АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗРЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

A- A A+
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ  ГАЗРЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

Төсөл

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
ГАЗРЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ 

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1. Нийслэлийн Боловсролын газар, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар (цаашид “газар” гэх)-ын бүрэн эрх, чиг үүрэг хэрэгжүүлэхтэй холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Газар нь үйл ажиллагаандаа Боловсролын багц хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон боловсрол, шинжлэх ухаан, өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр, Засаг даргын дэргэдэх “Шинжлэх ухаан, технологийн орон нутаг дахь салбар зөвлөл”-ийн зөвлөмжийг мөрдлөг болгоно.

1.3. Газар нь хүний эрхийг дээдэлсэн, хүн бүрд тэгш хүртээмжтэй, тэгш боломжийг олгосон чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, багш ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, хүний насан туршдаа суралцахуйг дэмжих; чадахуйн зарчимд суурилсан удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх; цахим боловсрол, сургалтын уян хатан хэлбэрийг дэмжих; үр дүн, гүйцэтгэлд суурилах; хувь хүний эрх, хэрэгцээ шаардлагад нийцсэн, нээлттэй, уян хатан, тасралтгүй, сургалтын арга зүй, технологи хөгжүүлэхэд чиглэсэн; шийдвэр гаргахад олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг хангасан байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтална.

Хоёр. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

2. Газар нь Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйл, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль болон Инновацийн тухай хуульд заалтад заасан бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.1. Боловсролын болон шинжлэх ухаан, технологи, инновацийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах чиглэлээр:

2.1.1. Боловсролын болон шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийг байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, удирдлагын дэмжлэг үзүүлэх, үр дүн, гүйцэтгэлийг тайлагнах;

2.1.2.Боловсрол шинжлэх ухаан, технологи, инновацийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлж байгууллагын цахим хуудсанд байршуулах, баяжилт, шинэчлэл хийх, хэвийн ажиллагааг хангах;

2.1.3. Шинээр батлагдсан эрх зүйн баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилт болон цаг үеийн бусад асуудлаар орон нутгийн сургалтын болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын удирдах ажилтанд мэдээлэл өгөх, солилцох (уулзалт, онлайн хурал, сургалт/семинар, хэлэлцүүлэг гэх мэт) үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх;

2.1.4. Боловсрол салбарыг хөгжүүлэх орон нутгийн бодлого, арга хэмжээ, төлөвлөгөө, нийтлэг зохицуулалтын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга болон Засаг даргын дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн орон нутаг дахь салбар зөвлөлийн шийдвэр, зөвлөмж гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, гүйцэтгэлийг тайлагнах;

2.1.5. Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, үнэлгээ, арга зүй, технологи, суралцагчийн эрх, хамгаалал, тэгш хамран сургалт, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжил, цахим шилжилт, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд багш, удирдах ажилтан, сурагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн туслах, эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтэд энэ чиглэлийн мэдээллээр хангах;

2.1.6. Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, үнэлгээ, арга зүй, технологи, суралцагчийн эрх, хамгаалал, тэгш хамран сургалт, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжил, цахим шилжилт, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон холбогдох талуудын түншлэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон боловсролын үнэлгээ, эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагыг мэдээллээр хангах, санал боловсруулах;

2.1.7. Боловсролын тухай хуулийн 34.1 дэх хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт заасан сургалтын байгууллагын өөрийн болон мэргэжил, арга зүйн удирдлага, багшийн ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мэргэшлийн зөвлөгөө, арга зүйн удирдамжаар хангах, багш, ажилтан ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;

2.1.8. Сургалтын үйл ажиллагаанд хөтлөх сургалтын баримт бичиг/сурагчийн хувийн хэрэг, ангийн журнал/ болон багш, сурагчийг сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулах, сургуулиудад арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах, тайлагнах;

2.1.9. Бага, дунд боловсролын тухай хуулийн 9.4 дэх хэсэгт заасан боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/ олгохтой холбогдох асуудлын хэрэгжилтийг зохион байгуулах, удирдлага зохицуулалтаар хангах, хяналт тавих, тайлагнах;

2.1.10. Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хоол тэжээл, хүнсний норм, норматив, аюулгүй байдалд мэргэжлийн байгууллага, олон нийт, эцэг эх, асран хамгаалагчийн тавих хяналтыг тогтмолжуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хүчирхийлэл, хорт зуршил, авто замын болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх, нийгмийн сөрөг үзэгдлээс хамгаалах үйл ажиллагааг арга зүйн удирдамж, зохицуулалтаар хангах;

2.2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад санал болгох чиглэлээр:

2.2.1. Боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулах, өөрчлөх асуудлаар тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримт бичигт магадлан шинжилгээ хийх шинжээчийн хэсгийг Боловсролын тухай хуулийн 22.1.4, 22.1.5 дахь заалтад заасны дагуу томилон ажиллуулж мэргэжлийн дүгнэлт гаргах;

2.2.2. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар энэ журмын 2.2.1-т дурдсан шинжээчийн хэсгийн дүгнэлтийг газрын даргын дэргэдэх удирдлагын нэгжийн зөвлөл эсвэл Боловсролын тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасан орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцэж мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргад санал болгох;

2.2.3. Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан байгууллагаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулсан шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрөлд хамаарах асуудлаар бүртгэл, мэдээллийн сан үүсгэх, баяжилт хийх, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

2.2.4. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр сургалтын байгууллага татан буугдах, эсхүл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тохиолдолд тухайн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн явцад үүссэн хувь хүнд хамаарах архивын баримт /ажилд томилох, чөлөөлөх шийдвэр, төгсөгчид олгосон боловсролын баримт бичгийн бүртгэл/-ыг хүлээн авч архивын байгууллагад шилжүүлэх.

2.3. Багш, суралцагчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр:

2.3.1. Сургалтын байгууллагын хүний нөөцийн менежментийг сайжруулах, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэхэд өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, сургууль, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагыг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлагаар хангах, зөвлөн туслах;

2.3.2. Өмчийн бүх хэлбэрийн сургууль, цэцэрлэг, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, багш, сурагчдын дунд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрсөн олимпиад, уралдаан зохион байгуулах, гүйцэтгэл, үр дүнг тайлагнах;

2.3.3. Багш нарын мэргэжлийн бүлгийг үүсгэн багш, ажилтан харилцан туршлага солилцох, бүтээлч үйл ажиллагаа, тэргүүн туршлагыг хөгжүүлэх, тэдний шилдэг арга зүй, технологийг боловсролын технологийн санд бүртгэж нийтийн хүртээл болгох;

2.3.4. Боловсролын үйлчилгээний чанарыг баталгаажуулах, суралцагчийн эрэлт, хэрэгцээ, хөгжлийн онцлогт нийцсэн сургалтыг зохион байгуулахад багшид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, суралцагчийн үнэлгээг зохион байгуулах, үр дүнг нэгтгэх, дүгнэх, тайлагнах;

2.3.5. Суралцагчийн эрхийг хангах, сургуулийн орчинд хамгаалах, хөгжил төлөвшил, авьяасыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх чиглэлээр хүүхдийн болон мэргэжлийн бусад байгууллагатай хамтран ажиллах, багш, ажилтныг арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх;

2.3.6. Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн боловсролын насны хүүхэд, залуусыг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, үр дүнг хянаж, дүгнэх;

2.3.7. Орон нутгийн иргэд насан туршдаа суралцах, хөгжих тэгш боломжийг тэдний эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн бүрдүүлэх, суралцахуйн үйл ажиллагааг холбогдох талуудтай хамтран зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

2.3.8. Багш, ажилтны ажлын гүйцэтгэл, ур чадварыг үнэлэх ажлыг Боловсролын үнэлгээний төвтэй хамтран зохион байгуулах, орон нутгийн сургууль, цэцэрлэгийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх, тайлагнах;

2.3.9. Багш, ажилтан, суралцагчийн бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, урамшуулан дэмжих чиглэлээр төр, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, төрийн одон медаль, салбарын болон нутгийн захиргааны байгууллагын шагналд нэр дэвшүүлэх, шийдвэрлүүлэх;

2.3.10. Сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны нийгмийн асуудлаар судалгаа хийх,  Төрийн албаны тухай хуулийн 27.1.5, 27.1.7, 27.1.8 дахь заалтад заасан нийгмийн баталгааг хангах санал боловсруулах, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах.

2.4. Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт  тавих, үнэлэх чиглэлээр:

2.4.1. Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тогтмол хяналт шинжилгээг, үнэлгээ хийх, сургалтын байгууллагын хөгжлийг чиглүүлэх, үйл ажиллагааны чанарыг сайжруулах чиглэлээр зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэх;

2.4.2. Сургууль, цэцэрлэг, техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэл, журмын дагуу холбогдох талуудтай хамтран чанартай зохион байгуулах, үр дүнг тайлагнах;

2.4.3. Боловсролын чанарын үнэлгээг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Боловсролын үнэлгээний төвөөс өгсөн удирдамжийн дагуу зохион байгуулах, оролцох, хяналт тавих, тэдгээрийн үр дүнгийн мөрөөр шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

2.4.4. Сургууль, цэцэрлэг, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааны чанар, үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх ажлыг олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцоотой зохион байгуулах, зөвлөн туслах, үр дүнд үндэслэн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөө боловсруулах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

2.4.5. Иргэдийн насан туршийн боловсролын хөгжил, үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг тандах судалгаа, оношилгоо, хэрэглэгчийн үнэлгээний ажлыг багш, ажилтан, иргэд, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, үр дүнг мэдээлэх;

2.4.6. Сургалтын байгууллага, удирдлага, багш болон бусад ажилтан, албан хаагчдын үйл ажиллагаанд өөрийн үнэлгээ, дотоод хяналт-шинжилгээний тогтолцоо төлөвшүүлэх ажлыг арга зүйн удирдамжаар хангаж зөвлөн туслах, хамтран ажиллах;

2.4.7. Орон нутагт элсэлтийн ерөнхий шалгалт, их, дээд сургуульд оюутан элсүүлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах, үр дүнгийн дагуу арга хэмжээ авах;

2.4.8. Боловсролын хүртээмж, чанар, үр ашгийн үзүүлэлтүүдийг тооцох, дүн шинжилгээ хийх, түүнийг сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх.

2.5. Боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх чиглэлээр:

2.5.1. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, төсөл, арга хэмжээ, төлөвлөгөө, гэрээ, конвенцын хэрэгжилтийн явц, үр дүн болон байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны тайланг хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн хамт холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд тогтмол мэдээлэх;

2.5.2. Дээд шатны байгууллагаас улс орны нийгэм, эдийн засаг, байгаль, цаг уурын болон бусад асуудлаар сургалтын байгууллагад хамаарах цаг үеийн үйл ажиллагаа, зарим шийдвэрийн хэрэгжилтийн талаар шаардсан мэдээ, мэдээллийг шуурхай гаргаж хүргүүлэх, эргэх холбоотой ажиллах;

2.5.3. Сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын статистикийн мэдээлэл цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх;

2.5.4. Цэцэрлэг, сургуульд хамрагдах хүүхдийн ойрын болон хэтийн төлөвийн таамаглал боловсруулах, бусад шаардлагатай тооцоо, судалгаа хийх;

2.5.5. Тайлан, мэдээ мэдээллийг судалгаа, баримт нотолгоонд тулгуурлан үнэн зөв, чанартай боловсруулах, орон нутгийн боловсролын хүрсэн түвшин, үр дүн, бусад асуудлаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг мэдээллээр хангах.

2.6.Орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох чиглэлээр:

2.6.1. Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, бүс нутгийн онцлог, хүн амын нягтрал, хэтийн төлөв, цэцэрлэг, сургуулийн барилгын хүчин чадал, нөөцийг харгалзан цэцэрлэг, сургуулийн хамран сургах тойрог тогтоох, хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдамж, зохицуулалтаар хангах, хяналт тавих;

2.6.2. Судалгааны үндсэн дээр орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн байршил, бүтэц, хэв шинжийг оновчтой тогтоох, өөрчлөн байгуулах, цэцэрлэг, сургуулийн ачааллын тэнцвэрт байдлыг хангах, дахин төлөвлөлт хийх, цэцэрлэг, сургууль шинээр барих, өргөтгөх санал боловсруулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авах;

2.6.3. Цэцэрлэг, сургуулийн хамран сургах тойргийн хүүхдийн боловсролын үйлчилгээнд хамрагдалтад шинжилгээ хийх, үйлчилгээний гадна хоцорсон хүүхдэд чиглэсэн хариу арга хэмжээ авах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

2.6.4. Сургалтын байгууллагын барилга байгууламж, нөөц хэрэглэгдэхүүн, цэцэрлэг, сургууль, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад хамрагдаж буй хүүхэд, багш, ажилтны шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн мэдээлэл тогтмол цуглуулж судалгаа хийх, хариу арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр холбогдох байгууллагыг мэдээллээр хангах.

2.7.Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах чиглэлээр:

2.7.1. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журамд заасны дагуу зохион байгуулах, үр дүнг ил тод, нээлттэй мэдээлэх;

2.7.2. Удирдах албан тушаалд томилогдох ажилтны ажлын байрны тодорхойлолт боловсруулах, баталгаажуулахад томилох эрх бүхий этгээдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

2.7.3. Удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулсан тухай тайланг дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээдэд танилцуулах, сонгон шалгаруулалттай холбогдох асуудлаар мэдээллийн сан үүсгэх.

2.8.Аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах чиглэлээр:

2.8.1. Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцасны хангалтын байдал, загвар, хийц, чанарын асуудлаар хэрэглэгчийн сэтгэл ханамж судлах, сургуулиудаас мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх;

2.8.2. Батлагдсан шаардлага, загварын дүрэмт хувцсаар сурагчийг хангах ажлыг өмчийн бүх хэлбэрийн сургуулиудад хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, үр дүнг мэдээлэх.

2.9. Шинжлэх ухаан, технологи, инновацийн хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, удирдлага, зохицуулалтаар хангах чиглэлээр:

2.9.1. Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан бие даасан орон тоог Боловсрол, шинжлэх ухааны газрын бүтцэд бий болгон, төсөвт багтаан шийдвэрлүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах;

2.9.3. Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд “Шинжлэх ухаан, технологийн орон нутаг дахь салбар зөвлөл”-ийг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг газрын төлөвлөгөөтэй   уялдуулж, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны тасралтгүй, тогтвортой байдлыг хангах, хэрэгжүүлэх;

2.9.4. Шинжлэх ухаан, өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх орон нутгийн бодлого, арга хэмжээ, төлөвлөгөө, нийтлэг зохицуулалтын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга болон Засаг даргын дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн орон нутаг дахь салбар зөвлөл шийдвэр, зөвлөмж гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, гүйцэтгэлийг тайлагнах;

2.9.5. Орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацийн дэд бүтэц байгуулах, хөгжүүлэх асуудлаар хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, холбогдох байгууллагатай хамтран ажиллах;

2.9.6. Шинжлэх ухаан, технологи, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, хэрэгжилтийг ханган ажиллах;

2.9.7. Орон нутгийн байгалийн болон бусад нөөцөд тулгуурласан, шинжлэх ухаан, технологийн үр дүнд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулалт, зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх;

2.9.8. Орон нутгийн иргэдийн санал санаачилгыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд гарааны санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, гарааны бизнес эрхлэх, хөгжүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах;

2.9.9. Орон нутгаас төрөн гарсан эрдэмтэн, судлаачдын мэдлэгийг ашиглах, орон нутгийн шийдвэрлэх  асуудалд шинжлэх ухааны зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх, судалгаа, шинжилгээнд татан оролцуулах чиглэлээр хамтран ажиллах;

2.9.10. Орон нутагт сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг хөгжүүлэхэд холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох байгууллагатай хамтран ажиллах, арга хэмжээг хэрэгжүүлэх;

2.9.11. Аймаг, орон нутаг, бүсийн түвшинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудтай хамтран ажиллах;

2.9.12. Аймаг, орон нутгийн онцлогт тулгуурлан байгаль, нийгмийн шинжлэх ухааны танин мэдэхүйн контентыг бүтээж, орон нутгийн болон үндэсний олон нийтийн радио телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

2.10. Газар нь энэ журмын 2.1-2.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.10.1. Боловсрол, шинжлэх ухаан, өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан “Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”-нд заасан ажлын хэрэгжилтийг хангана.

2.10.2. Боловсролын удирдлагын мэдээллийн нэгдсэн систем (багш, ажилтан, суралцагч,сургалтын байгууллага, түүний орчны мэдээллийн бүртгэл бүхий)-ийг бүрдүүлж, хөгжүүлэхэд цэцэрлэг, сургууль, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн тусална.

2.10.3. Сургалтын байгууллагын мэдээлэл, холбооны дэд бүтэц, сүлжээний төхөөрөмж, шилэн кабелийн ашиглалт үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах, утасгүй дотоод сүлжээний болон цахим сургалтын орчныг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах, хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ.

2.10.4. Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын ажилтан авлига авах, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Авлигын эсрэг хуулийн 5, 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.10.5. Орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоомжид нийцсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургууль, цэцэрлэг, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагыг гадаадын ижил төстэй байгууллагатай холбох, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлнэ.

Гурав. Удирдлага, зохион байгуулалт

3.1. Газар нь энэхүү журамд заасан бүрэн эрх, мэргэжил, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.

3.2. Газарт эрх бүхий байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтсан дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажиллана. Газрын орон тоог Төсвийн тухай хуульд зааснаар тогтооно.

3.2.1. Газрын нэгжийн дарга, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн нь бакалавр, түүнтэй адилтгах[1] болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, боловсролын сургалтын байгууллагад сүүлийн 5 жил ажилласан туршлагатай, багш, ажилтанд мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх, судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах болон багаар ажиллах ур чадвартай байх бөгөөд харилцааны соёл, ёс зүйн хэм хэмжээ сахин ажиллана.

3.2.2. Газрын боловсролын асуудал мэргэжилтэн нь хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, сургалтын байгууллагын болон хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах, боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлэх, чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулах, сургалтын арга зүй, технологи, цахим сургалт хөгжүүлэхэд багш, удирдах ажилтанд мэргэжил, арга зүйн мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, боловсролын судалгаа хийх, мэдээлэл боловсруулах зэрэг асуудлыг ажлын байрны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

3.2.3. Газрын эрдэм шинжилгээ, судалгааны асуудал хариуцсан шинжилгээ мэргэжилтэн нь бакалавр түүнтэй адилтгах[2]  болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эрдэм шинжилгээ, судалгааны  байгууллагад сүүлийн 5 жил ажилласан туршлагатай, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын ажилтанд мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх, судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах болон багаар ажиллах ур чадвартай байх бөгөөд харилцааны соёл, ёс зүйн хэм хэмжээ сахин ажиллана.

3.3. Газрын дарга нь бусад хууль тогтоомжид заасны дагуу байгууллагын дарга, төсвийн шууд захирагчийн хэрэгжүүлэх чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллана.

3.4. Боловсрол, шинжлэх ухаан, инновац, технологийн салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүн, хүний нөөц, төсөв, санхүүгийн болон хуулиар хориглосноос бусад мэдээллийг байгууллагын цахим хуудас/мэдээллийн самбарт байршуулах замаар байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангана.

3.5. Боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, түншлэлд тулгуурлан шударга, хүртээмжтэй, ил тод, нээлттэй, тэгш байдлыг ханган явуулна.

3.6. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, орон нутаг дахь шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, удирдлагад холбогдох хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудалд дарга, мэргэжилтэн хөндлөнгөөс оролцох, хууль бусаар нөлөө үзүүлэх болон ном, гарын авлага, сэтгүүл бусад зүйл худалдан авахыг багш, ажилтанд тулган шаардах, борлуулахыг хориглоно.  


[1] Гэгээрлийн сайдын “ Боловсролын түвшин, ангилал тогтоох” 1998 оны 98 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Боловсролын түвшний  ангилал ”-ын 5 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

[2] Гэгээрлийн сайдын “ Боловсролын түвшин, ангилал тогтоох” 1998 оны 98 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Боловсролын түвшний  ангилал ”-ын 5 дахь хэсэгт зааснаар ойлгоно

 

“Аймаг, нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газрын үлгэрчилсэн журам”-ын төсөлд саналаа өгнө үү.

Саналаа: Narantuya.j@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох утас: 267131