Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Нүүр
    БCШУЯСӨББага, дундДээдНТБСоёл, урлагШинжлэх ухаанШилэн дансБСМС
         

      2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 2828 дугаарт бүртгэгдсэн

      МОНГОЛ УЛСЫН


      БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

      САЙДЫН ТУШААЛ


      2007 оны 12 сарын 17 өдөр                    Дугаар 11                               Улаанбаатар хот


      Журам батлах тухай


       Боловсролын тухай хуулийн 28.1.2 дахь заалт, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 8.1.9 дэх заалт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.2.29.1 дэх заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2007 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.1.9, 2.1.12 дахь заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нэгжийн дарга нарын зөвлөлийн 2007 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:


      1. "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ыг нэгдүгээр, "Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ыг хоёрдугаар, "Багш, эрдэм шинжилгээний ажилтныг гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах гэрээ"-ний загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.


      2. Энэхүү журмуудыг 2008 оноос эхлэн мөрдөж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар /Р.Бат-Эрдэнэ/, Шинжлэх ухаан, технологийн газар /Б.Энхтүвшин/-т тус тус даалгасугай.


      3. Энэ тушаал гарсантай холбогдуулж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Журам шинэчлэн батлах тухай" 2005 оны 52 дугаар тушаалын 1, 2 дугаар заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

       



      САЙД                                          Н.БОЛОРМАА

       

       

      Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

      2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн

      11 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт


      СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР

      ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАХ

      ХҮМҮҮСИЙГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ


      Нэг. Нийтлэг зүйл


      1. Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах Монгол Улсын иргэдийг шалгаруулахад энэхүү журмыг баримтлана.


      2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "яам" гэнэ/ нь жил бүрийн 1 дүгээр сард багтаан бусад яамд, тэдгээрийн харьяа байгууллага, агентлаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага /цаашид "захиалагч" гэнэ/-уудын мэргэжлийн чиглэлийн захиалгыг авч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд нийцүүлэн тухайн жилд гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах хүний тоо, мэргэжлийн чиглэлийг тогтооно.


      3. Яам жил бүрийн 2 дугаар сард багтаан тухайн жилд гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах хүний тоо, мэргэжлийн чиглэл, захиалагч байгууллагын нэр, бүртгэх болон шалгаруулах тодорхой нөхцөл болон хугацааг яамны вэб хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана.


      4. Зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр, магистр /докторантурт суралцагчдад хамаарна/-аас доошгүй боловсролтой /сургалтын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш байна/, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, гадаад хэлний бэлтгэлтэй, олон улсын нэр хүндтэй их сургуулийн үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн хүмүүс /цаашид "шалгуулагч" гэнэ/-ийг шалгаруулалтад оруулна.


      5. Сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж буй шалгуулагч нь өөрийн ажиллаж буй байгууллагаас зөвшөөрөл авна.


      6. Яам энэ санхүүжилтэд хамруулах гадаадын их сургуулиудын нэрсийн жагсаалтыг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас гаргасан мэдээлэлд үндэслэн тогтоож, өөрийн вэб хуудсанд байршуулна.


      Хоёр. Бүртгэл, сонгон шалгаруулалт


      7. Шалгуулагч нь доор дурдсан баримт бичиг (цаашид "баримт бичиг" гэнэ)-ийг бүрдүүлж, зарлагдсан хуваарийн дагуу яаманд бүртгүүлнэ:


      а. өргөдөл (тухайн чиглэлээр суралцахаар болсон зорилго, ийнхүү суралцахад өөрийгөө бэлтгэсэн байдал болон яагаад өөрийгөө энэ санхүүжилтэд хамаарагдах шаардлагатайг тайлбарласан үндэслэл, суралцаж төгсгөөд хийх ажлын тухай төсөөлөл, суралцахад шаардагдах дэмжлэг, нөхцлийг тодорхой илэрхийлсэн байна);


      б. энэ журмын 6-д заасан сургуулиас элсүүлсэн тухай албан захидал;


      в. өөрийн судалгааны ажлын тухай товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байна);


      г. эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);


      д. ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллуулж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс энэ мэргэжлээр суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон захидлыг битүүмжлэн энэхүү тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлнэ);


      е. бакалавр, магистр (докторантурт суралцах хүмүүст хамаарна)-ын боловсролын зэрэг эзэмшсэн тухай боловсролын баримт бичиг, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (боловсролын баримт бичгийн хуулбарыг олгосон байгууллагаас нь авахыг зөвшөөрсөн захидал).


      ж. гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт.


      8. Яамны шийдвэрээр байгуулагдсан комисс /цаашид "шалгалтын комисс" гэнэ/ нь шалгуулагчдын баримт бичигт дүн шинжилгээ хийж, шалгаруулалтыг зохион байгуулна. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд сургалт, эрдэм шинжилгээний болон захиалагч байгууллагын төлөөллийг оруулна.


      9. Шалгаруулалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авна. Шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практикийн ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар үнэлгээ өгөхөд оршино.


      10. Шалгуулагчдын оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, тухайн чиглэлээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг хяналтын тоонд багтаан шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл бакалавр, магистр /докторантурт суралцах хүмүүст хамаарна/-ын дипломын голч дүнг харгалзана. Дипломын голч дүн тэнцвэл хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг харгалзана.


      11. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шалгаруулалтын дүнг үндэслэн суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргана. Шийдвэрээ хүлээн авсан шалгуулагч нь холбогдох журмын дагуу захиалагчтай гэрээ байгуулж, яамнаас батлагдсан тусгай маягтын дагуу тангарагийн бичиг өргөн барина. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах тухай тодорхой нөхцөл болон захиалагч, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүргийг тодорхой тусгасан байна.


      Гурав. Бусад зүйл


      12. Шалгаруулалтын бүртгэлийн болон зохион байгуулалтын холбогдох зардлыг шалгуулагч хариуцна.


      13. Шалгуулагч нь энэ журамд заасан болзол шаардлагыг хангаагүй, баримт бичгээ дутуу эсвэл хуурамчаар бүрдүүлсэн, шалгалтын явцад бусдаас дэмжлэг авсан, бусдын бүтээлийг хуулж ашигласан, худал мэдээлэл өгсөн, зарлагдсан хугацаанаас хоцорсон болон бүртгэл, шалгаруулалтын үед тавьсан бусад нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол сонгон шалгаруулалтаас хасна.


      14. Гадаадад суралцуулах өөр шалгалтад тэнцэж, тухайн орны Засгийн газарт материал нь хүргэгдсэн хүнийг шалгаруулалтад оруулахгүй.


      15. Монгол улсын болон гадаадын байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрт энэ журмаас өөрөөр заасан тохиолдолд гэрээ, хэлэлцээрийн заалтуудыг баримтална.


      16. Шалгаруулалтын явцад гарсан маргааныг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.



      ---------- о О о ----------

      Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

      2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн

      11 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт


      ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ГЭРЭЭ,

      ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДАГУУ ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ

      СУРАЛЦАХ ХҮМҮҮСИЙГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ


      Нэг. Нийтлэг зүйл


      1. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад магистрантур, докторантурт суралцах Монгол Улсын иргэдийг шалгаруулахад энэхүү журмыг баримтлана.


      2. Тухайн жилд гадаадад суралцуулах мэргэжлийн чиглэл, хяналтын тоог яамд, агентлаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага /цаашид "захиалагч" гэнэ/-уудаас ирүүлсэн захиалга, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төлөв байдал, хүлээн авах талын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "яам" гэнэ)-аас тогтооно. Ингэхдээ залуу судлаач, эрдэмтдийг дэмжих зорилгоор сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, эрдэм шинжилгээний ажилтан нарт тодорхой тооны тусгай хуваарийг гаргаж байна.


      3. Магистрантур, докторантурт суралцах мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалт авах хугацаа, бүртгэл, сонгон шалгаруулах зарчим, шалгалт авах байрыг шалгалт эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө яамны вэб хуудсаар дамжуулан зарлана. Энэ журмын 2-т заасан тусгай хуваарийн тухай мэдээллийг яамнаас их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын албан ёсны электрон шуудангийн хаягаар хүргүүлэх бөгөөд тухайн байгууллага энэ мэдээллийг өөрийн багш, ажилтнууддаа түгээх үүргийг хүлээнэ.


      4. Зарласан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр, магистр (докторантурт суралцах хүмүүст хамаарна)-ын боловсролын зэрэгтэй (дипломын голч дүн нь 3,00-аас доошгүй байна), мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын дадлага, туршлагатай, гадаадад суралцах хэлний бэлтгэлтэй хүмүүс (цаашид "шалгуулагч" гэнэ)-ийг энэхүү журмын дагуу сонгон шалгаруулалтад оруулна.


      Хоёр. Бүртгэл, сонгон шалгаруулалт


      5. Шалгуулагчид дор дурдсан материалыг бүрдүүлэн зарлалын дагуу бүртгүүлнэ:


      а. өргөдөл (тухайн чиглэлээр суралцах зорилго, суралцахад өөрийгөө бэлтгэсэн байдал болон өөрийгөө энэ тэтгэлэгт хамрагдах шаардлагатайг тайлбарласан үндэслэл, суралцаж төгсөөд хийх ажлын тухай төсөөлөл, суралцахад шаардагдах дэмжлэг, нөхцлийг тодорхой илэрхийлсэн байна);


      б. өөрийн судалгааны ажлын тухай товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, ашигласан арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байна);


      в. эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);


      г. ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллуулж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс энэ мэргэжлээр суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон захидлыг битүүмжлэн энэхүү тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлнэ);


      д. бакалавр, магистр (докторантурт суралцах хүмүүст хамаарна)-ын боловсролын зэрэг эзэмшсэн тухай боловсролын баримт бичиг, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (боловсролын баримт бичгийн хуулбарыг олгосон байгууллагаас нь авахыг зөвшөөрсөн захидал).


      6. Энэ журмын 2-т заасан тусгай хуваарийн дагуу сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад үр бүтээлтэй ажиллаж буй багш, эрдэм шинжилгээний ажилтан нь өөрийн ажиллаж буй байгууллагадаа бүртгүүлнэ. Байгууллага нь бүртгүүлсэн ажилтнуудынхаа хүсэлтийг эрдмийн зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж, энэ журмын болзол, шаардлагыг бүрэн хангасан ажилтны материалыг эрдмийн зөвлөлийн хурлын протокол, шийдвэрийн хамт албан бичгээр яаманд ирүүлнэ.


      7. Нийтэд зарласан хуваарийн дагуу сонгон шалгаруулалтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс (цаашид "комисс" гэнэ) зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллийг оруулна. Сонгон шалгаруулалт нь гадаад хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай байна. Гадаад хэлний шалгалтыг тестээр, мэргэжлийн шалгалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон хэрэглээний ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар үнэлгээ өгөхөд оршино.


      8. Шалгуулагч шалгалт бүрт 60-аас дээш хувийн амжилт үзүүлбэл зохино. Энэ босго оноо нь шалгуулагчдын тооноос хамааран хэлбэлзэж болно.


      9. Босго оноог давсан шалгуулагчдын шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, хамгийн өндөр оноо авсан шалгуулагчдыг хяналтын тоонд багтаан шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл дипломын голч дүнг харгалзана. Дипломын голч дүн тэнцвэл хэвлүүлсэн бүтээлийн тоо, чанарыг харгалзана.


      Гурав. Бусад зүйл


      10. Яам нь гадаадад суралцахаар шалгарсан шалгуулагчдын материалыг хүлээн авах талын шаардлагад нийцүүлэн бүрдэл болгож хүргүүлэх ажлыг холбогдох гэрээ, хэлэлцээрт заасны дагуу гүйцэтгэнэ.


      11. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана. Шийдвэр хүлээн авсан суралцагч нь яамнаас батлагдсан тусгай маягтын дагуу тангарагийн бичиг өргөн барина.


      12. Энэ журмын 2-т заасан тусгай хуваарийн дагуу шалгарсан багш, эрдэм шинжилгээний ажилтан нь захиалагчтай гэрээ байгуулна. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагч хугацаандаа амжилттай төгсөх, суралцагчийг буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах тухай нөхцөл болон захиалагч, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүргийг тодорхой тусгасан байна.


      13. Гадаадын аль нэг оронд суралцуулах шалгалтад тэнцэж, тухайн орны Засгийн газарт материал нь хүргэгдсэн хүнийг дахин өөр оронд суралцуулах шалгалтад оруулахгүй.


      14. Сонгон шалгаруулалтын бэлтгэлийн болон зохион байгуулалтын холбогдох зардлыг шалгуулагч хариуцна.


      15. Шалгуулагч нь энэ журамд заасан болзол шаардлагыг хангаагүй, баримт бичгээ дутуу эсвэл хуурамчаар бүрдүүлсэн, шалгалтын явцад бусдаас дэмжлэг авсан, бусдын бүтээлийг хуулж ашигласан, худал мэдээлэл өгсөн, зарласан хугацаанаас хоцорсон болон бүртгэл, шалгаруулалтын үед тавьсан бусад нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол сонгон шалгаруулалтаас хасна.


      16. Монгол улсын болон гадаадын байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрт энэ журмаас өөрөөр заасан болон гадаадын холбогдох байгууллагаас сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаар энэ журамд зааснаас өөр тусгайлсан нөхцөл, журмыг шаардсан тохиолдолд гэрээ, хэлэлцээрийн заалтууд болон хүлээн авах талаас тусгайлан шаардсан нөхцөл, журмыг баримтална.


      17. Шалгаруулалтын явцад гарсан маргааныг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.


      - - - о О о - - -



      Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

      2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн

      11 дүгээр тушаалын гуравдугаар хавсралт


      БАГШ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫГ ГАДААДАД

      СУРАЛЦУУЛАХ, ТӨГССӨНИЙ ДАРАА

      ЭРГЭН АЖИЛЛУУЛАХ ГЭРЭЭ


      Нэг. Ерөнхий зүйл


      1.1. Нэг талаас _______________________________________ байгууллага /цаашид "байгууллага" гэнэ/-ыг төлөөлж __________________________________________ ажилтай ______________________ овогтой __________________________, нөгөө талаас суралцагч __________________ дугаартай иргэний үнэмлэх, _________________ регистрийн дугаартай, ____________________ аймаг /хот/-ийн ___________________ сум /дүүрэг/-ын ______________________________________________________________________ оршин суугч ____________________ овогтой _____________________ /цаашид "суралцагч" гэнэ/ ______________________ улсын _________________________ сургуулийн магистрантур /докторантур/-т _______________________ чиглэлээр _____ жил суралцан, төгсөж ирээд ___________________________ байгууллагад _________________________ албан тушаал дээр 5-аас доошгүй жил ажиллах нөхцлийг тохирч энэ гэрээг байгуулав.


      1.2. Энэ гэрээг 4 хувь үйлдэж, гэрээ байгуулсан талууд болон төрийн захиргааны төв байгууллага /цаашид "яам" гэнэ/ тус бүр нэг хувийг хадгална. Гэрээтэй холбогдсон маргаантай асуудлыг талууд харилцан тохиролцож чадахгүй бол шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.


      1.3. Гэрээг жил бүр сунгана. Суралцагч өөрийн биеэр гэрээний сунгалтаа хийх боломжгүй бол гэрээний сунгалтыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хийж болно.

      Хоёр. Суралцагчийн хүлээх үүрэг, хариуцлага


       2.1. _____________________ овогтой _____________________ би __________ оны хичээлийн жилээс эхлэн _______________________________________________ улсын ________________________________________ сургуулийн магистрантур /докторантур/-т ________________________________ чиглэлээр ______ жилийн хугацаагаар амжилттай суралцан төгсөж ирээд 5-аас доошгүй жил гэрээнд заасан газар ажиллана.


      2.2. Жил бүр гэрээний хугацааг сунгахын өмнө өөрийн сургалт, судалгааны ажлын талаарх сургуулийн тодорхойлолтыг гэрээ байгуулсан талд ирүүлнэ.


      2.3. Суралцагч хүндэтгэх шалтгаанаар, холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөө авсан тохиолдолд гэрээ байгуулсан талд албан ёсоор мэдэгдэж, гэрээний хугацааг сунгуулна.


      2.4. Суралцагч энэ гэрээний 2.1 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд суралцах хугацаандаа сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэгт зориулан авсан санхүүжилттэй дүйцэхүйц хэмжээний төлбөр төлнө.


      2.5. Суралцагч эх орондоо байхгүй байсны болон болон бусад шалтгааны улмаас энэ гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөө биелүүлж чадахгүйд хүрвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч _____________________ дугаартай иргэний үнэмлэх, ______________________ регистрийн дугаартай, ___________________ аймаг /хот/-ийн ____________________ сум /дүүрэг/-ын _______________________________________________________ оршин суугч ____________________ овогтой ____________________ хариуцан гүйцэтгэнэ.


      2.6. Суралцагч /итгэмжлэгдсэн төлөөлөгч/-ийн барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгийн баталгаа


      Барьцааны хөрөнгийн нэр

      Гэрчилгээ, марк, дугаарын тоо

      Тоо, ширхэг

      Нэгжийн үнэ

      Бүгд үнэ

      1





      2






      Гурав. Байгууллагын хүлээх үүрэг


      3.1. Жил бүр гэрээний сунгалтыг хийнэ.


      3.2. Суралцагчийг төгсөж ирэхэд нь гэрээнд заасан ажлын байраар баталгаатай хангана.


      3.3. Суралцагч сургуулиа төгсөж ирээд гэрээнд заасан газар ажиллаж байгаа эсэх талаар мэдээллийг жил бүр яаманд ирүүлж байна.


      3.4. Суралцагч магистр, докторын зэргийн сургалтаа амжилттай дүүргээд гэрээнд заасан газар 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд түүний гэрээг дүгнэн, яаманд тайлан ирүүлнэ.


      3.5. Суралцагч гадаадын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад өөрийн судалгааны чиглэлийн дагуу ажиллаж буй тохиолдолд түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаад тооцон тухайн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн ажилласан жилийг нь энэ гэрээний 3.5 дахь заалтад заасан хугацаанаас хасаж болно.


       3.6. Суралцагч гэрээний нөхцлийг зөрчвөл суралцагчаар сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэгт зориулан авсан санхүүжилттэй дүйцэхүйц хэмжээний төлбөрийг энэ гэрээний 2.4, 2.5 дахь заалтуудын дагуу төлүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.


      Дөрөв. Гэрээний сунгалт


      Хичээлийн жил

      Гэрээг сунгасан

      /он, сар, өдөр/

      Гэрээ хүчинтэй байх хугацаа

      Байгууллагыг төлөөлж /гарын үсэг/

      1




      2




      3





      Тав. Гэрээ байгуулсан


      Байгууллагыг төлөөлж                                                        


      Албан тушаал ______________________


      Овог нэр          ______________________


      Гарын үсэг       ______________________


      Суралцагч                                                               Итгэмжлэгдсэн төлөөлөгч


      Овог нэр     ____________________                           Овог нэр      ____________________


      Гарын үсэг  ____________________                            Гарын үсэг   ____________________




      .......... он ...... сар ...... өдөр


      /Нотариатын тамга/

       


      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
      Төсөлд санал авч байна
       1 
      Соёлын тухай хуулийн төсөл ҮЗЭХ
       2  Киноны тухай хуулийн төсөл ҮЗЭХ
       3 
      Санал авч дууссан хэлэлцүүлгүүд ҮЗЭХ