МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ТУНХАГЛАЛ 2024

A- A A+
МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ТУНХАГЛАЛ 2024

“МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ” чуулганы оролцогч талууд болох

- Хүүхэд, залуучууд,

- Багш, сурган хүмүүжүүлэгчид,

- Судлаач, эрдэмтэд,

- Малчин иргэд,

- Бизнес эрхлэгчид болон

- Боловсролын байгууллага,

- Төрийн байгууллага,

- Иргэний нийгэм,

- Нам, эвсэл,

- Хэвлэл мэдээллийн төлөөлөл нэгдэн хэлэлцэж, Монгол улсын боловсролыг тогтвортой хөгжүүлэхэд энэхүү тунхаглал чиглүүлэх үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна.

Дэлхий дахинаа

- нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал,

- хүн амын өсөлт, эрчимтэй хотжилтын асуудал,

- уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн хомсдол,

- шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил,

- хиймэл оюун ухаан, их өгөгдлөөс үүдэн

• ирээдүйн төлөв байдал тодорхойгүй, таамаглахад бэрхтэй, тогтворгүй, ээдрээтэй байгааг хүлээн зөвшөөрч,

• Хүн төрөлхтний сайн сайхны төлөө эрмэлзлийг хүлээн зөвшөөрөх нь бүх нийтийн үйл хэрэг болохыг үндэс болгон,

• Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг Монголын ард түмний туйлын эрмэлзэл хэмээн үзэж,

• Төрт ёс, өв соёлоо дээдэлж, хүмүүсийн эв эетэй харилцааг хөгжүүлэхэд нэн чухал болохыг онцгойлж,

• Хувь хүний утга учиртай амьдралыг хөхүүлэн дэмжиж,

• Үндэсний түүх, соёл, уламжлал, хэл, бичиг, сэтгэлгээ болон язгуур шинж, онцлогоо ухамсарлан,

• Монголын боловсролыг даяарчлалын хандлагатай, үндэсний онцлогтойгоор хөгжүүлэхээр зорьж байна.

Үүний тулд:

- Хүн бүрийн сурч боловсрох эрхийг хүндэтгэн,

- Тэдэнд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж,

- Боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэхийг зорин,чуулганд оролцогч талуудын хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэсэн, энэхүү тунхаглалын зүйл бүрийг дагаж мөрдөх нь нэн чухал болохыг цохон тэмдэглэж,

Монголын боловсролыг хөгжүүлэхэд

Чиглэх алтан гадас нь Алсын хараа,

Алсын хараа руу хөтлөх луужин нь Үнэт зүйл,

Нийгэмд төлөвших хүн нь Монгол суралцагч,

Монгол суралцагчийг дэмжих Тэргүүлэх чиглэлүүд

тодорхой байхыг чухалчлан тунхаглаж байна.

Энэхүү Монголын боловсролын тунхаглалд нийгмийн бүлэг, байгууллага, хүн бүр нэгдэн, боловсролын хөгжлийн үндсэн чиглүүлэг болгон эрхэмлэхийг уриалж байна.

МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ФИЛОСОФИ

• Монголын боловсролын философийг боловсролын даяарчлал, үндэсний онцлогт тулгуурлан хөгжүүлнэ.

• Монголын боловсролын философи нь Монгол Улсын боловсролын хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулах нэг үндэслэл болно.

• Монголын боловсролын философи нь судлаач, эрдэмтэн, багш, иргэн бүрийн үзэл бодлоо илэрхийлэх академик эрх чөлөөний талбар байна.

МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН АЛСЫН ХАРАА

• Монголын боловсрол нь хүн бүрд эдийн засаг, улс төр, нийгмийн үйл ажиллагаанд оролцох, шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн дэвшилтэт ололт амжилтаас хүртэх, оролцох, уур амьсгал-эко системийн өөрчлөлт зэрэг сорилтуудыг даван туулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, тэдний аз жаргалтай амьдрах бүхий л боломжуудад дэмжлэг үзүүлдэг байх ёстой. Үүний тулд уламжлалт боловсролын тогтолцооны зорилгоос давсан “Алсын хараа”-г тодорхойлох шаардлагатай байна.

• Монголын боловсролын алсын харааг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Хүн төрөлхтний нийтлэг соёлыг хүндэтгэх,

- Ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг цогцлоох,

- Гэр бүлийн амьдралын баталгаа болох,

- Хувь хүний хөгжлийг дэмжих,

- Монгол хүнийг төлөвшүүлэх

• Мэдээлэл технологийн дэвшилд тулгуурласан хөгжил нь бидний урьд өмнө байгаагүй шинэ боломжуудыг бий болгож байна. Бид түүнийг боловсролынхоо үр ашгийг дээшлүүлэхэд ашиглах болно.

МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ

• Монголын боловсролын алсын хараа руу тэмүүлэхийн тулд баримтлах зарчимтай байна. Эдгээр зарчмыг үнэт зүйлсээр тодорхойлж байна.

• Үнэт зүйл нь хүн төрөлхтөн, нийгэм, хүн хоорондын харилцаа, хувь хүн, үндэсний соёл, уламжлалд үзүүлэх боловсролын нөлөөлөл бөгөөд энэ нь суралцагч нийгэмд иргэн болон төлөвшихөд чиглүүлэх луужин юм.

• Монголын боловсролын үнэт зүйл нь

- Дэлхийн соёл,

- Хүн чанар,

- Гэр бүл,

- Суралцахуй,

- Монгол сэтгэлгээ байна.

• Монгол улс боловсролын үнэт зүйлээ тодорхойлох нь боловсролыг өөрийн онцлогтой хөгжүүлэх үндэсний тэмүүллийн эх үндэс болно.

МОНГОЛ СУРАЛЦАГЧИЙН ДҮР ТӨРХ

• Монголын боловсролын тогтолцоо нь суралцагч төвтэй байна.

• Монгол суралцагчийн дүр төрх нь:

- Хүн төрөлхтний соёлыг хүндэтгэдэг, дэлхийн соёлоос суралцдаг “Дэлхийн хүн” ,

- Үндэсний соёл, уламжлал, ёс заншлаа өвлөн хөгжүүлдэг “Соёлыг уламжлагч”

- Ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулдаг “Хүнлэг иргэн”,

- Нийгмийн болон гэр бүлийн ”Хариуцлагатай гишүүн”,

- Бие дааж, насан туршдаа суралцдаг ”Тасралтгүй суралцагч”,

байна.

• Монгол суралцагчийн дүр төрх нь чадамжаар тодорхойлогдох бөгөөд чадамжийг боловсролын түвшин бүрд залгамж холбоотойгоор хөгжүүлнэ.

• Хүн бүр Монгол суралцагчийн дүр төрхийг бүтээхийн төлөө өөрсдийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглан суралцана.

МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

• Хүн бүрд Монгол суралцагчийн дүр төрхийг бүтээхэд дараах хэсгүүдийг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж байна. Үүнд:

- Сургалтын хөтөлбөр,

- Хүний нөөц,

- Боловсролын орчин,

- Удирдлага, зохион байгуулалт,

- Үнэлгээ, мониторинг

• Монгол суралцагчийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсролын түвшин бүрээр залгамж холбоотойгоор олон талт оролцоонд суурилан боловсруулна.

• Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, боловсролын орчныг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан бүрдүүлнэ.

• Боловсрол, сургалтын байгууллагын удирдлага, менежментийг нотолгоо, оролцоонд суурилан, ахиц дэвшлээ тооцсон системийн үр ашигтай уялдуулан хөгжүүлнэ.

• Бүх түвшний боловсролын зорилго, үр дүнг бодитой, тохирцтой, найдвартайгаар үнэлж, хэмжээсжүүлсэн баталгаатай мэдээллээр оролцогч талуудыг хангах, тэдний амжилтыг ахиулах боломжийг нэмэгдүүлнэ.

• Үндэсний, орон нутгийн, байгууллагын түвшинд хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, үр дүнг ашиглах чадавхийг тасралтгүй бэхжүүлнэ.

ХАМТРЫН АЖИЛЛАГАА ТҮНШЛЭЛ

Боловсролыг бүх нийтийн сайн сайхан байдалд хөтлөх арга зам болохын хувьд дараах талуудын оролцоо, түншлэлийг эрхэмлэнэ. Үүнд:

• Боловсролын дэд салбарууд,

• Төр, хувийн хэвшлийн байгууллагууд,

• Иргэний нийгмийн байгууллагууд

• Нам, эвсэл,

• Нийгмийн бусад бүлгүүд,

• Гэр бүл

БОЛОВСРОЛЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ БА ИХ ӨГӨГДӨЛ

• Монголын боловсролын хувирган өөрчлөлтийг эрчимжүүлэхэд цахим технологийг тууштай ашиглана.

• Цахимаар суралцахуйг дэмжих олон талт үйл ажиллагааг хөхүүлэн дэмжинэ.

• Боловсролын их өгөгдлийн санг бүрдүүлэхэд найдвартай, тохиромжтой гэсэн хэмжилтийн зарчимд тулгуурласан чанартай өгөгдөл цуглуулна.

• Их өгөгдөлд тулгуурласан суралцахуйн сайн туршлага, үр дүнгийн мэдээлэл нь суралцагчийн цаашдын боловсрол, ажил, амьдралын замналаа төлөвлөх, хөгжүүлэх эх үүсвэр байна.

• Их өгөгдлийг хиймэл оюун ухаанд суурилан, төлөвлөлтөөс шийдвэр гаргах хүртэлх үйл явцад ёс зүйтэй ашиглана.

БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ

• Боловсролын салбарын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлнэ.

• Санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин, урамшууллын тогтолцоог бэхжүүлнэ.

• Сургалтын байгууллагын санхүүжилтийг захиран зарцуулахад талуудын оролцоог хангах бодлого, үйл ажиллагааг сайжруулна.