Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

A- A A+
Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                                              Улаанбаатар хот

 

Дугаар 95

ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Инновацийн тухай хуулийн 6.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл (2020-2025 он)”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус үүрэг болгосугай.

3. Тэргүүлэх чиглэлд тусгагдсан инновацийн үйл ажиллагааны арга хэмжээг өөрсдийн үйл ажиллагааны жил бүрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган, тухайн арга хэмжээнд батлагдсан төсөвт эх үүсвэрийн дүнд багтаан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын холбогдох агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                        У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд                       Ё.БААТАРБИЛЭГ

 

 

 

Засгийн газрын 2020 оны 95 дугаар тогтоолын хавсралт

 

ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

(2020-2025 он)

Тэргүүлэх чиглэл

Тэргүүлэх чиглэлийн технологи

Үндсэн шинж чанар, агуулга

Үр дүнд хүрэх төсөөлөл,

үр нөлөө

1.

Мэдээллийн технологи

 

-Хиймэл оюун хөгжүүлэх, хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Хүн, амьтны байгалийн оюун ухааныг мэдээллийн технологийн тусламжаар дуурайлган хийсэн оюун ухааны програм тооцоолол.

·  Төрөөс ложистик, тээвэр холбоо, хууль зүйн тусламж, үйлчилгээ, санхүүгийн ухаалаг үйлчилгээний чиглэлээр ажиллах хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн үндэсний компаниудыг бий болгох, тэдэнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, гадаадад ажиллаж байгаа өндөр ур чадвартай ажиллах хүчнийг тусгайлсан бодлогоор дэмжих замаар хиймэл оюуныг хөгжүүлэх, тэдгээрт суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ.  

·  Засгийн газар үндэсний компаниудад захиалга өгөх, бүтээгдэхүүнийг худалдан авах дэмжлэгийг үзүүлснээр хиймэл оюун хөгжүүлэлтийн үндэсний компаниуд, бүтээгдэхүүн үйлчилгээ богино хугацаанд хөгжиж, эдийн засгийн үр ашгийг иргэд, олон нийт хүртэх боломжтой.  

-Их өгөгдлийн боловсруулалт, хамгаалалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт

Том, олон төрлийн, хувилбар бүхий их хэмжээний мэдээлэл, өгөгдлийн багцыг хадгалах,  өгөгдлийн шинжилгээ, хайлт хийх, хуваалцах, дамжуулах, дүрслэх,  шинэчлэх, мэдээллийн нууцлал, эх сурвалжуудыг дэвшилтэт мэдээллийн анализийн аргаар харьцуулсны үндсэн дээр илүү үнэ цэнэтэй, тодорхой мэдээллийн эх сурвалжийг тодорхойлж, оновчтой шийдэл боловсруулах арга, технологи. 

·  Засгийн газар, бизнесийн байгууллагууд их тоон өгөгдөл, статистик мэдээлэлд шинжилгээ хийж, үр дүнг ашиглан оновчтой шийдэлд хүрч, бизнесийн үргүй цаг хугацааг хэмнэж, санхүүгийн үр ашиг дээшилнэ. 

·  Их өгөгдлийн шинжилгээг ашигласнаар эдийн засгийн төлөвлөлт, шийдвэр гаргалт, хот төлөвлөлт, байгуулалтын тулгамдсан асуудал, сорилтуудыг даван туулах, эрүүл мэнд, боловсролын зохистой системийг хөгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийн  жишиг тогтоно.

2.

Шинэ материалын

технологи

 

-Арьс шир, ноос, ноолуур гүн боловсруулах

Бизнес үйлдвэрлэлд хэрэгцээтэй, давуу байдлыг бий болгох чиглэлээр ноос, ноолуур, арьс ширний физик, химийн шинж чанарыг өөрчлөн сайжруулж, хөнгөн үйлдвэрийн шинэ болон сайжруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн дэвшилтэт арга технологи.

 

·  Эх орны түүхий эдийг бүрэн ашиглаж боловсруулсан бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлж, улмаар шинэ зах зээлд өрсөлдөх боломжийг бүрдүүлж, ДНБ-ийг нэмэгдүүлнэ. 

·  Экспортод гаргах ноос, ноолуур, арьс ширний бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадвар сайжирч, нэмүү өртөг шингээлт нэмэгдэнэ.

-Дулааны материал үйлдвэрлэл

Барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх зориулалт бүхий хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дулаан дамжуулалт багатай материал үйлдвэрлэх арга технологи.

·  Эрчим хүчний хэмнэлтийг бий болгож, хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ.

· Эх орны байгалийн түүхий эд болох базальт, мал аж ахуйгаас гарах ноос зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан хямд төсөр, чанартай дулаалгын материалыг боловсруулах, хөгжүүлэх боломж бүрдэнэ. 

-Шинэ түлшний материал

 

Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан, зах зээлийн хэрэгцээг тогтвортой хангах, эрчим хүчний найдвартай байдлыг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байх шинэ түлшний материалыг гарган авах арга технологи.

·  Байгаль орчинд ээлтэй шинэ түлшний материал нь Улаанбаатар хот, төвлөрсөн хот суурин газрын агаар, хөрс, ус зэрэг орчны бохирдлыг бууруулах эерэг нөлөөг үзүүлнэ.

·  Дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болсон хийн түлшний технологи нь эрчим хүчний цэвэр, үр ашигтай шинэ эх үүсвэр болно.

3.

Биотехнологи/

үйлдвэрлэлийн технологи

-Хөдөө аж ахуйн болон байгалийн түүхий эдийг орчин үеийн биотехнологийн аргаар хүнс, хүний эм, вакцин, биобэлдмэл хийх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Байгалийн болон техникийн ухааны уулзвар дээр үүссэн салбар дундын судалгаа, үйлдвэрлэлийн хосолмол чиглэл.

Монгол орны уламжлалт мал аж ахуй болон унаган байгаль орчинд байгаа биологийн нөөцийг ашиглан шинэ бүтээгдэхүүн, бодис биологийн идэвхт нэмэлт бодис гарган авах арга технологи. 

·  Эх орны түүхий эд, эмийн ургамал болон биологийн үнэт материалыг ашиглан одоогоор импортоор зонхилон авч байгаа хүнс, хүний эм урвалж, вакцины дотоодын хэрэгцээг тэргүүн ээлжинд дотоодоосоо хангах боломжтой.

·  Биологийн үнэт чанар өндөр, өвөрмөц онцлог үйлчилгээтэй эх орны байгалийн түүхий эдийг ашиглан шинэ эмийн бүтээгдэхүүн, биобэлдмэл үйлдвэрлэх экспортлох боломж бүрдэнэ.

-Малын эм урвалж, вакцин, ургамал хамгаалах бэлдмэл хийх

 

Амьд биетийн уураг, удамшлын мэдээллийн молекулын түвшний оношилгоо шинжилгээ, туршилтын  арга технологийг ашиглан уураг, энзим фермент, биологийн идэвхт нэмэлт бодисуудыг ялган авч мал аж ахуйд зориулсан вакцин, оношлуур, эм урвалжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга технологи.

·  Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарц, ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрүүл монгол малыг бий болгоно.

· Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, манай орны  экспортыг нэмэгдүүлэх бололцоо бүрдэнэ.

4.

Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи

-Эрчим хүчийг хуримтлуулах технологи

Эрчим хүчний системийг үр ашигтай болгох, хэрэглэгчийг найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор эрчим хүчийг хуримтлуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, тэдгээрийн үр ашгийг дээшлүүлэх арга технологи.  

·  Эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой байдлыг бий болгоно.

·  Монгол Улсын ялангуяа баруун бүсийн эрчим хүчний хамаарал, хараат байдлыг бууруулах боломжтой болно.

·  Эрчим хүчийг үйлдвэрлэх үйл ажиллагааны зардлыг бууруулж, үр ашигтай болгоно.

-Эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт технологид суурилсан барилга байгууламж

Эрчим хүчний хэмнэлт бүхий барилга байгууламжийг байгуулах, эрчим хүчний зохистой, ухаалаг хэрэглээг бий болгох тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх арга технологи.  

·  Улаанбаатар хот, төвлөрсөн хот суурин газрын барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох үр нөлөөг авчирна.

·  Эрчим хүчний системийн ачааллыг бууруулснаар найдвартай, тогтвортой үйл ажиллагааг бий болгоно.

· Эрчим хүчний хэмнэлттэй технологийг нэвтрүүлснээр хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд учруулах эрсдэлийг багасгана.

5.

Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл

-Дижитал технологид суурилсан контент, соёлын үйлчилгээ (үндэсний түүх, өв соёл, уламжлалд түшиглэсэн үндэсний онцлог бүхий 3D контент, кино)

Монгол орны үзэсгэлэнт байгаль, үндэсний түүх соёлын өв, уламжлалт мэдлэгийг ашиглан соёлын аж үйлдвэрийг бий болгох, түүнд тулгуурласан бизнесийн, танин мэдэхүйн бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох арга технологи.

·  Манай орны өвөрмөц түүх соёл, өвтэй танилцах, судлах сонирхолтой улс орон, иргэдэд чиглэсэн соёлын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, контентийг бий болгож дэлхийн болон бүс нутгийн зах зээлд борлуулах боломжтой.

· Байгалийн болон соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ДНБ-ний хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, шинэ ажлын байрыг бий болгох боломж бүрдэнэ.

-Ухаалаг технологид суурилсан төрийн болон бизнесийн  бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт

Төрийн болон бизнесийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй, шат дамжлагагүй, хүнд сурталгүй хүргэх ухаалаг технологийг нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх арга технологи.

·  Иргэд, хэрэглэгчдийн цаг хугацаа, мөнгө хөрөнгийг хэмнэсэн үйлдвэрлэл, үйлчилгээний тоо нэмэгдэнэ.

·  Мэдээллийн болон ухаалаг технологийг ашиглан статистик, тоон өгөгдөлд суурилсан судалгаа боловсруулалтыг хийх, тэдгээрт тулгуурлан үндэслэл тооцоо бүхий бодлого, шийдвэрийг боловсруулах үр дүнтэй.

·  Төрийн болон бизнесийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх эерэг нөлөө, хандлага бий болно.