комиссын зөвшөөрлийн үндсэн дээр халдвар хамгааллын дэглэм баримтлан 5 сарын 17-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Туршилтын шалгалтад манай улсын ерөнхий боловсролын 19 сургууль /нийслэлийн 10, орон нутгийн 9/-ийн 700 гаруй сурагчид хамрагдлаа.
  • БШУЯам, Боловсролын хүрээлэнгээс Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Насан туршийн боловсролын үндэсний төв, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл байгууллага хамтран гадаад дахь монгол хүүхдэд эх хэл, соёлын хичээл зааж буй багш нарт мэргэжил, арга зүйн арга зүйн дэмжлэг үзүүлэх 3 дахь удаагийн цахим сургалтыг 4 сарын 24-өөс 5 сарын 17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад АНУ, Их британи, Канад, Нидерланд, ОХУ, Польш, Солонгос, Тайвань, Турк, ХБНГУ, Австрали  зэрэг 15 орноос 60 багш хамрагдав. Сургалтын гол зорилго нь гадаад улс оронд эх хэл, соёлоо зааж буй сургалтын төвийн багш нарын мэргэжлийн хөгжлийг хангах, ажлын байранд тасралтгүй хөгжих боломж бололцоог олгох, сургалтаар дамжуулж тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг илрүүлэн, бодит дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэ удаагийн сургалтын онцлог нь гадаадын сургагч багш нар хичээлийг хамтран заасан юм. Хэл шинжлэлийн онол, цахим сургалтын технологи, хөтөлбөр боловсруулах арга зүй, гадаадад амьдарч буй хүүхдийн эх хэлийг хөгжүүлэх идэвхтэй сургалтын арга, хэл засал, даалгавар боловсруулах арга зүй, үнэлгээ гэсэн ерөнхий агуулгаар нийт 72 цагийн хичээлийг судаллаа.
  • Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 149 дүгээр цэцэрлэгийн урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж зөвшөөрөлгүй барьсан 26 гараашийг чөлөөллөө. Дээрх чөлөөлөгдсөн газарт 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг шинээр барих юм.
  • БШУЯам АНУ-ын 3 их сургуульд Монгол оюутнуудыг хямд зардлаар сургах боломжийг нээлээ. 5 сарын 6-ны  Монголын цагаар 20:00 цагт Флоридагийн их сургуультай санамж бичиг байгуулж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, тус их сургуулийн судалгааны декан Роб Гилберт нар гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд АНУ-ын Конгрессийн гишүүн Камик, гишүүн асан Тед Ёохо, Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр нар оролцлоо. Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын ХААИС, Америкийн Нэгдсэн Улсын Флоридагийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Флоридагийн их сургууль нь АНУ-ын мэдээлэл болон Дэлхийн тайлан /US News & World Report (USN & WR)/-д АНУ-ын зургаа дахь шилдэг улсын их сургууль гэж нэрлэгдэж, улсын болон хувийн хэвшлийн бүх их дээд сургуулиудын дунд 30-р байранд орж байна.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  • Улсын Их Хурлын Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2019 оны 53 дугаар тогтоолын дагуу 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс бага ангийн сурагчид үдийн хоолны үйлчилгээнд шилжих тул хоолны газаргүй сургуулийн нарийвчилсан судалгаа, холбогдох зардал, төсөвт өртгийн тооцооллыг боловсруулж Сангийн яамны төсөл арга хэмжээний мэдээллийн нэгдсэн санд орууллаа.  Судалгаагаар улсын хэмжээнд хоолны газаргүй 18 сургууль байгаагаас 5 сургууль /Хөвсгөл 1, Дорнод 1, Баян-Өлгий 3 сургууль/-ийн хичээлийн байрны насжилт өндөр, дотуур байрны хоолны газраа өргөтгөх замаар үдийн хоолны үйлчилгээнд шилжүүлэх боломжтой байгаа юм. Дээрх сургуулиудаас 11 сургуульд шинээр хоолны газрын барилга барих, 2 сургуульд барилгын засвар хийж, хоолны газар гаргахад нийт 6.62 тэрбум төгрөг шаардагдах тооцоог гаргав. Уг тооцоо, судалгааг үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмж тусгууллаа.  
  • Засгийн газрын нэгдсэн тайланд ҮАГ-аас аудит хийж байгаатай холбогдуулан ТЕЗ-аас зарим дансны болон төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээлэл ирүүлэхийг хүссэн. Энэ ажлын хүрээнд авлагын-311.0, урьдчилгааны-17.8, төсвийн гүйцэтгэлийн төрийн өмчийн байгууллагад олгосон татаас санхүүжилтийн 4.3 тэрбум төгрөгийн дэлгэрэнгүй судалгааг байгууллагуудаас гаргуулан авч нэгтгэн хүргүүлэх ажлыг хийлээ.
  • Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.9.4 дэх хэсэгт туссан “Боловсролын салбарт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтын хүрээнд сургууль,  цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий ариун цэврийн байгууламжаар солих ажлын худалдан авах ажиллагаа зохион байгуулах Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулгыг 5 сарын 5-ны өдөр Засгийн газрын хурлаар оруулж, “Боловсролын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын зарим арга хэмжээний тухай” 127 дугаар Тогтоолыг батлууллаа. Тогтоолоор худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах арга хэмжээ авахыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгасан байна.
  • Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 127 дугаар Тогтоолын хэрэгжилтийг хангах  зорилгоор БШУ-ны сайд “Жагсаалт батлах тухай”  А/188 дугаар тушаалыг батлан гаргалаа. Тус тушаалаар төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төсөл, арга хэмжээний жагсаалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хавсралтаар баталсан бөгөөд 1 дүгээр ээлжид 16 аймгийн 54 суманд дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. 

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  • БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын investment.edu.mn цахим мэдээллийн системд шилжих болон шинээр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээний мэдээллийг шинэчлэн орууллаа.
  • Газарзүйн мэдээллийн системд суурилсан сургууль, цэцэрлэгийн төлөвлөлт хийх ажлын хүрээнд веб платформ нийлүүлсэн iTools компани, Боловсролын мэдээллийн, технологийн төвийн ажилтнуудтай хамтран систем хийгдэх үйлдлүүдийн case-үүдийг боловсруулан, системийг сайжруулах ажлын төлөвлөгөөг боловсруулсан.
  • Бичиг хэргийн эргэлтийн мэдээ: 5 сарын 31-ний байдлаар гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 3189 хариутай бичиг, 665 шууд бичиг, 1120 өргөдөл гомдол, нийт 32424 хуудас бүхий 4974 бичиг ирүүлсэн байна. 2878 хариутай албан бичиг, 1032 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт өргөдөл, гомдлын 92.2%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Мөн 266 албан бичиг, 86 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Яамнаас гадны байгууллага иргэдэд хандаж 5781 хуудас бүхий 2612 албан бичиг явуулсан байна.  
  • Яаманд ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэн, хариуцсан албан хаагчдад хүргэх, 262227 утсаар хандсан гадны иргэдэд мэдээлэл өгөх, яамнаас гадны байгууллага, иргэдэд явуулж байгаа албан бичгийг хянах, эйбл программын хэвийн үйл ажиллагааг хангах, албан хаагчдад албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээлэл, зөвлөмжийг өгөх зэрэг ажлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна. 

2021 оны 05 дугаар сарын бичгийн эргэлтийн тоо /хүснэгтээр/

Ангилал

Тоо

Хуудасны тоо

1.

Ирсэн бичиг

3854

26168

2.

Өргөдөл, гомдол

1120

6256

3.

Явсан бичиг

2612

5781

 

Нийт дүн

7586

38205