Сургуулийн үйл ажиллагааг дахин нээх нь...

A- A A+
Сургуулийн үйл ажиллагааг дахин нээх нь...

КОВИД-19 цар тахлын тархалтыг хязгаарлах урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ихэнх улс орнууд ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль болон боловсролын бусад байгууллагуудаа хаасан бөгөөд үүнд дэлхийн суралцагч хүн амын бараг 90% өртсөн. Гишүүн орнууд сургалтын өөр өөр аргуудыг ашиглан сургалтын тасралтгүй байдлыг хангахын зэрэгцээ сургуулийг дахин нээх бэлтгэл ажлыг эхлүүлэх шаардлагатай болсон.

Боловсролын яам нь Эрүүл мэнд, нийгмийн асуудал эрхэлсэн яамд, төр, хувийн хэвшлийн бусад байгууллагуудтай зөвлөлдөн сургуулийг нээх ажиллагааг төлөвлөх, суралцагч, багш, ажилтнуудын аюулгүй байдал, хамгаалалт, түүнчлэн тэдний эрүүл мэнд, бие махбодь, сэтгэл санаа, нийгмийн сэтгэл зүйн болон нийгмийн харилцаа, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд хариуцах үүрэг хүлээсэн. Сургуулийг дахин нээх стратегийн хувьд сургуулийн үйл ажиллагааг нээхэд боловсролын тогтолцооны бэлэн байдал, сургалтын тасралтгүй байдал, ирээдүйн хямралыг урьдчилан тооцоолж, даван туулах системийн тогтвортой байдлыг үнэлэх, хангахад анхаарах ёстой. Боловсролын яам нь КОВИД-19-ийн шууд болон шууд бус үр дагавар, боловсролын тогтолцоо болон сургуулийн хүрээний нийгмийн тусгаарлалтыг уртасгах зэргээс үүдэлтэй бусад сорилтуудыг урьдчилан тооцож, бэлтгэлийг хангах шаардлагатай. Үүнд сургууль завсардалт нэмэгдэх, одоо байгаа болон шинээр үүсч болох тэгш бус байдлыг хурцатгах, багшлах боловсон хүчний алдагдал гэх мэт эрсдлүүд багтана.

Энэ хямралаас үүдэлтэй томоохон сорилтуудыг үл харгалзан одоогийн нөхцөл байдал нь боловсролын урт хугацааны зорилго, үүрэг, агуулга, үйлчилгээний талаар дахин эргэцүүлэн бодох, өнөөгийн болон цаашдын хямралыг даван туулахын тулд салбар хоорондын цогц арга барилаар дэлхий дахины арга туршлага, практикаас суралцан боловсролын тогтолцоог бэлтгэх боломжийг олгож байна.