ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ЭЦЭГ ЭХ, БАГШ, АЖИЛТНУУДЫН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭВ

A- A A+
ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ЭЦЭГ ЭХ, БАГШ, АЖИЛТНУУДЫН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭВ

“Төсвийн шинэчлэл-2022” уулзалт Завхан аймагт үргэлжилж байна. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, төсвийн шинэчлэлийн бодлогыг танилцуулж, сургалт зохион байгуулав. Сургалтад 260 гаруй төлөөлөл оролцлоо.

Завхан аймгийн тухайд төрийн өмчийн 38, төрийн бус өмчийн 3 цэцэрлэгт нийт 5288 хүүхэд хамрагдаж байна. Энэ нь сургуулийн өмнөх хамран сургалт 85 хувьтай байгаа гэсэн үг. Харин ерөнхий боловсролын 29, СУИС-ийн харьяа хөгжим бүжгийн нэг коллежид нийт 15767 суралцагч суралцаж байна. Сургуульд хамрагдалт 95 хувьтай байгаа юм. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд нийт 2407 багш, ажилтнууд ажиллаж байна.

Боловсролын төсвийн шинэчлэлийн хүрээнд Завхан аймгийн багш, ажилтан, эцэг эхчүүдийн хяналтын оролцоо нэмэгдэж буй. Цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад төсвийн хагас бие даасан эрх мэдлийг олгож, үүнийхээ дагуу хариуцлагын тогтолцоог бий болгосон.

Аймгийн удирдлагын зүгээс боловсролын салбарт хэрэгжүүлж буй “Чадварлаг багш”, “Үдийн хоол”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр” арга хэмжээнд орон нутгийн төсвөөс 687 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Завхан аймагт ажиллах үеэрээ МУИС-ийн Завхан сургууль, Политехник коллежоор орлоо. Орон нутгийн их, дээд сургууль, Политехник коллеж аймгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, 6 их сургуультай хамтран ажиллах, залууст ээлтэй орчныг бүрдүүлэх, менежментээ өөрчлөх зэрэг санал санаачилгуудыг гарган ажиллах хэрэгтэйг дэд сайд хэллээ.