Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСудлаачидТүншлэгчидТехнологийн үндэсний сан
         
      "Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд багш эцэг эхийн оролцоо" сэдэвт сургалт боллоо
      Боловсрол, шинжлэх ухааны яам "Эрдэм боловсролтой Монгол хүн" хөтөлбөр хэрэгжүүлж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх урт хугацааны зорилт тавин ажиллаж байгаа.
      Үүний дагуу "Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо"-оос санаачлан БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багш, эцэг эхийн оролцоо" сэдэвт сургалт зохион явуулсан байна.

      Зохион байгуулагчид сургалтынхаа гол зорилгыг "Багш, эцэг эхийн оролцоотойгоор хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүүхдийн хүмүүжилд хэрхэн анхаарч дэмжиж ажиллах, аюулгүй амар амгалан орчинг хэрхэн бүрдүүлж ажиллахад суралцах, хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд өөрсдийн цэцэрлэгийн багш нарын шилдэг туршлагыг бусаддаа түгээх, сургалтын шилдэг технологи нэвтрүүлэх" хэмээн тодорхойлсон юм. Сургалтад нийслэлийн 80 гаруй цэцэрлэгийн 250 гаруй эрхлэгч, багш, туслах багш, ажилтнууд оролцсон байна.

      Багшийн мэргэжил дээшлүүлэх инститиутын Сургуулийн өмнөх бага боловсролын албаны дарга Л.Цэрэндолгор "Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, түүний хэрэгжилт" гэсэн сэдвээр илтгэл тавьж, түүний дараа "Good Neighbors" олон улсын төрийн бус байгууллагын сайн дурын ажилтан, багш  Yang Hye In "Хүүхдийг бүтээлч болгон төлөвшүүлэхэд багшийн үг хэллэгийн үзүүлэх нөлөөлөл" гэсэн сэдвээр багш нарт сургалт явуулсан. Мөн "Эрүүл гэр бүлийн харилцаа Хүүхэддээ цаг зарцуулах нь", "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологи", тусгай хэрэгцээт боловсрол, багшийн ёс зүйн асуудлаар олон илтгэл тавигдсанаараа энэ удаагийн сургалт багш, эрхлэгч нарын мэдлэгийг зузаатгахад чиглэсэн өргөн хүрээг хамарсан, маш үр дүнтэй сургалт боллоо хэмээн сургалтад оролцогчид үнэлсэн юм.

      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах