Гадаадын их, дээд сургууль, коллежийн салбар, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөр нээхэд тавигдах шаардлагын тухай

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

 2007 оны 03 сарын 27 өдөр                           Дугаар 88                          Улаанбаатар хот

 Гадаадын их, дээд сургууль, коллежийн

 салбар,  хөтөлбөр, хамтарсан хөтөлбөр

 нээхэд тавигдах шаардлагын тухай

            Монгол улсын “Боловсролын тухай” хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэн, гадаадын чанартай дээд  боловсролын сургалт, хөтөлбөрийг Монгол улсад нэвтрүүлэх зорилгоор ТУШААХ  нь :

1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас сургалтын тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу авсаны үндсэн дээр гадаадын их , дээд сургууль,  коллежийн салбар, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрийг нээж байхыг их, дээд сургууль, коллежийн захирлуудад даалгасугай .

2. Гадаадын их,  дээд сургууль, коллежийн салбар, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөр нээх тусгай зөвшөөрлийг олгохдоо гадаадын хүсэлт гаргагч дээд боловсролын сургалтын байгууллага буюу  түүний хөтөлбөр нь Боловсролын магадлан  итгэмжлэх үндэсний зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан  итгэмжлэл хийлгэсэн байх, дотоодын  хүсэлт гаргагч нь их, дээд  сургууль, коллеж буюу хөтөлбөр нь Боловсролын магадлан  итгэмжлэх үндсэний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн байх шаардлагыг тавьж байсугай.

3. Боловсролын магадлан  итгэмжлэх үндэсний зөвлөлөөс хүлээн зөвшөөрөх гадаадын магадлан  итгэмжлэлийн байгууллагуудын жагсаалтыг жил бүр батлан гаргаж байхыг Боловсролын магадлан  итгэмжлэх үндэсний зөвлөл /В.Алзахгүй/-д даалгасугай.

4. Гадаадын хөрөнгө оруулалттай  ашгийн төлөө дээд боловсролын сургалтын  байгууллагад сургалтын тусгай зөвшөөрөл олгохдоо түр зөвшөөрлийн шаардлагыг хангасан дүгнэлт гарсан тохиолдолд Үндэсний татварын ерөнхий газар , Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны  агентлагт  эхэлж бүртгүүлсний дараа сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож байхыг Мэргэжлийн боловсролын газар /Р.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.

5. Гадаадын хөрөнгө оруулалттай  дээд боловсролын  сургалтын байгууллагын үйл  ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд архивын бичиг баримт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны архивт шилжүүлэн хадгалж байхыг Мэргэжлийн боловсролын газар /Р. Бат-Эрдэнэ/, Төрийн захиргаа удирдлагын газар / Л. Цэдэвсүрэн/-т тус тус даалгасугай.

6. Гадаадын их, дээд сургууль, коллежийн салбар, хөтөлбөрт элсэгчдийн хяналтын тоог жил бүр тогтоож байхыг Санхүү, эдийн засгийн газар /Ц.Даваасүрэн/, Мэргэжлийн боловсролын газар /Р.Бат-Эрдэнэ/-т тус тус даалгасугай. 

САЙД                                                 Ө. ЭНХТҮВШИН

Show Buttons
Hide Buttons