“Эко барьцалдуулагч” болон “Ворлд плас аппликэйшн”-д Үндэсний инновацийн шагнал олголоо

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Үндэсний инновацийн шагнал олгох асуудлыг хэлэлцэн, “Баргил тех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээлийг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”-ээр, “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” бүтээлийг “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”-аар шагнахаар шийдвэрлэсэн. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Ворлд плас дижитал” ХХК-ний захирал Х.Эрдэнэбаяр, “Баргил тех” ХХК-ний захирал Б.Очир нарт гардуулан өглөө.

Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын дагуу Монгол Улсад шинэ мэдлэг, технологийг зах зээлд нэвтрүүлсэн шинийг санаачлагч, зохион бүтээгч, инноватор, энтрепренерүүдийн үйл ажиллагаа, санаачилгыг дэмжих, шинэ технологи, инновацийг хөгжүүлэх зорилгоор 2 жилд тутамд “Үндэсний инновацийн шагнал”-ийг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний шилдэг инноваци” гэсэн хоёр төрлөөр шалгаруулан урамшуулдаг.

“Баргил тех” ХХК-ний “Эко барьцалдуулагч” бүтээгдэхүүн нь монголын эрдэмтэн, судлаачид, инженерүүдийн олон жилийн туршилт, судалгааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүнийг Таван толгой түлш ХХК-ний сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд нэвтрүүлснээр утаан дахь хүхэрлэг хийн хэмжээг бууруулах, шахмал түлшний бат бөхийн чанар сайжирч, хог үйрмэгийн хэмжээ багасах, үйлдвэрлэлийн горимын хатаалтын хугацаа богиносож, түлшний үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх зэрэг давуу тал үүснэ. Мөн Улаанбаатар хотын агаарын чанарт сөргөөр нөлөөлж буй хүхэрлэг хийн хэмжээг 2-4 дахин, PM-10 тоосонцрын хэмжээг 2 дахин, бусад бохирдуулагч хийн хэмжээг 2-3 дахин бууруулах боломжтой гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Энэ бүтээгдэхүүнийг дотоодын түүхий эдээр эх орондоо үйлдвэрлэх бөгөөд импортыг 100 хувь орлож улсын төсөвт жилдээ 6.5 тэрбум төгрөг орж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудад 15 тэрбум бодит орлого болж үлдэх бөгөөд 150 орчим ажлын байр нэмэгдэнэ.

Ворлд плас дижитал ХХК-ний “Ворлд плас аппликэйшн” нь сэтгүүл унших уламжлалт хэв маягийг эвдэж, хэвлэмэл болон PDF хэлбэрийн сэтгүүлийг бүрэн интерактив болгох HTML технологийг илүү хурдтай, илүү өртөг багатай байхаар бүтээгдсэн бөгөөд өнөөгийн байдлаар олон улсад 211’840 хэрэглэгчтэй болоод байна. Уг бүтээл нь сүүлийн нэг жилийн дотор дэлхийн долоон хэл дээрх 100 гаруй шилдэг хэвлэлийн компани болон сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал олон улсад 4.3 сая уншигчтай Fast Company, 3.3 сая уншигчтай Entrepreneur, 2.2 сая уншигчтай New York Magazine зэрэг дэлхийд тэргүүлэгч 20 сэтгүүлтэй албан ёсны эрхтэйгээр хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Ворлд Плас аппликейшн бол хэвлэмлээс дижитал руу шилжилт хийж буй сэтгүүлийн зах зээлийн бүхий л оролцогч талуудын үнэ цэнийг өсгөсөн, олон улсын сэтгүүлийн зах зээлийн бусад компаниудын нэвтрүүлж чадаагүй байгаа шинэ технологийг бий болгосон монгол залуусын оюуны бүтээл юм.

Show Buttons
Hide Buttons