Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Монгол Улсын Их Хурлын ээлжит 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан нам, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналуудад үндэслэн 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулахдаа халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг амжилттай даван туулж, хүн, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулах, бүс ба орон нутгийг хөгжүүлэх, өмнөх Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалахад онцгой анхаарч, дараах зургаан багц асуудлын хүрээнд хэрэгжүүлэх зорилго, зорилтуудаа дэвшүүллээ.

Боловсрол

2.3.Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ.

2.3.1.Яслийн үндэсний тогтолцоог сэргээж 1-2, хүүхэд харах үйлчилгээнд 2-3 насны хүүхдийг хамруулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

2.3.2.Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн насыг 3-5 болгож, 5 настай хүүхэд бүрийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангана.

2.3.3.Ерөнхий боловсролын сургалтын чанарыг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор олон улсын PISA үнэлгээнд хамруулж, үндэсний чанарын үнэлгээний тогтолцоог бэхжүүлнэ.

2.3.4.Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, шударга ёсны үзэл, хандлага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн, монгол хүний онцлогт тохирсон зан чанар, хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ.

2.3.5.Мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог төгсөгчдийн мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэлттэй уялдуулан судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд суурилсан өрсөлдөөнт санхүүжилтийн тогтолцоог бий болгож, судалгаанд суурилсан үндэсний их сургуулийг хөгжүүлнэ.

2.3.6.Хөгжлийн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа болон сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлнэ.

2.3.7.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн орон нутаг дахь их сургуулиудыг хотхон хэлбэрт үе шаттайгаар шилжүүлнэ.

2.3.8.“Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж, мэргэжлийн стандартыг нэвтрүүлэн, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлнэ.

2.3.9.Суралцагчдад ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах бүтээн байгуулалтыг хийнэ:

2.3.9.1.273 цэцэрлэг ашиглалтад оруулах;

2.3.9.2.200 шинэ сургууль ашиглалтад оруулах;

2.3.9.3.тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн барилгыг шинэчилж, өргөтгөх;

2.3.9.4.жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох.

2.3.10.Цэцэрлэг, дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоолны зардлыг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан 2-оос доошгүй дахин нэмэгдүүлж, ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” арга хэмжээг “Үдийн хоол” болгоно. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шүүлтүүртэй ундны цэвэр усаар хангана.

2.3.11.Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн урлаг, биеийн тамирын хичээлийн агуулга, хөтөлбөрийг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангана.

2.3.12.Цахим сургалтын платформыг хөгжүүлж, цахим сургалтын хөтөлбөрийг боловсруулан, цахим агуулга, цахим хичээл боловсруулан бүх насны иргэдэд насан туршдаа суралцахуйг дэмжих боломжийг бүрдүүлнэ.

2.3.13.Боловсролын хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, чадавхыг дээшлүүлнэ.

2.3.14.Төрийн өмчийн их, дээд сургуулиудын судалгааны болон бусад зардалд төрөөс зарим дэмжлэг үзүүлнэ.

2.3.15.Орон нутаг дахь мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, их, дээд сургуулиудыг дэмжиж, багш нарт орон нутгийн нэмэгдэл олгож, оюутныг төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.

2.3.16.Олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөрийг бий болгох эрх зүйн шинэтгэл хийж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Шинжлэх ухаан, технологи, инновац

2.4.Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан үндэсний төвүүдийг байгуулах замаар нөөцийг төвлөрүүлж, эрдэм шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлэн зөв ашиглаж, судалгааны ажлын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны үр ашгийг нэмэгдүүлсэн байна.

2.4.1.Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, шинжилгээний чиглэлийг оновчтой болгон, судлаачийн чадавхыг дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг 4 дахин нэмэгдүүлнэ.

2.4.2.Шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр шинжлэх ухааны парк, хүрээлэнгийн цогцолбор, уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн барилгын ажлыг эхлүүлж, олон улсын стандартад нийцүүлнэ.

2.4.3.Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжилд өгч байгаа үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжүүлж, нэгдсэн, төрөлжсөн, нээлттэй лабораторийг байгуулан салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

https://www.legalinfo.mn/annex/details/11219?lawid=15586

Show Buttons
Hide Buttons