card

Түүхэн товчоо

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ /ТОВЧ/

Монгол улсад 1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын Засгийн газраас шинэ цагийн боловсролын байгууллага байгуулж, хөвгүүд, охидыг суралцуулах зорилтыг дэвшүүлэн тавьсан байна.

1921 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын 11 дүгээр хурлаар сургуулийн танхим нээж, түүнд хүүхдийг багаас нь сургах тухай хэлэлцэж “Бага сургууль байгуулах тухай” тогтоол баталсан нь Монгол улсад шинэ цагийн боловсролын тогтолцоо бий болгох талаар гаргасан хамгийн анхны эрх зүйн баримт бичиг болжээ.

Хамгийн анхны сургуулийн танхимыг тухайн үеийн цахилгаан мэдээний Ерөнхий хороо байсан орос байшинд нээхээр тогтож байсан түүхтэй.

Монгол улсын Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Боловсрол, Шинжлэх ухааны яамны үүсэл нь 1921 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын гишүүдийн 14 дүгээр хурлын 5 дугаар зүйлээр “Бага сургуулийг дотоод яаманд захируулах ба сургуулийн хэлтэс байгуулах тухай” тогтоолыг баталж, шийдвэрлэснээр эхэлсэн юм. Мөн энэ тогтоолоор сургуулийн хэлтсийн эрхэлсэн түшмэлд Намын Төв хорооны түшмэл бэйс Дугаржавыг томилсноос гадна сургуульд чухал хэрэглэгдэх судар ном, шастир түүх зэргийг зохиоход эрдэмтэн түшмэл Жамсранжавыг томилж, мөн түүнд сургуулийн хэргийг хавсруулан/мэргэжилтэн/ ажиллуулахаар тогтжээ. Ингэснээр ардчилсан Монгол улсад сургууль, боловсролын хэргийг төрөөс удирдан зохион байгуулах Засгийн газрын төлөөний байгууллага бий болж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Ардын Засгийн газрын 1923 оны 53 дугаар тогтоолоор Дотоод хэргийн яамны сургуулийн хэлтсийг Судар бичгийн хүрээлэнтэй нэгтгэн тусгай яам байгуулахаар шийдвэрлэсэн байна. Үүний дагуу Ардын Засгийн газрын 1924 оны 31 дүгээр тогтоолоор “Ардыг гэгээрүүлэх яам”-ыг байгуулах тухай шийдвэрлэж, улмаар 1924 оны 2 дугаар сарын 27-ны өдөр /цагаан сарын шинийн нэгэнд/ тус яамны тамгыг хүлээн авч, яамыг нээж, хэрэг шийдэж явуулсан тухай Ардын засгийн газраас яамд, аймгийн яамдад мэдэгджээ.

АРДЫГ ГЭГЭЭРҮҮЛЭХ ЯАМНЫ БҮТЭЦ(1925 ОН)

БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1925 оны 8-р сарын 31-ний өдрийн 26-р тогтоолоор батлагдсан “БНМАУ-ын Ардыг гэгээрүүлэх яамны дүрэм”-д зааснаар тус яам дор дурдсан үндсэн чиг үүргийг гүйцэтгэж байжээ. Үүнд:

Иргэдийн бичиг үсэг үл мэдэх явдлыг хурдавчлан арилгах;

Ажилчин, ардын багачууд, хүүхдийг сургаж хүмүүжүүлэх сургуулиудыг дэлгэрүүлэх, тэднийг ажлын хандлагатайгаар хүмүүжүүлэх;

Түр болон тогтмол сургуулиудын сургалтын хөтөлбөр, арга зүйг боловсруулах, удирдах;

Бага, дунд сургуулийн багш нар болон олон нийтийн гэгээрэл, боловсролын ажилчныг бэлтгэх, давтан сургах, тэдний мэргэжил, чадварыг дээшлүүлэх;



Соёл, боловсролын ажлын нэгдсэн төлөвлөгөө зохиох, тоо бүртгэлийг гаргах;

Аймгуудын ардын гэгээрлийн хэлтсүүдийн ажлыг удирдах;

Эрдэм шинжилгээний ажлыг дэлгэрүүлэх;

Шинжлэх ухаан, соёл, урлагийн бүтээл, сургуульд үзэх ном, сурах бичгийг хэвлэн нийтлэх;

Соёл, боловсролын байгууллагын зорилго, үйл ажиллагааг олон түмэн ардад ухуулан сурталчлах;

Ард олны заншил хийгээд түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, ший жүжиг гаргах, театр, киног эрхлэх;

Эдгээр чиг үүргээс үзэхэд Ардыг гэгээрүүлэх яам нь боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны асуудлыг бүхэлд нь хамарсан үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байжээ.

БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1928 оны 1-р сарын 28-ний өдрийн гуравдугаар тогтоолоор Ардыг гэгээрүүлэх яамны харьяанд байсан Уран сайхын улс төрийн зөвлөлийг өргөтгөн өөрчилж СнЗ-ийн дэргэд “БНМАУ-ын уран сайхны хүрээлэн”-г байгуулан улмаар түүний нэрийг “Урлагийн хэрэг эрхлэх хороо” болгон ажиллуулсан байна. Ингэснээр Ардыг гэгээрүүлэх яаманд соёл, урлагийн асуудал хамаарагдахгүй болжээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 1959 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 77 дугаар зарлигаар БНМАУ-ын Соёлын яамыг Гэгээрлийн яамтай нэгтгэн “БНМАУ-ын сургууль, соёлын яам” болгожээ. Ингэснээр тус яам боловсрол, соёл, урлагийн асуудлыг хамтад нь дахин эрхлэхээр болов.

Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 119 дүгээр зарлигаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд Дээд ба тусгай мэргэжлийн дунд боловсролын хороог байгуулжээ. Мөн 1961 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийг байгуулснаар Гэгээрлийн яаманд дээд, тусгай дунд боловсролын болон шинжлэх ухааны асуудал хамаарагдахгүй болж зөвхөн сургуулийн өмнөх болон бага, ерөнхий дунд боловсролын асуудлыг хамаарах болсон байна.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 1968 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дүгээр зарлигаар БНМАУ-ын гэгээрлийн яам, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дэргэдэх Дээд, тусгай мэргэжлийн дунд боловсролын хороог нэгтгэн “БНМАУ-ын Ардын боловсролын яам” болгон зохион байгуулжээ. Ингэснээр тус яам нь сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий дунд боловсрол, мэргэжлийн анхан болон дунд шатны боловсрол, дээд боловсролыг бүхэлд нь дахин хариуцах болов. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1968 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Ардын боловсролын яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталжээ:

Дээд сургуулийн хэлтэс

Тусгай мэргэжлийн дунд сургуулийн хэлтэс

Сургуулийн /ерөнхий боловсролын/ хэлтэс

Цэцэрлэгийн хэлтэс

Хэвлэлийн /сурах бичгийн/ хэлтэс

Боловсон хүчний хэлтэс

Гадаад харилцааны хэлтэс

Хөдөлмөрчдийн боловсролын хэлтэс

Захиргаа, аж ахуйн хэлтэс

1973, 1982, 1984 онуудад Гэгээрлийн яам, Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хороог хэд хэдэн удаа нийлүүлж салгасан байна.

БНМАУ-ын 1990 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар баталсан БНМАУ-ын Засгийн газрын бүтцэд “БНМАУ-ын Боловсролын яам” байхаар тогтоожээ. Ингэснээр тус яамны эрхлэх асуудлын хүрээнд сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын үйл ажиллагаа бүхэлдээ багтсан байна.

1992 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын тухай хуулиар Үндэсний хөгжлийн газарт байсан Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан чиг үүргийг орон тооны хамт Боловсролын яаманд нэгтгэн “Монгол улсын шинжлэх ухаан, боловсролын яам” болгон өөрчлөн зохион байгуулав. Ингэснээр тус яам нь боловсрол, шинжлэх ухаан, технологийн асуудлыг хамтад нь дахин хариуцах болсон юм.

“Монгол улсын Засгийн газрын тухай” Монгол улсын 1993 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуульд зааснаар Засгийн газрын бүтцэд “Монгол улсын шинжлэх ухаан, боловсролын яам” байхаар тогтоож, Монгол улсын шинжлэх ухаан, боловсролын сайдын бүрэн эрхийг дор дурдсанаар тодорхойлжээ:

Улсын хэмжээнд баримтлах шинжлэх ухаан, техник, технологийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэх

“Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол улсын 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар Монгол улсын Засгийн газрын бүтцэд “Гэгээрлийн яам” байхаар тогтоожээ.

Улмаар яамны нэр, бүтэц, зохион байгуулалт тухайн цаг үеийн байдлыг даган тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж ирсэн. 2000 оны 08 дугаар сарын 3-ны өдөр “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам”, 2004, 2008 онуудад БИСАУ-ны сайдын эрхлэх асуудлын чиг үүрэг, хүрээг өөрчлөөгүй хэвээр, 2012 оны 08 дугаар сарын 16-нд “Боловсрол, шинжлэх ухааны яам”, 2016 оны 07 дугаар сарын 27-нд “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам” болон эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд Монгол улсын их хурлын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтад зааснаар “Боловсрол, Шинжлэх ухааны яам” болгон өөрчлөн зохион байгуулсан байна.

Тусламж үйлчилгээ

Чухал холбоосууд