Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр

A- A A+
Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр                                                                                                                                 Улаанбаатар хот

 

Дугаар 209

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 56.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2018 оны 3 дугаар улиралд багтаан хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт тус тус даалгасугай.

3.Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгах, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 255 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ

 

 

 

Засгийн газрын 2018 оны 209 дүгээр
    тогтоолын хавсралт

 

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Үндэсний хөтөлбөрийг боловсруулах хэрэгцээ шаардлага

НҮБ-аас 2015 онд зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтад 193 орны төр, засгийн тэргүүн нар оролцож, “Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрт ядуурлыг бууруулах, хүн амын эрүүл, аюулгүй байдлыг хангах, боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг чиглэлээр 17 зорилго, 169 зорилтуудыг томьёолж, тэдгээрийг 2030 он хүртэл хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон. Эдгээр зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд тогтвортой хөгжлийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэхийг онцгойлон анхааруулж, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас баталсан “Тогтвортой хөгжлийн боловсролын дэлхий нийтийн үйл ажиллагааны хөтөлбөр (2015-2030)”-т нийцүүлэн үндэсний бодлого, хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлж ажиллахыг гишүүн орнуудад зөвлөмжилсөн.

Мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил” баримт бичигт  “Тогтвортой хөгжлийн боловсрол нь хүн бүрт өнөөгийн болон хойч үеийнхээ төлөө соёлын ялгаатай байдлыг хүндэтгэн, байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, нийгмийн шударга ёсыг хангаж, эдийн засгийн хувьд амьдрах чадвартай байж, мэдлэг, мэдээлэлтэй шийдвэр гаргах эрх мэдэл олгож буй явдал юм ” гэж тодорхойлсон болно.

Монгол Улсын Засгийн газраас 1997 оны 255 дугаар тогтоолоор “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг дэлхий нийтийн XXI зууны тогтвортой хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн баталж, боловсролын тогтолцоог бүхэлд нь хамарсан шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж, албан болон албан бус боловсролын арга, хэлбэрээр бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэхэд багагүй хувь нэмрийг оруулсан бөгөөд уг хөтөлбөр нь 2005 онд хэрэгжиж дууссан.

Монголчууд эрт дээр үеэс байгалийн нөөц баялгийг зохистой ашиглаж, байгаль орчиндоо зохицон амьдарч ирсэн нүүдлийн соёл, уламжлалтай хэдий ч сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хүн ам өсч, улс орны эдийн засаг хөгжихийн хэрээр хотжилт, байгаль орчны бохирдол, доройтол нэмэгдэж, байгалийн нөөцийг зохисгүй ашиглаж байгаагаас байгалийн онгон дагшин байдал, экосистемийн тэнцвэрт байдал алдагдах болсон. Тухайлбал, Улаанбаатар хотод агаар бохирдуулах зарим бодисын агууламж 2017-2018 оны хүйтний улиралд Монгол Улсын агаарын чанарын стандартаас 3 дахин давсан үзүүлэлттэй байна. Хууль бус ашигт малтмалын олборлолтын улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигдсон 4000 гаруй га талбай байна. Монгол Улсын эдийн засаг байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай хэдий ч нөөцийн үр ашиг маш доогуур буюу материалын ашиглалт    (1 ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж байгаа материал) Ази, Номхон далайн бүсийн дунджаас 6 дахин, Япон улсынхтай харьцуулбал 56 дахин их байна. Энэ нь нөөц баялгийн үр ашиггүй, үрэлгэн хэрэглээ, техник технологийн хоцрогдол их байгаагийн нэг илрэл юм.

Иймд бүх түвшинд иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягаа эрс өөрчилж, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлт, үр ашиг бүхий, хаягдал, бохирдол багатай үйлдвэрлэл хэрэглээний соёл, амьдралын зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Энэхүү шаардлагын хүрээнд эх дэлхийгээ шүтэн хамгаалж ирсэн үндэсний өв уламжлал, байгаль орчинтойгоо зохицон амьдрах чадварыг шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан, тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалаар баяжуулан бүх нийтэд түгээх, тогтвортой хөгжлийн боловсролын мэдлэг, мэдээллийг бүх шатны боловсрол, насан туршийн боловсролын тогтолцоогоор дамжуулан хүүхэд, залууст эзэмшүүлэх зорилт тавьж байна.

Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 43 дугаар тогтоолоор дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тогтвортой хөгжлийг хангах тулгуур бодлого болох “Ногоон хөгжлийн бодлого”-ыг баталж, тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан эх оронч үзэл, байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилт дэвшүүлсэн.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Засгийн газар “Иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг зохион байгуулах” гэж, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “албан болон албан бус боловсролын тогтолцооны хүрээнд иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил, байгаль орчныг хамгаалах арга, дадал олгох хөтөлбөрийг баталж биелэлтийг зохион байгуулна” гэж заасан, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7-д “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, олон нийтэд эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс заншлаа дээдлэх мэдлэг олгож, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлнэ.” гэсэн зорилтыг тусгасан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1. Хөтөлбөрийн зорилго

Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулах, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

Зорилт 1. Сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын бодлого, сургалтын хөтөлбөрийн агуулгыг байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл, аюулгүй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх чиглэлээр баяжуулж, шаардагдах хүний нөөцийн болон материаллаг баазыг бэхжүүлнэ.

Зорилт 2. Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний зарчмыг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад таниулж, үйл ажиллагаанд нь нэвтрүүлэхэд чиглэсэн бүх талын идэвхтэй оролцоог хангаж, үйл ажиллагааг уялдуулна.

Зорилт 3. Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсролыг тасралтгүй эзэмшүүлж, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэн тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хүргэнэ.

Зорилт 4. Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх чиглэлээр бүх салбарын бодлого, хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулж, салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

2.3. Хөтөлбөр хэрэгжих хугацаа:

Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ:

       I үе шат (2018-2020 он)

       II үе шат (2021-2022 он)

Гурав. Хөтөлбөрийн зорилтыг хангах үйл ажиллагаа

3.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       3.1.1. суралцагчдад тогтвортой хөгжлийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадвар, үнэт зүйлс, хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг баяжуулж, хэрэгжүүлэх;

       3.1.2. сургалтын байгууллагын барилга байгууламж, сургалтын хэрэглэгдэхүүнд байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлт, үр ашигтай байх шаардлага тавьж хэрэгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх;

       3.1.3. сургалтын байгууллагуудын тогтвортой хөгжлийн санаачилгыг дэмжиж, олон талын оролцоо, манлайлал, хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх;

       3.1.4. боловсролын салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтыг тогтвортой хөгжлийн боловсролын зарчимд нийцүүлэх.

3.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       3.2.1. тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн талаар төр, хувийн хэвшил, иргэд, олон нийтэд нэгдсэн ойлголт бий болгоход чиглэсэн сургалт, сурталчилгааг зохион байгуулах;
       3.2.2. байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, ISO 14001 стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шилдэг туршлагыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх;

       3.2.3. тогтвортой буюу ногоон худалдан авалтын зарчмыг нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, энэ чиглэлээр Засгийн газрын болон хувийн хэвшлийн (нийлүүлэгч) байгууллагуудын чадавхыг сайжруулах;

       3.2.4. ус, эрчим хүч болон байгалийн бусад баялгийн хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар олон нийтэд мэдлэг олгох, мэдээллийг түгээх;

       3.2.5. шинжлэх ухаан, технологи, инновацийн судалгааг хөгжүүлж, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи бүхий төсөл, гарааны компанийг дэмжих, олон нийтэд нээлттэй мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх;

       3.2.6. байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах тогтолцоог бий болгох.

3.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 

        3.3.1. насан туршийн боловсролын хөтөлбөр, үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс, хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр сургалтын агуулга, арга зүйг тусган хэрэгжүүлэх;

        3.3.2. уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг бүс нутгийн иргэдэд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулж, мэдээллээр хангах;
3.3.3.тогтвортой хөгжлийн төлөөх үйл хэрэгт залуучуудын манлайлал, идэвхтэй оролцоо, санаачилгыг хөхиүлэн дэмжих;

        3.3.4. хэвлэл мэдээллийн бүх төрлийн сувгаар нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх зорилгоор тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг, ногоон ажлын байр, ногоон амьдралын хэв маяг, байгальд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээний талаарх мэдээллийг тогтмол түгээх.

3.4. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       3.4.1. бүх салбарын бодлого, хөтөлбөрт тусгасан тогтвортой хөгжлийн боловсролын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах;

       3.4.2. тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлэх ажлыг үндэсний болон орон нутгийн түвшинд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын  түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах;

       3.4.3. бүх нийтэд тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийн үр нөлөө, шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийн нийгэмд үзүүлэх үр нөлөө:

       4.1.1. бүх нийтээр (сургуулийн өмнөх болон бүх шатны сургуулийн насны хүүхдүүд, оюутнууд, ажилтнууд, гэр бүл, жирийн иргэд, өрх толгойлсон эмэгтэй) сурах, ажиллах, амьдрах хэв маягт байгаль орчноо хамгаалах, хэмнэлт, үр ашиг бүхий хэрэглээг төлөвшүүлэх, зөв дадал, эерэг хандлага бий болгох асуудлаар мэдлэг, мэдээллээр хангагдах, мэдээллийг саадгүй авах нөхцөл бүрдэнэ;

       4.1.2. төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо нэмэгдэж, төрийн байгууллагаас гарах аливаа шийдвэр нь тогтвортой хөгжлийн боловсролын асуудлаар харилцан уялдаатай хэрэгжих нөхцөл бүрдэнэ;

       4.1.3. бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хамт олон, иргэдийн оролцоо, дэмжлэг сайжирна;

       4.1.4. бүс нутаг, хувь хүний онцлогт нийцсэн, соёлын олон янз байдлыг хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах, амьдралын зөв дадал, зуршлыг бий болгож, буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлийг багасгах, үндэсний соёл уламжлалыг хүндэтгэх зэрэг асуудлаар нийгмийн ухамсар дээшилж, хэмнэлт, үр ашиг бүхий хэрэглээний соёл төлөвших үндэс суурь бүрдэнэ;  

       4.1.5. сургуулийн өмнөх насны болон сургуулийн насны хүүхэд байгаль орчноо хамгаалах, байгалийн нөөцийг хэмнэлттэй хэрэглэх, түүх соёлын өв, үндэсний зан заншлыг дээдлэх мэдлэг, боловсролтой болж, зөв дадал, эерэг хандлага бүхий иргэн болж төлөвших нөхцөл бүрдэнэ.

4.2. Хөтөлбөрийн эдийн засгийн үр нөлөө:

       4.2.1. иргэд өөрийн амьдрах орчноо сайжруулж, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмших, амьжиргаагаа дээшлүүлэх чадвартай болно;

       4.2.2. иргэд болзошгүй эрсдэл, агаар, орчны бохирдлоос өөрийгөө хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний үр нөлөөг бууруулах чадвар, эрүүл амьдралын дадал хэвшил нэмэгдсэнээр эрүүл мэндийн улмаас учрах эдийн засгийн хохирол буурна;

       4.2.3. иргэдийн тогтвортой хөгжлийн боловсрол дээшилснээр тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болж, үр ашиггүй зардал гаргахгүй болно;

       4.2.4. хүрээлэн буй орчныг хамгаалах, энх тайван, шударга ёсыг хүндэтгэн, уламжлалт ёс заншлыг сахин биелүүлэх иргэдийн ухамсар дээшилснээр гэмт хэрэг, зөрчил багасч, төсвийн үр ашиггүй зардал буурна.

4.3. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт:

Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхдээ иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдалд хийсэн судалгааг суурь үзүүлэлт болгон ашиглах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

Хөтөлбөрийн

зорилт

Шалгуур үзүүлэлт

Суурь түвшин

Хүрэх

түвшин

Хариуцах байгууллага

2017

2020

2022

 

1.

Зорилт-1.

Сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын бодлого, сургалтын хөтөлбөрийн агуулгыг байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл, аюулгүй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх чиглэлээр баяжуулж, шаардагдах хүний нөөцийн болон материаллаг баазыг бэхжүүлэх

Тогтвортой хөгжлийн боловсролын агуулга, арга зүй тусгагдах сургалтын хөтөлбөрийн тоо

 

143

 

148

 

155

 

БСШУСЯ

 

2.

Боловсролын салбарын хүний нөөцийн тогтвортой хөгжлийн боловсролын төрөлжсөн сургалтад хамрагдсан хувь

50

70

100

БСШУСЯ, БМДИ

 

3.

Олон улсын Эко сургууль хөтөлбөрт хамрагдах сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын байгууллагын тоо

255

350

450

БСШУСЯ,

БОАЖЯ

 

4.

Олон улсын “Ногоон” санаачилга үйл ажиллагааг нэвтрүүлэх дээд, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын тоо

-

5

10

БСШУСЯ,

БОАЖЯ

5.

“Эко”, “Ногоон” гэрчилгээ авах сургалтын байгууллагын тоо

45

60

80

БСШУСЯ,

БОАЖЯ

6.

Ногоон паспорттой сурагчдын эзлэх хувь

-

20

30

БСШУСЯ,

БОАЖЯ

7.

Зорилт-2.

Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний зарчмыг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад таниулж, үйл ажиллагаанд нь нэвтрүүлэхэд чиглэсэн бүх талын идэвхтэй оролцоог хангаж, үйл ажиллагааг уялдуулах

Зохион байгуулагдах сургалт, арга хэмжээний  тоо

6

6

8

БОАЖЯ,

БСШУСЯ

8.

ISO 14000 багц стандартын батламж авах байгууллагын тоо

11

16

22

БОАЖЯ

9.

Эко тэмдэг авах бүтээгдэхүүн, ногоон гэрчилгээ авах байгууллагын тоо

2

10

20

БОАЖЯ

10.

Нийт ажлын байранд ногоон ажлын байрны эзлэх хувь

9.9

15

20

ҮСХ,

ХНХЯ,

ХХААХҮЯ

11.

Зорилт-3.

Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсролыг тасралтгүй эзэмшүүлж, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэн тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хүргэх

Насан туршийн боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тогтвортой хөгжлийн боловсролын агуулга, арга зүй тусгагдах байдал, хувь

 

10

 

60

 

100

 

БСШУСЯ, НТБҮТ

12.

Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр бэлтгэгдэх насан туршийн боловсролын төвийн сургагч багшийн эзлэх хувь

42

80

100

БСШУСЯ,  НТБҮТ

13.

Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр тогтмол мэдээлэл бэлтгэх хэвлэл мэдээллийн байгууллага, хувь

 

3

 

 

6

 

10

БОАЖЯ,

БСШУСЯ,

ХMБ

14.

Тогтвортой хөгжлийн боловсролын төрөлжсөн сургалт, арга хэмжээнд хамрагдах сэтгүүлчдийн тоо

 

312

 

420

 

 

550

БОАЖЯ,

БСШУСЯ,

МХХ

15.

Зорилт-4.

Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх чиглэлээр бүх салбарын бодлого, хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулж, салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх

Салбаруудын хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тоо

 

2

 

4

 

5

 

БСШУСЯ, БОАЖЯ

Тав. Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр

5.1. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

        5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

        5.1.2. гадаад улс, олон улсын байгууллагын хандив, тусламж;

        5.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, хөрөнгө;

        5.1.4. бусад.

Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт


6.1. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Үндэсний дэд зөвлөл ажиллана. Үндэсний дэд зөвлөл нь Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дэргэд ажиллах бөгөөд дэд зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

6.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангана.

6.3. Төрийн захиргааны төв байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь салбарын, нутаг дэвсгэрийн болон байгууллагын хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн жилийн төлөвлөгөө, төсөвт тусгах замаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргах үүрэг хүлээнэ.

6.4. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

7.1. Төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг холбогдох журмын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

7.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь жил бүр холбогдох журмын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн үнэлгээг хийлгэх бөгөөд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

7.3. Хөтөлбөрийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль, журамд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.