ИННОВАЦИЙН ТӨСӨЛД ГРАНТ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

A- A A+
 ИННОВАЦИЙН ТӨСӨЛД ГРАНТ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

 

ИННОВАЦИЙН ТӨСӨЛД ГРАНТ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу инновацийг хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төсөл хэрэгжүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна

- гэрээнд заасан хугацаанд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах боломжтойг нотолсон байх;

- төслийг амжилттай хэрэгжүүлэх хүний нөөц, санхүүгийн чадавхитай байх;

- аливаа хэлбэрийн санхүү, хөрөнгийн өр төлбөргүй байх;

- нэг төсөлд олгох грантын хэмжээ нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байх бөгөөд үлдсэн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч нь бусад эх үүсвэр (өөрийн, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг)-ээс бүрдүүлсэн байх.

Төсөл нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:     

-инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;

-хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;

-инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байх;

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 95 дугаар тогтоолоор баталсан "Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл“-д нийцсэн байх;

- инновацийн төслийг Инновацийн тухай хуулийн 14.3-т заасны дагуу бүртгүүлсэн байх;

-зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;     

-төслийг хэрэгжүүлэх маркетингийн болон бизнес төлөвлөгөөг боловсруулсан, зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, технологи, үнэ, өртөг, нэмүү өртөг шингээсэн байдал зэрэг)-уудыг бүрэн нотлон илэрхийлсэн байх;     

-бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн байх.

Грантыг дор дурдсан үйл ажиллагаанд зарцуулна:     

- инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд үйлдвэрлэн нэвтрүүлэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл худалдан авах, тээвэрлэх, суурилуулах;     

-түүхий эд, материал, урвалж бодис, программ хангамж зэргийг худалдаж авах, тээвэрлэх, суурилуулах.

Жич:

-Төсөл хэрэгжүүлэхээр хүсэлт гаргагч этгээд нь инновацийн төслийг бүртгүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 392 дугаар тогтоолоор баталсан "Инновацийн төсөл бүртгэх журам"-ын 2.2, 2.3-т заасан мэдээлэл, баримт бичгийг грантад нэр дэвшүүлэх хүсэлтийн хамт хүргүүлнэ; 

-Грантыг төслийн судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад зарцуулахгүй;

-Өмнө нь грант олгож байсан төсөлд дахин грант олгохгүй;

-Дээрх нөхцөл, шаардлагыг хангасан төслийг шалгаруулалтад оролцуулна.

Төслийн материал хүлээн авах:

Грантад нэр дэвшүүлэх хүсэлт гаргагч этгээд нь дээр дурдсан нөхцөл, шаардлагын дагуу боловсруулсан төслийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газарт 2023 оны 06 дугаар сарын 02-ны дотор албан бичгээр хүргүүлнэ.

Холбоо барих утас: (51) 267131

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ