Ерөө сум ирэх онд шинэ сургууль, цэцэрлэгтэй болно

Сэлэнгэ аймагт Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн 960 хүүхдийн суудал бүхий хичээлийн шинэ байрны шав тавих ёслол ням гарагт боллоо.

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Төр, нийгмийн зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор Т.Бямбаагийн нэрэмжит болгосонтой холбогдуулан Т.Бямбаа агсны үр хүүхэд болох “Монголын алт (МАК)”-ийг үүсгэн байгуулагчид уг сургуулийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан ирэх онд улсад хүлээлгэн өгөхөөр шийджээ.

Шав тавих ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, “Монголын алт (МАК)”-ийн бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа болон тус сургуулийн хамт олон, үе үеийн хүндэт төгсөгч, гүйцэтгэгч болон хөрөнгө оруулагч компаний бүтээн байгуулагчид оролцов.  

1927 онд байгуулагдсан Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Дашзэвэг, төрийн шагналт, эрдэмтэн Ц.Тойвгоо, Р.Жавзмаа, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Р.Цэрэндулам, Д.Дашзэвэг, доктор Т.Бямбаа, Ж.Шагж, Га.Цэрэндорж зэрэг 20 гаруй эрдэмтэн, гавьяат үйлстэн төрөн гарчээ.

Төр, нийгмийн зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор Т.Бямбаа 1928-1932 онд Ерөөгийн бага сургуульд элсэн суралцсан ууган сурагчдын нэг бөгөөд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх техникум, Улсын их сургууль, Москвагийн хөдөө аж ахуйн академийг дүүргэсэн эрдэмтэн хүн юм. Тэрээр ХААДС-ийн хичээл ангийн эрхлэгч, тэнхмийн эрхлэгч, ШУА-ийн Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ахлах ажилтан, тасгийн эрхлэгчээр ажиллаж, Ардын Их Хурлын депутатаар гурван удаа сонгогдож байжээ.

Салбарын сайдыг Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Манай сургууль 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтаар 7 хичээлээр улсын дундажаас дээгүүр үнэлэгдэж, Сэлэнгэ аймгийн 34 сургуулиас 10 дугаар байрт жагссан. Бид хичээлийн шинэ байртай болсноор багш, сурагчдын ажиллаж, суралцах орчин улам сайжирч, амжилтаа ахиулах боломж бүрдэнэ” гэж байлаа. Мөн тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 ор бүхий хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын ажил энэ онд эхэлсэн бөгөөд барилгын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2021 онд ашиглалтад орно.

Show Buttons
Hide Buttons