БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2021-2022/

Нэг. Тавигдах шаардлага 

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+)
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй)
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны)
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны)
  • Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх

Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл:

Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан мэргэжлийн чиглэлээр элсүүлэн сургана. Үүнд:

Казахстан-зар-2021-2022

Дээрх чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 15 оюутан, магистрын түвшний сургалтад 5 оюутан, докторын түвшний сургалтад 5 оюутан тус тус суралцуулна.

Гурав. Бүртгэл

БҮРТГЭЛ 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРӨӨС 4 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН 12.00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн:

  • Цахим өргөдөл
  • Анги удирдсан багшийн тодорхойлолт;
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Англи эсвэл Орос хэл дээр 500 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
  • 11 дүгээр ангийн дүнгийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Гадаад паспорт;
  • Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
  • Эрүүл мэндийн бичиг;
  • Цагдаагийн бичиг;
  • Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар;

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд

  • Цахим өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;
  • Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
  • Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Англи эсвэл Орос хэл дээр 600 үгээс цөөнгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу талтай.)
  • Гадаад паспорт
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг цахимаар оруулна;
  • Эрүүл мэндийн бичиг;
  • Цагдаагийн бичиг;

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 51-260367 дугаараас тус тус лавлана уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.

Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
Дөрөв. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай байна.

  1. Баримт бичгийн бүрдүүлэлт. Тэтгэлэгт хөтөлбөр горилогчийн ирүүлсэн бичиг баримтын бүрдэл, эссэний агуулга, ач холбогдол, өөрийгөө илэрхийлсэн байдал зэрэгт үнэлгээ өгнө.
  2. Ярилцлага. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сонгон шалгаруулалтын ярилцлагыг цахим хэлбэрээр хийнэ. Цахим ярилцлагын цагийн хуваарь, оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны вэбсайтад байршуулна.
    Нийт сонгон шалгаруулалтад оролцсон иргэдийг баримт бичгийн бүрдүүлэлт, ярилцлагын нийлбэр оноогоор жагсааж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд тэтгэлэг олгоно.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

—oOo—

Show Buttons
Hide Buttons