Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр

A- A A+
Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр                                                                                                                              Улаанбаатар хот

 

Дугаар 33

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Инновацийн тухай хуулийн 6.1.4, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай.

3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын болон олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын        2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 306 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                       У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд                       Ё.БААТАРБИЛЭГ

 

Засгийн газрын 2020 оны 33 дугаар
    тогтоолын хавсралт

 

ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ТОГТОЛЦООГ
ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

Засгийн газрын 2007 оны 306 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр Монгол улсад инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулах эрх зүйн орчин бүрэн төлөвшөөгүй, мэдлэг, технологи дамжуулах инновацийн дэд бүтэц сул, инновацийн тэргүүлэх чиглэлд судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг хэрэглэх үйл ажиллагаа хангалтгүй, төр-эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизм тодорхойгүй, ялангуяа төрөөс үзүүлэх дэмжлэг хангалтгүй гэж дүгнэсэн.

Мөн Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийн макро эдийн засаг, салбарын хөгжлийн зорилтод хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэр, түүний дотор хөнгөн, хүнс, барилгын материал, зэс боловсруулах, нүүрс, нефть хими, хар төмөрлөгийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, уул уурхайн олборлох салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч, эрчим хүч, дэд бүтцийн салбарыг тэргүүн ээлжинд хөгжүүлэхээр заасан. 

Дээр дурдсан үндэслэлээр эдийн засгийн төрөлжилтийг бий болгох, ДНБ-ийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд нэмүү өртөг шингээн, экспортын хэмжээг өсгөхөд чиглүүлэх, инновацийн үйл ажиллагааг дэмжсэн үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг үргэлжлүүлж, бодитойгоор хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байна.

Иймд үндэсний инновацийн тогтолцооны суурь болон дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, инновацийн тэргүүлэх салбар, чиглэл болон нийгмийн үйлчилгээнд инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд тус үндэсний хөтөлбөрийг боловсруулав. 

Үндэсний хөтөлбөр нь Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого, Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр болон бусад салбарын тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, эрдэс баялаг, эрчим хүч, соёлын бүтээлч үйлдвэрлэл, ногоон хөгжлийн талаар төрөөс баримталж буй бодлоготой нягт уялдан хэрэгжинэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өрсөлдөх чадвар бүхий мэдлэг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээ нэмэгдэж, инновацийн гарааны бизнес эрхлэгчдийн тоо өсөх эерэг үр дүн гарна.


Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа


            2.1. Эдийн засаг, нийгмийн тэргүүлэх салбарт үндэсний инновацийн тогтолцооны суурь болон дэд бүтцийг хөгжүүлэх, инновацийн тэргүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи, судалгаа хөгжүүлэлтийг бий болгоход хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Үндэсний хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

        2.2.1. үндэсний инновацийн тогтолцооны суурь болон дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах;

        2.2.2. инновацийн тэргүүлэх салбар, чиглэл болон нийгмийн үйлчилгээнд инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх;

        2.2.3. шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх.

2.3. Үндэсний хөтөлбөрийг  2020-2024 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Үндэсний инновацийн тогтолцооны суурь болон дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

        3.1.1. Шинжлэх ухааны паркийн эрх зүйн орчныг бүрдүүлэх;

        3.1.2. төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шинжлэх ухааны парк, инновацийн төвүүдийг байгуулах;

        3.1.3. Судалгааны их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит үйлдвэрийн газрыг түшиглэн нээлттэй судалгааны төв, лабораторийг байгуулах;

        3.1.4. шинжлэх ухаан, технологи, инновацийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хүний нөөцийг нарийн мэргэшүүлэх, туршлага солилцуулах, давтан сургах арга хэмжээг хэрэгжүүлэх.

3.2. Инновацийн тэргүүлэх салбар, чиглэл болон нийгмийн үйлчилгээнд инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

        3.2.1. инновацийн тэргүүлэх салбар, чиглэл, экспортын гол нэр төрлийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, улс орны нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацийн үйл ажиллагаанд холбогдох суурь болон технологи, инновацийн судалгааг төрөөс дэмжих;

       3.2.2. төрийн өмчит үйлдвэрийн газар болон хувийн хэвшлийн компаниудын судалгаа хөгжүүлэлтэд зарцуулсан зардлыг бүртгэх, тооцох механизмыг бүрдүүлэх;

        3.2.3. төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, шат дамжлагагүй хүргэх цахим үйлчилгээ, контентыг нийгмийн үйлчилгээний салбарт нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах;

        3.2.4. инновацийн тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнест Хөгжлийн банк, Жижиг дунд, үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад тусгай сангаас нэн тэргүүнд санхүүжилт хийх эрх зүйн зохицуулалтыг бий болгож, төрийн бодлогоор дэмжих.

3.3. Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

        3.3.1. инновацийн тэргүүлэх чиглэлээр гадаад, дотоодын эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх судалгаа, төсөл, хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх;

        3.3.2. гарааны компани, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаа, дэд бүтэц, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой нээлттэй платформ,  мэдээллийн санг байгуулах;

        3.3.3. хувийн хэвшил, судалгааны байгууллага, дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран боловсруулах үйлдвэрийн салбарын экспортын гол нэр төрлийн зарим брэнд бүтээгдэхүүнд олон улсад оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийх ажлыг зохион байгуулах.

Дөрөв. Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

Зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

Зорилтот түвшин

2019

2022

2024

1.

1. Үндэсний инновацийн тогтолцооны суурь болон дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах

Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан байгуулах шинжлэх ухааны парк, инновацийн төвийн тоо

тоо

-

2

4

3.

Олон улсын итгэмжлэл бүхий нээлттэй судалгааны төв, лабораторийн тоо

тоо

-

5

10

4.

Гадаадад мэргэшил дээшлүүлэх, чадавхжуулах сургалтад хамрагдах судлаачдын хувь

хувь

-

9

12

5.

Гадаад, дотоодын эрдэмтэн солилцооны хөтөлбөрт хамрагдсан судлаачдын хувь

хувь

9

12

13

6.

Оюуны өмч, патент судлал, инновацийн менежмент, маркетингийн чиглэлээр гадаад, дотоодод мэргэших мэргэжилтний эзлэх хувь

хувь

-

0.5

2

7.

2. Инновацийн тэргүүлэх салбар, чиглэл болон  нийгмийн үйлчилгээнд инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх

Инновацийн тэргүүлэх салбар, чиглэлийн суурь болон технологи, инновацийн судалгаанд төрөөс үзүүлэх дэмжлэгийн хувь

хувь

-

0.05

0.1

8.

Аж ахуйн нэгж, байгууллагын судалгаа болон хөгжүүлэлтэд зарцуулах зардлын хувь

хувь

-

0.5

1.0

9.

Шинээр байгуулагдсан гарааны компанийн тоо

тоо

37

60

80

10.

Төрийн үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн инновацийн бүтээгдэхүүн үйлчилгээний тоо

тоо

10

25

40

11.

Хөгжлийн банк болон ЖДҮХС-аас санхүүжилт авах инновацийн ААН, гарааны компанийн тоо

тоо

-

50

150

12.

3. Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх

Инновацийн тэргүүлэх чиглэлээр гадаад, дотоодын хамтарсан төсөл хөтөлбөрийн тоо

тоо

15

25

50

13.

Гадаад дотоодын хамтарсан төсөл хөтөлбөрт хамрагдах судлаачдын хувь

хувь

-

10

20

14.

Төр, хувийн хэвшлийн нээлттэй мэдээллийн сангийн тоо

тоо

-

3

8

15.

Их дээд сургууль, судалгааны байгууллагад байгуулагдсан тогтвортой үйл ажиллагаа бүхий  нээлттэй платформын тоо

тоо

-

3

10

16.

Патент, ашигтай загвар зэрэг оюуны өмчийн эрхийн хамгаалалт бүхий бүтээлтэй судлаачдын хувь

хувь

-

1

1.5

17.

Олон улсад оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдэх бүтээгдэхүүний тоо

тоо

-

2

5

  Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

        5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

        5.1.2. гадаадын зээл, буцалтгүй тусламж;

        5.1.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

        5.1.4. эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн өөрийн хөрөнгө;

        5.1.5. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ, дөрвөн жил тутам хөндлөнгийн үнэлгээ хийлгэн, тайланг Засгийн газарт танилцуулна.

 

-----о0о-----