Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого

A- A A+
Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр                                                                                                                                          Улаанбаатар хот

 

Дугаар 233

ТӨРӨӨС ИННОВАЦИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4, 8.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.

3. “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад, дотоодын болон олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                             У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд                            Ц.ЦОГЗОЛМАА

 

Засгийн газрын 2018 оны 233 дугаар
       тогтоолын хавсралт

 

ТӨРӨӨС ИННОВАЦИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО


Нэг. Нийтлэг үндэслэл

Дэлхийн ихэнх улс шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан мэдлэгийн эдийн засаг, дэвшилтэт болон өндөр технологийг хөгжүүлэх, хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэх замаар хөгжлийн бодлогоо тодорхойлж, эдийн засгийн төрөлжилтийг бий болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж байна. 

Монгол Улс инновацийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилгоор     2007 онд Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр, 2010 онд Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, 2012 онд Инновацийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж ирсэн.

Инновацийн тухай хуулийн 6.1.1, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.29-д Инновацийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулан гаргахаар заасны дагуу инновацийг хөгжүүлэх үндсэн зорилго, зорилт, үйл ажиллагааны гол чиглэлийг тодорхойлсон “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого” (цаашид “бодлого” гэх)-ыг боловсрууллаа.

Бодлого нь шинжлэх ухаан, технологи, дээд боловсрол, өндөр технологийн аж үйлдвэр, соёлын бүтээлч үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, эрдэс баялаг, эрчим хүч, ногоон хөгжлийн болон оюуны өмчийн бодлого, банк санхүү, гааль, татварын бодлоготой нягт уялдаатай хэрэгжинэ.

Бодлогын баримт бичигт аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт эдийн засгийн төрөлжилтийг бий болгох, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, гарааны компанийг дэмжих, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлэх замаар үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх арга замыг тусгасан болно.

Бодлогын хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан гарааны бизнес, инновацийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дундын ашиглалтын дэд бүтцийг бий болгох, өндөр технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, чанар, хүртээмжийг дээшлүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, инновацийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн тусгай сангуудыг байгуулах, санхүү, хөрөнгө оруулалтаар дэмжих, урамшуулах, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, харилцан туршилга солилцох, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, төрийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүргэхэд чиглэсэн инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгалаа.  

Хоёр. Бодлогын зорилго, зорилт

2.1. Эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт инновацийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн төрөлжилт, өрсөлдөх чадварыг бий болгоход бодлогын зорилго оршино.

2.2. Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:

      2.2.1. судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг эдийн засгийн  эргэлтэд оруулах замаар эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх;

       2.2.2. аж үйлдвэрийн тэргүүлэх салбарын өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, гарааны компанийг дэмжих замаар аж ахуйн нэгжийн инновацийг хөгжүүлэх;

      2.2.3. дэвшилтэт технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх замаар нийгмийн инновацийг хөгжүүлэх;

      2.2.4. орчин үеийн аж үйлдвэр, өндөр технологийн салбарт байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай технологийг хөгжүүлэх.

Гурав. Бодлогыг хэрэгжүүлэх үе шат

3.1. Бодлогыг 2018-2025 онд дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

      3.1.1. нэгдүгээр үе шат /2018-2021 он/-нд эдийн засгийн тэргүүлэх салбарт инновацийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны бизнест хөрөнгө оруулалт хийх, дэмжих, урамшуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ; 

      3.1.2. хоёрдугаар үе шат /2022-2025 он/-нд аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эдийн засгийн төрөлжилтийг бий болгох нөхцөл бүрдүүлнэ.  

Дөрөв. Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

  4.1. Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг эдийн засгийн  эргэлтэд оруулах замаар эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд:
 
       4.1.1. их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд түшиглэсэн инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий үндэсний зөвлөл байгуулж ажиллуулах;

       4.1.2. инновацийн үйл ажиллагааг дэмжих, гарааны бизнест хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн тусгай зориулалтын хөрөнгө оруулалтын сан (Венч, Эндаумент сан гэх мэт)-г байгуулах, ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

                  4.1.3. их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд судалгаа боловсруулалтын ажил, дэвшилтэт болон шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, нэвтрүүлэх, нутагшуулах зорилгоор дотоод, гадаадын хандив, тусламж, хөрөнгө оруулалт авах, захиран зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

                   4.1.4. оюуны өмчийн үнэлгээ хийх, ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

                   4.1.5. шинэ мэдлэг, технологи, оюуны бүтээлийг зах зээлд нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттай  хэрэгжүүлэх;

                   4.1.6. гарааны бизнес эрхлэгчид, энтерпренёр, шинийг санаачлагч, оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчдийг бэлтгэх, давтан сургах, чадавхжуулахад чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

4.2. Аж үйлдвэрийн тэргүүлэх салбарын өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, гарааны компанийг дэмжих замаар аж ахуйн нэгжийн инновацийг хөгжүүлэх зорилтын хүрээнд:

       4.2.1. өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн бизнесийг хууль эрх зүй, татвар, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих;

       4.2.2. инновацийн тэргүүлэх чиглэлийг тогтоож, түүний хүрээнд шинэ үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон, гадаадын дэвшилтэт технологи нэвтрүүлэн нутагшуулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих;

       4.2.3. аж үйлдвэрийн салбарт инновацийн экосистемийг бүрдүүлж, экспортын брэнд бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх;
 
       4.2.4. инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг төрийн худалдан авалтаар дэмжих;
 
       4.2.5. инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, өндөр технологийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийсэн, нутагшуулсан аж ахуйн нэгжийг татвар, зээлийн бодлогоор дэмжих;
 
       4.2.6. гарааны компанийн оюуны өмчийг эзэмших, ашиглах, худалдах, худалдан авах, лицензийн гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх;
      
       4.2.7. гарааны компани, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаа, дэд бүтэц, хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох.

4.3. дэвшилтэт технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх замаар нийгмийн инновацийг хөгжүүлэх зорилтын хүрээнд:
    
        4.3.1. тоон технологийг ашиглан төрийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэхэд чиглэсэн инновацийн үйл ажиллагааг төр, иргэн, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх;

       4.3.2. дэвшилтэт технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх замаар нийгмийн инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн болон хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжих;

      4.3.3. аж ахуйн нэгж, олон нийтэд инноваци, энтерпренёршипийн боловсрол олгох, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн төрөл бүрийн контент бүтээх ажлыг дэмжих;

      4.3.4. дээд боловсролын сургалтын хөтөлбөрт оюуны өмч, инновацийн тухай мэдлэг олгох сургалтын агуулгыг нэмэгдүүлэх;

      4.3.5. инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, төлөвшүүлэх мэргэжлийн болон тоон инновацийн зангилаа төвд сургалт, зөвлөх үйлчилгээ, зорилтот арга хэмжээг зохион байгуулах замаар чадварлаг, бүтээлч хүний нөөцийг бэлтгэх;
   
      4.3.6. зайн сургалтаар орон нутгийн иргэдэд инновацийн талаар мэдлэг олгох, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг үе шаттай, тогтмол зохион байгуулах.

4.4. Орчин үеийн аж үйлдвэр, өндөр технологийн салбарт  байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай технологийг хөгжүүлэх зорилтын хүрээнд:
 
       4.4.1. төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан инновацийн үйлдвэрлэл технологийн дэд бүтэц (технологийн инкубатор, туршилтын үйлдвэр, технологи дамжуулах төв, бизнес-инкубатор, гарааны компани, шинжлэх ухааны болон өндөр технологийн парк, тоон технологийн зангилаа төв, хамтын оффисууд гэх мэт)-ийг байгуулах, түүнд хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
 
      4.4.2. төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан орчин үеийн аж үйлдвэр, технологийн дэвшлийн тэргүүлэх чиглэлээр бизнес эрхлэх, гарааны компани байгуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх ажлыг бодлогоор дэмжиж, тогтворжуулах;

       4.4.3. орчин үеийн өндөр технологийн салбарыг хөгжүүлэх инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих;

       4.4.4. мэргэжлийн болон дээд боловсролын түвшинд аж үйлдвэр, дэвшилтэт болон тоон технологийн салбарт мэргэшиж байгаа суралцагчдыг тухайн салбарын аж ахуй нэгжид дадлагажуулах, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах;
 
       4.4.5. гадаадад ажиллаж, амьдарч байгаа өндөр технологийн салбарт мэргэшсэн чадварлаг монгол иргэдийг эх орондоо, гадаад мэргэжилтнийг Монгол Улсад ажиллаж, амьдрах эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх;

       4.4.6. үйлдвэрлэл, инновацийн тэргүүлэх чиглэлээр мэргэшсэн инженер технологийн ажилтнуудыг үе шаттай, залгамж чанартайгаар бэлтгэх сургалтын тогтолцоог хөгжүүлж, гадаадад мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Тав. Бодлогын үр нөлөө, шалгуур үзүүлэлт

5.1. Бодлогыг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засгийн хөгжилд болон байгаль орчинд дараах үр нөлөөг үзүүлнэ:

      5.1.1. аж үйлдвэрийн салбарт бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн чанар, хүртээмж, нэр төрөл нэмэгдсэнээр эдийн засгийн чадавх, үр ашиг дээшилнэ;
      5.1.2. төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан шинэ болон гарааны бизнесийг тусгай зориулалтын сангаар дамжуулан дэмжих, урамшуулах нөхцөл бүрдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ;

      5.1.3. эдийн засгийн болон аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хэмжээ өснө;

      5.1.4. их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага инновацийн үйл ажиллагааны орлогоо захиран зарцуулах, үр ашгийг хүртэх боломж бүрдсэнээр эдийн засгийн чадамж дээшилнэ;

      5.1.5. өндөр технологи, аж үйлдвэрийн салбарт эдийн засгийн өндөр үр ашиг, хэмнэлт бүхий дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулах нөхцөл бүрдэнэ; 

      5.1.6. үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарууд хөгжсөнөөр хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөх чадвар дээшилнэ;

      5.1.7. тусгай зориулалтын сангууд байгуулагдаж, гааль, татвар, зээлийн бодлогоор дэмжсэнээр инновацийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмж дээшилнэ;

      5.1.8. инновацийг хөгжүүлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэд бүтэц байгуулах, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх зэргээр төрийн үйлчилгээг иргэд шуурхай хүртэх боломж бүрдэнэ;

      5.1.9. инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн танин мэдэхүйн төрөл бүрийн контент бий болсноор нийгэмд инновацийн соёл төлөвшинө;

      5.1.10. инкубатор төв, хамтын оффисуудад сургалт, зөвлөх үйлчилгээ, зорилтот арга хэмжээг зохион байгуулснаар хүний нөөцийн чадавх бэхжинэ;   

      5.1.11. өндөр технологийн салбаруудыг хөгжүүлснээр эдийн засаг, хөрөнгө оруулалт сайжирч, иргэдийн амьдралын чанар дээшилнэ; 

      5.1.12. байгаль орчинд ээлтэй технологи, тоног төхөөрөмж бүхий инновацийн дэд бүтэц бүрдэнэ; 

      5.1.13. байгальд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэнэ;

      5.1.14. аж үйлдвэрийн салбарт ногоон технологийн хэрэглээ өснө; 

      5.1.15. эко үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ өснө.

5.2. Инновацийн салбарын хөгжлийн түвшинг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

Д/д

Бодлогын зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

Зорилтот түвшин

Он

Үзүүлэлт

Он

Үзүү-лэлт

1.

1.Судалгаа, боловсруулалтын үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг эдийн засгийн  эргэлтэд оруулах замаар эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх;

Тусгай зориулалтын сангаар дамжуулан гарааны бизнест оруулсан  хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо

тоо

2018

0

2021

5

2.

Хуульд заасан хөнгөлөлт эдэлсэн гарааны компанийн тоо

тоо

2018

6

2021-2025

36

3.

Эдийн засгийн эргэлтэд оруулсан оюуны өмчийн тоо

тоо

2018

2

 2021-2025

10

4.

Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар бий болсон инновацийн бүтээгдэхүүн үйлчилгээ, өндөр технологийн үйлдвэрлэлийн тоо

тоо

2018

5

2025

15

5.

Дээд боловсролын түвшний  нийт суралцагчдын дотор энтрепренершип, бизнесийн сургалтын хөтөлбөрт хамрагдсан суралцагчдын эзлэх хувь

хувь

2018

0

2025

0.5

6.

2. Аж үйлдвэрийн тэргүүлэх салбарын өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, гарааны компанийг дэмжих замаар аж ахуйн нэгжийн инновацийг хөгжүүлэх;

Инновацийн бүтээгдэхүүнээ экспортолж буй компанийн тоо

тоо

2018

3

2020-2025

10

7.

Экспортолсон  инновацийн бүтээгдэхүүний эзлэх хувь

хувь

2018

0

2021-2025

1

8.

Төрөөс аж ахуйн нэгжид олгосон хөнгөлөлт, дэмжлэгийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмж

хувь

2018

0.1

2021 

0.5

9.

Улсын төсвийн санхүүжилтээр худалдан авсан инновацийн бүтээгдэхүүн үйлчилгээний эзлэх хувь

хувь

2018

0

 2021-2025

10

10.

Үндэсний, бүс, орон нутгийн түвшний үйлдвэрлэл, бизнесийн байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад ажиллаж буй нийт судлаачдын дотор хувийн хэвшлийн судлаачдын эзлэх хувь

хувь

2018

0

2020-2025

1

11.

3. Дэвшилтэт технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх замаар нийгмийн инновацийг хөгжүүлэх;

Төрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн тоон технологийн  бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж

тоо

2018

0

2021

15

12.

Аж ахуйн нэгжийн санхүүжилтээр хийгдсэн инновацийн үйл ажиллагаа/судалгаа, боловсруулалтын ажлын эзлэх хувь

хувь

2018

10

2020-2025

25

13.

4. Орчин үеийн аж үйлдвэр, өндөр технологийн салбарт  байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай технологийг хөгжүүлэх;

Улсын төсвийн санхүүжилтээр бий болсон/хөгжүүлсэн өндөр технологийн салбарын эзлэх хувь

хувь

2018

0

2025

2.5

14.

Улсын төсвийн хөрөнгөөр байгуулагдсан инновацийн дэд бүтэц (шинжлэх ухааны парк, инновацийн төв, технологийн инкубатор гэх мэт)-ийн тоо

тоо

2018

0

2025

12

15.

“Биг дата (Big Data)”, “Юмсын интернет(Things internet)”, “Хиймэл оюун”, “Ухаалаг үйлдвэрлэл”, бизнес, шинэ технологийг хөгжүүлсэн аж ахуйн нэгжийн тоо

тоо

2018

 -

2025

25

16.

Нийт судлаачдын дотор өндөр технологи, аж үйлдвэрийн салбарт гадаадаас ирж ажиллаж буй гадаад эрдэмтэн, инженерүүдийн эзлэх хувь

хувь

2018

2020-2025

0.25

17.

Нийт судлаачдын дотор өндөр технологи, аж үйлдвэрийн салбарт гадаадаас ирж ажиллаж буй Монгол эрдэмтэн, инженерүүдийн эзлэх хувь

хувь

2018

 -

2020-2025

1

Зургаа. Бодлогыг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр

6.1. Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, хөтөлбөрүүдийг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

      6.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

      6.1.2. гадаадын зээл, тусламж;

      6.1.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

      6.1.4. Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас;

      6.1.5. концессын гэрээ;

      6.1.6. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

Долоо. Удирдлага, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ

7.1. Инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бодлогын хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах ажлыг зохион байгуулна.

7.2. Бодлогыг хэрэгжүүлэх үе шат бүрт хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дөрвөн жил тутам хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулан, тайлан тус бүрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

 

--оОо--