БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАР-2018

A- A A+
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАР-2018

 

Ерөнхий боловсролын салбар Хүүхэд хамгааллын бодлоготой боллоо.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль бол ОНЦГОЙ объект юм. Энд олон мянган насанд хүрээгүй хүүхдүүд сурч, хүмүүжиж байдаг. Суралцагчид өдөр тутамдаа үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эцэг эхийн эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдалгүй сурч, хөгжиж, төлөвших ёстой.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018-2019 оны хичээлийн жилд “Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь Хүүхэд хамгааллын бодлого” батлан гаргаж, хэрэгжүүлж байна.

Энэхүү бодлогын хүрээнд боловсролын байгууллагын сургалтын орчин, сургууль болон дотуур байранд суралцагч бүрийг хүчирхийлэл, эрсдэлээс урьдчилан сэргийлж, тэдний аюулгүй байдлыг хангах; хүчирхийлэл, эрсдэлд өртсөн, өртөж болзошгүй талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн бол мэдээллийг хүлээн авах, сургууль болон дотуур байрын орчин, нөхцөл нь суралцагч, мэдээлэгчид ээлтэй, тэдэнд хор хөнөөл учруулахгүй байх; болзошгүй эрсдэлд хариу үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хянах, үнэлэхэд оролцогч талуудын тэгш, идэвхтэй хамтын ажиллагаа, оролцоог эрхэмлэх; хүүхдийг тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд  оролцуулахгүй байх зохицуулалтууд хийгдэнэ.

Эрүүл ахүй, орчны аюулгүй байдлын стандартуудыг боловсрууллаа.

Хот, хөдөөгийн ялгаатай байдал нэмэгдэж, суурин газрын хүн амын нягтрал, хөдөлгөөн ихсэхийн хэрээр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх, эрх чөлөө зөрчигдөх нөхцөл байдлууд үүсч байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 онд улсын хэмжээнд ерөнхий боловсролын  нийт 528 сургуулийн гадна болон дотоод орчинд 3 удаагийн үзлэг шалгалтыг зохион байгуулж, эрсдэлийн үнэлгээг хийхэд нийт ерөнхий боловсролын сургуулиудын 24% нь гэрэлтүүлэг, 21% нь гадна орчны тохижилт, 26% нь дээвэр, 29% нь биеийн тамирын талбай, 20% нь дотоод орчны тохижилт, 30% нь сантехник, 24% нь цахилгаан, 26% нь ариун цэврийн байгууламж эрсдэлтэй, засаж сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарлаа.

Тус ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргаж, “Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын стандарт”, “Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын дотуур байрын орчин, үйлчилгээний стандарт”, “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын орчны эрүүл ахуйн стандарт”-уудыг тус тус боловсруулан Стандартчилал, хэмжил зүйн ерөнхий газарт хүргүүлээд байна.

Сургалтын төлөвлөгөөнд “Эрүүл мэндийн хичээл”-ийг дахин орууллаа.

Ерөнхий боловсролын сургуульд 1998 оноос “Эрүүл мэнд” хичээл сургалтын төлөвлөгөөнд тусгайлан заасан цагаар ордог байсан. 2014 оноос тус хичээлийн агуулгыг бусад хичээлийн агуулгатай нэгтгэн зохион байгуулах болсон.

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, тэднийг эрүүл, зөв дадал хэвшилтэй болгон төлөвшүүлэх ажлыг аль болох бага, өсвөр наснаас нь эхлэх нь туйлын чухал болохыг эрдэмтэн, судлаачид зөвлөж байна.

2018 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг Эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг дахин боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/452 дугаар тушаалаар сургалтын төлөвлөгөөнд 4-12 дугаар ангид “Эрүүл мэнд”ийн хичээлийг бие даасан байдлаар зохион байгуулахаар батлууллаа.

Эрүүл мэндийн боловсролыг (i) хувийн болон орчны эрүүл мэнд, (ii) хооллолт, хөдөлгөөн, (iii) сэтгэцийн эрүүл мэнд, (iv) хорт зуршил, (v) бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд (vi) осол гэмтэл гэсэн 6 агуулгын хүрээнд эзэмшүүлж, суралцагчийн хувийн зохион байгуулалт, өөрийгөө хөгжүүлэх, хүмүүс хоорондын харилцааны болонг аюулгүй амьдрах ухааны цогц чадамжийг олгоно.

Өнөөгийн байдлаар их, дээд сургуулиудыг эрүүл мэндийн багшаар төгссөн болон сургалтад хамрагдаж сертификат авсан биологийн мэргэжлийн нийт 2700 гаруй багш уг хичээлийг зохион байгуулж байна.

Багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм шинэчлэгдлээ.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны үйл ажиллагаандаа баримтлах зарчим, даган биелүүлэх ёс зүйн хэм хэмжээг тогтоож, ёс зүйн зарчим, хэм хэмжээ зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалах зорилгоор ёс зүйн дүрмийг шинэчлэн баталлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан ёс зүйн дүрмийг шинэчлэх болсон хэрэгцээ шаардлага нь 2007 оноос хойш 10 жилийн хугацаанд шинээр олон хууль, дүрэм журмууд батлагдан, мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой хууль, эрх зүйн шинэ орчин үүссэн; урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх тал нь дутмаг; хамрах хүрээ явцуу, багш туслах багшаас бусад нь мөрдөх ёс зүйн хэм хэмжээ байхгүй; оролцогчдын харилцааны хүрээгээр хэм хэмжээг тодорхойлсон нь адил тэгш үйлчлэх боломжийг алдагдуулсан; хэт нуршуу, тунхаглалын шинжтэй, ерөнхий байдлаар тодорхойлсон; ёс зүйн зөрчилд тооцох хариуцлагын тогтолцоо байхгүй; Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам байхгүйгаас үүдэлтэй ёс зүйн дүрмийн хэрэгжилт хангалтгүй; гомдол гаргах, хэрэгжүүлэх журам тодорхойгүй, нээлттэй бус зэрэг дутагдалтай байлаа.

Шинээр батлагдсан дүрэм нь нийтлэг үндэслэл, үйл ажиллагаанд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагын тогтолцоо, хэрэгжүүлэх механизм гэсэн 5 бүлэгтэйгээс гадна Ёс зүйн хэм хэмжээг нарийвчлан (i) Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой; (ii) Ялгаатай хандахаас сэргийлэхтэй холбоотой; (iii) Албан тушаалаа урвуугаар ашиглахгүй байхтай холбоотой; (iv) Албадлага, дарамт үзүүлэхгүй байхтай холбоотой; (v) Бэлэг сэлт, хээл хахууль авахгүй байхтай холбоотой гэсэн 5 чиглэлээр багцлан зөвшөөрч сэргийлсэн, хориглосон, үүрэг болгосон хэм хэмжээг нэг заалтад нэг утга бичиж давхцалгүй, ойлгомжтой тодорхойлсон.

Хариуцлагын механизмыг шинээр тусгасан. Багш, удирдах болон бусад ажилтан энэхүү дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд нийгэм, байгууллага, сурагчдад учруулсан хор хохиролд нь тохируулан эрх бүхий байгууллага, албан тушаалтан хариуцлага хүлээлгэнэ. Ёс зүйн зөрчилд Сануулах, зөвлөх; Уучлалт гуйх; Хамт олных нь өмнө амлалт авахуулах гэсэн ёс зүйн хариуцлага, Хөдөлмөрийн сахилгын шийтгэл; Багшлах эрхийг тодорхой хугацаанд хасах; Багшлах эрх хасах гэсэн эрх зүйн хариуцлага тооцохоор дүрэмд тусгагдсан байна.

Дүрмийг боловсролын салбарын бүх түвшний төлөөллөөр буюу нийт 7 удаа 4700 орчим багш, удирдах ажилтнаар хэлэлцүүлэн өөрчлөлт оруулсан.

Үнэлгээний журам шинэчлэгдэж, зөвлөмж гарлаа.

Сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хүүхэд бүрийн хөгжлийн түвшинг үнэн бодитоор тодорхойлох, суралцагчийн суралцахуйд тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, улмаар багш нар суралцахуйг дэмжих сургалтын арга, технологийг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд үнэлгээний шинэчлэлийн гол зорилго оршино.

Сургуулийн өөрийн үнэлгээ болон хөндлөнгийн үнэлгээний зөрүү их байгаа нь үнэлгээ бодит бус байгаагийн илрэл юм. Үнэлгээ бодит бус байхад хамгийн их нөлөөлж буй зүйл нь суралцагчийг 5 шатлалаар үнэлж, 60 хүртэл хувийн гүйцэтгэлтэй суралцагч хангалтгүй /F/ үнэлэгддэг явдал байв. Мөн 60% дотор суралцагчийн ахиц өөрчлөлт үнэлэгдэхгүй зохицуулалттай байсан.

Иймд үнэлгээний журмыг шинэчилж, үнэлгээ нь хянах шалгах буюу “хариуцлага тооцох эсвэл дүн тавих хэрэгсэл” гэсэн тогтсон хандлагаас суралцагч, багшийн ахиц амжилтыг урамшуулан дэмжихэд чиглүүлэн, үнэлгээний шатлалыг бодит байдалд ойртуулж, суралцагчийн ахиц өөрчлөлтийг 10%-ийн интервалтай хэмжих боломж бүрдүүлсэн. Үнэлгээ нь суралцагчийн ахиц, өөрчлөлтийг харах боломжийг бүрдүүлсэн мэдээллийн хэрэгсэл байх, үнэлгээг ойлгомжтой, шударга, бодитой явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор үнэлгээний дүнгийн системийг мөн өөрчиллөө. Үнэлгээний шинэ журамд тусгаснаар суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсролын түвшин, анги хичээл тус бүрээр боловсруулах, анги дэвших, улсын шалгалтыг сургуулийн хэв шинж, орчин байршлаас үл хамааран нэгэн ижил шалгуураар, нэгэн ижил арга зүй, технологиор үнэлэх боломж бүрдсэн.

Өөрөөр хэлбэл энэ журмын хүрээнд боловсролын үнэлгээний чиглэлд удаан хугацаанд баримталж ирсэн тогтсон арга хандлагыг өөрчилж явцын үнэлгээний мэдээллийг суралцагчийг дүгнэхэд хэрэглэхгүй байхаар зааж тусгасан юм. Журмыг үр дүнтэй хэрэгжүүлснээр багш өөрийн мэргэжлийн ур чадвар, багшлахуйд дүн шинжилгээ хийж, улмаар сургалтын үйл ажиллагааг “суралцахуй”-г дэмжих чиглэлд оновчтой төлөвлөх боломж бүрдэнэ.

“Аюулгүй амьдрах ухаан”-ы сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын 3.2.14-т “Ерөнхий боловсролын сургуульд сурагчдын амьдрах ур ухааныг хөгжүүлэх, аюулгүй байдлын сургалтыг нэвтрүүлж, хүүхдийг эрсдэлгүй, осол эндэлгүй, эрүүл, аюулгүй амьдрах чадварт сургана” гэж тусгасны дагуу тус яам “Аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулан баталж, хэрэгжүүлж байна.  

Хөтөлбөр нь бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд  i) ахуйн орчны аюулгүй байдал, ii) нийгмийн орчны аюулгүй байдал, iii) гамшиг осол, аюулт үзэгдэл, iy) хүний үйл ажиллагаатай холбоотой аюулт үзэгдэл гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй бөгөөд суралцагчид гал түймэр, газар хөдлөлт, цахим аюулгүй байдал зэрэг өнөөгийн Монгол Иргэн хүнд зайлшгүй байх ёстой чадварт суралцана.

"Аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөр"-ийг бие даасан хичээл биш, хичээлүүдийн агуулга, сургалтыг дэмжих үйл ажиллагаа, хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагааны цагт тусган хэрэгжүүлэхээр төлөвлөн хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид аюулгүй байдлаа хангах аргад суралцах, ахуй амьдралдаа хэрэгжүүлж хэвших, болзошгүй осол, аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах аргад суралцах боломж бүрдэх юм.

Сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал батлагдлаа.

Монгол Улс нь ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Гэвч шинэчлэх үйл явц тодорхойгүй, богино хугацаанд  шинэчилдэг зэрэг асуудлуудаас үүдэн сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, шинэчлэх, үнэлэхэд бэрхшээл тулгарсаар  байна.

Тодруулбал, богино хугацааны нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс үүдэн боловсролын салбарт урт хугацааны, тогтвортой бодлого үйл ажиллагаа хэрэгждэггүй, хэрэгжиж буй сургалтын хөтөлбөрийн дунд, урт хугацааны хэрэгжилтэд суурилсан үр өгөөжид тодорхой дүгнэлт хийж чадахгүй байна.

Сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, эргэх холбоогоор хангах циклийг нэгдсэн төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай, тасралтгүй дэмжин ажиллах зорилгоор “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал”-ыг баталлаа. Энэхүү аргачлал  нь сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох  нөхцөл байдлыг бүрдүүлэх,  нөөцийг  удирдах зэргийг багтаасан “Хөтөлбөрийн менежментийн циклийн удирдамж” юм.

Аргачлал нь өнөөг хүртэл Монгол Улсад хэрэгжиж ирсэн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн туршлага, тухайлбал, хөтөлбөр боловсруулахаас эхлэн түүнийг үнэлэх, эргэх холбоогоор хангах хүртэлх цогц туршлагад үндэслэн, тэрхүү үйл явцыг өөрөө өөрийгөө хянан баталгаажуулах (сайжруулах) боломжтой 10 жилийн циклтэй байхаар боловсруулагдсан. Аргачлалаар дамжуулан хөтөлбөрийн шинэчлэлд шаардлагатай үйл ажиллагаанууд цэгцэрч, холбогдох талууд нэгдсэн ойлголтод хүрч, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирч, төлөвлөсөн,  тогтвортой шинэчлэл явуулах боломж бүрдэнэ.

Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг хэн дуртай, эрх мэдэлтэй нь өөрчилж, шинэчлэх бус, эрдэмтэн судлаачид, багш нарынхаа оролцоотой, шинжлэх ухааны үндэстэй 10 жилийн давтамжтайгаар сайжруулж, хөгжүүлдэг, батлагдсан хөтөлбөрийг тогтвортой мөрддөг эрх зүйн үндэс бий болж байна.

Сургуулийн бие даасан байдлыг хангах чиглэлээр дүрэм, журмуудыг шинэчиллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 онд “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” Улсын хоёрдугаар зөвлөгөөнийг нийт багш нарынхаа 10 хүртэлх хувийг оролцуулан 5 бүсийн түвшинд зохион байгуулсан. 2018 оныг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, 2018-2019 оны хичээлийн жилд “Хүүхэд нэг бүрийн сурлагын амжилтыг ахиулах” зорилт тавин ажиллаж байна.

Зөвлөгөөнөөр давхардсан тоогоор 244 илтгэл хэлэлцэгдэж, 872 төлөөлөгч санал хүсэлтээ хэлсэн. Мөн зөвлөгөөнийг цахим вэб мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр нийт 89,520 иргэн үзэж, санал бодлоо илэрхийллээ. Зөвлөгөөний үр дүнд 7 чиглэлийн 92 багц ажлыг тусгасан зөвлөмжийг гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Шинээр батлагдан гарч буй эрх зүйн баримт бичгүүдэд багш нараас гарсан санал хүсэлтийг тусган ажиллаж байна.

Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах, кабинет, лаборатори байгуулах, ашиглах, секц дугуйлан зохион байгуулах, санхүүжүүлэх журмуудыг шинэчлэн баталлаа.

Багшид арга зүйч, тэргүүлэх зэрэг олгох болон кабинет, лаборатори байгуулах, ашиглах эрх нь ерөнхий боловсролын сургуульд шилжсэн бөгөөд үр дүнд суурилсан, ил тод, нээлттэй, шударга, хамтын оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчимд суурилна.

Багшид мэргэжлийн зэрэг олгох шалгуур нь суралцагчдын сурлагын амжилт, багшийн мэргэжил, арга зүйн ур чадвар, суралцагч, багш, хамт олон, эцэг, эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж, өөрийгөө хөгжүүлсэн байдалд үндэслэнэ. Мэргэжлийн зэрэг авахад олон давхар шат дамжлага, бичиг баримт бүрдүүлдэг тогтолцоо байхгүй болно.

Мөн санхүүгийн баталгаат эх үүсвэр, нөөцөд багтаан тухайн хичээлийн жилд  зохион байгуулагдах секц дугуйлангийн нэр төрөл, хэлбэр, хөтөлбөр, төлөвлөгөөг заах аргын нэгдлийн саналыг үндэслэн багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталгаажуулдаг байхаар “Ерөнхий боловсролын сургуульд секц дугуйлан зохион байгуулах, санхүүжүүлэх журам”-д тусгалаа. 

Тусгай хэрэгцээт боловсролын багшийн мэргэжил дээшлүүлэх, давтан бэлтгэх, бэлтгэх ажлыг эрчимжүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг холбогдох салбарын сайд нартай хамтран баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зохих түвшний боловсрол эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тухайн хүүхдийн хөгжлийн онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн уян хатан байдлаар сургах зорилгоор Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, аргачлалыг баталсан. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр 2018 онд улсын хэмжээнд 400 гаруй хүүхэд суралцсан байна.

Мөн оюун ухааны, сонсголын, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулиудын сургалтын төлөвлөгөөг шинэчилж, ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуульд мөрдөх бага боловсролын Бэлтгэл, Монгол хэл, Математик, Яриа бичиг, Биет зүйл, Айзамт хөдөлгөөнт дасгалын сургалтын хөтөлбөрийг  баталлаа.

2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-д тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр суралцах оюутнуудыг сонгон шалгаруулж, Эрхүү хотын Байгалийн их сургуульд төрийн зардлаар суралцуулж байна. Мөн Эрхүү хотын засан сайжруулах төвд ерөнхий боловсролын тусгай сургуулийн эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж эхэллээ.

МУБИС-д “Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим” шинээр байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нарт зориулсан сургалтын модулыг боловсруулан, дотооддоо 392 багш, ажилтныг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрууллаа. 

Насан туршийн боловсролын эрх зүйн орчинг сайжрууллаа.

Насан туршийн боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулах үүднээс “Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах” журмыг шинэчлэн баталлаа. Шинэчилсэн журмыг хэрэгжүүлснээр тодорхой шалтгааны улмаас сургуульд суралцаагүй, сургууль завсардсан хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сүм хийдэд шавилан сууж буй лам хүүхэд, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо эргэж ирсэн хүүхэд, залуучууд зэрэг янз бүрийн бүлгийн иргэдийн суурь, бүрэн дунд боловсрол нөхөн эзэмших харилцааны зохицуулалт бий болж байна.

“Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд суурь боловсролын үйлчилгээ үзүүлэх” журмыг мөрдөж эхэллээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг аливаа эрсдэлээс хамгаалж, суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах, завсардуулалгүй сургах, сургууль хамт олны дунд нийгэмшүүлэх, дасан зохицох, хүчирхийллийг даван туулж, хэвийн байдалд эргэн орох хүртэлх үйл явцыг зохицуулахаар журамд тусгалаа.