Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенстай уулзав. НҮБ-ын Хүүхдийн сантай 2017 оноос хойш боловсролын салбарт хамтран ажиллаж, энэ хугацаанд 6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан.

Өнгөрсөн оны гуравдугаар сараас буюу цар тахлын анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнээс эхлэн боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлд хоёр тал хамтран ажилласан юм. Хэдийгээр танхимын сургалт тасалдсан ч боловсролын үйлчилгээг тасралтгүй хүргэхээр “Цахим сургалтыг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлэв. Энэ хүрээнд Хүүхдийн сангаас 104 интерактив контент боловсруулж, econtent.edu.mn сайтыг ажиллуулахад хамтарсан бол малчдын хүүхэд, теле болон онлайнаар суралцах боломжгүй сурагчдад зориулж аудио хичээл боловсруулсан.

Цар тахлын нөхцөл байдал намжсан ч сургалтыг хосолсон хэлбэрээр явуулах хэрэгцээ шаардлага байгаа тул цаашид 1, 2 дугаар ангийн сурагчдын хоцрогдлыг арилгах зорилгоор дасгал ажлын дэвтэр боловсруулж буйгаа ноён Алекс Хайкенс танилцууллаа. Мөн нийгмийн ажилтнуудыг хамруулсан сэтгэлзүйн сургалт зохион байгуулах хүсэлт тавив. Талууд цар тахлын үед өсвөр насныхны өмнө тулгамдсан сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохирлоо.  

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдэд ээлтэй загвар сургууль, цэцэрлэг төсөл боловсруулж, үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгон шат дараатайгаар өргөжүүлж байгаагаа танилцуулж хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн орон нутгийн сургуулиудыг боловсон ариун цэврийн байгууламжтай болгох асуудлыг Засгийн газраас шийдвэрлэсэн. Хэрэгжүүлэх үүргийг салбарын яам хүлээж байна. Энэ асуудалд ч НҮБ хамтран ажиллах боломжтой хэмээлээ.    

Show Buttons
Hide Buttons