ФРАНЦЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ СУРГАХАД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ

A- A A+
ФРАНЦЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ СУРГАХАД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ

Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Сэбастиан Суруныг Боловсрол , шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.

Монгол, Франц хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны 95 жилийн ой энэ жил тохиож байна. Тодруулбал 1926 онд Монголоос анхны 6 оюутан Францад очиж суралцаж байсан түүхтэйг уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд онцоллоо.

Монгол, Франц хоёр улсын Засгийн газар хооронд 2015 онд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Франц Улсын их, дээд сургуулийн магистрантурт жил бүр 10 оюутныг тэтгэлгээр суралцуулдаг. Энэ квотыг нэмэгдүүлж анагаах ухаан, уул уурхай, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тээвэр ложистикийн чиглэлээр магистрантур, доктрантурт суралцаж буй оюутнуудыг тэтгэлэгээр суралцуулахад дэмжлэг үзүүлэхийг уулзалтын үеэр Л.Энх-Амгалан сайд илэрхийллээ.

Энэ жилээс ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулж эхэлж байгаа. Уг ажлын хүрээнд Францын Бордугийн их сургуультай хамтран зайны сургалтыг зохион байгуулсан. Цаашид сэтгэл зүйчдийг Францын их сургуулиудад сургаж, туршлага солилцох тал дээр хамтран ажиллахыг хүслээ.

Элчин сайд Сэбастиан Сурун Боловсрол, шинжлэх ухааны салбарт урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаа мэдэгдээд ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуульд Франц хэлний хичээл зааж байгаа явдалд талархаж буйгаа илэрхийлэв.