card

                                                                                                                                                                                                                                   Засгийн газрын 2021 оны 265 дугаар
                                                                                                                                                                                                                                                               тогтоолын хавсралт

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН
ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Оршил

Боловсрол, шинжлэх ухааны яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Засгийн газрын танхим, Боловсрол, шинжлэх ухааны сайд (цаашид “сайд” гэх)-ын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, салбарын хөгжлийн стратеги, бодлого, төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, бодлогын удирдамжаар хангах, түүнд нийцсэн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход оршино.

1.2.Үндэслэл

Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого” болон салбарын бусад бодлогын баримт бичиг, Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-ийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Хууль тогтоомжийн тухай хууль;

-Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;

-Төрийн албаны тухай хууль;

-Захиргааны ерөнхий хууль;

-Зөрчлийн тухай хууль;

-Засгийн газрын тусгай сангийн тухай хууль;

-Боловсролын тухай хууль;

-Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль;

-Бага, дунд боловсролын тухай хууль;

-Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль;

-Хүүхэд хамгааллын тухай хууль;

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль;

-Дээд боловсролын тухай хууль;

-Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль;

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль;

-Шинжлэх ухаан, технологийн тухай хууль;

-Технологи дамжуулах тухай хууль;

-Инновацийн тухай хууль;

-Олон улсын гэрээний тухай хууль;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Төрийн хяналт шалгалтын тухай хууль;

-Номын сангийн тухай хууль;

-Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль;

-холбогдох бусад хууль тогтоомж.

1.4.Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, засаглал болон өөрчлөлтийн удирдлага, төрийн захиргааны шинэчлэл, олон улсын туршлага, өмнөх хөтөлбөрүүдийн туршлага, сургамжид үндэслэн нийтлэг арга зүйг ашиглалаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.

1.5.Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, боловсрол, шинжлэх ухааны талаарх хууль тогтоомж, бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газарт мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Яам нь өөрийн хариуцсан чиг үүргийн асуудлаар Засгийн газарт зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ. Хариуцсан чиг үүргийн дагуу иргэдэд шуурхай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.

1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь үйлчлүүлэгч буюу тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тооцов. Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

 

 

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим байна. Яамны стратегийн бодлого, зохицуулалт нь нэн түрүүнд үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөж байгаа нийтлэг болон онцлог эрэлт, хэрэгцээг хангахад чиглэнэ.

Мөн бусад хэрэглэгч нар нь иргэд, боловсрол, шинжлэх ухааны салбараар үйлчлүүлэгчид, Монгол Улсын яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, олон улсын болон гадаадын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, боловсролын бүх шатны болон шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод байна.

Үндсэн үйлчлүүлэгч, хэрэглэгчийн үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.

Хоёр.Яамны үйл ажиллагааны стратеги

2.1.Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаарах боловсрол, шинжлэх ухааны салбарын үндсэн зорилт, чиг үүрэг болох иргэд сурч, боловсрох эрхээ тэгш эдлэх олон талт боломжийг бүрдүүлэх, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, боловсрол, шинжлэх ухааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн үр нөлөөг нэмэгдүүлж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

      2.2.1.боловсролын салбарын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, төсвийн болон гадаадын хөрөнгөөр санхүүжих төсөл боловсруулах, боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, насан туршийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийн нэгтгэх, салбарын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахимжуулах;

      2.2.2.шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацийн хөгжлийн бодлого, судалгаа хөгжүүлэлтийн ажлын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлж, улс орны хөгжил, нийгмийн сайн сайханд чиглүүлэх;

      2.2.3.сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлж, тэгш хамран сургалтыг нэмэгдүүлэх;

      2.2.4.дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэх, багш бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх;

      2.2.5.боловсрол, шинжлэх ухааны салбарын удирдлагын манлайллыг хангах, яамны төрийн захиргааны болон салбарын хүний нөөцийн удирдлагын чадавхыг сайжруулах, байгууллагын соёл төлөвшүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, боловсронгуй болгоход эрх зүйн дэмжлэг үзүүлэх;

      2.2.6.боловсрол, шинжлэх ухааны салбарын санхүү, эдийн засгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, төсөв, санхүүгийн гүйцэтгэлийг удирдах, зохицуулалтаар хангах, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг шинэчлэх, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэн өргөжүүлэх;

      2.2.7.боловсрол, шинжлэх ухааны салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх;

      2.2.8.боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын болон яамны үйл ажиллагааны дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээг чанаржуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, боловсролын хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлэх.

2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго

Яамны эрхэм зорилго нь хөгжлийн чиг хандлага, нийгэм, соёлын үнэт зүйл, хэрэгцээнд нийцүүлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын зөв, оновчтой бодлогыг тодорхойлж төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг  өвлөсөн, ардчилсан, хүмүүнлэг, ёс зүйг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай, төлөвшсөн иргэнийг бэлтгэхэд оршино.

2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

      2.4.1.боловсролын салбарын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө, хуулийн төсөл боловсруулах, батлуулах, түүнд нийцсэн төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, төсөл боловсруулах, төлөвлөх, салбар хоорондын уялдааг бодлогын удирдамжаар хангах, боловсролын чанарын үнэлгээний тогтолцоо бүрдүүлж, бүх шатны боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, статистикийн мэдээлэл нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, ухаалаг, цахим салбарыг хөгжүүлэх;

      2.4.2.шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацийн хөгжлийн чиглэлээр дунд, урт хугацааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, түүнд нийцсэн төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд шинжилгээ хийх, үйл ажиллагааг удирдлага, манлайллаар хангах;

      2.4.3.сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын хөгжлийн чиглэлээр батлагдсан бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг, төслийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, батлуулах, үйл ажиллагааг удирдлага, манлайллаар хангах;

      2.4.4.дээд боловсролын хөгжлийн чиглэлээр батлагдсан бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг, төслийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, батлуулах, үйл ажиллагааг удирдлага, манлайллаар хангах;

      2.4.5.төрийн захиргааны байгууллагын болон салбарын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг удирдлагаар хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, байгууллага, салбарын бодлого шийдвэр, үйл ажиллагааг  сурталчлах ажлыг зохион байгуулах;

      2.4.6.боловсрол, шинжлэх ухааны салбарын санхүү, эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын дунд, урт хугацааны бодлого, төлөвлөгөө, хуулийн төсөл, төсөв боловсруулах, батлуулах, хөрөнгө оруулалт, төсвийн шинжилгээ хийх, салбар хоорондын уялдаа, бодлогын хэрэгжилтийг хангах, батлагдсан төсвийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, шинжилгээ хийх, мэдээллээр хангах;

      2.4.7.боловсрол, шинжлэх ухааны салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, гадаадын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

      2.4.8.боловсрол, шинжлэх ухааны салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, яамны болон харьяа байгууллага, төслийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах.

2.5.Үйл ажиллагааны гол зорилт

Стратегийн зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

      2.5.1.үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

               2.5.1.1.боловсролын салбарын хөгжлийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын чиг хандлагыг тодорхойлох, хуулийн төсөл боловсруулах, батлуулах, түүнд нийцсэн төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх;

               2.5.1.2.боловсролын салбар хоорондын бодлогын уялдааг хангаж нэгдсэн төлөвлөлт хийх, удирдамжаар хангах;

               2.5.1.3.боловсролын салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих дунд, урт хугацааны төсөл боловсруулах;

               2.5.1.4.боловсролын салбарын статистикийн мэдээлэл нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;

               2.5.1.5.боловсролын салбарын үйл ажиллагааг цахимжуулах, төрийн цахим нэгдсэн системд нийцүүлэх, иргэдэд мэдээллээр үйлчлэх, мэдээллийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах, хамгаалах;

               2.5.1.6.боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх, бүх шатны боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх.

      2.5.2.үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

               2.5.2.1.шинжлэх ухааны хөгжлийн дунд, урт хугацааны бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, түүнд нийцсэн төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, бодлогын шинжилгээ хийх, санал боловсруулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

               2.5.2.2.судалгаа хөгжүүлэлт, өндөр технологи, инновацийн хөгжлийн дунд, урт хугацааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, түүнд нийцсэн төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, санал боловсруулах, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх,  зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

               2.5.2.3.шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацийн салбарын үйл ажиллагааг цахимжуулах, төрийн цахим нэгдсэн системд нийцүүлэх, иргэдэд мэдээллээр үйлчлэх.

      2.5.3.үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

               2.5.3.1.сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хууль, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй, үнэлгээ, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

               2.5.3.2.ерөнхий боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй, үнэлгээ, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

               2.5.3.3.тэгш хамран сургах, насан туршийн суралцахуйн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын хөтөлбөр, агуулга, үнэлгээ, сурах бичиг, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, хүнийг нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

               2.5.3.4.суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хууль, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хоол хүнсний эрүүл ахуй, илчлэг, норм, нормативыг боловсруулж, батлуулах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.

      2.5.4.үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

               2.5.4.1.дээд боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын агуулга, үнэлгээг боловсронгуй болгох;

               2.5.4.2.дээд боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

               2.5.4.3.гадаадад болон гадаадаас бакалавр, магистр, докторт тэтгэлгээр суралцагчдын асуудлыг зохицуулах.

      2.5.5.үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

               2.5.5.1.яамны үйл ажиллагааны өдөр тутмын тогтвортой байдлыг хангах, төрийн захиргааны байгууллага, харьяа байгууллагын болон салбарын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, манлайллаар хангах, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх болон ажиллах, нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;

               2.5.5.2.яамны болон салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах;

               2.5.5.3.салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулалтыг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах.

      2.5.6.үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

               2.5.6.1.боловсрол, шинжлэх ухааны салбарын төсвийн хүрээний мэдэгдэл, жил бүрийн урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийн төлөвлөлтийг нийгэм, эдийн засгийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан оновчтой боловсруулах, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, салбарын харьяа байгууллагын төсвийг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, салбарын нягтлан бодох бүртгэлийн бодлогын болон шилэн дансны хэрэгжилтийг хангуулах;

               2.5.6.2.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн сар, улирлын болон хөтөлбөр, арга хэмжээний хуваарилалт хийх, захиран зарцуулах, тайлагнах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтаар хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, төсвийг ил тод мэдээлэх;

               2.5.6.3.гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлтийн зохицуулалтыг хангах, төрийн сантай харилцах;

               2.5.6.4.салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, худалдан авалтыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, шинжилгээ хийх, мэдээллээр хангах.

      2.5.7.үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

               2.5.7.1.салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

               2.5.7.2.олон улсын хурал, уулзалт, сургалт семинар зохион байгуулах, яамны гадаад харилцааны хэрэгжилтийг хангах.

      2.5.8.үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

               2.5.8.1.салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, боловсролын хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгааны хэлбэрээр хэрэгжүүлж салбарын бодлогыг үр дүнтэй болгох;

               2.5.8.2.яамны болон харьяа байгууллага, төслийн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

2.6.Үйл ажиллагааны зорилт

Яам нь үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тус тус нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.


2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратегийн загвар

 

 

Гурав.Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг

3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

      3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

      3.1.2.эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх хэмжээтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

      3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

      3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжийг хүртэл хоёроос дээшгүй шат дамжлагатай байх);

      3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүнийн нөөц болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

      3.1.6.улс төрөөс ангид байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

      3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яам үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг дараахь байдалтай тогтоосон:


Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны
бүтцийн тогтолцооны ерөнхий загвар

 

 

3.3.Яамны зохион байгуулалтын бүтэц

Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:

      3.3.1.Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.1 дүгээр зорилтын хүрээнд боловсролын салбарын хөгжлийн дунд, урт хугацааны бодлогын чиг хандлагыг тодорхойлох, хуулийн төсөл боловсруулах, батлуулах, бүх түвшний  боловсролын хүний нөөцийн хөгжлийн бодлого, сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй, үнэлгээ, орчин, хэрэглэгдэхүүн, сурах бичгийн бодлого төлөвлөх, боловсролын салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих дунд, урт хугацааны төсөл боловсруулах, түүнд нийцсэн хөрөнгө оруулалт, төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, төсөл боловсруулах, төлөвлөх, баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, батлуулах, гүйцэтгэлийг дүгнэх, тайлагнах, удирдамжаар хангах, боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх, бүх шатны боловсролын чанар, тэгш хамран сургалт, хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын салбарын статистикийн мэдээлэл нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах, боловсролын салбарын үйл ажиллагааг цахимжуулах, төрийн цахим нэгдсэн системд нийцүүлэх, иргэдэд мэдээллээр үйлчлэх, мэдээллийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах, хамгаалах үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Нэгж нь үндсэн үүргийнхээ хүрээнд боловсролын салбарын дунд, урт хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөлт, хуулийн төсөл боловсруулах, салбарын стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох, салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих дунд, урт хугацааны төсөл боловсруулах, төлөвлөх, гүйцэтгэлийг дүгнэх, бодлогын удирдамжаар хангахдаа яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага хоорондын болон эдгээр байгууллага, гадны байгууллага, судлаачдыг татан оролцуулах, зөвлөмж гаргах, удирдлагаар хангах, судалгаа, дүн шинжилгээг хийх, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын санал, тооцооллыг нэгтгэн боловсруулж, үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

      3.3.2.Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.2 дугаар зорилтын хүрээнд шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацийн салбарын хөгжлийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, чиг хандлагыг тодорхойлох, шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих дунд, урт хугацааны төсөл боловсруулах, түүнд нийцсэн хөрөнгө оруулалт, төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, төсөл боловсруулах, төлөвлөх, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацийн салбарыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулах, холбогдох байгууллагаар батлуулах, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, салбарын бүтэц, зохион байгуулалтын тогтолцоо, хүний нөөцийг төлөвлөн хөгжүүлэх, үр дүнд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг яамдаас сонгон авч холбогдох байгууллагаар батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, шинжлэх ухааны байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулахад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухаан, технологийн сан, зөвлөл, Шинжлэх ухааны академи, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төвүүд, төрийн ба төрийн бус байгууллага байна.

      3.3.3.Сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.3 дугаар зорилтын хүрээнд сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хууль, гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбарын богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө, журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын  хөтөлбөр, агуулга, арга зүй, үнэлгээ, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилт, сургалтын явц, үр дүнгийн мэдээлэл нэгтгэх, шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, иргэдийн насан туршдаа суралцахуйг дэмжих, тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчийг боловсролд тэгш хамрагдахад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

               3.3.3.1.Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчин дахь хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг зохицуулах, цахим агуулга, нөөц материал боловсруулах, сургалтад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурч, боловсрол эзэмших эрхийг хангах, тусгай хэрэгцээт боловсролын хүртээмжтэй орчин, сургалтын тохируулгат хэрэглэгдэхүүнээр хангах, хөгжлийн болон суралцах бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгт тэгш хамран сургах, тэдний хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдлыг хангах талаарх бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, энэ чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага, багш, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, ерөнхий, дээд болон насан туршийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.

               3.3.3.2.Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд ерөнхий боловсролын асуудал хариуцсан нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний ерөнхий боловсролын салбарыг хөгжүүлэх дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих, сургуулийн насны хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах, авьяасыг хөгжүүлэх, иргэдийн насан туршдаа суралцахуйг дэмжих, сургуулийн орчин дахь хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг зохицуулах, цахим агуулга, нөөц материал боловсруулах, сургалтад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ерөнхий боловсролын сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурч, боловсрол эзэмших эрхийг хангах эрх зүйн орчин бүрдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын хүртээмжтэй орчин, сургалтын тохируулгат хэрэглэгдэхүүнээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй болон суралцах бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах, тэдний хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдлыг хангах талаарх бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, энэ чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

               3.3.3.3.Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж ажиллана.

Энэ нэгж нь суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хэрэгжилтийг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг хүлээнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь суралцагчийн хоол, хүнсний эрүүл ахуй, илчлэг, норм, нормативыг боловсруулж, батлуулах, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, явц, үр дүнд хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, ерөнхий боловсролын байгууллага, багш суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх болон дээд, насан туршийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.

      3.3.4.Дээд боловсролын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.4 дүгээр зорилтын хүрээнд дээд боловсролын салбарыг хөгжүүлэх богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах, багш оюутны хөгжлийг дэмжих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, цахим агуулга, нөөц материал боловсруулах, сургалтад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дээд боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурч, боловсрол эзэмших эрхийг хангах эрх зүйн орчин бүрдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын хүртээмжтэй орчин, сургалтын тохируулгат хэрэглэгдэхүүнээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй болон суралцах бэрхшээлтэй иргэнийг тэгш хамран сургах, тэдний хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдлыг хангах талаарх бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдамжаар хангах, гадаадад тэтгэлгээр суралцагчдын асуудлыг зохицуулах, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, энэ чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, дээд боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.

      3.3.5.Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.5 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон салбарын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааг зохицуулах, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, ажлын гүйцэтгэл тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох, удирдлагын манлайллаар хангах, харьяа байгууллагын удирдлагын үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, яамны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон төсвийн ерөнхийлөн захирагчаас аймаг, нийслэлийн Засаг дарга, яамны болон төрийн өмчийн шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, төсвийн шууд захирагч нарыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэх, иргэд байгууллагуудаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, тогтоол шийдвэрийн биелэлт гаргах, тайланг нэгтгэх, яамны тасралтгүй, хэвийн үйл ажиллагаа болон үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, яамны албан ёсны цахим хаягийг тогтмол хөтлөх,  яамны албан хэргийг хөтлөх, яамны үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёлыг нэвтрүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөлд санал өгөх, тэдгээрийн боловсруулалтыг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, эрх зүйн маргаанд яамыг төлөөлөн оролцох, хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангуулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь хууль тогтоомжийн үзэл баримтлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулийн төсөл боловсруулах чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.

      3.3.6.Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.6. дугаар зорилтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын төсвийн хүрээний мэдэгдэл, жил бүрийн урсгал болон хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг оновчтой боловсруулах, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, салбарын харьяа байгууллагын төсвийг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн сар, улирлын болон хөтөлбөр, арга хэмжээний хуваарилалт хийх, захиран зарцуулах, тайлагнах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтаар хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, төсвийг ил тод мэдээлэх, гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтыг хангах, төрийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, нийгэм, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд аудит хийлгэх, худалдан авалтыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, шинжилгээ хийх, мэдээллээр хангах, шилэн дансны мэдээллийг хөтлөх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

               3.3.6.1.Энэ нэгжийн хүрээнд санхүүгийн асуудал хариуцсан нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, үйл ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн жил бүрийн төсвийн төсөл, төсөөллийг үндэслэл сайтай боловсруулах, хамгаалах, төсвийн зардлыг санхүүжүүлэх, санхүүгийн (сангийн) тайлан, мэдээ гаргах, холбогдох хууль тогтоомжийн дагуу төсвийн гүйцэтгэлд аудит хийлгэх, төсвийн зардлыг нийтэд ил тод мэдээлэх, боловсрол, шинжлэх ухааны салбарын эдийн засгийн төлөвлөлт, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн төсөл боловсруулах, холбогдох байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг хангах, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах, боловсрол, шинжлэх ухааны байгууллагын эдийн засгийн үр ашгийг сайжруулах, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бий болгон бэхжүүлэх, энэ чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, дотоод аудитор, Засгийн газрын тусгай сан, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Сангийн яам, бусад яамд, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, бүх шатны боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.

               3.3.6.2.Энэ нэгжийн хүрээнд хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний боловсрол, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтын богино хугацааны бодлого, төлөвлөлтийг бодитой, үндэслэл сайтай боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг удирдлагаар хангах, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавих, гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжих төслүүдийн зураг төсөв, техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах, салбарын барилга байгууламжийн нөхцөл, эрсдэлийн судалгаа хийх, хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээллийн цахим сан бүрдүүлэх, тайлагнах чиглэлээр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, дотоод аудитор, Засгийн газрын тусгай сан, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, Сангийн яам, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, бүх шатны боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.

      3.3.7.Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.7 дугаар зорилтын хүрээнд салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулах, яамны гадаад харилцаа, хамтын ажиллагааг зохион байгуулалтаар хангах, олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь боловсрол, шинжлэх ухааны салбарын гадаад хамтын ажиллагааны бодлого, зохицуулалтыг хангах, салбарын гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулах, олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, уялдааг хангах, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний дэргэдэх агентлаг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг салбарын байгууллага, иргэд байна.

      3.3.8.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.8 дугаар зорилтын хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах, яамны болон харьяа байгууллага, төслийн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, дотоод аудит хийх, салбарын бодлогыг үр дүнтэй болгох чиглэлээр зөвлөмж гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь салбарын хөгжлийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, төсөв, төсөл, хөтөлбөрийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, эрсдэлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, салбарын үйл ажиллагааг эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар бүх талын мэргэжлийн дэмжлэгийг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.


---о0о---