Нүүр
    БCШУЯСӨББага, дундДээдНТБШинжлэх ухаан, технологи
       

    МОНГОЛ УЛСЫН

    БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

    САЙДЫН ТУШААЛ

    ===================================================================

    2007.12.20                                       Дугаар 17                                    Улаанбаатар хот

     

    Чиглэл батлах тухай
    Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.2 дугаар заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дугаар заалт,   "Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого"-ыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
    1. Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэлийг хавсралтын ёсоор баталсугай.

    2. Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Бага, дунд боловсролын газар (Ц.Лувсандорж), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасугай.

     

                                                                САЙД                                                             Н. БОЛОРМАА

     

         Боловсрол, соёл, шинжлэх ухааны 

    сайдын 2007 оны 12 дугаар сарын 20-ны

    өдрийн 17 дугаар тушаалын хавсралт

     

    Бага насны  хүүхдийн хөгжилд эцэг, эх, гэр бүл, олон

    нийтийн оролцоог  нэмэгдүүлэх талаар сургуулийн

    өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэл

     

    Нэг. Ерөнхий зүйл


    Орчин үеийн судалгааны үр дүнгээс үзэхэд 0-6 насны хүүхдийн хөгжлийг дэмжих, тэдэнд тавих эцэг эхийн хайр, халамжийг чухалчлан үзэх, гэр бүлийн  гишүүдийн хүүхдэд тавих анхаарал халамжийг нэмэгдүүлснээр хүүхдийн эрүүл өсч хөгжихөд чухал нөлөө үзүүлж чадна гэсэн  дүгнэлт гарч байна.          

    Гэр бүл бол хүүхдийн хөгжлийг тэтгэгч анхдагч орчин бөгөөд хүүхэд хамгийн чухал дэмжлэгийг гэр бүлээсээ л авч байдаг ба түүний хөгжилд эцэг эхийн оролцоо хэдийчинээ их байх тусам бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн  үзүүлэлт нь төдийчинээ дээшилдэг байна. Гэвч дийлэнх эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хөгжлийг дэмжих арга замаа олоход бэрхшээл тохиолддог тул тэдэнд сурган хүмүүжүүлэх ур чадвараа хөгжүүлэх хэрэгцээ байнга үүсч байдаг. Тиймээс эцэг эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг сургуулийн өмнөх боловсролын багш, мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч, сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь туслах, тэдний оролцоог дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай байдаг.

    Сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас эцэг эх, гэр бүлийн өргөн хүрээтэй оролцоо, идэвхтэй хамтын ажиллагаа түншлэлийг бий болгох нь бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн чанарын баталгааг хангах гол шалгуур хэмээн олон улсад үзэж байна.


    Гэр бүлийн оролцоо гэдэгт эцэг эх, гэр бүлийн гишүүд, багш нар хамтран гэрт болон цэцэрлэг дээр хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжих бүтээлч уур амьсгалыг бэхжүүлэх үйл ажиллагааг ойлгодог. Иймд сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас эцэг эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын дор дурдсан эрхийг хангах үйл ажиллагааг явуулах нь гэр бүлийн оролцоог сайжруулах суурь үндэс болно. Үүнд:

    • o Үйлчлүүлэгч байх: Тухайн байгууллагын үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, үйлчилгээг сайжруулахын тулд өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжийг олгох
    • o Дэмжигч байх: Эд материал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэх
    • o Сайн дурын туслагч байх: Багшид туслах, анги танхимын цэвэр аюулгүй байдлыг хангах, сургалтын үйл ажиллагаанд туслах боломжийг бүрдүүлэх
    • o Зөвлөгч байх: Үр ашиг, хэрэгцээний талаар мэргэжлийнхээ дагуу зөвлөгөө өгөх бололцоо олгох
    • o Суралцагч байх: Хүүхдийнхээ хөгжил, сурах үйл ажиллагаанд туслах мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний суралцахад зориулсан сургалтын орчинг бүрдүүлэх
    • o Мэдээллийн эх сурвалж байх: Эцэг эх нь өөрийн хүүхдийн талаар мэдээллийн хамгийн сайн эх сурвалж болж чадах тул хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх багшид тус болох мэдээллийг байнга өгч байх нөхцөлийг бүрдүүлэх

    Жич: Хүүхдийн эцэг эх, гэр бүл, олон нийтийн гишүүд ямар нэгэн хөлс шаардахгүйгээр байгууллагын бүхий л үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулахыг сайн дурын үйл ажиллагаа гэнэ.


    Хоёр. Баримтлах чиглэл


    Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаанд эцэг эх, гэр  бүл, олон нийтийн хүч, нөөц, чадавхийн дэмжлэгийг авахдаа дараах чиглэлийг  баримтална. Үүнд:

    1. Эцэг эх, гэр бүлтэй байнгын харилцаа тогтоох;

    2. Эцэг эх, гэр бүлийн сурган хүмүүжүүлэх ур чадварыг сайжруулах;

    3. Эцэг эхийг хүүхэдтэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад оролцуулах;

    4. Олон нийттэй хамтран ажиллах.


    Гурав. Баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа


    • 3.1. Эцэг эх, гэр бүлтэй байнгын харилцаа тогтоох чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын зүгээс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
    • 3.1.1. Ажилтнуудад олон нийтийн нөөц бололцооны талаар болон түүнийг ашиглах стратегийн талаар мэдээлэх;
    • 3.1.2. Хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа буюу үйлчилгээнийхээ талаар тодорхой мэдээллээр эцэг эхийг хангах;
    • 3.1.3. Эцэг эхэд хүүхдийн хөгжлийн түвшин, амжилт дутагдлын талаар бүхий л зүйлийг мэдээлж байх;
    • 3.1.4. Эцэг эхээс санал авах, тэднээр хянуулах зорилгоор хүүхдийн хийсэн бүтээлийг тэдэнд хүргүүлэх;
    • 3.1.5. Байгууллагын хүрээнд хийгдэж байгаа өөрчлөлт, бодлого, журам, үйл ажиллагааны зорилго, арга барилын талаар хүүхдийн эцэг эх, гэр бүлийнхэнд түгээх;
    • 3.1.6. Эцэг эхэд хүүхдийг нь хөгжүүлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагааныхаа тайланг хүргэж, шаардлагатай дэмжлэг, туслалцаа, зөвлөгөө өгөх санал дэвшүүлэх;
    • 3.1.7. Эцэг эх, багш нарт мэдээлэл солилцох таатай нөхцөлийг бүрдүүлэх;
    • 3.1.8. Эцэг эхтэй хамтарсан зөвлөгөөн хийх;
    • 3.1.9. Бүтэн жилийн турш бүх эцэг эхтэй харилцах үйл ажиллагааг зохицуулсан төлөвлөгөө хийх;
    • 3.1.10.Хүүхдийн хөгжилд анхдагч үүрэг гүйцэтгэгч "эцэг эх, гэр бүлийн гишүүдтэй байнгын харилцаа тогтоож, тэдний туслалцаа дэмжлэгийг авч хамтран ажилласнаар хүүхдийг хөгжүүлэх зорилгоо биелүүлж чадна" гэсэн итгэл үнэмшлийг багш, ажилтнуудад төлөвшүүлэх.
    • 3.2. Эцэг эх, гэр бүлийн гишүүдийн сурган хүмүүжүүлэх ур чадварыг сайжруулах чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын зүгээс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
    • 3.2.1. Хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоо чухал болохыг тэдэнд ойлгуулах мэдээлэл бэлтгэж тараах;
    • 3.2.2. Эцэг эхэд ямар туслалцаа, дэмжлэг хэрэгтэйг тодруулах судалгаа хийх;
    • 3.2.3. Эцэг эхийн хэрэгцээг хангах арга замыг олох;
    • 3.2.4. Эцэг эх, хүүхдийн хооронд эерэг харилцаа тогтоох арга замын талаар сургалт зохион байгуулах;
    • 3.2.5. Бүх гэр бүлд хүрч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
    • 3.2.6. Эцэг эхийн хайр халамжийн уламжлалт аргыг хүлээн зөвшөөрч гэр бүлийн үүрэг хариуцлагыг хүндэтгэн дэмжих бодлого барих;
    • 3.2.7. Эцэг эх, гэр бүлийг дэмждэг бусад байгууллагуудтай хамтарч ажиллах;
    • 3.2.8. Хүүхэд эцэг эхтэйгээ хамтарч хийх даалгавар өгөх;
    • 3.2.9. Хүүхдэд хэрэгтэй үед нь туслах, дэмжлэг үзүүлэх талаар эцэг эхэд сургалт зохион байгуулах;
    • 3.2.10.Хүхэд бүрийг хөгжүүлэх төлөвлөгөө зохиож, эцэг эхийг оролцуулах;
    • 3.2.11.Эцэг эхэд хүүхдийнхээ хөгжлийг дэмжих үр дүнтэй зөвлөгөө өгөхөд ажилтнуудаа сургах;
    • 3.2.12.Эцэг эхийн оролцоо хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмждэг талаарх судалгаа шинжилгээний дүгнэлтийг нээлттэй мэдээлэх;
    • 3.2.13.Эцэг эх хүүхдэдээ туслах талаар зааж, зөвлөмжилсөн мэдээллийн хуудас тараах;
    • 3.2.14.Хүүхдийн хийж бүтээсэн зүйлийг үнэлж дүгнэхэд эцэг эхийг идэвхитэй оролцуулах;
    • 3.2.15.Үүргээ биелүүлэхэд шаардлагатай ур чадвараа хөгжүүлэхэд нь бүх эцэг эхэд тасралтгүй дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх.

    3.3. Эцэг эхийг хүүхэдтэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад оролцуулах чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын зүгээс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

    • 3.3.1. Бүтэн жилийн турш бүх эцэг эхтэй харилцах үйл ажиллагааг зохицуулсан төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
    • 3.3.2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр явуулж байгаа аливаа үйл ажиллагаанд эцэг эх таны оролцоо чухал хэрэгтэй гэдгийг ойлгуулах мэдээлэл бэлтгэж тараах;
    • 3.3.3. Эцэг эх, багш, ажилтнуудыг хамтран ажиллах, шийдвэр гаргахад саналаа солилцох бололцоогоор хангах;
    • 3.3.4. Эцэг эхийн эрх ашгийг хамгаалах зөвлөл, холбоо байгуулахыг дэмжих;
    • 3.3.5. Эцэг эхийг шийдвэр гаргах болон бодлого боловсруулахад оролцуулах;
    • 3.3.6. Эцэг эхийг байгууллагын бодлого, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллээр хангах;
    • 3.3.7. Эцэг эхийг байгууллагын зорилгыг тодорхойлох, бодлого хөтөлбөрийг сайжруулах буюу үнэлэх, гүйцэтгэлийн баримт гаргах үйл ажиллагаанд оролцуулах;
    • 3.3.8. Ойлгомжтой, оролцоход хялбар, сайн мэдээлэгдсэн үйл ажиллагаа нь шийдвэрийн үр дүнг нэмэгдүүлэх, зөв шийдвэр гаргахад шийдвэрлэх нөлөөтэйг багш, ажилтнууддаа ойлгуулах сургалт зохион байгуулах;
    • 3.3.9. Эцэг эхэд байгууллагын захиргаа нь нээлттэй, тэдний дэмжлэг туслалцааг хүлээж авах нөхцөлийг бүрдүүлэх;
    • 3.3.10.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд эцэг эхэд найрсаг хандах, тэдэнд тааламжтай уур амьсгал бүрдүүлэх;
    • 3.3.11.Эцэг эхийн сонирхол, авьяас чадварыг судалж, тэдний чадавхийг байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах;
    • 3.3.12.Байгууллагаас зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байгаа эцэг эхэд бусад арга замаар оролцох боломж олгох;
    • 3.3.13.Эцэг эхийн дэмжлэг туслалцааг үнэлэх;
    • 3.3.14.Шийдвэр гаргах явцад оролцогч талууд хүндэтгэлтэй, бүрэн эрхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх;

    3.4. Олон нийттэй хамтран ажиллах чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын зүгээс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

    • 3.4.1. Ажилтнуудад олон нийтийн нөөц бололцооны талаар болон түүнийг ашиглах стратегийн талаар мэдээлэх;
    • 3.4.2. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд түгээх;
    • 3.4.3. Гэр бүлийг дэмжих үйлчилгээ болон сургалтад эцэг эхийг бүрэн хамруулах талаар олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах;
    • 3.4.4. Ахмадын зөвлөл, хороод гэх мэт байгууллагуудтай холбоо тогтоож сайн дурынхныг ажиллуулах;
    • 3.4.5. Ажилтнууддаа сайн дурынхны оролцоог үр дүнтэй ашиглах талаар сургалт зохион байгуулах;
    • 3.4.6. Эцэг эх, гэр бүлийн гишүүдийн сайн дурынхны өвөрмөц чадвар, авъяасыг нээх судалгаа явуулах;
    • 3.4.7. Сайн дурын үйл ажиллагаанд оролцох цаг хугацааны боломжийг судалж тодорхойлох;
    • 3.4.8. Эцэг эх болон сайн дурынхан оролцох үйл ажиллагаа хэдийд, хаана, ямар хугацаатай явагдахыг мэдээлэх;
    • 3.4.9. Сайн дурынхныг үүргээ гүйцэтгэхтэй холбоотой нөхцөл бололцоо, тодорхой мэдээлэл тухайлбал, харилцах багш, ажилтны нэр зэрэг бусад шаардагдах мэдээллээр хангах;
    • 3.4.10.Олон нийтийн хүч, нөөцийг сургуулийн өмнөх боловсролын байгууллага, гэр бүл, хүүхдийн хөгжилд үр дүнтэй ашиглах арга механизмыг бий болгох.

    Дөрөв.  Баримтлах чиглэлийн хэрэгжилтийг үнэлэх жишиг шалгуур үзүүлэлт


    •1.      Эцэг эх, гэр бүлтэй байнгын харилцаа тогтоох


    Үзүүлэлтүүд

    Тогтмол

    Заримдаа

    Огт хийдэггүй

    1. Мэдээлэл харилцааны хэрэгслийг ашиглан хоёр талын харилцааг хялбарчлах арга замыг хайх

    2. Эцэг эх, багш нар хүүхдийн амжилт, хөгжлийн үзүүлэлтийн талаар мэдээлэл солилцох таатай нөхцөлийг бүрдүүлэх

    3. Байгууллагын сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаа, үйлчилгээний талаар тодорхой мэдээллийг эцэг эхчүүдэд хүргэх

    4. Эцэг эхчүүдэд хүүхдийн хөгжлийн талаарх дүгнэлт, шаардлагатай дэмжлэг, дагалдах зөвлөгөөг явуулах

    5. Байгууллагын зорилго, бодлого, үйл ажиллагаа, дүрэм журмын талаарх мэдээллийг түгээх

    6. Жилд хоёроос доошгүй удаа эцэг эхтэй хамтарч зөвлөгөөн хийх

    7. Эцэг эх, багш нарын хооронд яаралтай холбогдох боломж, нөхцөлийг бүрдүүлэх

    8. Эцэг эхчүүдэд хүүхдийн ололт амжилт, дутагдлыг мэдээлэх

    9. Эцэг эхчүүдийг байгууллагын удирдах ажилтантай харилцах боломжоор хангах

    10. Эцэг эх, багш нар хамтран оролцож болох албан бус үйл ажиллагааг зохион байгуулах

    2. Эцэг эх, гэр бүлийн сурган хүмүүжүүлэх ур чадварыг сайжруулах

    Үзүүлэлтүүд

    Тогтмол

    Заримдаа

    Огт хийдэггүй

    1. Эцэг эх, хүүхдийн хооронд эелдэг харилцаа тогтоохын чухлыг ойлгуулах үйл ажиллагаа зохион байгуулах

    2. Гэр бүлийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн хөтөлбөрт эцэг эхийг хамруулах

    3. Зөвхөн эцэг эхийн уулзалтад оролцдог хүнээс гадна гэр бүлийн гишүүдэд хүрч ажиллах

    4. Эцэг эхийн уламжлалт сурган хүмүүжүүлэх арга барилыг хүлээн зөвшөөрч, гэр бүлийн үүрэг хариуцлагыг хүндэтгэн дэмжих бодлого баримтлах

    5. Эцэг эх, гэр бүлийг дэмжих сургалт, бусад үйлчилгээ явуулдаг мэдээлэл, сурталчилгааны төвтэй харилцах боломжоор хангах

    6. Хүүхдэд нөлөөлөх асуудлын талаар шийдвэр гаргахад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх

    7. Эцэг эхчүүд гэртээ хүүхдэдээ тохиромжтой туслалцаа үзүүлэх, багштай эргэх холбоо тогтоох талаар мэдээлэл өгөх

    8. Хүүхдийн хөгжлийг дэмжих, ямар туслалцаа үзүүлэх талаар эцэг эхчүүдэд семинар зохион байгуулах

    9. Багш нар хүүхэд бүрийг хөгжүүлэх хувийн төлөвлөгөөг гаргахад эцэг эхийг  оролцуулах

    10. Хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхчүүдтэй хамтран ажиллах мэдлэг, чадварт сургах сургалтад багш, ажилтнуудыг хамруулах

    11. Эцэг эхийн сонирхол, авъяас чадварыг судалж, тэдний чадавхийг  ашиглах

    12. Цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүд сайн дураараа оролцох боломж, хөтөлбөрөөр хангах

    13. Бүтэн жилийн турш бүх эцэг эхчүүдтэй харилцах системийг бий болгох

    14. Эцэг эхийн оролцоо, тэдний дэмжлэг туслалцааг үнэлэх

    15. Эцэг эх, ажилтнуудын дунд эелдэг дулаан уур амьсгал  бүрдүүлэх

    3. Эцэг эхийг хүүхэдтэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад оролцуулах

    Үзүүлэлтүүд

    Тогтмол

    Заримдаа

    Огт хийдэггүй

    1. Мэдээллийг ойлгомжтой бэлтгэх

    2. Эцэг эхийн эрх ашгийг хамгаалах зөвлөл, холбоо байгуулахыг дэмжих

    3. Эцэг эхчүүдийг байгууллагын бодлого, сургалт, аюулгүй байдал, боловсон хүчний асуудал хэлэлцэх гэх мэт шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах

    4. Эцэг эхчүүдийг байгууллага, багшийн үйл ажиллагааг үнэлэх, бодлого, хөтөлбөрийг сайжруулах, дагаж мөрдөх журам, дүрмийг боловсруулах үйл ажиллагаанд оролцуулах

    5. Хүүхдэд нөлөөлөх шийдвэрийн талаар эцэг эхчүүдэд урьдчилан мэдээлэх, тэдний оролцоог дэмжих

    6. Шийдвэрийг хэрэгжүүлэх эцэг эхчүүдийн  сонирхлыг дэмжих, хүндэтгэх

    7. Эцэг эхчүүд, багш, ажилтнуудыг шийдвэр гаргахад саналаа хуваалцах  сургалтад хамруулах

                4.Олон нийттэй хамтран ажиллах

    Үзүүлэлтүүд

    Тогтмол

    Заримдаа

    Огт хийдэггүй

    1. Гэр бүл, олон нийтэд зориулсан хүүхдийн чөлөөт цаг, боловсрол, эрүүл мэндийн сургалтын  хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээр хангах

    2. Хүүхдийн хөгжлийг хангах, гэр бүлийг дэмжих олон нийтийн үйлчилгээний байгууллага, хүмүүстэй түншлэл тогтоох

    3. Цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих сайн дурын үйл ажиллагааг орон нутаг, байгууллага, хүмүүсийн дунд өрнүүлэх

    4. Гэр бүлийг дэмжих үйлчилгээ, сургалтын үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг хамруулахад олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах

    5. Багш, ажилтнуудыг олон нийтийн нөөц бололцоо, түүнийг ашиглах боломжийн талаарх мэдээллээр хангах


    Тав. Хүрэх үр дүн


    1. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагатай байнгын харилцаа тогтоосноор эцэг эх хүүхдийнхээ бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг гэр бүлийн нөхцөлд дэмжих мэдлэг, чадварт ахиц гарна.
    2. Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх эв дүй, цэцэрлэгийн үйл ажиллагаанд нөлөөлөх оролцоо, хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага сайжирснаар эрүүл, аюулгүй, эрсдлээс хамгаалагдсан, боловсролын тэгш, чанартай үйлчилгээ авах боломж ихэснэ.
    3. Эцэг эх, олон нийттэй хамтран ажилласнаар багш нарын мэргэжлийн ур чадвар, байгууллагын шийдвэр гаргалтад оролцох менежментийн чадавхи дээшилнэ.
    4. Эцэг эх, олон нийт, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамтын ажиллагаа, үр ашигтай түншлэл нь хүүхдийн хөгжлийг хангах хувилбарт сургалтыг нэвтрүүлэх, улмаар боловсролын үйлчилгээний хүртээмж, нийц, чанарт бодитой нөлөө үзүүлнэ.

    -------- о О о -------

    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах