“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн Удирдах хорооны цахим хурал зохион байгуулагдлаа

A- A A+
“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн Удирдах хорооны цахим хурал зохион байгуулагдлаа

Швейцарын хөгжлийн агентлаг, Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн Удирдах хорооны цахим хурал боллоо.      

Хурлаар төслийн үндэсний түшиц байгууллага-Боловсролын хүрээлэн болон орон нутгийн түвшинд төслийг хэрэгжүүлэгч БОМСТ-ийн 2020 оны хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа танилцуулж,  гол үр дүнгүүд болон сургамж анхаарах асуудлын талаар харилцан ярилцлаа.    

Мөн 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөв төлөвлөгөөг боловсруулж, төслийн удирдах хорооны гишүүдийн саналыг тусгаж, хэрэгжүүлэх санал зөвлөмжийг өгсөн юм.    

Үндэсний хэмжээнд зохион байгуулах томоохон үйл ажиллагааны нэг болох Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх “Хамтын санаачилга-түншлэл, хамтын ажиллагаа” цахим нэгдсэн арга хэмжээний онцлог, энэхүү үйл ажиллагааг орчин үеийн технологид суурилан, хамрах хүрээг өргөтгөн бүх түвшинд зохион байгуулахаар бэлтгэж байгаа талаар хурлын үеэр танилцууллаа.    

Удирдах хорооны дэд дарга БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар “2020 онд цар тахлын нөхцөл байдал”-тай холбоотой нэлээд ажил дараагийн жил рүү үргэлжлэн хийгдэхээр төлөвлөгдөж байгаа. Иймд энэ онд нэн шаардлагатай ажил руу төвлөрч ажиллах хэрэгтэйг хэлэв.   

“Төслийн хүрээнд боловсруулагдсан  гарын авлага болон  холбогдох баримт бичгүүдэд “Жендэрийн дүн шинжилгээ” хийлгэх хэрэгтэйг онцлон тэмдэглэж, уян хатан менежменттэй ажиллаж энэ онд товлосон зорилтоо хангаж ажиллах хэрэгтэй хэмээн Швейцарын хөгжлийн агентлагийн дэд дарга Бэнуа Мейэр-Биш хэмээлээ.

Цахим хуралд “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн Удирдах хорооны дарга, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Удирдах хорооны дэд дарга, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Швейцарын хөгжлийн агентлагийн дэд дарга Бэнуа Мейэр-Биш болон гишүүд, төслийн багийнхан оролцлоо.