ХОС ХЭЛНИЙ СУРГАЛТЫН АСУУДЛААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

“Монгол улсын үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний сургалтын өнөөгийн байдал, чиг хандлага” Эрдэм шинжилгээний анхдугаар хурал 2020 оны 11 сарын 15,16-ны өдрүүдэд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр болж байна. Хурлын явц, үндсэн илтгэлүүдийг БШУЯ болон Боловсролын хүрээлэнгийн албан ёсны Пэйж хуудас (LIVE)-аар шууд нээлттэй дамжууллаа.

Энэхүү цахим хурлын зорилго нь хос хэлний сургалтын талаарх судалгаа, шинжилгээг өргөжүүлэх, боловсрол судлаачдыг татан оролцуулах, Монгол улсын үндэстний цөөнхийн хос хэлний сургалтын цаашдын чиг хандлагыг судалгааны үндсэн дээр тодорхойлоход хувь нэмэр оруулахад оршино.Эрдэм шинжилгээний анхдугаар хурлаар дараах сэдэв, агуулгын хүрээнд судалгааны илтгэлийг хэлэлцүүлж байна. Үүнд:

• Хос хэлний боловсролын онол, арга зүйн чиглэлээр

• Үндэстний цөөнхийн хүүхдийн боловсролын чанарыг сайжруулах, судалгааны үр дүн, цаашид хөгжүүлэх арга зам

• Хос хэлтэй хүүхдэд хичээл зааж буй багшийн хөгжлийн чиглэлээр

• Судалгаа, танин мэдэхүйн чиглэлээр

Мөн орон нутгаас илтгэл мэдээлэл тавьж оролцсон нь энэхүү анхдугаар хурлын онцлог байлаа. Тухайлбал:

• Баян-Өлгий аймгаас Х.Зауре (Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын дарга) , докторант Х.Бейбитгүл (АНУ, Техсас Ей энд И Их Сургууль), З.Нарантуяа (Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын II сургуулийн сургалтын менежер), дэд профессор Ж.Хиналган (Ховд ИС-ийн Баян-Өлгий дахь салбар сургуулийн захирал), докторант Б.Айкүмис (Ховд их сургуулийн Баян-Өлгий дахь салбар сургуулийн багш)

• Хөвсгөл аймгаас Ч.Оюунбадам (Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ЕБС- ийн захирал)

• Ховд аймгаас Б.Оюунчимэг (Ховд аймгийн Буянт сумын ЕБС-ийн захирал) нар оролцож илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн юм.

Хурлын зохион байгуулагч байгууллагаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газар, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл, хамтран зохион байгуулагчаар Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар, мэдээллийн хэрэгслийн хамтрагчаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (MNВ) ажиллаж байна.

Show Buttons
Hide Buttons