Монгол улс TEIN (Trans Eurasia Information Network) сүлжээнд холбогдлоо

Улс орнууд өөрсдийн боловсрол, эрдэм шинжилгээ, туршилт судалгааны академик сүлжээтэй байдаг бөгөөд олон улсын нэршил нь NREN – National Research and Education Network.  Эдгээр сүлжээ хоорондоо холбогдож бүс нутгийн, цаашлаад дэлхийн хэмжээний боловсрол, шинжлэх ухааны том сүлжээг үүсгэдэг. Тухайлбал, Европт GEANT, Хойд америкт INTERNET-2,  Төв азид CAREN, Өмнөд америкт CLARA, Ази номхон далайд TEIN гэсэн төрөлжсөн сүлжээнүүд бий болсон.

Манай улсын хувьд NREN -ий чиг үүргийг БСШУЯ-ны санаачилга, АХБ-ны санхүүжилтээр 2000 онд байгуулагдсан “Эрдэмнэт” сүлжээний төв (одоо БШУЯ-ны харьяа Боловсролын Мэдээллийн Технологийн Төвийн нэг хэлтэс) гүйцэтгэдэг. Тус төв 2013 оноос хойш уйгагүй хөөцөлдөн 2016 онд TEIN сүлжээний гишүүн орон болсон. Монгол улс 2020 оны 10 сарын сүүлээр TEIN-д холбогдсоноор 24 дэх гишүүн орон боллоо.  Эхний ээлжинд “Эрдэмнэт” нь 150 Mbps хурдаар TEIN сүлжээний Хонг-Конг дахь порттой холбогдож байгаа юм.

Ази номхон далайн орнуудын NREN сүлжээнүүдийг нэгтгэсэн TEIN буюу Транс-Евроазийн Мэдээллийн Сүлжээг байгуулахад Европын холбоо чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр TEIN – 1, 2, 3, 4, Asia@connect гэсэн цуврал төлүүдийг санхүүжүүлэн бүс нутгийн NREN -үүдийг TEIN -д холбох болон сүлжээг түшиглэсэн боловсрол, шинжлэх ухааны олон тооны төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж байна. Манай орны хувьд ч холболтын болон ашиглалтын зардлын үлэмж хэсгийг дааж байна.

Боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн сүлжээ нь холбогдсон хэрэглэгчийн тооноос хамаар ч хурд нь савалдаг ердийн интернэтээс байнгын тогтвортой өндөр хурдыг хангаж өгдгөөрөө давуутай юм. Ингэснээр боловсрол, шинжлэх ухааны байгууллага хоорондын онлайн сургалт, теле анагаах ухаан, эрдэм шинжилгээний туршилт, зайны тандан судлал зэрэг бодит цаг хугацааны болон найдвартай, баталгаат өндөр хурдны хатуу шаардлагатай хамтарсан төслийг хэрэгжүүлэх боломжийг олгодог.    

Манай улс энэ сүлжээнд холбогдсоноор их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, оюутан залуус, эрдэмтэн судлаачид дэлхийн хэмжээнд хамтран ажиллах  сайхан боломжийг олгож байна.

Өнөөдрийн байдлаар ШУТИС-ийн геологийн салбарын судлаачид БНХАУ-ын Бээжингийн SHRIMP төв, Геологийн хүрээлэн, Хятадын Геологийн Шинжлэх Ухааны Академитай хамтран эрдэс  баялгийн бүтцийн судалгааны, АШУҮИС-ийн Амгалан дахь шинэ эмнэлэг Японы талын холбогдох төвүүдтэй  хамтран алсын зайн оношилгоо, эмчилгээний төслийг TEIN сүлжээг  ашиглаж явуулахаар бэлтгэлээ хангаж байна. МУИС ч TEIN сүлжээний ач холбогдлыг ойлгож, үр дүнтэй ашиглахын тулд “Эрдэмнэт” -тэй физик холболт үүсгэхээр ажиллаж байна. Ингэснээр манай судлаачдын эрдмийн ажил, бүтээл дэлхийн түвшинд гарахад ихээхэн дэмжлэг болно.

TEIN сүлжээнд холбогдох асуудал салбарын байгууллагын хувьд нээлттэй бөгөөд яаж холбогдож, үр шимийг нь хүртэж болох талаар erdemnet@edu.mn хаягаар хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Мөн Asi@Connect төслийн талаар мэдээлэл авахыг хүсвэл http://tein.asia хаягаар төслийн сайтад хандаж болно.

БШУЯ-ны харьяа Боловсролын Мэдээллийн Технологийн Төв,
Эрдэмнэт сүлжээний хэлтэс.

1 Comment

Comments are closed.

Show Buttons
Hide Buttons