БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР           

  1. “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл сонгон шалгаруулж, урамшуулах журам”-ыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар батлав. Журамд эрдэм шинжилгээний бүтээлийн төрлүүдийг тодорхой болгож, эрдэм шинжилгээний өгүүлэл болон ном гэсэн 2 ангиллаар шалгаруулахаар тусгалаа.
  2. Шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн зохицуулалттай холбоотой нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтүүд болох (1)Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт, (2)Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт, (3)Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын захирал (дарга)-ын ажлын байрны тодорхойлолтод тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт, (4)Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтэг шаардлага, шалгуур үзүүлэлт, (5)Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах нийтлэг журмыг тус тус шинэчлэн боловсруулж, батлуулах ажлын хэсгийг эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг оруулан БШУ-ны сайдын 2021 оны А/71 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна.
  3. Инновацийн тухай хуулийн 121.1-д “Гарааны компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 41.2-т заасан эрх бүхий байгууллагаар дамжуулан хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгож болно” заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах талаар Санхүүгийн зохицуулах хороотой уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар дээрх хуулийн заалттай холбоотой мэдээлэл, зарим хуулиудад орж байгаа өөрчлөлтийн талаар тус хорооны Үнэт цаасны газраас танилцуулсан бөгөөд уулзалтад Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга, холбогдох мэргэжилтэнгүүд оролцсон болно.
  4. БШУ-ы сайдын 2021 оны А/126 тоот тушаалаар "Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах эрхзүйн орчныг судлах, богино, дунд хугацааны төлөвлөлт боловсруулах" ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг нь ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажллуулах хэрэгцээ шаардлага, сэтгэл зүйч ажиллуулж ирсэн монголын болон олон улсын туршлага, сэтгэл зүйчээр ажиллаж буй болон сэтгэл зүйчээр төгссөн, суралцаж байгаа оюутнуудын тоон судалгааг гаргах, санал авах, ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчээр хангах, сэтгэл зүйчдийг бэлтгэх асуудлаар богино, дунд хугацааны төлөвлөлт боловсруулж санхүүгийн урьдчилсан тооцооллыг гаргаж, санал, зөвлөмжийг  боловсруулсан. Ажлын хэсэг тайлангаа 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр танилцуулж, хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгт оролцогчдын санал зөвлөмжийг тайланд тусган, тайланг хүлээлгэн өгөхөөр сайжруулалт хийж байна.
  5. Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон дагалдан гарах хуулийн төслийг УИХ-д өргөн барих бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Хууль батлагдсанаар:

- Боловсролын түвшин, шатлал, түвшин хоорондын шилжилтийг тодорхой, ойлгомжтой болгоно;

- Чадамжид суурилсан тогтолцоонд шилжинэ;

- Насан туршийн суралцахуйд суурилсан тогтолцоог хөгжүүлнэ;

- Багшийн үнэлгээ, урамшуулал, тасралтгүй хөгжлийн цогц системийг бий болгоно;

- Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын иж бүрэн тогтолцоог би болгоно;

- Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгоно;

- Улсын хөгжлийн бодлого, мерит тогтолцоо хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах, оролцогч талуудын тэгш байдлыг хангах юм.

  1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/122 дугаар тушаалаар Монгол улсын Боловсролын их сургуулийн удирдах зөвлөлийг, А/131 дүгээр тушаалаар Ховд их сургуулийн удирдах зөвлөлийг тус тус шинэчлэн баталлаа.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг төрөлжсөн олимпиадыг цуцлан, олон улсын олимпиадад оролцох багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/142 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн 2 удаагийн уулзалтыг зохион байгуулж сонгон шалгаруулах ажлын төсөв, зохион байгуулалт, шалгаруулалтын явцын талаар мэдээлэл өгч, мэдээлэл солилцсон. Мөн аймаг, дүүргүүдийн Боловсрол, соёл, урлагийн газар/боловсролын хэлтсүүдэд олон улсын олимпиадад оролцох суралцагчдыг сонгон шалгаруулах ажлын талаар чиглэл өгсөн. Шалгаруулалт Математик, мэдээлэл зүй, физик, хими, биологийн хичээлүүдээр зохион байгуулагдах бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 6 дугаар сарын 5-ны хооронд зохион байгуулагдана.  
  2. 2020-2021 оны хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа, хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай танилцуулга бэлтгээд байна.  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2020 онд 75 өдөр (15 долоо хоног) буюу сургалтын 45-47%, 2021 онд аймаг, орон нутагт 100 өдөр (20 долоо хоног) буюу сургалтын 62%, нийслэлд 110 өдөр (22 долоо хоног) буюу сургалтын 68%-тай тэнцэх хугацаанд теле хичээлээр суралцаж байна. Дээр дурдсан хугацаанд 5284 теле хичээл, 104 интерактив хичээл, 2775 цахим хичээл, 50 цахим контент, 30 аудио хичээл бэлтгэн дохионы хэлний орчуулгатайгаар телевиз, радио, е-контент, цахим сангаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэлээ. Дэд бүтэцгүй, интернэтгүй, гэрэл цахилгаангүй, гэр бүлийн орчинд нь техникийн боломж нөхцөл бүрдээгүйн улмаас 330 сум, 46 багийн нийт 178.577 сурагч теле болон цахим сургалтад хамрагдаж чадаагүй бөгөөд тэдэнд бие даан суралцах хэвлэмэл материал боловсруулан хүргэлээ. Судалгааны үр дүнгээр теле, цахим сургалтад хамрагдаагүй болон ялангуяа 1, 2 дугаар ангийн сурагчдын монгол хэл, математикийн мэдлэг, чадварын хоцрогдол харьцангуй их байна. Иймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө /2021-2023/-ний төсөл” боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
  3. Дээд боловсролын эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Ази Номхон далайн бүс нутгийн 2011 оны конвенцийг олон нийтэд танилцуулах тухай олон улсын хурлын талаар Боловсрол Шинжлэх Ухааны Яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл гурван талт хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
  4. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 1-р улирлын тайлангийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр гаргасан биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ЗГХЭГ-ийн мэдээллийн системд оруулсан. Засгийн газрын тогтоол, шийдвэр, ерөнхий сайдын захирамжийн нийт 40 заалтаас 100%-18, 70%-14, 30%-7, Үнэлэх боломжгүй-1 заалт үнэлэгдсэн бөгөөд дундаж үнэлгээ 76,67%-тай байна.
  5. Сингапур улстай хамтран хэрэгжүүлж буй дээд боловсролын байгууллагын чанарын баталгаажуулалтын хөтөлбөрийн цахим сургалтыг 04 сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Дэлхийн дээд боловсролын стандартад нийцсэн “Чанарын баталгаажуулалтын тогтолцоо хөтөлбөр”-ийг 2020-2022 онуудад хэрэгжүүлэх бөгөөд Сингапурын талтай хамтран ажиллаж буй энэ удаагийн хөтөлбөр нь 4 үе шаттай байх юм. Хөтөлбөрийн 9 модуль сургалтын гурав дахь сургалтад төрийн болон төрийн бус өмчийн 10 орчим их, дээд сургуулийн 50 гаруй багш нар оролцлоо.  Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс сургалтын чанар, стандартыг тасралтгүй сайжруулах зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тул их, дээд сургуулиуд өөрсдийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах, сургалт судалгааны үйл ажиллагаа, нийгэмд үзүүлэх үйлчилгээг чанаржуулахад уг тогтолцоог бүрэн нэвтрүүлж ажиллах юм.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/86 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн II удаагийн хурлыг 3 дугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулж,  “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний  нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж бэлтгэсэн.  “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд:
  • “Үндэсний инновацийн хөгжил” форум;
  • “Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилтууд” олон улсын цахим үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурлууд;
  • “International Conference on Innovation and Entrepreneurship Development – 2021” олон улсын эрдэм шинжилгээний хурал;
  • “Инноватор-21 эрдэмтдийн үг” цуврал лекц;
  • “Шүлснээс SARS-CoV-2  илрүүлэх RTqPCR  оношлуур үйлдвэрлэх”    АШУҮИС-ийн дэргэдэх  гарааны компанийн танилцуулга;
  • Залуу судлаачдын “Эрдэм Хакатон” уралдаан;
  • Оюутнуудын гарааны бизнесийг шалгаруулах Start-Up Weekend арга хэмжээ;
  • “Инноватор-21 эрдэмтдийн үг” цуврал лекц;
  • “Инноваци ба хөрөнгө оруулалт” хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулагчдын уулзалт;
  • “Инновацийн үйл ажиллагаанд орон нутгийн оролцоо” цахим сургалт зэрэг 15 үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хийж байна.
  1. Зайн болон танхимын сургалтаар дамжуулан орон нутгийн иргэдэд инновацийн талаар мэдлэг олгох, гарааны бизнес эрхлэх, хөгжүүлэхэд мэдлэг мэдээлэл өгөх болон инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг үе шаттай, тогтмол зохион байгуулах ажлуудыг эхлүүллээ. ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс орон нутгийн иргэд, тариаланчдад зориулсан цуврал сургалтуудыг  зохион байгууллаа.   Үүнд4 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулсан “Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуйн чиглэл”, “Жимс, жимсгэнэ тариалалт”  сургалтад нийт 8 аймгийн 100 гаруй тариаланчид оролцов.
  2. Орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш ажилчдыг Коронавирусын эсрэг вакцинд хамруулах ажлыг  4 дүгээр сарын 01-ээс эхлүүлсэн бөгөөд 04 сарын 28-ний өдрийн байдлаар 30,901 гаруй багш буюу нийт багш ажилчдын 64,86 хувь нь вакцинд хамрагдсан бол нийслэлийн багш нарын 78.4 хувь нь 1-р тунд, 73.9 хувь нь 2-р тунд тус тус хамрагдаад байна.
  3. “Мэргэжил сонголт ба ирээдүй” ажил мэргэжлийн чиг баримжаа олгох цахим зөвлөгөө,  мэдээллийн 1 сарын аяныг Боловсролын үнэлгээний төв, “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн багтай хамтран зохион байгууллаа.  Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн суралцагч, төгсөгчдөд мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх мөн эцэг асран хамгаалагчид, сургуулийн удирдлага, анги удирдсан багш нар хүүхдийг хэрхэн дэмжих, чиглүүлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.
  4. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд “Сургуульд суурилсан менежмент”-ийн сургалтыг 21 аймаг, 9 дүүргийн сургуулийн төлөөлөл болон Боловсрол, соёл урлагийн газар, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдэд 4 сарын 1, 8, 15, 22, 29-ний өдрүүдэд онлайнаар зохион байгуулав. Дээрх 5 модуль сургалтад 40 байгууллагын 150 хүн хамрагдсан.
  5. Монгол Улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы цахим өдөрлөг 4 сарын 19-ний өдөр боллоо. Шинжлэх ухааныг сурталчлан, өөрсдийн шинжлэх ухааны нээлт, үр дүнгээ иргэд олон нийтэд хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг сар бүрийн 19-нд зохион байгуулах юм. Энэхүү өдөрлөгийн хаалтын үйл ажиллагаа 11 дүгээр сарын 19-ний өдөр болно.
  6. Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл байгууллагын Монгол дахь ажлын алба, Шинжлэх Ухаан технологи, инновацийн хорооноос санаачлан гадаад, дотоодын судлаач, докторуудын судалгааны ажлыг холбох, судалгааны ажлыг нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Uniteach Mongolia” цуврал нэвтрүүлгийг эхлүүллээ.
    2021-2022 оны хугацаанд нийтдээ 50 дугаарыг эхний үе шатанд хийж 100 судлаачийн судалгааны бүтээлийг нэгтгэсэн санал дүгнэлт зөвлөмж гаргахаар төлөвлөөд байна.  
    Нэвтрүүлэг 7 хоног бүрийн ням гарагийн 16 цагт  “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл”-ийн албан ёсны цахим хуудсаар шууд цацагдах хэлбэрээр иргэдэд тогтмол хүрэх болно.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  1. “Чадварлаг багш” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын  хүрээнд Английн Засгийн газрын дэмжлэгтэй дэлхийн түвшний багш бэлтгэх 1000 багшийн сургалтыг 03 сарын 23-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Сургалтад төрийн өмчийн ЕБС-ийн 669 захирал, 310 сургалтын менежер, Боловсрол, соёл урлагийн газрын 35 мэргэжилтэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 50 арга зүйч хамрагдав. Сургалтаар шилдэг менежер болоход шаардах ур чадварын талаар мэдлэг ойлголттой болж, дэлхийн чанартай сургалтын контенттой танилцаж туршлага судаллаа. Цахим сургалтыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ дэмжиж, Глобал грөүф институт-Global Growth Institute, Гүрэн академийн санхүүжилттэйгээр БШУ-ны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс удирдан зохион байгуулж явуулав.
  2. Эрүүл мэндийн яамтай хамтран 2020 оны 8, 9-р сард улсын хэмжээнд боловсролын байгууллагын багш, ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулсан билээ. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан нийт багш нарын 50 орчим хувь нь хэвлийн таргалалт, жингийн илүүдэлтэй, сахар буюу чихрийн шижин өвчтэй, элэг цөс, дотор эрхтний өвчлөлтэй, эмгэгтэй гэсэн тайлан мэдээг үндэслэн сургалтын байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан эрүүл мэндийн сургалтыг зохион байгуулав.
  1. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн удирдлагуудтай цахим уулзалтыг зохион байгууллаа. Цахим уулзалтад Хөдөө аж ахуйн их сургууль, түүний харьяа Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдах ажилтнууд оролцож  салбар дундын судалгааг хамтран дэмжих, патентыг хэрхэн үйлдвэрлэлд нэвтрүүлж болох талаар санал солилцлоо. Хоёр яам хамтарсан байдлаар тус хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг дэмжиж, улмаар эдийн засгийн суурь салбарынхаа хөгжлийг шинэ шатанд гаргах боломж байгаа талаар санал нэгдсэн бөгөөд БШУЯ-ны зүгээс хамтран ажиллах тодорхой саналуудыг ХХААХҮ-ийн яаманд хүргүүлэн ажиллалаа.
  2. Герман, Канад, Бельги, Япон, Швед, Франц, Нидерланд, Солонгос дахь монгол сургуулийн багш нар хамтран “Би монгол хүн” монгол хэл, соёлын  цахим сургуулийг нээгээд байна. Ийнхүү дэлхийн аль ч өнцгөөс монгол хэлээ сурах боломжийг монгол хүүхдүүддээ олгох, эх хэлээ сурах эрх тэгш боломжийг бий болгож байна.   Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2018 онд гаргасан хилийн чанад дахь монгол хүүхдэд зориулсан “Монгол хэл, соёлын жишиг хөтөлбөр”-ийн дагуу цахим сургууль нь үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.
  3. АШУҮИС-ийн эрдэмтэд Мюнхений технологийн их сургууль, Японы Каназава их сургуулийн эрдэмтэдтэй хамтран шүлснээс коронавирус илрүүлэх шинэ оношлуур бүтээж хэрэглээнд нэвтрүүллээ. Инновацийн шинэ бүтээлийг хийхэд БШУ-ны яам 47 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд энэхүү оношлуур нь: 

•           коронавируст халдварыг эрт илрүүлэх өндөр мэдрэг чанартай

•           шинжилгээний хариу 90 минутын хугацаанд гардаг 

•           Шинжилгээ өгч буй хүнд зовиургүй

•           Шинжилгээ авах үед гарах халдварын эрсдэлийг багасгасан

•           Одоогийн шинжилгээний зардлаас 2-3 дахин хямд зэрэг давуу талтай юм.

Мөн 04 сарын 01-ний өдөр АШУҮИС-д эмнэлзүйн молекул оношилгооны төвийн нээлт боллоо. Энэ төв ашиглалтад орсноор коронавируст халдварын үеийн эрүүл мэндийн салбарын ачааллыг хуваалцах юм. Төв нь био аюулгүй байдлын хоёрдугаар зэрэгт нийцэх бөгөөд  Их сургуулиуд, шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгүүд каластер хэлбэрээр хөгжих, хамтрах боломжтойг давхар баталж байгаа юм.

  1. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.9.4 дэх хэсэгт туссан “Боловсролын салбарт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг хэрэгжүүлэх техник, технологийн шийдлийг харуулсан Ариун цэврийн байгууламжийн технологийн танилцуулга, үзэсгэлэнг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 8-р байранд зохион байгуулсан бөгөөд УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны гишүүд, холбогдох яамдын хүмүүс оролцлоо.
  2. Аймгуудын Засаг дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга нартай хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, суралцагчийн хоол үйлдвэрлэлийн тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал, 2021 оны төсөв, санхүүтэй холбоотой цогц асуудлаар 4-р сарын 23-ны өдөр цахим хурлыг амжилттай зохион байгууллаа. Уг цахим хуралд 21 аймгийн Засаг дарга, тамгын газрын холбогдох албан тушаалтан, БСУГ-ын дарга нар нийт 59 хүн оролцов.  
  3. Засгийн газрын 2020 оны “Яслийн үйлчилгээний тухай” 223 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын А/4 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Яслийн үйлчилгээг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын төслийг боловсруулж, журмын төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг  хоёр үе шаттай цахимаар зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Аймаг, нийслэлийн  Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн, цэцэрлэгийн эрхлэгч, яслийн эрхлэгч, багш, эмч БШУ-ны яамны харьяа байгууллагын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйч нар оролцлоо. Хэлэлцүүлгээс “яслийн бүлэгт элсэх хүүхдийн насыг 1,6-2 нас болгох, элсэлт зохион байгуулахад оролцогч талуудыг үүрэг, хамтын ажиллагааг нарийвчилж гаргах, “Нөхцөл байдлын үнэлгээ” бодиттой гардаг эсэх, “Амьжиргааны түвшин тогтоох тодорхойлолт”, “Хөдөлмөр эрхлэлт” зэргийг бүрдүүлэх материалд нэмж оруулах боломжтой эсэх зэргийг судалж, сайжруулах саналууд гарсан. Оролцогчдоос гарсан санал, зөвлөмжийг судлан, журмын төслийг сайжруулан ажиллаж байна.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  1. Сангийн яамнаас Засгийн газрын 2021 оны 93 дугаар тогтоолын дагуу төсвийн захирагч нарын төсөвт өөрчлөлт хийсэн төсвийн баазыг 04 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн. Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөв 141.0 тэрбум төгрөгөөр буурсан бөгөөд үүний 33.3 тэрбум төгрөг нь урсгал төсвөөс, 107.7 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын зардлаас буусан байна. Нийт урсгал зардал бууруулсан 33.3 тэрбум төгрөгийн 9.7 тэрбум төгрөг нь улсын төсвийн байгууллагаас, 23.6 тэрбум төгрөг нь тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих сургууль, цэцэрлэгийн төсвөөс тус тус буурсан байна. Сайдын багц 1,596.3 тэрбум төгрөг болж буурсан бөгөөд үүний 61.4 тэрбум төгрөг нь шинжлэх ухааны, 1,534.9 тэрбум төгрөг нь боловсролын салбарт зарцуулагдахаар байна. Нийт төсөв 8 орчим хувиар буурсан бөгөөд үүнд төсвийн байгууллагуудын цалингаас бусад зардал 13 хувиар, хөрөнгө оруулалт 30 хувиар, арга хэмжээний зардлууд харилцан адилгүй буурсан байна. Төсвийн мэдээллийг удирдлагуудад мэдээлж, цаашид төсөв буурсны дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээ, санхүүжилтийн сар улирлын хуваарьт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж байна.
  2. Төсвийн хуваарийг 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, 9 дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн боловсролын газар, БШУ-ны яамны харьяа байгууллагуудад цахимаар хүргүүлж Засгийн газрын 43, 93 дугаар тогтоолыг мөрдөн ажиллахыг мэдэгдлээ.
  3. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.9.4 дэх хэсэгт туссан “Боловсролын салбарт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл, ажлын даалгавар боловсруулан батлуулах, зураг төслийн эскиз, магадлалын нэгтгэсэн дүгнэлт гаргуулах, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга хот байгуулалтын яам болон Байгаль, орчин аялал жуулчлалын яамны хамтарсан ажлын хэсгийн хурлыг 4 дүгээр сарын 20-ны өдөр цахимаар хийлээ. 

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  1. БШУ-ны сайдын А/66 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгох журам боловсруулах ажлын хэсэг 04 сарын 29-нд онлайн уулзалт зохион байгуулж Ерөнхий сайдын зөвлөхүүдийн саналыг сонсон, журмыг сайжруулахаар шийдвэрлэлээ.
  2. Эрүүл мэнд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын "Коронавируст халдварын эмчилгээнд зориулан ор дэлгэх тухай" А/208; А/157 дугаар хамтарсан тушаалыг гаргалаа. АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэгт 152, Төв эмнэлэгт 392 ор дэлгэн шуурхай эмчилгээ хийн ажиллаж байна.
  3. Долоо хоногт 2-3 удаа аймаг, нийслэл, сум, тосгон багийн цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагааны ирц, теле хичээл үзэж байгаа хүүхдийн тоо, Ковид-19 "эерэг" илэрсэн  багш ажилчид, хүүхэд, тусгаарлалтанд байгаа багш ажилчид, хүүхдийн тоон мэдээг авч, ажиллаж байна. 2021 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2 аймаг, 1 дүүргийн 25 цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд 1794 хүүхэд хамрагдаж байна. Теле хичээлийг 179,632 хүүхэд буюу 72.7% үзэж байна. Өмнөх сараас теле хичээл үзэлтийн тоо нэмэгдсэн байна. Энэ нь өвчлөл гарсан  аймаг, сум хатуу хөл хорио тогтоож, зарим газрууд  “Тэг” зогсолт хийж, хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчтай гэртээ хамт байж, хүүхдэдээ анхаарал тавих, цагийг хамт өнгөрөөж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
  4. Бичиг хэргийн эргэлтийн мэдээ: 2021 оны 4 дүгээр сард гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 2451 хариутай бичиг, 546 шууд бичиг, 911 өргөдөл гомдол, нийт 3910 бичиг ирүүлсэн байна. 2268 хариутай албан бичиг, 868 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт өргөдөл, гомдлын 96.3%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Мөн 170 албан бичиг, 37 өргөдөл хугацаандаа судлагдаж, 10 албан бичиг, 6 өргөдөл хугацаа хэтэрсэн байна. Яамнаас гадны байгууллага иргэдэд хандаж 4613 хуудас бүхий 2079 албан бичиг явуулсан байна.

 

 

 

---оОо---