ХОЁР ОРНЫ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

A- A A+
ХОЁР ОРНЫ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чай Вэньруйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзан, хоёр орны боловсролын салбарын хамтын ажилагааг эрчимжүүлэх, бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.

КОВИД-19 цар тахлын тархалтаас шалтгаалан манай улс сургалтын үйл ажиллагааг танхим болон цахим хослуулан зохион байгуулж байгаа. Сурагчдын 2 жилийн хоцрогдлыг арилгах хариуцлагатай үүрэг хүлээсэн багш нараа компьютержуулах хэрэгцээг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд илэрхийллээ.

Манай улсаас БНХАУ-д нарийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд танхимаар хичээллэх хэрэгцээ шаардлага өндөр байгаа тул хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ЕБС-д интернетийн утасгүй /wi-fi / дотоод сүлжээний орчин бүрдүүлэх төслийн TЭЗҮ-г Гадаад харилцаанд яаманд хүргүүлсэн. Одоо Хөвсгөл, Увс, Дархан-Уул, Дорноговь аймгуудад барих ЕБС-ийн ТЭЗҮ-г боловсруулан ойрын хугацаанд Сангийн яамаар уламжлан хүргүүлэх тул дээрх хоёр асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарлаа хандуулахыг элчин сайдаас хүслээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын цөлжилт, экологийн доройтлыг бууруулах ач холбогдолтой. Тиймээс бүс нутгийн гео-экологи, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр хоёр орны хамтарсан лаборатори байгуулж, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал хэрэгцээ шаардлага үүсч байна. Иймд лаборатори байгуулах боломжийг судлах, өөрийн орны холбогдох байгууллагуудад саналыг уламжилж өгөхийг элчин сайдаас хүслээ.

Уулзалтын төгсгөлд элчин сайд Чай Вэньруй 2025 он хүртлэх хоёр орны боловсол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн зүгээс чармайлт гарган ажиллахаа мэдэгдээд, ажлын өндөр амжилт хүсэн БНХАУ-ын ЭСЯ БШУЯ-тай ойр дотно ажиллахаа илэрхийллээ.