Доктор Ш.Ичинхорлоо: Ирээдүйд техник, технологи хэдий хөгжсөн ч сайн багшийн шинжид хүнлэг сэтгэл гарцаагүй үлдэнэ

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн профессор, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ш.Ичинхорлоотой ярилцлаа.

-Танд багш нарын өдрийн мэнд хүргэе! Өнгөрөгч жил Монголын багш нарын VII их хурлыг “Сайн багш сайхан ирээдүй” уриатай зохион байгуулж байсныг та санаж байгаа байх. Тэгвэл сайн багш гэж ямар багшийг хэлэх вэ?

-Сайн багшийн тухай ойлголт үеийн үед байсан. ХX зуунд их мэдлэгтэй, түүнийгээ хүүхэд, залууст харамгүй өгдөг, мэргэжлээ зөв сонгоход тусалдаг хүнийг хэлж байсан. ХХI зууны сайн багш их яригч биш, бэлэн мэдээлэл дамжуулагч биш, шалган хянагч биш, мөн сурагч ч мэдлэг, мэдээллийг зөвхөн багшаас олж авагч биш болж байна. Таны асуусанчлан сайн багшийн олон шинжийг судлаачид, сурагч, оюутнууд ярьсаар байгаа. Тэдний дотроос сайн багшийн хамгийн гол шинж бол хүүхдийн төлөө гэсэн сэтгэл, түүний хүсэн хүлээж буй хүн байх явдал. Ирээдүйд техник, технологи хэдий хөгжсөн ч сайн багшийн шинжид хүнлэг сэтгэл гарцаагүй үлдэнэ.

-Тэгэхээр багшийг ойлгох ойлголт, хичээл заах хандлага нэлээд өөрчлөгдөж байгаа юм байна.

-Тийм ээ. Хүмүүс өнөөдөр ч “заах” гэж ярьсаар байна. Одоо заахаа больж, багш хүн суралцахуйг хөтлөх, сурахуйг дэмжих үүрэгтэй болсон. Энэ зүйлийг заавал сур, мэд гэж албадан тулгадаг арга барил XX зуунд үлдсэн. XXI зуунд бол хувь хүн өөртөө хэрэгтэй мэдлэг, туршлагаа өөрөө олж авна. Багшийн ажил бол түүнд туслах, хаана ямар үнэтэй, чухал мэдээлэл байдгийг чиглүүлж, дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэ мэт хандлагын өөрчлөлтүүд гарсаар байна. Хүүхдүүд багшаас айдаг байсныг манай дундаас дээш үеийнхэн мэднэ. Тэгвэл орчин үед хүүхэд багшаас айхаа больсон. Энэ нь хүүхдүүд буруу тийшээ явж байгаа хэрэг биш харин багш айлгаж заах буруу аргаас салсны жишээ юм. Одоо манайхан гэрийн даалгаврыг “хадны мангаа” шиг ойлгодог. Гэрийн даалгавар байх зүйлийн нэг. Гадаадын туршлагыг харахад баасан гарагт гэрийн даалгавар өгдөггүй. Энэ нь хүүхэд ч гэсэн амралтын өдрөөр амрах ёстой гэсэн хүн төвт хандлагын нэг илэрхийлэл шүү дээ. Хүүхэд ямар нэгэн дарамтгүй, уужуу тайван байвал сэтгэл зүйн хувьд эрүүл байж, илүү сайн хөгжинө.

-Магадгүй боловсрол гэдгийг ч бид буруу ойлгож байж мэдэх нь ээ?

-Боловсрол гэдэг бол нэг талаас хийсвэр ойлголт, нөгөө талаас хүн бүрийн амьдралтай холбоотой үзэгдэл. Саяхныг болтол боловсрол гэдгийг сурагчдад аль болох их мэдлэг, чадвар, хүмүүжил олгох явдал гэж ойлгож байсан. Хүн төвтэй нийгэм, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг энэ үед боловсрол гэдэг оюутан, залуучууд, хувь хүн өөрийн ажил, амьдралдаа хэрэгтэй тийм л мэдлэг, чадвар, туршлага, хандлагыг өөрөө олж мэдэх үйл явц болоод байна. Боловсролын салбар бол үйлчилгээний байгууллагуудын тогтолцоо, багш бол нэгэн төрлийн соёл, гэгээрлийн үйлчилгээ үзүүлэгч юм.

Сүүлийн үед боловсролын үйлчилгээний чанарын асуудлыг нийтээрээ хөндөж байна. Чанаргүй гэх яриа цухалзаж байгаатай та санал нийлэх үү?

-Чанаргүй гэж шүүмжлэхийн өмнө эхлээд чанар гэж юу вэ гэдгийг ярих ёстой. Чанар гэдгээ тодорхойлоогүй тохиолдолд чанарын тухай маргаан хэзээ ч дуусахгүй. Чанаргүй гэгдэхэд нөлөөлж буй олон шалтгаан бий. Манай улсын хөгжлийн түвшинтэй холбоотойгоор боловсролын байгууллагын боломж, нөхцөл одоогоор хязгаартай байна. Нэг ангийн дүүргэлтийг 30 хүүхэд болгож, багшийн цалинг 1.5 сая төгрөгт хүргэчихээд чанар шаардвал өөр хэрэг. Гэтэл 50-60 хүүхэдтэй ажиллаж буй багшаас чанартай боловсрол нэхэх нь дэндүү өндөр шаардлага. Өглөөнөөс орой болтол завгүй ажиллалаа ч боловсролын үр дүн шууд нүдэнд харагддаггүй онцлогтой. Урт хугацааны дараа үр дүн нь гарна. Одоо дунд сурч буй хүүхэд ирээдүйд ямар мундаг болохыг, өнөөдөр онц сурч буй хүүхэд хожим хэрхэн ажиллаж, амьдрахыг тааж хэлэхэд бэрх. Хүн бүхэн адилгүй учраас бүх зүйл ижил, жигд чанартай байх боломжгүй. Хүүхэд нь томоотой байж, заавал онц авах зэрэг хуучин зууны ойлголтоор чанар шаардаж болохгүй. Хүүхэд заавал дуулгавартай, томоотой байх албагүй. Тэд өөрийнхөөрөө байж, өөрийнхөөрөө хөгжинө. Суралцагчийн хувийн онцлогийг харгалзаж, хүний чөлөөт хөгжлийг нэн тэргүүнд ярих болсон. Зарим хүүхэд удаан ойлгож, удаан бичдэг байхад зарим нь эсрэгээрээ. Тэр хүүхдүүдээс нэгж хугацаанд нэг ижил үр дүн шаардах нь тэгш бус хандлага болно. Ийм маягаар чанарын нэг стандарт шахаж, шаарддаг улс орнууд цөөрсөөр байна. Чанар гэдэг бол өөртөө хэрэгтэй мэдлэг олж авч чадсан уу, бодит чадваруудтай болсон уу, хүмүүжил төлөвшил нь эерэг байна уу гэх зэрэг олон зүйлээр илэрнэ.

-Бүх шатны боловсролын чанарыг сайжруулахын тулд бодлого, хөтөлбөрийн шинэчлэл хийх шаардлагатай гэж нэг хэсэг нь үзэж байна, таны бодлоор?

-Боловсролд болохгүй асуудал байгаа нь үнэн. Гэхдээ асуудлаа шийдэхдээ гадаадын бодлого, хөтөлбөр, арга зүйг импортолж шийдмээргүй байна. Боловсролын бодлого, агуулга, үйл ажиллагаагаа бид бараг 300 жил импортолсон. Одоо хангалттай шүү дээ. Нутагшуулах сайн зүйл байлгүй яах вэ, гэхдээ бүхэлд нь хүчээр хэрэгжүүлж болохгүй. Үндэсний багш, судлаачиддаа итгэж, бэрхшээлээ өөрсдөө судалж шийдэх хэрэгтэй. Тухайлбал, Кембриджийн хөтөлбөрийг хэт хавтгайруулж хэрэгжүүлснээр анхандаа үр дүнтэй мэт байх боловч алсдаа хор хохиролд хүргэнэ. Сургалтын хөтөлбөр (агуулга) нь монгол байж гэмээнэ хүүхдүүд маань монгол хүн болж төлөвшинө. Өнөөдөр үндэсний уламжлал улам бүр бүдгэрсээр байгаа. Жишээ нь, харийн хэлээр ярьж, бичээд байгаа хэрнээ өөрийн үндэсний бичгээ мэдэхгүй байна гэдэг эмгэнэл. Монгол бичиг монголчуудын амин сүнс мөн.

Сүүлийн үед манай сургуулиуд сургалтдаа хэт анхаараад хүмүүжлээ орхигдуулсан юм шиг ээ?

-Бидний бага, залууд багш хүмүүжүүлэх үүрэгтэй байлаа. Бага, дунд сургууль бүрт хүмүүжлийн эрхлэгч гэж байсан. 1990-ээд он гараад хүмүүжил гэдэг үгийг яагаад ч юм гээгдүүлсэн. Нэлээд хожим энэ үгийг хэрэглэж, хууль, баримт бичгүүдэд оруулдаг болж эхэллээ. Цаашид хүмүүжлийг сургалттай эн тэнцүү авч үзэх хэрэг их байна. Маш их мэдлэгтэй мөртлөө хүмүүжил, төлөвшилгүй хүмүүс хамгийн аюултай. Багшид хүүхдийг даатгаад ажлаа амжуулж, зээлээ төлөөд явна гэдэг бол сэтгэлгээний явцуурал. Ээж, аав бүр хүүхдийнхөө хүмүүжилд өдөр бүр заавал анхаарах, тодорхой нөлөө үзүүлэх ёстой. Эцсийн эцэст хүүхдүүд маань таны хүүхэд болохоос сургууль, цэцэрлэгийн хүүхэд биш шүү дээ. Ялангуяа бага насны хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоо дэмжлэг нэгдүгээрт, багшийнх хоёрдугаарт байна. Өнөөдөр хүүхдэдээ цаг зав гаргаж чадахгүй бол ирээдүйд хүүхдүүдээсээ юу ч хүлээгээд нэмэргүй. Хатуухан хэлэхэд та хүүхдээ анхаарч, халамжлахгүй өсгөвөл таны хүүхэд хожим таныг анхаарч, халамжилна гэдэг юу л бол.

-Өнөөдөр багш нарын өдөр болохоор багш бэлтгэх тогтолцооны асуудлыг хөндмөөр санагдлаа.

-1990-ээд оны дунд үе хүртэл хамгийн мундаг хүүхдүүд багшийн сургуульд ирдэг байсан. Нийгмийн өөрчлөлт, сонголт, боломж бий болохын хэрээр тэр хүүхдүүд гадаадад суралцах явдал нэмэгдэж, дундаж түвшний хүүхдүүд орон зайг нөхсөн нь үнэн. Багш мэргэжлийн нэр хүндийг өргөж, чанар, чадварыг сайжруулахын тулд багшийн цалин, хөлсийг нэмэгдүүлэх, ялангуяа багш мэргэжлээр элсэгч эрэгтэй оюутныг дэмжих бодлого хэрэгтэй байна. Манай сургуулийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноог нь харгалзан хөнгөлөлт үзүүлж байгаа. Онооны шатлалаар 100 хүртэл хувийн тэтгэлэг олгодог. Энэ нь хөшүүрэг мөн боловч асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байна. Зарим мэргэжлийн багшийн хүрэлцээ хангалтгүй байна. Цаашдаа хөдөө, орон нутаг өөрийн бодлогоор багшаа бэлтгэж авахын тулд элсэгчээ дэмжих шаардлага үүснэ.

-Зөвхөн багшийн мэргэжлээр суралцагчийг онцгойлон дэмжих нь ялгаварлан гадуурхалт болохгүй гэж үү?

-Өнгөцхөн харахад магадгүй юм. Мэдлэг, боловсролгүй байдал нь ядуурлын шалтгаан гэж дэлхий нийт үзэж байна. Монгол Улсын төр засаг ч “Боловсрол нь иргэн бүрийн насан туршийн амьдралын чанарыг дэмжин баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэмээн үзэж, Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” гэж бодлогодоо тусгасаар ирсэн. Өнөөдрийн багш самбарын өмнө, ширээний ард зогсож байгаа ч улс, орныг ирээдүйд авч явах хүмүүсийг сурган хүмүүжүүлж байгаа учраас багшийн талаар тусгай бодлого барих нь бусад мэргэжлийн хүмүүсийг ялгаварлан гадуурхсан хэрэг болохгүй. Хүмүүс нь ямар байна улс, нийгэм тийм л байна. “Хүнээ хөгжүүлж байж сая улс хөгжинө” хэмээх зүй тогтлыг мартаж болохгүй. Хүнтэй хэн ажиллах вэ? Багш нар л ажиллана.

Их, дээд сургуулийн багш ямар хүн байх ёстой вэ? Дээд боловсролын сургалтын чанар, өгөөжийг дээшлүүлэхэд багш ямар үүрэг хүлээж байгаа вэ?

-Дээд боловсролын салбарын чанарыг дээшлүүлэх, сургалтын үр өгөөжийг сайжруулах, судалгаа, инновацын ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх гол тулгуур нь багш нар. Их, дээд сургуулийн багш нэг бүрийн идэвхтэй, хариуцлагатай, ёс зүйтэй үйл ажиллагаа,  бүтээлч  санал санаачилга, хүчин чармайлт нэн чухал. Мэдээж багш нэг бүрийн хувийн хүчин чармайлт дээр төр, засаг, салбарын дэмжлэг маш чухал. Өнөөдрийг хүртэл өмчийн хэлбэрийг үл харгалзан их, дээд сургуулийн багшийг  давтан бэлтгэх, хөгжүүлэх, багш нар ажлын байран дээрээ хөгжих боломжийг хангах, тэднийг дэмжихэд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлыг орхигдуулж ирсэн. Харин сүүлийн үед дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарын тасралтгүй хөгжлийг дэмжих, шинэ технологи, сургалтын арга зүйг эзэмшүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх асуудалд анхаарч эхэллээ. Монголын багш нарын VII их хурлын үеэр “Дээд боловсролын багшийн хөгжлийг дэмжих төв”-ийг үүсгэн байгуулахаар Засгийн газрын тогтоол гарсны дагуу “Дээд боловсролын багшийн хөгжлийн алба”-ыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр байгуулсан нь чухал алхам гэж харж байна.

-Таны ажиллаж буй МУБИС-иас Монголын багш нарын бараг 80 хувь нь бэлтгэгдэн гарч байгаа байх. Танай сургууль багш бэлтгэдэг бусад сургуулиас ямар давуу талтай гэж хэлж чадах вэ?

-МУБИС бол нийгмийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон багш, сурган хүмүүжүүлэгчийг бэлтгэдэг манай улсын ууган бөгөөд хамгийн том оюуны уурхай. Энэ утгаараа дээд боловсролын шинэчлэлд манлайлан оролцох учиртай. Боловсролын салбарт цахим шилжилт хийгдэх нь гарцаагүй. Энэ шилжилтэд их сургуулиуд тэргүүн эгнээнд явна. Манай сургууль гэхэд бүх багш нартаа хамгийн сүүлийн үеийн нөүтбүүк өглөө. Өнөөдөр нийт багш нарын 70 орчим хувь нь авсан, энэ ондоо багтааж үлдсэн 30 хувиа нөүтбүүкжүүлснээр манай сургуулийн бүх багш цахим, онлайн сургалт явуулах, хичээлээ бэлтгэх бүрэн боломжтой болж байна. Ер нь багш бэлтгэх том ажлын ачааг улс, хувийн сургуулиуд хамтран үүрч байгаа. Аль сургуулийн төгсөгч байх нь хамаагүй “багш гэдэг нэг малгайг өмсөж” улс, орныхоо ирээдүйг бэлтгэх учраас чанартай, чадвартай байгаасай гэж хүсдэг. Манай сургууль 2014 оноос эхлэн багш боловсролын багц хичээлийнхээ стандарт, агуулгыг эрс өөрчилж, сайжруулсан. Бусад сургуулийн сурган хүмүүжүүлэх чиглэлийн багш нар бидний номыг авч, зөвлөгөө авч ажилладаг. Манай магистрант, докторантурт суралцаж, эрдэм шинжилгээний хуралд оролцдог. Бид хамтран ажилладаг. 

-Та бүтээлүүддээ “багш хүн судлаач байх ёстой” гэж бичсэн байна. Таны хувьд судлаачийн замнал хэдий үеэс эхлэв?

-Миний төгссөн Уралын их сургуулийн ихэнх багш нар еврей хүмүүс байсан. Еврей багш нарын гараар орж “амьд” үлдэнэ гэдэг амжилтын үндэс юм уу даа. Төгсөж ирээд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд ажиллаж байхад эрдмийн ажлыг удирдаж байсан С.Нэргүй багш маань намайг бодож, сэтгэж, бичиж сургасан. Хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга байсан Д.Дашхүү багш бичсэн зүйлийг минь улаан эрээн болгоод л өгнө. 4-5 удаа бичиж, хянуулж байж нүүр өгүүлэл гаргадаг байлаа. Багшийн дээдийн аспирантурт ирэхэд манай тэнхимийн эрхлэгч, өмнө нь Боловсролын сайд байсан Б.Даваасүрэн гэдэг мундаг хүн байлаа. Энэ сайхан хүмүүсээс ихийг сурч үлдсэндээ баярлаж явдаг. Намайг 1987 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ирэхэд манай захирал байсан Х.Дүгэр багш “Чи сурах аргаар явна” гэж миний замыг зааж өгсөн, 1996 онд сурах аргаар докторын зэрэг хамгаалж, сургалт, судалгааны салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Багш болох оюутан, багш нарт зориулж “Сурахуй хийгээд сурах арга”, “Багшийн ёс зүй хийгээд багшийн ёс суртахуун” зэрэг хүүхдийн хүмүүжил, боловсролын философи, социологийн 20 гаруй ном бичсэн.

-Та шавь нар, залгамж залуу багш нартаа юуг анхааруулж, хэрхэн сургадаг вэ?

-Би шавь нараа мэргэжилд нь шимтүүлэхийн төлөө ажилладаг. Багш болох оюутнууд маань мэргэжилдээ дурлах хэрэгтэй. Амьдралынхаа зорилгыг тодорхойлсон суралцагчийн сурах үйл явц илүү идэвхтэй байдаг. “Би багш болохгүй дээ, багшаар ажиллахгүй юм чинь…” гэж бодсон оюутан юу ч хүлээж авдаггүй. Тэгэхээр бүх зүйлийг сургууль, багшаас шаардах боломжгүй. Залуу багш нартаа бол багш хүн судлаач, түүний дотор багшийн багш хүн эрдэмтэй байх ёстой, ийм байхын тулд маш ихийг унших хэрэгтэй л гэж хэлдэг дээ. Хөдөлмөрч байж, гадаад хэл сурч, эрдмийн зэрэг, цолоо ахиулдаг байх ёстой.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН. 2020.10.05

Show Buttons
Hide Buttons