ЭЦЭГ ЭХ, БАГШ, АЖИЛЧДЫН ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

A- A A+
ЭЦЭГ ЭХ, БАГШ, АЖИЛЧДЫН ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогт тэргүүтэй яамны газрын дарга нар Монголын Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа.

Хуулийн төсөлд орж буй өөрчлөлтүүдийн талаар үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлд мэдээлэл өглөө. Холбооны зүгээс өмнөх уулзалтаар хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад өөрсдийн саналаа хэлж, багш нарын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудалд анхаарахыг хүсч байсан. Энэ дагуу хуулийн төслийн ажлын хэсэг боловсролын байгууллагын багш, ажилтнуудын нийгмийн баталгаанд онцгойлон анхаарч төсөлд тусгасан болохыг Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбаатар хэлэв. Ялангуяа багш-ирээдүй сан буюу багш бүрийг хуримтлалтай болгох асуудлыг төсөлд тусгажээ. Мөн сургалтын чанарт суурилсан төлөвлөлтийг бий болгож, хариуцлагыг санхүүгийн эрх мэдэлтэй нь хамт тухайн байгууллагад олгоно. Эцэг эх, багш ажилчдын тэгш оролцоог хангасан хяналтын тогтолцоог бий болгох юм.  

Боловсролын салбарын томилгоог улс төрөөс хараат бус мерит зарчмыг баримтлан явуулна. Тухайн Боловсрол, соёл, урлагийн газар нь цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлыг томилох байдлаар удирдлагын томилгоог нарийн тусгаж өгчээ.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар боловсролын салбарын санхүүжилтийн асуудлаар Сангийн яамтай ойлголтоо нэгтгэж, суралцагч, багш нарт хүрэлцэхүйц байдлаар хуулийн төсөлд тусгасан. Мөн бид үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо нэг ойлголттой болох нь чухал гэдгийг онцоллоо.

Монголын Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл хамтын хэлэлцээр хийж, 2022, 2023 оны төсвийн төсөөлөлд багшийн цалин, нийгмийн баталгааны асуудлыг тусгаж өгөхийг хүслээ.