ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

A- A A+
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Боловсролын багц хуулиуд Улсын Их Хурлаар 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр батлагдан, энэ оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан шинэчлэн батлагдсан Боловсролын багц хуулиудын хүрээнд өмнө мөрдөж байсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм” (БСШУ-ны сайдын 2007 оны 401 дүгээр тушаал)-ийг шинэчлэн батлуулахаар дүрмийн төслийг бэлтгээд байна.

Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.15 дахь хэсгийг дагуу Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

Дүрмийн төслийн талаарх саналаа oyunbilegoirov@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Баярлалаа.

Төсөл

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэх) үйл ажиллагаандаа баримтлах зарчим, эрх үүрэг, хэм хэмжээг зохицуулахад оршино.

1.2. Сургуулийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, дэвшилтэт шинэ санаа, судалгаа, инновацыг хөгжүүлэх, бүтээлчээр ашиглах, олон соёлын орчинд ажиллаж, амьдрах чадвартай, ёс суртахуунтай иргэнийг бэлтгэхэд оршино.

1.3. Сургууль үйл ажиллагаандаа Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

1.4. Сургууль нь Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

1.5.Сургууль болон сургуулийн харьяа байгууллага нь бие даасан хуулийн этгээд байх бөгөөд зохих журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг хэрэглэх ба өөрийн бэлгэдэлтэй байж болно.

1.6.Энэхүү дүрэмд нийцүүлэн сургууль нь өөрийн дүрмийг баталж мөрдөх бөгөөд уг дүрэмд байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, чиг үүрэг, хэв шинж, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, багш, суралцагчийн эрх, үүрэг, нийгмийн баталгаа, санхүүжилт болон тэдгээртэй холбогдох хэм хэмжээг тусгана.

1.7.Сургуулийн харьяа ахлах сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрмийг тухайн боловсролын түвшний сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм болон харьяалагдах сургуулийн дүрэмд нийцүүлэн батална.

1.8.Цэрэг, цагдаагийн сургуулийн үйл ажиллагааг харьяалагдах төрийн захиргааны төв байгууллагын баталсан дүрмээр зохицуулна.

1.9.Сургуулийн ангиллыг техникийн зохицуулалтад үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

1.10. Сургуулийн дүрэмд сургуулийн удирдлагын байрлал, хаяг, сургуулийн албан ёсны нэр, нэрийн англи орчуулгыг тусгана. Сургуулийн оноосон нэр, түүний орчуулга албан ёсны бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон сургуулийн ангиллыг тусгасан байна.  

 

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

2.1.Сургуулийн өөрийн удирдлага нь Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.2.Удирдах зөвлөл нь нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн сургуулийн гүйцэтгэх удирдлагыг Дээд боловсролын тухай хуульд зааснаар томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.

2.3.Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалтыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталсан журмын дагуу зохион байгуулна.

2.4.Цэрэг, цагдаагийн сургуулийн гүйцэтгэх удирдлагыг Дээд боловсролын тухай хуулийн 29.3-т зааснаар томилж, чөлөөлнө.

2.5.Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн харьяа ахлах сургуулийн захирал Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг хангасан байна.

2.6.Сургуулийн харьяа ахлах сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн сургуулийн гүйцэтгэх удирдлага томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.

2.7.Сургуулийн харьяа мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн захирал мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хуулийн 27.2-т заасан шаардлагыг хангасан байна.

2.8.Сургуулийн харьяа мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сургуулийн захиралтай зөвшилцөн томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.

2.9.Сургуулийн гүйцэтгэх удирдлага Сургуулийн харьяа ахлах сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн захирлыг томилох, чөлөөлөхтэй холбоотой асуудлаар боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хандан саналаа өгч болно.

2.8.Сургуулийн гүйцэтгэх удирдлага нь Боловсролын ерөнхий хуулийн 33.3-т, Дээд боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.9.Сургуулийн зохион байгуулалтын бүтцийг Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар тогтооно.

2.10. Сургууль өөрийн зохион байгуулалтын бүтэцэд ректорын зөвлөл, захирлын зөвлөлтэй байж болно. Ректорын эсхүл захирлын зөвлөлд сургуулийн зохион байгуулалтын нэгжийн удирдлага, харьяа ахлах сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн захирал нар орно.

2.11.Сургуулийн зохион байгуулалтын нэгж, харьяа ахлах сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөөг ректорын эсхүл захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэн эрх бүхий албан тушаалтнаар батлуулна.

2.12. Сургуулийн зохион байгуулалтын нэгж, харьяа сургуулийн хичээлийн жилийн үйл ажиллагааны, гүйцэтгэлийн тайланг сургуулийн ректорын эсхүл захирлын зөвлөлд тайлагнаж, үнэлүүлэх бөгөөд эрх бүхий албан тушаалтан эцсийн үнэлгээг өгнө.

2.12.Сургуулийн зохион байгуулалтын нэгжийн удирдлага, харьяа сургуулийн захирал албан үүргээ биелүүлээгүй, ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ректорын эсхүл захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн ногдуулна.

2.13.Сургууль нь тодорхой чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа эрхлэх бүтцийн үндсэн нэгж байдлаар бүрэлдэхүүн сургууль байгуулж болно.

2.14.Сургуулийн гүйцэтгэх удирдлага албан тушаалын бүрэн эрхийнхээ хүрээнд хамаарах асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.

2.15.Гүйцэтгэх удирдлага албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төр, эдийн засаг, шашны аливаа нөлөөлөлд орохгүй, багш, ажилчид, суралцагчдын эрх ашгийг эрхэмлэн ажиллана.

2.16.Гүйцэтгэх удирдлага авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд мөрдөж, албан үүрэгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж, сургуулийн батлагдсан төсөв, өмч хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна.

2.17.Сургууль дээд боловсролын үйлчилгээг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг хангах зохион байгуулалтын нэгжтэй байна.

2.18.Сургуулийн сургалтын асуудал эрхэлсэн проректор, дэд захирал болон энэ дүрмийн 2.17-д заасан нэгжийн удирдлага нь суралцагчийг гэмт хэрэг, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, тайлагнах үүргийг хариуцна.

2.19.Сургууль нь сургууль хөгжүүлэх хөтөлбөр, стратеги төлөвлөгөөтэй байна. Сургууль хөгжүүлэх хөтөлбөрт үндэслэн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан сургуулийн Удирдах зөвлөлөөр батлуулна. Хөтөлбөр, төлөвлөгөөнд дараах асуудлыг тусган хэрэгжүүлнэ:

1/ Сургуулийн хөгжлийн зорилт;

2/Сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаа;

3/ Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа;

4/ Боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүн;

5/ Суралцагчийн хөгжил, төлөвшил, хамгаалал;

6/ Мэдээлэл харилцаа, технологийн хөгжил;

7/ Нийгмийн түншлэл, олон нийтийн оролцоо;

8/ Хөрөнгө, санхүүгийн удирдлага, төлөвлөлт.

2.20.Сургууль нь хүний эрхийг эрхэмлэсэн, жендерийн мэдрэмжтэй, нийгмийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан орчин нөхцөлтэй дотуур байрны үйлчилгээг үзүүлнэ.

2.22.Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллээр суралцагч, багш, бусад ажилтныг хангах, холбогдох мэдээллийг ил тод байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авах, сургуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар нээлттэй мэдээлэх тогтолцоог бүрдүүлнэ.

2.23.Багш, суралцагч интернэтийн орчинд ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлж, сургуулийн цахим хуудастай байна. Сургууль дотоод үйл ажиллагаандаа зориулан интернэт (дотоод сүлжээ)-тэй байна.

2.24. Багш, ажилчид, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас сургуулийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, багш, удирдах ажилтны мэргэжлийн чадавхи, ёс зүй, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолыг зөрчсөн хэмээн үзсэн гомдол, бусад асуудлаар хандсан өргөдөл, санал хүсэлтийг хууль тогтоомжид заасны дагуу хүлээн авч судлан хариу өгнө.

2.25. Сургууль Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн харилцаа, дотоод үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хөдөлмөрийн дотоод журамтай байх бөгөөд түүнийг хамт олны хурлаар хэлэлцүүлэн баталж мөрдөнө.

2.26.Сургуулийн үйл ажиллагаатай холбогдох статистик, бүртгэл мэдээллийг бүрэн хөтөлж, суралцагчийн хувийн хэрэг, мэдээлэл, сурлагын төлөвлөгөө, төгсөгчдийн диплом, диплом олголтын материал болон санхүүгийн тайланг архивт хадгална.

2.27.Сургууль татан буугдсан тохиолдолд сургуулийн архивыг татан буугдах шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор Үндэсний төв архивт хүлээлгэн өгнө.

 

Гурав. Сургалтын үйл ажиллагаа

3.1.Сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон сургалт эрхлэх тусгай болон энгийн зөвшөөрлийн дагуу сургалтыг зохион байгуулна.

3.2.Сургалтын үйл ажиллагааг Дээд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулна.

3.3.Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Дээд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйл болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох дүрэм, журмыг баримтална.

3.4.Сургалтын үйл ажиллагааг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хуваарийн дагуу зохион байгуулна.

3.5. Сургуулийн Хөтөлбөрийн хороо эсхүл Сургалт арга зүйн зөвлөл нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хуваарь, дадлагын хөтөлбөр, дүрмийг боловсруулан сургуулийн гүйцэтгэх удирдлагаар батлуулна.

3.6. Сургууль нь “Суралцагчийн мэдлэг, чадварын үнэлгээний журам”-ыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн үнэлгээний үлгэрчилсэн журам”-д нийцүүлэн баталж, мөрдөнө.

3.7.Суралцагч элсүүлэх үйл ажиллагааг Дээд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйл болон холбогдох журмыг баримтлан зохион байгуулна.

3.8.Сургууль нь төгсгөгчиддөө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу диплом олгоно.

3.9.Сургууль суралцагчийн суралцсан байдлын талаар холбогдох мэдээ, нотолгоог суралцагчийн хүсэлтээр саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.

Дөрөв. Сургуулийн багш, бусад ажилтан

   4.1.Сургуулийн багшийн албан тушаалд нь Дээд боловсролын тухай хуулийн 15.1, 15.2-т заасан шаардлага болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан  иргэнийг томилно.

4.2.Сургуулийн багш, ажилтны ажлын сул байрыг нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтын үндсэн дээр багш, ажилтныг сонгож авна.

4.3.Багш нь тухайн албан тушаалын тодорхойлолтод хамаарах ажил үүргийг захирал буюу түүний эрх олгосон этгээдтэй байгуулсан хедөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр гүйцэтгэнэ. Уг гэрээ, контрактад тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах нөхцөл, ажлын цаг, давхар, нэмэлт болон сургуулиас гадуур ажил эрхлэх журам, хариуцах эд хөрөнгө, хүлээх хариуцлага, тусгай шаардлага, ёс зүйн хэм хэмжээ зэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхой тусгасан байна.

4.4.Багшийн албан тушаал нь Дээд боловсролын тухай хуулийн 15.4-т заасан зэрэглэлтэй байна.

4.5.Сургууль нь багшийн мэргэжлийн хөгжлийг хангах журмыг баталж, хэрэгжүүлнэ.

4.6.Багш нь Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйл, Дээд боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй байна.

4.7.Багшийн гүйцэтгэх сургалт, судалгаа, нийтэд үйлчлэх ажлын ачаалал, түүнийг тооцох журмыг сургуулийн гүйцэтгэх удирдлага батална.

4.8.Сургууль нь багшийн ажлыг дүгнэх журамтай байна. Энэхүү журамд багшийн ажлыг дүгнэх шалгуур, үзүүлэлтүүд, дүгнэх хугацаа, зохион байгуулах журмыг тодорхой тусгасан байна.

4.9.Захиргаа аж ахуй, инженер-техникийн, үйлдвэрлэлийн, сургалт, судалгааны туслах ажилтан болон бусад ажилтны эрх үүргийг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, сургуулийн дүрэм, дотоод журам, албан тушаалын тодорхойлолтоор тодорхойлно. Эдгээр ажилтны хөдөлмөрийн харилцаа захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр зохицуулагдана.

Тав. Суралцагч

5.1.Суралцагч нь Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйл, Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй байна.

5.2. Суралцагчийг шилжүүлэх, хасах, тэдэнд чөлөө олгох,  түүний сургалтын төлбөр болон хүлээх хариуцлагатай холбоотой асуудлыг холбогдох журам, заавар, суралцах гэрээний хүрээнд шийдвэрлэнэ.

5.3. Суралцагч сургуулийнхаа дүрэм, журмын хүрээнд өөр сургуулиас хичээл сонгон суралцаж болно.

5.4.Сургуулийн бэлтгэл ангийн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдагчид, өөр сургуульд сурч буй боловч тухайн сургуульд хоёр дахь мэргэжил эзэмшихээр буюу эсвэл хичээлийг сонгон суралцаж буй этгээдийн боловсролын үйлчилгээ авахтай холбоотой эрх зүйн харилцааг сургуулийн холбогдох дүрэм, журамд тусгана.

Зургаа. Сургуулийн санхүүжилт

6.1.Сургууль нь Дээд боловсролын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлийн дагуу санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулна.

6.2.Харьяа сургууль нь Боловсролын ерөнхий хуулийн 38 дугаар зүйл дагуу санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулан сургуулийн Удирдах зөвлөлд тайлагнана.

Долоо. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба хүчин төгөлдөр болох

 

7.1.Сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл болон Захирлын зөвлөлийн гишүүд, түүнчлэн багш, ажилтан, суралцагч гаргаж болно.

            7.2.Сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.

---oOo---