"ЭНДАУМЕНТЫН САНГИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ"-ЫН ТӨСЛИЙН САНАЛ АВЧ БАЙНА

A- A A+

ЭНДАУМЕНТЫН САНГИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ

         

            НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

            1.1. Энэхүү нийтлэг журам нь дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “Сургууль” гэх)-ыг хөгжүүлэх хандивын хөрөнгөнд суурилсан сан (цаашид “Эндаументын сан” гэх)-г байгуулах, тус сангийн хөрөнгийг бүрдүүлэх, өсгөх, сангийн хөрөнгө, орлогыг зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.

            1.2. Эндаументын сангийн зорилго нь нийгмийн хариуцлагын хүрээнд гадаад, дотоодын аж ахуй нэгж, байгууллагаас болон олон улсын төсөл, хөтөлбөр, их, дээд сургуулийн хөгжлийг дэмжих,  эрдэм шинжилгээ, судалгааг санхүүжүүлэх зорилгоор иргэн, төгсөгч, тухайн сургуулийн багш, ажилтны сайн дурын үндсэн дээр өгсөн хандив, тусламж, тэтгэлгийг хүлээн авах, санд бүртгэх, хөрөнгийг өсгөх, их, дээд  сургуулийн хөгжил, эрдэм шинжилгээ, судалгаа зэрэг зорилтот арга хэмжээг санхүүжүүлэхэд оршино.

            1.3. Эндаументын сангийн хөрөнгө нь дараах хэлбэрийн хандив, тусламж, тэтгэлэг /цаашид “хандив” гэх/ээс бүрдэнэ. Үүнд:

                      1.3.1. хандивлагчийн өгсөн мөнгөн хөрөнгө, үнэт цаас түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл;

                      1.3.2. хандивлагчаас шилжүүлсэн барилга байгууламж болон түүнтэй адилтгах үл хөдлөх хөрөнгө;

                      1.3.3. хандивлагчаас өгсөн лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж бодис;

                      1.3.4. бусад хандив.

            1.4. Сургууль нь Эндаументын сантай байж болох бөгөөд тухайн сангийн үйл ажиллагааг сургуулийн Удирдах зөвлөл удирдан зохион байгуулж, хяналт тавина.

            1.5.Сургууль нь энэхүү нийтлэг журмыг үндэслэн өөрийн онцлогийг тусгасан сургуулийн Эндаументын сангийн журмыг боловсруулан мөрдөж ажиллана.

            ХОЁР. ХАНДИВ  ХҮЛЭЭН АВАХ, БҮРТГЭХ

            2.1.Эндаументын сангийн хандивыг хүлээн авах, бүртгэх ажлыг тухайн сургуулийн Санхүүгийн асуудал эрхэлсэн нэгж хэрэгжүүлэх бөгөөд хандивын орлогыг санхүүгийн тайлан тусгана.  

            2.2. Энэхүү журмын 1.3-т заасан хандив, хөрөнгийг сургуулийн нэмэлт санхүүжилтийн дансанд байршуулна.

            2.3. Энэхүү журмын 1.3.2, 1.3.3-т заасан хандивыг үндсэн хөрөнгийн нэр төрөл, үйлдвэрлэгч орон, ашиглалтад орсон он, сар, өдөр, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хийц, зориулалт, марк, үнэ зэргийг тусгасан холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн нэгж хүлээн авна. Хүлээн авсан хандивыг гэрэл зургаар баталгаажуулан, хандив, хөрөнгийг бүртгэнэ.

            2.4.Хандиваар хүлээн авсан хөрөнгийн талаарх мэдээллийг Санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжийн тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан сургуулийн Удирдах Зөвлөлд танилцуулна.

            2.5. Эндаументын сангийн орлогод үндсэн хөрөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийг бүртгэхдээ сургуулийн Удирдах Зөвлөлийн шийдвэрт үндэслэн сургуулийн захирал албажуулна.

            2.6. Сургуулийн санхүүгийн асуудал эрхэлсэн нэгж хүлээн авсан хандив, тусламжийг санхүүгийн тайланд “Хандив тусламжийн орлого” дансааар бүртгэж, тайланд тусгана.  

            2.7.Санхүүгийн асуудал эрхэлсэн нэгж хандивыг хүлээн авсан баримтыг 2 хувь үйлдэж, хандивлагчид нэг хувийг албан ёсоор хүлээлгэж өгнө.

            ГУРАВ. ЭНДАУМЕНТЫН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ӨСГӨХ

            3.1.Засгийн газрын бонд, Хотын бонд, хадгаламжийн сертификат, хадгаламжийн данс, хөрөнгийн зах зээлд нэгж хувьцааны үнэ тогтмол өсөлттэй компанийн бонд, хувьцааг худалдан авах хэлбэрээр Эндаументын сангийн хөрөнгийг өсгөх болно.

            3.2. Хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн гадаад, дотоодын компаниар дамжуулан Эндаументын сангийн хөрөнгийг өсгөж болно.

            ДӨРӨВ. ЭНДАУМЕНТЫН САНГИЙН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ

            4.1.Сургуулийн удирдлагаас Эндаументын сангийн хөрөнгө, орлогыг дур мэдэн зарцуулахыг хориглоно.

            4.2.Удирдах зөвлөл нь Эндаументын сангийн хөрөнгийг үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгө, орлогыг зарцуулах асуудлаар жилд нэгээс доошгүй удаа хуралдаж, шийдвэрлэнэ.

            4.3.Эндаументын сангийн хандив, орлогыг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

                      4.3.1.Сургуулийн урт хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан сургуулийн дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ;

                     4.3.2.Сургуульд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

                     4.3.3.Судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлэх;

                     4.3.4.Лабораторийн болон сургалтын тоног төхөөрөмж худалдан авах;

                     4.3.5.Сургуулийн залуу багш нарыг гадаадын их, дээд сургуулийн урт, богино хугацааны сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлэх;

                     4.3.6.Сургуулийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг өөрийн сургуулийн суралцагчдад олгох;

                     4.3.7.Сургуулийн сургалтын орчин, оюутны дотуур байрны нөхцөлийг сайжруулах;

            4.4.Эндаументын сангийн хөрөнгө, орлогыг журмын 4.3.-т зааснаас бусад зориулалтаар зарцуулах, ашиглах, худалдан борлуулах, бусдад шилжүүлэхийг хориглоно.

4.5. Эндаументын сангийн хөрөнгө, орлогыг сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, гишүүд, сургуулийн захирал, удирдах албан тушаалтнуудыг урамшуулахад зарцуулахыг хориглоно.

            ТАВ. ЭНДАУМЕНТЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАЙЛАГНАХ,  ХЯНАЛТ ТАВИХ

5.1.Сургууль нь Эндаументын сангийн хандив, орлогыг зарцуулсан тохиолдолд Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг баримтлан, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг мөрдлөг болгон  санхүүгийн асуудал эрхэлсэн нэгж сургуулийн шилэн дансанд тогтмол оруулна.

5.2.Эндаументын сангийн үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг Шилэн дансны тухай хуулиар зохицуулна.

5.3.Эндаументын сангийн орлогыг энэхүү журмын 4.3-т заасны дагуу зарцуулсан эсэхэд хандивлагч, суралцагч, багш, ажилтан хяналт тавьж, саналаа сургуулийн Удирдах зөвлөлд гаргаж болно.

ЗУРГАА. БУСАД

  1. Эндаументын сангийн орлогыг зориулалтын бусаар ашигласан албан тушаалтанд зөрчлийн хууль болон бусад холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

 

Журмын төсөлтэй танилцан саналаа battsetseg@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.