Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр

A- A A+
Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр                                                                                                                                   Улаанбаатар хот

 

Дугаар 98

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.2, 10.3 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Монгол судлалын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.

3.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

4.Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв болон олон улсын байгууллага, гадаадын зээл тусламжид хамруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт үүрэг болгосугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                                         У.ХҮРЭЛСҮХ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД            Ц.ЦОГЗОЛМАА

 

Засгийн газрын 2018 оны 98 дугаар 
тогтоолын хавсралт

 

МОНГОЛ СУДЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

Соёл иргэншлийн хүчтэй өрсөлдөөн бүхий өнөөгийн ертөнцөд Монгол судлалыг олон улсын болон бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй сурталчлан таниулах, монгол судлалын үйл ажиллагааг идэвхижүүлэх таатай орчныг бүрдүүлэх, тогтвортой хөгжүүлэх бодлого чухлаар тавигдаж байна.

Монгол судлалын хамрах хүрээнд монголчуудын хэл, соёл, түүх, археологи, угсаатан судлал, нийгэм, эдийн засаг, улс төр, хууль эрхзүйн салбаруудыг хамруулан ойлгоно. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын нэр хүнд, байр суурийг өсгөх, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлал, монгол судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, дэлхийн монгол судлалын цөм байх тулгуур үндэс болно.

Монгол Улсын төрөөс монгол судлалыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд онцгойлон анхаарал хандуулан монгол судлалыг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Монгол судлалын үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулж байна. Мөн эх түүх, үндэсний соёлын өв санг өргөн хүрээнд судлах, нээн илрүүлэх, баталгаажуулах, судалгаа хийх, энэхүү ажилд гадаад орны эрдэмтдийг татан оролцуулах, тэдэнтэй нягт хамтран ажиллах, Монгол Улсад болон гадаад оронд монгол судлалыг хөхиүлэн дэмжих, монгол судлалыг ивээн тэтгэх замаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг идэвхжүүлэх, залуу судлаачдыг урамшуулах, тэдгээрийг бэлтгэх, чадавхижуулах, монгол судлалын үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэлхий дахинд сурталчлах зорилгоор Монгол судлалыг дэмжих сан байгуулж ажиллуулж байна.

Цаашид монгол судлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх, Монголын орчин үеийн нийгэм, улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн судалгааг өргөжүүлэх, энэ чиглэлд гадаадын судлаачдыг татан оролцуулах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хоёр. Үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1. Хөтөлбөрийн зорилго

Монгол судлалыг олон улсын болон бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх, сурталчлан таниулах, сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, монгол  судлалын үйл ажиллагааг идэвхижүүлэх таатай орчныг бүрдүүлэх, хэл, соёлын дархлааг бэхжүүлэхэд оршино.


2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна: 

Зорилт 1. Монгол судлалын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг сайжруулна.

Зорилт 2. Монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гадаад, дотоодын байгууллага, эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны орчин, нөхцөлийг сайжруулна.

Зорилт 3. Гадаад, дотоодын монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих замаар ахмад болон залуу эрдэмтэн, судлаачдын залгамж холбоог бэхжүүлнэ.

Зорилт 4. Эх түүх, үндэсний соёлын өвийг судлан үндэстний дархлааг бэхжүүлж, монгол судлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гадаад дотоодод сурталчлан түгээн дэлгэрүүлнэ.

2.3. Хөтөлбөр хэрэгжих хугацаа

Хөтөлбөрийг 2018-2021 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилтыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

3.1. Монгол судлалын чиглэлээр гүйцэтгэх судалгааны ажлын чанарыг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       3.1.1. Монгол судлалын чиглэлээр туурвих суурь судалгааны бүтээлийн хамрах хүрээ, сэдвийг өргөжүүлж, чанарыг дээшлүүлэх;

       3.1.2. Монгол судлалын эрдэм шинжилгээний сэтгүүл, цувралын агуулга, хэвлэлтийг олон улсын жишигт хүргэх;

       3.1.3. олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн монгол судлалын шилдэг бүтээлүүдийг орчуулах, хэвлэн нийтлэх ажлыг дэмжих, олон нийтийн хүртээл болгох;

     3.1.4. гадаад, дотоодод хадгалагдаж байгаа монголын түүх, соёлд холбогдох судалгааны ховор хэрэглэгдэхүүн, баримт сурвалжийг олж илрүүлэх, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах.

3.2. Монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гадаад, дотоодын байгууллага, эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны орчин, нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1. Монголч эрдэмтдийн хамтын ажиллагааг дэмжин нэгтгэн зохицуулах, мэдээллээр хангах, монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий байгууллагын тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг дэмжих;

3.2.2. Монгол судлалын эрдэмтэн солилцооны хөтөлбөр, хамтарсан төслийн чанар, тоо хэмжээг өсгөх, монгол судлаачдын тоог нэмэгдүүлж, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх;

3.2.3. Ази, Европ, Хойд Америк болон бусад газарт зохион байгуулагдах  монгол судлалын бүсчилсэн бага хурлын тоог нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэн зохион байгуулах;

3.2.4. олон улсын монголч эрдэмтдийн ээлжит их хурлын цар хүрээг өргөтгөх, монгол судлалын эрдэм шинжилгээний хурлуудыг тогтмол зохион байгуулах;

3.2.5. Монгол судлалын эрдэм шинжилгээний уншлагын танхим бий болгож, судалгааны таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, цахим мэдээллийн санг тогтмол баяжуулах.

3.3. Гадаад, дотоодын монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих замаар ахмад болон залуу эрдэмтэн, судлаачдын залгамж холбоог бэхжүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1. Гадаад дахь монгол судлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх, шинэ төв байгуулахад дэмжлэг үзүүлэх;

3.3.2. Монгол Улсын монгол судлалын тэргүүлэх төвүүдийг өргөжүүлж, үйл ажиллагааг дэмжих;

3.3.3. олон улсын залуу монгол судлаачдын зуны сургалтыг тогтмол зохион байгуулах;

3.3.4. Монгол Улсын их дээд сургуулиудын магистрантур, докторантурт гадаадын монгол судлаачдыг тэтгэлгээр суралцуулах;

3.3.5. залуу судлаачдыг монгол судлалын төвүүдэд солилцоогоор суралцуулах, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг дэмжих;

3.3.6. оюутны олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг тогтмол зохион байгуулах.

3.4. Эх түүх, үндэсний соёлын өвийг судлан үндэстний дархлааг бэхжүүлж, монгол судлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гадаад дотоодод сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1. Монголын байгалийн унаган төрх, уламжлалт зан үйл, аж төрөх ёс, соёл, сэтгэлгээний өвөрмөц онцлогийг сурталчилж, өсвөр үед өвлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах;

3.4.2. эх орон, үндэстнийхээ түүх, хэл, соёлоо бахархан дээдлэх үзлийг залуу үеийнхэнд төлөвшүүлэх сургалт, тойрон аялал зохион байгуулах;
 
3.4.3. Монгол судлалын мэдээллийн цахим сан бүрдүүлж, тогтмол баяжуулж, мэдээлэх;

3.4.4. гадаадын оюутнуудын дунд монгол хэл, түүхийн олон улсын олимпиад зохион байгуулах;

3.4.5. Монгол судлалын талаарх төрийн бодлого, гадаад, дотоод дахь монгол судлалын төв, эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний бүтээлийг олон нийтэд сурталчлах;

3.4.6. Монгол судлалын шилдэг бүтээлийг нээлттэй сонгон шалгаруулах, дэмжих, шилдэг монгол судлаачийг урамшуулах тогтолцоог бий болгох;

3.4.7. гадаад, дотоодод монгол үндэстний биет болон биет бус соёлын өвийг сурталчилж, дэлхийн нэр хүндтэй музей, төвүүдэд монголын түүх, соёлын үзэсгэлэн зохион байгуулах.

  Дөрөв. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт

         Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэх бөгөөд 2017 оны мэдээллийг суурь түвшин болгон ашиглана:

Хөтөлбөрийн

зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих  нэгж

Суурь түвшин

Хүрэх түвшин

Мэдээлэл нэгтгэх

байгууллага

Хэрэгжүүлэх байгууллага

2017

2021

 

 

 

 

Зорилт 1

Суурь судалгааны бүтээл

тоо

11

20

 

 

 

 

 

 

 

 

 

БСШУЯ

 

 

 

 

 

 

 

БСШУСЯ,

Олон улсын Монгол судлалын холбоо, ШУА,

Их дээд сургууль болон дотоод гадаадын сонгогдсон байгууллага, төвүүд

Олон улсын жишигт хүрсэн эрдэм шинжилгээний сэтгүүл

тоо

-

6

Орчуулгын бүтээл

тоо

4

16

Ховор хэрэглэгдэхүүн, баримт сурвалжийг судалгааны эргэлтэд оруулсан байдал

тоо

6

18

Зорилт 2

 

Байгууллагуудын монгол судлалын үйл ажиллагаа өргөжсөн байдал

хувь

25

60

Солилцооны хөтөлбөр, хэрэгжүүлсэн төсөл

тоо

2

11

Бүсчилсэн бага хурал

тоо

2

10

Монгол судлалын уншлагын танхим

хувь

10

80

Зорилт 3

Гадаад дахь монгол судлалын төвүүд

тоо

22

36

Дотоодын төвүүдийн үйл ажиллагааг дэмжсэн байдал

хувь

30

60

Зуны сургуульд оролцогч орон, судлаач

тоо

15/68

20/90

Тэтгэлгээр суралцагч

тоо

-

12

Оюутны эрдэм шинжилгээний бага хурал, оролцогч

тоо

-

3/120

Зорилт 4

Монголын байгалийн унаган төрх, уламжлалт зан үйл, аж төрөх ёс, соёл сэтгэлгээний өвөрмөц онцлогийг сурталчилж, өсвөр үед өвлүүлэх үйл ажиллагааг дэмжсэн байдал

хувь

-

50

Сургалт, тойрон аялал, оролцогч

тоо

-

4/240

Нэгдсэн сангийн мэдээллийн багтаамж, баяжуулалт

хувь

40

80

Олон улсын олимпиад, оролцогч

тоо

-

3/90

Монгол судлалыг сурталчилсан байдал

хувь

30

70

Дэлхийн нэр хүнд бүхий музей, судалгааны төв дээр зохион байгуулсан үзэсгэлэн

 

тоо

 

1

 

10

Тав. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ

         5.1. Хөтөлбөрийн үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг Монгол судлалын үндэсний зөвлөл гүйцэтгэнэ.

         5.2. Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Монгол судлалын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн Засгийн газарт танилцуулна.

         5.3. Явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль, журамд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Зургаа. Үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны санхүүжилт

        6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

6.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

6.1.2. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж;

6.1.3. төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив;

6.1.4. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.