Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

A- A A+
Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Засгийн газрын гишүүд өнгөрсөн сард аймаг, нийслэлийн Засаг дарга нартай Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнд тусгасан боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл солилцлоо.
Энэ хүрээнд 2021 оны төсвийн гүйцэтгэл, үдийн хоолны санхүүжилт, хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орон нутагт төсвийн хөрөнгөөр хэрэгжих боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, шинжлэх ухаан, инновацийн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгч, санал сонсов. 

Хөрөнгө оруулалтын тухайд:
Орон нутагт хэрэгжүүлж байгаа боловсролын чиглэлийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний явцын хяналтыг сайжруулах зорилгоор аймаг тус бүрд ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов. Сургууль, цэцэрлэг, дотуур байрын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх төслийг ирэх тавдугаар сард эхлүүлэхтэй холбогдуулан бэлтгэл хангах, ажлын даалгавар төлөвлөгөөг батлуулах чиглэлээр хамтарч ажиллахаар болов. Ирэх жилийн хөрөнгө оруулалтыг хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн төлөвлөх ажлыг зургаадугаар сарын 1-нээс өмнө хийх үүрэг өглөө. Мөн худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхийг даалгалаа.

Үдийн хоол хөтөлбөртэй холбоотойгоор:
2021 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бага ангийн сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд хамруулах бэлтгэл ажлын хангуулах ёстой. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний хүнсний хангамж, сургуулийн хоолны газрыг стандартын шаардлагад нийцүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэж ажиллуулах зэрэг тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллана. Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, орон нутгийн хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хүний нөөцийг ажлын байранд хөрвүүлэн бэлтгэх талаар санал солилцов.

Инновацийн чиглэлээр:
Зайн болон танхимын сургалтаар дамжуулан орон нутгийн иргэдэд инновацийн талаар мэдлэг олгох, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэх, аймгуудын төрийн захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай судалгааг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудаар гүйцэтгүүлэх чиглэлийн баримтална. Орон нутаг, бүсийн түвшинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн патент, оюуны өмч, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулахад хамтран ажиллана.