ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

A- A A+
ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажил гүйцэтгэдэг мэргэшсэн эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагааны ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлж, эрдэм шинжилгээний ажилтны нэр хүндийг хамгаалахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2. Эрдэм шинжилгээний ажилтан судалгаа шинжилгээний ажилд хуулиар баталгаажсан тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох эрх зүйн байдал нь түүний ёс зүйн хариуцлагын үндэс болно.

1.3. Шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэж буй их, дээд сургуулийн багш, судлаачдад энэхүү дүрэм мөн хамаарна.

1.4. Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээнээс жишиг болгон байгууллагынхаа судалгааны ажлын онцлогтой холбоотой ёс зүйн хэм хэмжээг дүрэм журамдаа тусгана.

Хоёр. Дүрмийн нэр томьёо

Дүрэмд орсон нэр томьёоны тайлбар:

2.1. "Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүй" гэж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлыг гүйцэтгэх арга, зан үйл, харилцааны өндөр ёс суртахууныг багтаасан үйлдэл, эс үйлдлийн нийлбэр цогцыг хэлнэ.

2.2. "Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээ" гэж эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хариуцлагатай, үнэнч шударга гүйцэтгэх мэргэжлийн хариуцлага, үйл ажиллагааны нийтлэг шаардлагыг илэрхийлсэн үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

2.3. "Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн зөрчил" гэж эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил эрхлэх тухай мэдээлэл хийхээс эхлээд судалгааг явуулах, судалгааны дүнг нэгтгэн хэлэлцүүлэх, үр дүнгийн тайлан бичих үндсэн үе шатуудад бодит үр дүн мэдээллийг санаатайгаар зохиох, өөрчлөх, бусдын ажлын үр дүнг хуулбарлах, ажил хэргийн гэрээ, хэлэлцээрийг үндэслэлгүйгээр зөрчих үйлдлийг хэлнэ.

2.4. "Эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагааны ёс зүйн зарчим" гэж шинжлэх ухааны салбар, байгууллагын онцлогоос үл хамааран шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа эрхэлж буй мэргэшсэн судлаач бүр чанд баримтлах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээг хэлнэ.

2.5. "Эрдэм шинжилгээний хамтлаг, судлаачдын баг" гэж шинжлэх ухаан, технологийн төсөл, шинжлэх ухааны суурь ба хавсарга судалгааны сэдэвт ажлыг гүйцэтгэх, бүтээл хийхэд хамтран ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтны бүлгийг хэлнэ.

2.6. "Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэг" гэж магистрын дипломын ажил, боловсролын доктор (Ph.D), шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг горилсон бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлын тайланг эрдмийн хамт олны хурлаар хэлэлцэхийг хэлнэ.

2.7. "Судлаачийн ёс зүйн хороо"  гэж судлаачийн ёс зүйн талаарх маргаантай асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллагыг хэлнэ.

Гурав. Эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагааны ёс зүйн зарчим

3.1 Эрдэм шинжилгээний ажилтан нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэхдээ ёс зүйн дор дурдсан нийтлэг зарчмыг баримтална.

3.1.1. Хувь хүн бусад судлаач, тэдгээрийн үзэл бодол, оюуны өмчийг хүндэтгэх;

3.1.2.  Өөрийн орны боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, улс орныхоо тавьсан зорилтуудыг биелүүлэх, иргэдийнхээ аж амьдрал, нийгмийн хамгааллыг сайжруулах, байгаль орчноо хамгаалах, олон улсын өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхэд бүтээлчээр хувь нэмрээ оруулах;

3.1.3. Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажил явуулахгүй байх, өөрийн ухамсраар татгалзах, энэ талаар санаа бодлоо нээлттэй илэрхийлэх, мэдээлэх;

3.1.4. Шинжлэх ухааны мэдээ баримт, тооцоо, дүн шинжилгээ, үндэслэл, үнэлгээ дүгнэлт нь судалгаа, тооцоо, нотолгоонд тулгуурлах;

3.1.5. Шинжлэх ухааны ололт, үр дүн, дүгнэлт нь улс төр, үзэл суртал, шашны үзлийн нөлөөллөөс ангид, гагцхүү шинжлэх ухааны үнэнийг дээдэлсэн байх;

3.1.6. Мэдлэг оюуны салбар дахь нийт хүн төрөлхтний болон үндэсний уламжлалт ёс заншлыг баримтлах;

3.1.7. Био ёс зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахих

Дөрөв. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээ

4.1. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн нийтлэг хэм хэмжээ:

4.1.1. Шинжлэх ухааны үнэнийг эрэлхийлэх, хайж буй зүйлсээ баталгаажуулах, тайлбарлах, хамгаалахын тулд оюун санааны эрх чөлөөт мөн чанарыг эрхэмлэнэ.

4.1.2. Хүний хөгжил, хүмүүнлэг үйлсийн төлөө зорилгод захирагдан туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг эрхэлнэ.

4.1.3. Бусад судлаачийн үзэл баримтлалыг хүндэтгэх, ойлгох, мөн өөрийн үзэл баримтлалыг бусдад зөв ойлгуулахдаа байгууллага, хувь хүний нэр төрд халдах, гүтгэх, доромжлохыг цээрлэнэ.

4.1.4. Судалгааны ажилдаа үнэнч, чин сэтгэлээсээ хандаж, судалгаа, шинжилгээний зориулалттай нийтийн эзэмшлийн техник, тоног төхөөрөмжийг зөвхөн зориулалтын дагуу ашиглана.

4.1.5. Судалгааны ололт, үр дүнг хүн, нийгмийн эсрэг болон хувийн явцуу зорилгод урвуулан ашиглахыг цээрлэнэ.

4.1.6. Бусдын бүтээл, судалгааны үр дүнг үндэслэлгүй шүүмжлэх, шүүмжлэлийг шинжлэх ухааны бус аргаар өрнүүлэхээс татгалзаж, үнэнийг үл өмчилнө.

4.1.7. Эрх мэдэл, нэр төр, албан тушаалын байр сууринаас эрдэм шинжилгээний ажилд хандахыг цээрлэнэ.

4.1.8. Туршилт, судалгааны үр дүнд бий болоогүй зохиомлоор бий болгосон өгөгдөл, дүгнэлтийг боловсруулах, хуурамчаар үйлдэх, судалгааны ажлыг амжилттай болгох зорилгоор гарсан үр дүнг засахыг хориглоно

4.2. Эрдэм шинжилгээний хамтлаг, судлаачдын багт ажиллах
ёс зүйн хэм хэмжээ, хариуцлага:

4.2.1. Эрдэм шинжилгээний хамтлаг, судлаачдын багт судлаач зөвхөн өөрийн саналын үндсэн дээр орж ажиллана. Хамтлаг, багийг бүрдүүлж байгаа субъект санал болгосон байх ёстой.

4.2.2. Судалгааны хамтлаг, баг нь хувь хүний болон санхүүгийн ашиг сонирхлын зөрчил, эрдэм шинжилгээний шударга бус өрсөлдөөнийг үүсгэхгүйгээр багийг бүрдүүлсэн байна.

4.2.3. Хамтлаг, багт ажиллахдаа гэрээ, хэлэлцээрийн шаардлагыг хатуу баримтална.

4.2.4. Хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө зорилго, зорилтуудыг тодорхойлж шинжлэх ухаан, нийгэм, экологийн хувьд хариуцлагатай, хүнлэг байх арга замуудыг сонгон шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна.

4.2.5. Уламжлалт, уугуул, орон нутгийн болон бусад эх сурвалжаас олж авсан мэдлэгийг зохих ёсоор итгэмжлэн хүлээн авч судалгааны эргэлтэд оруулна.

4.2.4. Хамтын судалгааны явц, үр дүнгийн талаарх мэдээллийг хамтлаг, багийн зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээж болохгүй.

4.2.5. Судалгааны ажлын явц, үр дүнгийн төлөө хамтын хариуцлага хүлээнэ.

4.3. Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэгт судлаачийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ, хариуцлага:

4.3.1. Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэгт оролцох үүрэг хүлээсэн судлаач бүр биечлэн оролцохыг хичээнэ.

4.3.2. Хэлэлцэж буй бүтээлтэй бүрэн танилцсаны үндсэн дээр саналаа илэрхийлнэ.

4.3.3. Хэлэлцүүлэгт оролцохдоо танил тал, байгууллагын харьяалал, багш шавийн холбоо зэргээс үл хамааран гагцхүү шинжлэх ухааны ёс зүйн шаардлагыг баримтална.

4.3.4. Хэлэлцүүлгийн явцад гардаг маргаан, мэтгэлцээнд оролцохдоо бусдыг доромжлох, сэтгэл зүйн хувьд дарамтлах, баримт нотолгоогүй хуурай үгүйсгэл зэрэг үйлдэл гаргахаас зайлсхийнэ.

4.3.5. Хэлэлцүүлгийн өмнө болон явцад нь хэлэлцэж буй бүтээлийн талаар хувийн санаа бодлоо бусдад тулгах, далдуур хуйвалдах үйл ажиллагаа явуулахыг цээрлэнэ.

4.3.6. Хэлэлцүүлэгт орсон судлаач шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийн тэмдэглэлтэй танилцаж гарын үсгээ зурж баталгаажуулж болно.

4.4. Эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтлүүлэхэд  судлаачийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ:

4.4.1. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнгийн талаар санаатайгаар худал мэдээлэхгүй байх.

4.4.2. Эрдэм шинжилгээний бүтээлд зохиогчийн нэрсийг судалгааны ажилд оруулсан бодит хувь нэмрийг үндэслэж оруулах ба судлаачийн зөвшөөрөлгүйгээр бүтээлд нэрийг нь оруулахыг хориглоно.

4.4.3. Бусдын зохиол, бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар болон хууль бусаар өөрийн болгохгүй байх.

4.4.4. Бусдын санаа, бүтээлийг ашиглан өөрийн зохиогчийн эрхтэйгээр хэвлэн нийтлүүлэхгүй байх.

4.4.5. Судалгааны нэг ижил үр дүн бүхий бүтээлийг санаатайгаар хэд хэдэн сэтгүүлд давхар хэвлүүлэх, дахин илгээх, хэвлэн нийтлүүлэхийг хориглоно.

4.4.6. Судалгааны нэг үр дүнг хэд хэд хувааж, тусдаа өгүүлэл болгон задалж, нийтлүүлэхээс зайлсхийнэ.


Тав. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйг хангах баталгаа

5.1. Энэхүү дүрмийн хэрэгжилтийг хангах нь судлаач "Шинжлэх ухаан, технологийн тухай" хуулийн 13 дугаарт заасан үүргээ биелүүлж, эрдэм шинжилгээний ажилтны нэр төр, ёс зүйг цэвэр ариун байлгах баталгаа болно.

5.2. Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль нь судлаач ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, саналыг судлан шийдвэрлэх Ёс зүйн хороотой байвал зохионо.

5.3. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дэргэд Судлаачийн ёс зүйн хороо байна.

5.4. Судлаачийн ёс зүйн хороо нь эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаачийн ёс зүйтэй холбоотой асуудлыг судлан дүгнэлт гаргах үүргийг гүйцэтгэнэ.

5.5. Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль нь Ёс зүйн хороогүй тохиолдолд асуудлыг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дэргэдэх Судлаачийн ёс зүйн хороогоор шийдвэрлүүлж болно.

5.6. Судлаачийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн судлаачдад хүлээлгэх хариуцлага ногдуулах асуудлыг “Судлаачийн ёс зүйн хороо”-ны дүгнэлтийг үндэслэн саналаа эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

---- о0о -----

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 13.2.1-т эрдэм шинжилгээний байгууллага, ажилтан  дор дурдсан шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчим, эрдэм шинжилгээний ажилтны  ёс зүй, нэр төрийг эрхэмлэн ажиллахаар заасан.

“Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа тул дүрмийн төсөлд саналаа өгнө үү.

Саналаа  baterdene@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох утас: 260325

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗАР