Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам

A- A A+
Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр                                                                                                                                          Улаанбаатар хот

 

Дугаар 301

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 99, 343 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                       Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд                              Л.ГАНТӨМӨР

 

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолын хавсралт


ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Шинжлэх ухаан, технологийн төсөл (цаашид энэ журамд “төсөл” гэх) гэж Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасныг ойлгоно.

1.3. Төсөл нь дараах төрөлтэй байна:

1.3.1. суурь судалгааны төсөл;

1.3.2. хөтөлбөрийн зорилтот төсөл;

1.3.3. захиалгат төсөл;

1.3.4. цөм технологийн төсөл;     

1.3.5. технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл; (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2019-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

1.3.6. гадаадтай хамтарсан төсөл.

1.4. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог  дор дурдсан утгаар ойлгоно:

1.4.1. “суурь судалгааны төсөл” гэж хүн, нийгэм, хүрээлэн байгаа орчны хөгжлийн үндсэн зүй тогтлын талаар шинэ мэдлэг, мэдээллийг бий болгоход чиглэсэн төслийг;

1.4.2. “хөтөлбөрийн зорилтот төсөл” гэж нийгмийн болон салбарын хөгжлийн урт, дунд хугацааны стратеги, төлөвлөгөө, хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа төслийг;

1.4.3. “захиалгат төсөл” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ болон төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, агентлаг, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг судалж  шийдвэрлэхэд  чиглэсэн төслийг;

1.4.4. “цөм технологийн төсөл” гэж Засгийн газраас баталсан шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтад хамаарах технологийн судалгаа боловсруулалтын ажлыг хэрэгжүүлэх төслийг;

1.4.5. “технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл” гэж Инновацийн тухай хуулийн 3.1.9-д хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн төслийг; (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2019-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

1.4.6. “гадаадтай хамтарсан төсөл” гэж Монгол Улсын Засгийн газар, шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ (хэлэлцээр)-ний хүрээнд хэрэгжүүлэх 2 болон олон талт төслийг;

1.4.7. “итгэмжлэн хадгалагч” гэж шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батлагдсан, эрдэм шинжилгээний ажлын тайланг архивлан хадгалах, түүний мэдээллийн нууцыг хамгаалах, төслийн үр дүн, шинэ мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий байгууллагыг.

1.5. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь дараах үе шаттай байна:

1.5.1. захиалах, дэвшүүлэх, нээлттэй зарлах;

1.5.2. боловсруулах, мэдүүлэх;

1.5.3. сонгон шалгаруулах;

1.5.4. гэрээ байгуулж баталгаажуулах;

1.5.5. санхүүжүүлэх;

1.5.6. хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд хяналт тавих;

1.5.7. үр дүнг мэдээлэх, тайлагнах, баталгаажуулах;

1.5.8. үр дүнг хүлээлгэн өгөх, санхүүгийн тооцоо хийх.

1.6. Төсөл хэрэгжүүлэхэд дор дурдсан үндсэн зарчмыг баримтална:

1.6.1. үр ашигтай байх;

1.6.2. тэгш өрсөлдөх боломжтой байх;

1.6.3. ил тод байх;

1.6.4. шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд хамаарах төслийг эхний ээлжинд сонгон хэрэгжүүлэх.

1.7. Төслийн захиалагч нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, агентлаг, аж ахуйн нэгж, иргэн байна. Төрийн захиргааны төв байгууллага, агентлаг болон нутгийн захиргааны байгууллага нь аж ахуйн нэгжтэй хамтран төсөл захиалж болно.

1.8. Гадаадтай хамтарсан төслийг гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ (хэлэлцээр)-нд заасны дагуу хэрэгжүүлнэ.

1.9. Суурь судалгааны төсөл, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл төслийг эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын баг, судлаач дэвшүүлнэ. Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төслийг төрийн захиргааны байгууллага дэвшүүлж болно. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2019-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

1.10. Төслийн гүйцэтгэгч нь дор дурдсан этгээд байна:

1.10.1. эрдэм шинжилгээний байгууллага;

1.10.2. аж ахуйн нэгж, байгууллага;

1.10.3. судлаачдын баг;

1.10.4. Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн.

1.11. Төслийн удирдагч нь докторын зэрэгтэй байна. Удирдагчийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр өөрчилж болно. Удирдагчид олгох нэмэгдэл цалин, урамшлын хэмжээг төсөл хэрэгжүүлэх гэрээнд заасан байна.

1.12. Төслийн хэрэгжилтийн явцад бий болсон оюуны өмчийг өмчлөх, эзэмших асуудлыг Инновацийн тухай хуулийн 27.1-д заасны дагуу шийдвэрлэх бөгөөд төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ /цаашид “гэрээ” гэх/-нд тусган хэрэгжүүлэх арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн сан /цаашид “сан” гэх/ зохион байгуулна.

1.13. Төсөл хэрэгжүүлэх хугацаа 3 хүртэл жил байна. Төсөл гэрээнд заасан хугацаанд хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд захиалагч гэрээг сунгах хүсэлтээ бичгээр гаргана. Захиалагчаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэх хугацааг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр 1 хүртэл жилийн хугацаатайгаар сунгаж болно. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 343 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

Хоёр. Төсөл захиалах, дэвшүүлэх, зарлах

2.1. Захиалагч ирэх оноос шинээр хэрэгжүүлэх захиалгат болон цөм технологийн төслөөр шийдвэрлүүлэх асуудлаа тодорхойлж, саналаа (цаашид “захиалагчийн санал” гэх) тухайн оны 3 дугаар сарын 1-ний дотор шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 343 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.2. Захиалагчийн санал нь дор дурдсан бүрдэлтэй байна:

2.2.1. шийдвэрлүүлэх асуудлын сэдэв;

2.2.2. шаардлага, үндэслэл, судалгаа;

2.2.3. үр дүнг хүлээн авах хугацаа;

2.2.4. захиалагчаас гаргах хөрөн¬гийн хэмжээ;

2.2.5. үр дүнгийн даалгавар, шалгуур үзүүлэлт;

2.2.6. нэвтрүүлэх, ашиглах, борлуулахад захиалагчийн хүлээх үүрэг, хариуцлага;

2.2.7. үр дүнг нэвтрүүлж ашигласнаас олох эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлын талаарх төсөөлөл.

2.3. Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл (цаашид “салбар зөвлөл” гэх) нь захиалагчийн саналыг захиалагчийн төлөөллийг санал өгөх эрхтэйгээр оролцуулан тухайн оны 3 дугаар сард багтаан хэлэлцэж, төслийн сэдвийг сонгоно. Салбар зөвлөлийг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулан шинжлэх ухааны салбар тус бүрээс 9 гишүүнтэйгээр бүрдүүлж, шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр 2 жилийн хугацаатайгаар байгуулна. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 343 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.4. Салбар зөвлөлөөр дэмжигдсэн захиалагчийн санал, төслийн сэдвийг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

2.5. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь захиалгат болон цөм технологийн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болзлыг тухайн оны 5 дугаар сард багтаан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 343 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.6. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь ирэх оноос эхлэн хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилтот, цөм технологийн, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төслийн болзлыг тухайн жилийн эхний улиралд багтаан зарлана. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2019-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Мөн Засгийн газрын 2018 оны 343 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.7. Энэ журмын 1.9-д заасан хуулийн этгээд, иргэн нь суурь судалгааны төслийг жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор дэвшүүлнэ.

2.8.Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд багтаан гадаадтай хамтарсан төслийн болзол, нөхцөлийг зарлана. (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 343 дугаар тогтоолоор нэмсэн)

Гурав. Төсөл боловсруулах, мэдүүлэх, бүртгэх

3.1. Төслийн удирдагч нь төслийн баримт бичгийг зарласан болзол, шаардлагын дагуу боловсруулж, шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд цахим хэлбэрээр мэдүүлнэ.

3.2. Төслийн баримт бичиг нь дор дурдсан бүрдэлтэй байна:

3.2.1. төслийн нэр;

3.2.2. хугацаа (эхлэх, дуусах он, сар);

3.2.3. захиалагч (дэвшүүлэгч);

3.2.4. гүйцэтгэгч байгууллага;

3.2.5. санхүүжүүлэх этгээд;

3.2.6. нийт зардал;

3.2.7. удирдагчийн овог, нэр, регистрийн дугаар, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол;

3.2.8. оролцогчдын овог, нэр, регистрийн дугаар, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг цол, төсөлд тэдний оролцох хэлбэр (үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээгээр ажиллах гэх мэт);

3.2.9. гүйцэтгэх үндэслэл, шаардлага;

3.2.10. урьдчилсан судалгаа хийгдэж судлагдсан байдал;

3.2.11. эцсийн үр дүнгийн талаарх төсөөлөл, шинэлэг, дэвшилттэй тал;

3.2.12. эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол;

3.2.13. зорилт, төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө;

3.2.14. үр дүнг шилжүүлэх, борлуулах, ашиглах боломж, төслийн өртгийг нөхөх урьдчилсан тооцоо, хугацаа (бусдад худалдах, лицензийн гэрээгээр ашиглуулах, төслийг санаачлагч өөртөө үлдээх гэх мэт);

3.2.15. өртөг зардлыг тооцсон товчоо, түүний задаргаа, захиалагчаас гаргах хөрөнгийн хэмжээ, холбогдох бусад материал;

3.2.16. лаборатори, туршилтын бааз;

3.2.17. үр дүнг хүлээлгэн өгөх, хянан магадлагаа хийлгэх, нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийн урьдчилсан тооцоо;

3.2.18. гүйцэтгэгч байгууллагаас төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн албан бичиг.

3.3.Гадаадтай хамтарсан төсөлд энэхүү журмын 3.2 дахь хэсэг хамаарахгүй. (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 343 дугаар тогтоолоор нэмсэн)

Дөрөв. Төсөл сонгон шалгаруулах

4.1. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тавигдсан болзол, нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан төслийг сонгон шалгаруулалтад хамруулна.

4.2. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь суурь судалгааны төслийн саналыг онолын болон хэрэглээний чиглэлийн гэж ангилан, сонгон шалгаруулалтыг тус тусад нь явуулж болно.

4.3. Сонгон шалгаруулалтад оролцох төслүүдийн агуулга, үр дүнгийн даалгаврын давхардал, гүйцэтгэгч, удирдагчийн өмнө нь хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэлийн байдалд сан хяналт тавина. Өмнө хэрэгжүүлсэн төслийн үр дүнг гэрээнд заагдсан хугацаанд хүлээлгэн өгөөгүй гүйцэтгэгч, төслийн удирдагчийг дараагийн сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.

4.4. Энэ журмын 1.3.1-д заасан төслийн саналд Шинжлэх ухааны академийн холбогдох Бага чуулган, 1.3.3, 1.3.4, 1.3.6-д заасан төслийн саналд Шинжлэх ухаан, технологийн сан, шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран, 1.3.2, 1.3.5-д заасан төслийн саналд шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн шинжээчийг сонгон ажиллуулж, дүгнэлт гаргах ажлыг тус тус зохион байгуулна. Шинжээч нь төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргахдаа шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлалыг мөрдөнө. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 343 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4.5. Цахим хэлбэрээр ирүүлсэн төслийн санал тус бүрт 3-аас доошгүй шинжээч бичгээр үнэлгээ өгнө. Санхүүгийн хувьд хянан магадлах шаардлагатай гэж үзсэн төсөлд санхүүгийн шинжээч томилон ажиллуулж болно. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь үнэлгээний дүнг нэгтгэж, дүнгийн талаар төслийн санал ирүүлэгсдэд мэдэгдэнэ. Шинжээчдийн олонхийн саналаар дэмжигдсэн төслийг дараагийн шатны сонгон шалгаруултад оролцуулна. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 343 дугаар тогтоолоор нэмэлт орсон)


4.6. Шинжээчийн дүгнэлтээр тэнцсэн гүйцэтгэгч төслийн эх баримт бичгийг 2 хувь хэвлэн баталгаажуулж, шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 5 хоногийн дотор хүргүүлнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 343 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

4.7. Удирдагч төслийн дэлгэрэнгүй мэдээллийг салбар зөвлөлийн хуралд биечлэн танилцуулна. Удирдагч хүндэтгэн үзэх шалтгаанаар танилцуулах боломжгүй тохиолдолд түүний багийн гишүүн танилцуулж болно.

4.8. Салбар зөвлөл нь төсөлд өгсөн шинжээчийн үнэлгээ, төслийн талаарх мэдээлэлтэй танилцах замаар төслийг сонгон шалгаруулна.

4.9. Салбар зөвлөлөөс шалгаруулсан төслүүдийн үр дүнгийн даалгавар, төсөвт өртгийг хянан магадлаж, санхүүжүүлэх саналыг захиалагчийн төлөөллийг оролцуулан шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан нэгж Шинжлэх ухаан, технологийн сантай хамтран боловсруулна. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 343 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4.10. Салбар зөвлөл нь төсөл сонгон шалгаруулсан талаарх дүгнэлтээ шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. Шинээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.11. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төслүүдийн сонгон шалгаруулалтыг тухайн оны эхний хагас жилд багтаан энэ журамд заасны дагуу явуулна. Төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн төсвийн саналыг улсын төсөвт тусгана.

4.12. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төслийн сонгон шалгаруулалт дууссанаас хойш 7 хоногт багтаан шалгаруулалтын дүнгийн талаар төслийн удирдагчдад цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

4.13. Нууцын зэрэглэлтэй төслийн хувьд шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын нууцын асуудал эрхэлсэн албан тушаалтан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж шийдвэр гаргуулна. Энэ төслийн үр дүнг захиалагч хариуцна.

4.14.Гадаадтай хамтарсан төслийн сонгон шалгаруулалтын дүнг гэрээний гадаад оролцогч талд хүргүүлнэ. Талууд хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдсэн төслийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шинээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг батлуулна. (Засгийн газрын 2018 оны 343 дугаар тогтоолоор нэмсэн)

Тав. Гэрээ байгуулах

5.1. Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, тухайн оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш 15 хоногт багтаан төслийн төсөвт өртгийг захиалагч болон сангийн оролцоотойгоор шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тодотгоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 343 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5.2. Төслийн захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч (цаашид “талууд” гэх) нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан үлгэрчилсэн загварын дагуу гэрээг энэхүү журмын 4.10-т заасны дагуу төсөл батлагдсанаас хойш 30 хоногт багтаан байгуулна. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 343 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

5.3. Төсөл хэрэгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон үндсэн хөрөнгийг төсөл дууссаны дараа хэрхэн эзэмших талаар гэрээнд тусгана.

5.4. Төслийн гүйцэтгэгч төсөл хэрэгжүүлэх гэрээг 4 хувь үйлдэж холбогдох байгууллагад хүргүүлнэ.

5.5. Шинжлэх ухаан, технологийн арга хэмжээнд зарцуулах төсөв хүрэлцэхгүй тохиолдолд шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь захиалагчтай хамтран төслийн хэрэгжилтэд зохицуулалт хийх талаар санал боловсруулж, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж болно.

Зургаа. Төслийг санхүүжүүлэх

6.1. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь сангийн хөрөнгөөс төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгийн хувь хэмжээг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн тогтооно.

6.2. Аж ахуйн нэгжтэй хамтарсан захиалгат болон гадаадтай хамтарсан төслийн санхүүжилтийн төрийн захиргааны төв байгууллагад ногдох хөрөнгийн хувь хэмжээг Сангаас санхүүжүүлнэ.

6.3. Төслийн зардал нь дараах бүрдэлтэй байна:

6.3.1.  судлаачдын цалин хөлс;

6.3.2. судалгаа шинжилгээ, сорилт туршилтад шаардагдах материал, эм, урвалж бодис, туршилтын амьтан, нэг удаагийн хэрэглэгдэхүүн худалдан авах зардал;

6.3.3.  эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэнгийн зардал;

6.3.4 гадаад, дотоод томилолт, гадаадын эрдэмтдийн болон хээрийн судалгааны зардал;

6.3.5. багаж, тоног төхөөрөмж, компьютер, сэлбэг хэрэгсэл, программ хангамж худалдан авах, суурилуулах, засвар үйлчилгээ хийлгэх зардал;

6.3.6. эрдэм шинжилгээ, патентын мэдээллийн санд хандах болон архив, номын сангийн үйлчилгээний төлбөр;

6.3.7. мэргэжлийн үнэлгээнд үндэслэн нийтэлдэг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх төлбөр;

6.3.8. Монгол Улсад патент, ашигтай загвар мэдүүлэхтэй холбоотой зардал;

6.3.9. судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх зардал;

6.3.10. төслийн явц, үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зардал;

6.3.11. дээж шинжлүүлэх, социологийн судалгаа хийх, мэдээлэл худалдан авах, хэвлэлийн эх бэлтгэл, хэвлэлт, орчуулга зэрэг бусдаар гүйцэтгүүлэх ажлын төлбөр;

6.3.12. түрээсийн зардал.

6.4. Төслийн төрөл, шинж чанар, түүний үр дүнг ашиглах хүрээ, худалдан борлуулах боломж зэргийг харгалзан төслийг дор дурдсан хэлбэрээр санхүүжүүлнэ:

6.4.1. буцалтгүй хэлбэрээр санхүүжүүлэх;

6.4.2. эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх;

6.4.3. төслийн зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх.

6.5. Төслийг санхүүжүүлэх хэлбэрийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. Санхүүжилтийн хэмжээ, хугацаа, хэлбэрийг гэрээнд тусгана.

6.6. Төсөл хэрэгжүүлэх явцад түүний санхүүжилтэд өөрчлөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд захиалагч, санхүүжүүлэгч хамтран санал боловсруулж, шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

6.7. Үргэлжлэн хэрэгжиж байгаа төслийн төлөвлөгөөт оны зардлыг тодорхойлохдоо төрийн захиргааны байгууллагаас анх баталсан нийт төсөвт өртгийн тухайн оны хуваарийг үндэслэл болгоно.

6.8. Төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих асуудлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.

Долоо. Хэрэгжилт, гүйцэтгэлд тавих хяналт

7.1. Төслийн арга зүйн түвшин, хэрэгжилтийн явц, хугацаа, үр дүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн байдал, санхүүгийн үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага хяналт тавина. Хяналтын зардал нь төслийн нийт зардлын нэг хувиас хэтрэхгүй байна.

7.2. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус шинжээчийн багийг ажиллуулж болно. Шинжээчийн баг нь дүгнэлтээ салбар зөвлөлд оруулж хэлэлцүүлнэ.

7.3. Төслийн гүйцэтгэлийн явц захиалагч, санхүүжүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар удаашрах, үр дүн нь гэрээнд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд захиалагч, санхүүжүүлэгч нь хугацаанаас өмнө гэрээг цуцлах, санхүүжүүлсэн хөрөнгийг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх талаар шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад санал тавьж шийдвэрлүүлнэ.

7.4. Төсөл зарлах, төслийг сонгон шалгаруулах, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнтэй нь танилцах, шинжээч ажиллуулахтай холбогдон гарах зардлыг сан хариуцна.

Найм. Төслийн үр дүнг хянан магадлах, баталгаажуулах, мэдээлэх, тайлагнах

8.1. Төслийн үр дүн нь дор дурдсан хэлбэртэй байна:

8.1.1. онолын судалгааны тайлан, онолын үндэслэл, үзэл баримтлал, загвар, нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл;

8.1.2. шинэ болон шинэчилсэн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний загвар;

8.1.3. шинэ болон шинэчилсэн технологи, технологийн заавар;

8.1.4. техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, түүний эд анги, туршилтын загвар, ажлын зураг;

8.1.5. үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах техник-эдийн засгийн урьдчилсан судалгаа, үндэслэл, зураг, тооцоо;

8.1.6. судалгаа, туршилт, боловсруулалтын ажил болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах бусад төрлийн заавар, журам, аргачлал, эмчилгээ, оношилгооны шинэ дэвшилтэт арга, зөвлөмж, математик загвар, бодлогын алгоритм, программ хангамж, стандарт, норм, схем;

8.1.7. туршилтын үйлдвэр, цех, үйлчилгээний нэгж.

8.2. Төслийн үр дүнг дор дурдсан баримт бичгүүдээр баталгаажуулна:

8.2.1. мэргэжлийн хянан магадлагаанд үндэслэн нийтэлдэг гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл, нэг сэдэвт бүтээл;

8.2.2. үндэсний болон олон улсын патент, патентын мэдүүлэг;

8.2.3. бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын гэрчилгээ;

8.2.4. үндэсний болон олон улсын стандарт, норм, норматив;

8.2.5. техник, технологийн баримт бичгийн иж бүрдэл;

8.2.6. захиалагчийн дүгнэлт.

8.3. Захиалагч төслийн үр дүнг гүйцэтгэгчээс хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шинжээчээр хянан магадлагаа хийлгэж, дээрх үр дүнгээр баталгаажуулаагүй төслийн удирдагчийн цаашид төсөл хэрэгжүүлэх эрхийг хязгаарлах эсэх талаар дүгнэлт гаргуулна.

8.4. Төслийн гүйцэтгэлийг дор дурдсан 2 хэлбэрээр  тайлагнана: 

8.4.1. захиалсан үр дүн, санхүүжилтийн талаар зохих журмын дагуу бичсэн төслийн тайланг захиалагч, санхүүжүүлэгчид тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгөх;

8.4.2. төслийн хүрээнд бий болсон шинжлэх ухааны шинэ мэдлэг  (энэ журмын 8.2-т тусгагдсан баримтаар баталгаажсан)-ийн талаар улсын стандартын дагуу бичсэн эрдэм шинжилгээний ажлын тайланг итгэмжлэн хадгалагчид төсөл дууссанаас хойш 3 сарын дотор цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүлээлгэн өгөх.

Ес. Төслийн үр дүнг хүлээлгэж өгөх, санхүүгийн өр авлагыг барагдуулах

9.1. Гүйцэтгэгч нь төсөл дууссанаас хойш 3 сарын дотор түүний үр дүнг захиалагчид актаар хүлээлгэж өгнө. Төслийн үр дүнг хүлээлгэн өгөхдөө шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үнэлж, хүлээн авсан акт”-ын үлгэрчилсэн загварын дагуу 4 хувь үйлдэж захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч болон шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг хадгалуулна.

9.2. Төслийн захиалагч нь шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 17.5-д заасан хугацаанд захиалгат төслийн үр дүнг нэвтрүүлэх, ашиглах арга хэмжээг авч хэрэгжүүлэн, энэ талаар хийсэн ажлын мэдээ, тайланг Үндэсний зөвлөлд тайлагнана.

9.3. Захиалгат төслийн захиалагч, гүйцэтгэгч нь хүлээн авсан үр дүнгээ үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаагүй эсхүл ашиглах бололцоогүй үр дүн захиалсан бол төсөлд зарцуулсан хөрөнгийг санд буцаан төлнө. Буцааж төлөөгүй тохиолдолд төсөл захиалах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж болно.

9.4. Гэрээнд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр захиалагч төслийн эцсийн үр дүнг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд уг ажлыг дахин гүйцэтгүүлэх буюу санхүүжүүлсэн хөрөнгийг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх арга хэмжээг авна. Энэ тохиолдолд тухайн гүйцэтгэгчийн төслийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг 3 жилийн хугацаагаар түдгэлзүүлнэ.

9.5. Төслийн гүйцэтгэгч энэхүү журмын 8.4, 9.1 дэх заалтад заасныг зөрчсөн тохиолдолд уг ажлын удирдагчийн төсөл удирдах эрхийг 3 хүртэл жилийн хугацаагаар түдгэлзүүлнэ.

9.6. Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч шийдвэрлэнэ. Хэрэв гомдол гаргагч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд асуудлаа шүүхэд тавина.


-----ооОоо-----