Нүүр
    БCШУЯСӨББага, дундДээдНТБШинжлэх ухаан, технологи
       
    Мэдээлэл
    ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА

    1989 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассемблейгаар Хүүхдийн эрх, эрх чөлөөний тухай "Хүүхдийн эрхийн конвенц"-ийг баталсан ба түүнээс хойш гарсан олон улсын баримт бичиг, тунхаглалуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад боловсрол олгох, тэдний эрхийг хамгаалах, нийгэм хамт олон дунд нь нийгэмшүүлэх талаар онцлон заасан билээ.
     Энэ конвенцийн 23 дугаар зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүрэн дүүрэн аз жаргалтай амьдрахын тулд дэмжлэг тусламж, халамж хэрэгтэйгээс гадна сурч боловсрох эрх эдлэх, дээд зэргээр өөртөө итгэх, улмаар нийгмийн интеграцчилалд тэгш эрхээр бүрэн ханган оролцуулах буюу оролцох эрхтэй гэж заасан байдаг.  

    Боловсролын талаар 1994 онд гаргасан ЮНЕСКО-гийн "Нээлттэй удирдамж"-ийн гол санаа нь "Сургуулиуд бүхий л хүүхдэд үйлчилдэг байх ёстой" гэсэн боловсролд тэгш хамруулах зарчмын энгийн боловч чухал үзэл баримтлалд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл боловсролд тэгш хамруулах гэдэг нь хувь хүний хэв шинж, сул тал болон бэрхшээлээс үл хамааран бүхий л сурагчдад нээлттэй сургуулиудыг бий болгоно гэсэн үг. Ийм сургууль нь сурагчдын харилцан адилгүй байдлыг бэрхшээлтэй асуудал хэмээн үзэх бус харин ч урамшуулан сайшаадаг. Боловсролд тэгш хамруулах гэдэг нь албан ба албан бус боловсролын тогтолцооны хүрээнд дээрх сургуулиудыг бий болгож, сурагчдын харилцан адилгүй хэрэгцээ шаардлагуудыг бодитой хангахад орон нутгийн бүхий л нөөц бололцоог татан оролцуулах ёстойг онцлон заасан байдаг. 


    Боловсролд тэгш хамруулах зарчим ба хүний эрх

    Боловсролд тэгш хамруулах зарчмын гол цөм нь боловсролыг хувь хүмүүс ба нийгмийн хөгжлийн тулгуур хэмээн үзэх явдал юм. Өнгөрсөн тавин жилийн хугацаанд Олон улсын хамтын нийгэмлэгээс 21-р зууны боловсролын олон улсын комиссын илтгэлд дурдсанчлан боловсрол нь хувь хүнд тодорхой ур чадвар эзэмшүүлэх механизм төдий бус юм. Энэ нь нийгмийн ба хувь хүний хөгжлийн чухал хүчин зүйл бөгөөд "Энх тайван, эрх чөлөө, шударга ёсны зорилтуудыг хангах хүн төрөлхтний хүчин чармайлтын салшгүй хэсэг" төдийгүй, ... хүний хөгжлийн гүн гүнзгий, зүй зохистой хэлбэрийг бий болгох үндсэн хэрэгслийн нэг бөгөөд улмаар ядуурал, гадуурхал, үл тоомсорлох байдлыг багасгаж, дарангуйлал ба дайны хөнөөлтэй тэмцэх арга хэмээн заажээ (Делорс 1996, 11-р тал).

    Бүх Нийтийн Боловсрол 

    "Бүх Нийтийн Боловсрол" хөдөлгөөний гол зорилго нь хүн бүрийг наанадаж суурь боловсрол эзэмших бололцоогоор хангахад чиглэдэг. Энэхүү үзэл санааг 1990 онд Тайландын Жомитен хотод зохион байгуулсан Бүх нийтийн боловсролын дэлхийн бага хурлын үеэр тунхаглаж Бүх нийтийн боловсролын дэлхийн Жомитений тунхаглалд тусгасан. 

                Тус бага хурлын үйл ажиллагаа нь дэлхий дахины суурь боловсролын нөхцөлд байдалд хийсэн дүн шинжилгээнд үндэслэсэн бөгөөд ихэнх орны хувьд дараах гурван үндсэн бэрхшээлтэй асуудал тулгамдаж байгааг бага хурлын үеэр онцлон тэмдэглэсэн. Үүнд:

    ·         Маш олон хүмүүсийн хувьд сурах эрх нь хязгаарлагдмал буюу хаалттай байгаа (Дэлхий дээр 100 сая хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна);

    ·         Суурь боловсролын тухай ойлголтыг насан туршдаа суралцах болон иргэний боловсрол эзэмшихийн үндэс суурь хэмээн үзэхийн оронд бичиг үсэг тайлагдах ба тоолж сурах гэсэн үзүүлэлтээр хязгаарлаж байна;

    ·         Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, үндэсний ба хэл, соёлын цөөнх бүлгийн гишүүд, охид эмэгтэйчүүд зэрэг ялгаварлан гадуурхагдаж буй бүлгүүдийн боловсрол эзэмших эрх  эрсдэлд орсон. 

    Энэхүү өргөн хүрээтэй зорилтын гол бүрэлдэхүүн хэсгүүдийг Жомитений тунхаглалд дараах байдлаар тусгасан (зүйл 2.2):
    ·         Дэлхий нийтийн хэмжээнд бүх хүүхэд, залуус болон насанд хүргэгчдэд боловсролыг хүртээмжтэй болгож, охид эмэгтэйчүүд ба бусад гадуурхагдсан бүлгүүдэд суурь боловсрол эзэмших эрх олгох зэргээр эрх тэгш байдлыг дэмжих; 
    ·         Зөвхөн сургуульд хамруулах төдийгүй боловсролын чанар, үр өгөөжид анхаарлаа хандуулах;
    ·         Дэлхийн хэмжээнд бага боловсролыг хүртээмжтэй болгох төдийгүй эцэг эхчүүд, олон нийт, сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын байгууллагууд, бичиг үсэгт сургах хөтөлбөрүүд, албан бус сургалтууд, номын сангууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон "Боловсролын тогтолцоо"-ны бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг татан оролцуулах замаар суурь боловсролын хүрээ ба арга замуудыг өргөжүүлэх;
    ·         Боловсролын үр өгөөжийг хүртэхэд шаардлагатай бие бялдрын болон сэтгэл санааны дэмжлэг, хоол тэжээл болон эрүүл мэндийн үйлчилгээг сурагчдад нээлттэй болгох замаар сурах орчныг нь сайжруулах;
    ·         Боловсролын тогтолцооны бүхий л салбарууд, засгийн газрын болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, шашны бүлгүүд, орон нутгийн иргэд, гэр бүл, эцэг эхчүүдийн дунд түншлэлийг бэхжүүлэх;
                Өөрөөр хэлбэл суурь боловсролын асуудал  нь сургуульд суралцах боломжтой хүмүүст боловсролыг зөвхөн хүртээмжтэй болгоно гэсэн үг биш юм. Энэ нь суралцах эрхээ эдлэхийн төлөө тэмцэж буй бүлэг хүмүүсийн өмнө тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг тодорхойлох асуудалд илүү идэвхтэй хандахыг хэлнэ. Мөн үндэсний болон орон нутгийн түвшин дэх бүхий л нөөц бололцоог илрүүлж, дээрх саад тотгоруудыг даван туулах зорилгоор ашиглана гэсэн үг. 

    Боловсролд тэгш хамруулах үзэл санаа  

    Боловсролд тэгш хамруулах үзэл баримтлалыг тусгай хэрэгцээтэй хүмүүсийн боловсролын асуудлаарх 1994 оны дэлхийн бага хурлын үеэр тодорхойлсон. 

    Хүүхэд бүрт өөрийн гэсэн онцлог хэв шинж, сонирхол, авьяас чадвар ба суралцах хэрэгцээ байдаг тул боловсрол эзэмших эрхээ хэрэгжүүлнэ гэдэг нь  эдгээр харилцан адилгүй хэв шинж ба хэрэгцээ шаардлагыг нь тусгасан боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдахыг хэлнэ (UNESCO, 1994, p. viii).

                Боловсролд тэгш хамруулах тогтолцоог бүрдүүлэх зорилт нь аль ч газрын бүхий л хүүхэд боловсрол эзэмших эрхээр хангагдах буюу ердийн сургуулиуд бүх хүүхдийг боловсролд тэгш хамруулах зарчмыг хэрэгжүүлсэн цагт л биелэгдэнэ. Иймээс тус бага хурлын үеэр зарчмын хувьд хэд хэдэн үзэл санааг чухалчилсан бөгөөд сургуулиуд нь:

    ...бие бялдар, оюун санаа, нийгмийн гарал, сэтгэлийн  хөдөлгөөн, хэл ярианы бусад нөхцөл байдлуудаас үл хамааран бүх хүүхдийг сургах ёстой гэж онцлон тэмдэглэсэн. Ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй боловч авьяаслаг хүүхдүүд, хараа хяналтгүй ба ажил эрхэлдэг хүүхдүүд, алслагдсан ба нүүдэлчин өрхийн хүүхдүүд, хэл, соёл ба үндэсний цөөнхийн хүүхдүүд болон бусад ялгаварлан гадуурхагдсан бүлгийн хүүхдүүд бүгд сургуульд хамрагдах ёстой. 

       (UNESCO, 1994, Framework for Action on Special Needs Education, p.6)

    Боловсролд тэгш хамруулахын тулд сургуулиуд нь:

    ...сурагчдын харилцан ялгаатай хэрэгцээ шаардлагыг хүлээн   зөвшөөрч, биелүүлэн янз бүрийн суралцах аргуудыг нэвтрүүлж, холбогдох сургалтын хөтөлбөр, зохион байгуулалтын арга хэмжээнүүд, заах арга, нөөц бололцооны ашиглалт ба олон нийттэй түншлэн ажиллах зэрэг замаар бүх нийтэд чанартай боловсрол эзэмшүүлэх ёстой хэмээн тунхагласан байна.

       (UNESCO, 1994, Framework for Action on Special Needs Education)

    Боловсролд тэгш хамруулах сургуулиудыг бий болгоход ихээхэн бэрхшээлтэй боловч дараах замаар хэрэгжүүлэхийг тус бага хурлаас санал болгосон:

    .... Боловсролд тэгш хамруулах чиглэл баримталж буй ердийн сургуулиуд нь ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэх, олон нийтийн итгэлийг олох, тэгш байдлыг хангасан нийгмийг бүрдүүлэх болон бүх нийтийн боловсролын зорилтыг хангахад чиглэсэн хамгийн чухал арга хэрэгсэл болно. Түүгээр ч зогсохгүй эдгээр сургууль нь ихэнх хүүхдэд чанартай боловсрол эзэмшүүлж, боловсролын тогтолцооны нийт үр ашгийг сайжруулж, зардал хэмнэнэ гэжээ. 

    (UNESCO, 1994, Statement, p.ix)

    Дээр дурдсанчлан боловсролд тэгш хамруулах сургуулиудыг бий болгох нь дараах үндэслэлүүдэд тулгуурлаж байна: 

    ·         Боловсролын үндэслэл; бүхий л хүүхдийг боловсролд тэгш хамруулах асуудал нь хүүхдийн онцлог ялгаанд тохирсон заах арга хэлбэрүүдийг боловсруулж, бүх хүүхдэд үр өгөөжтэй байх шаардлагыг сургуулиудын өмнө тавьж байна.

    ·         Нийгмийн үндэслэл: бүх хүүхдийг хамруулан сургаснаар харилцан ялгаатай талуудад хандах хандлагыг өөрчилж, шударга бөгөөд ялгаварлан гадуурхах үзлээс ангид нийгмийг бий болгохын үндэс суурийг бүрдүүлнэ. 

    ·         Эдийн засгийн үндэслэл: харилцан адилгүй бүлгийн хүүхдүүдэд зориулсан тусгай сургуулиуд бий болгохын оронд хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан, сургууль бүрт бүх хүүхэд суралцах нь зардал хэмнэсэн арга хэмжээ болно. Мөн эдгээр сургууль нь бүхий л хүүхдэд чанартай боловсрол эзэмшүүлсэн тохиолдолд "Бүх нийтийн боловсрол"-ын зорилтыг өртөг багатайгаар хэрэгжүүлэх бололцоо бүрдэнэ. 

    Боловсролд тэгш хамруулах сургалтын хүндрэл бэрхшээлүүд

    Тахир дутуу хэмээн нэрлэж ирсэн нэр томъёог аль хэдийн өөрчилсөн бөгөөд хөгжлийн бэрхшээл гэж юуг хэлэх талаарх ойлголт өөрчлөгдөхийн хэрээр боловсролд тэгш хамруулах үзэл санаа баяжин хөгжсөөр ирсэн. Эрхтний согогийн уламжлалт загвар нь тухайн хүмүүст буй согог нь тэдний амьдралд тохиолдох бэрхшээлүүдийн шалтгаан болно гэж тайлбарладаг. Энэхүү "эмнэлгийн" загвар нь эрхтний согогийг нь "тухайн хүний эмгэнэлт явдал" гэж үзэж, улмаар нийгмийн амьдралд оролцох чадварыг нь хязгаарладаг. Эрүүл хүмүүсийн хэрэгцээ шаардлагад тохируулан бий болгосон ертөнцөд зохицон амьдрахыг оролдох нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өөрсдийнх нь үүрэг хариуцлага хэмээн үздэг. 

                Гэсэн хэдий ч нийгмийн амьдралд эрх тэгш оролцох эрхийнхээ төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэмцсэний үндсэн дээр хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн шинэ загвар бий болсон. "Хувь хүний эмгэнэлт явдал" гэж үзэх бус харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдарч буй нийгмийн орчин нь тэдний бүрэн дүүрэн оролцоог хязгаарлаж байна гэж үзэх болсон. Нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, ажилд орох болон нийгмийн бусад бололцоог хүртэхэд хэн нэгэн хүнд бэрхшээл учирч байгаа бол  энэ нь тухайн хүний бие бялдар, мэдрэхүй болон оюун ухааны эмзэг дорой байдлаас шалтгаалахгүй. Харин нийтийн тээврийн хэрэгслүүдийг зохион бүтээхдээ учир дутагдалтай хандсан буюу хөдөлмөрийн зах зээл дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг системтэйгээр хязгаарлаж байна гэж үзэж болно. Нэг үгээр хэлбэл нийгмийн зохион байгуулалт нь хөгжлийн бэрхшээлтэй цөөнхийн бус эрүүл олонхийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн байна. 

                Боловсролд тэгш хамруулах арга барил нь боловсролын салбарт учирч буй бэрхшээлүүдийг ойлгохын тулд нийгмийн загварт тулгуурладаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд сургуульд суралцах явцдаа бэрхшээлүүдтэй тулгардаг ба зарим хичээлийн хөтөлбөрийн шаардлагууд, тухайлбал, багш заавраа зөвхөн амаар буюу бичгээр өгдөг эсвэл сургуулийн байшинд орох бололцоогүй зэрэг нь тэдэнд хүндрэл үүсгэдэг. Гэсэн хэдий ч боловсролд тэгш хамруулах үзэл баримтлалын дагуу дээрх бэрхшээлүүдийг зөвхөн тухайн хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй нь холбон тайлбарлах ёсгүй. Үүнд  харин дутуу дулимаг боловсруулсан сургалтын хөтөлбөр, багш бэлтгэх тогтолцооны дутагдлууд,  хүүхэд бүрийг нарийн таньж мэдээгүйн улмаас үүсэх багшийн тохиромжгүй арга зүй, учир дутагдалтай баригдсан байшин зэрэг боловсролын тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүд нь эдгээр хүүхдийн суралцах үйл ажиллагаанд саад тотгор үүсгэж байна гэж үздэг. Дээрх нөхцөл байдлыг авч үзвэл тусгай сургууль байгуулах нь ердийн сургуулийн нөхцөлд эдгээр хүүхдэд тохиолдох саад тотгорыг арилгахад чиглэсэн бус харин ч хүүхдүүдийг үе тэнгийхэн болон гэр бүлийнхнээсээ улам хөндийрч, санхүүгийн чадвартай болох бололцоог нь хааж байна. Иймээс суралцах явцад нь тулгарч буй саад тотгоруудыг ойлгож, тэдгээрийг ердийн сургуулийн нөхцөлд үгүй болгож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах хэрэгцээ шаардлагуудыг хангахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. 

                Боловсролд тэгш хамруулах гэдэг нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд холбогдох асуудал буюу тусгай сургуулийн тогтолцоог өөрчлөхөд чиглэсэн арга барил биш юм. Ядуу өрхийн хүүхдүүд, үндэсний ба хэл, соёлын цөөнх бүлгийн хүүхдүүд, зарим орны хувьд охид, алслагдсан бүс нутгийн хүүхдүүд зэрэг өөр бусад бүлгүүдийн хувьд ч гэсэн ердийн сургуульд суралцахад тодорхой бэрхшээлүүд учирч байдаг. Тэдний хувьд ч гэсэн сургалтын хөтөлбөрийн шаардлагууд болон багшийн заах арга зүй нь суралцах урам зоригийг нь бууруулсан буюу тухайн сургуулийн орчинд тэд гадуурхагдах, хэлний болон бусад бэрхшээлүүдтэй тулгарах явдал цөөнгүй байдаг. Иймээс боловсролд тэгш хамруулах арга барил нь эдгээр саад тотгорыг ухамсарлаж, дээрх хүүхдүүдийн суралцах хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс ердийн сургуулиудыг хөгжүүлэн сайжруулах арга замуудыг эрэлхийлдэг. Боловсролд тэгш хамруулах нь тусгай сургалтын тогтолцоог шинэчлэх буюу хөгжлийн бэрхшээлтэй цөөн хүүхдийг ердийн сургуульд сургана гэсэн үг биш юм. Харин суралцах үйл явцад учирч буй бүхий л саад бэрхшээлүүдийг багасгаж, бүх сурагчийн хэрэгцээ шаардлагыг хангах бололцоотой ердийн сургуулиудыг дэмжих нь боловсролд тэгш хамруулах сургалтын гол зорилго юм. Өөрөөр хэлбэл, бүх иргэдэд зориулсан шударга нийгмийг бий болгох өргөн хүрээтэй зорилтын нэгээхэн хэсэг гэж ойлгож болно. 
    Боловсролд тэгш хамруулах бодлого ба үйл ажиллагааг үндэсний тогтолцооны хүрээнд хэрхэн үр дүнтэй удирдан зохицуулах талаар доор өгүүлнэ. Боловсролын тогтолцоог нэн даруй өөрчлөхөд тодорхой бэрхшээлүүд тохиолддог. Үүнд:
    ·         Зарим хувь хүн, бүлэг болон байгууллагууд боловсролд тэгш хамруулах арга хэлбэрт нэн даруй шилжих сонирхолтой байх хэдий ч зарим нь үүнд хойрго хандах буюу бэлтгэлгүй байх нь элбэг; Иймээс өөрчлөлтийн үйл явц нь тодорхой хугацаа шаарддаг. 
    ·         Боловсролд тэгш хамруулах гэдэг нь саад тотгоруудыг зайлуулж, сурах бололцоог нэмэгдүүлнэ гэсэн үг. Үүнийг зөвхөн хууль тогтоох болон бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хийж гүйцэтгэх бололцоогүй ба энэ нь цаг хугацаа шаардсан удаан үргэлжлэх үйл ажиллагаа юм. 
    Иймээс тодорхой хугацаанд өөрчлөлтийн үйл явцыг удирдан чиглүүлэх зорилготой өөрийн гэсэн стратегийг тухайн улс орон бүр бий болгох ёстой. 

    Боловсролд тэгш хамруулахын тулд тогтолцооны өөрчлөлт хийх нь
    Боловсролд тэгш хамруулах үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд боловсролын тогтолцоог бүхэлд нь хамарсан өргөн хүрээтэй өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байдаг. Боловсролд тэгш хамруулах зарчимд шилжих нь салангид үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж чаддаггүй чухал хоёр шалтгаан байна. Үүнд:
    ·         Боловсролын болон нийгмийн тогтолцооны бусад элементүүдийг  шинэчлээгүй цагт боловсролд тэгш хамруулах зарчмыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй;
    ·        Боловсролд тэгш хамруулах шилжилтийг эхлүүлэхийн тулд энэ нь боловсролын тогтолцоог илүү үр дүнтэй болгож, нийгмийн хөгжилд зохих хувь нэмэртэй гэдэг асуудлаар зөвшилцөлд хүрсэн байх хэрэгтэй. 

    Зарим улс орны туршлагаас

    Дэлхийн зарим улс орон дараах арга замаар боловсролд тэгш хамруулах үйл ажиллагааг боловсролын тогтолцоо ба нийгэмд өрнөж буй өргөн хүрээтэй шинэчлэлийн нэгээхэн хэсэг болгон өөрчилж, үр дүнд хүрээд байна. Үүнд:
    1.    Англи, Өмнөд Африк, Испани зэрэг орнуудад боловсролд тэгш хамруулах нь боловсролын тогтолцооны шинэчлэлийн нэг хэсэг хэмээн үзэж,  боловсролын тогтолцооны үр ашгийг нэмэгдүүлэх өргөн хүрээтэй шинэчлэлийн бодлогын гол цөм болох боловсролд тэгш хамруулах асуудлыг шинэчилсэн байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй буюу сургалтын тусгай хэрэгцээтэй хүмүүст хамаатай төдийгүй бүх нийтийн боловсролын чанарыг сайжруулах арга хэрэгслийн нэг гэж тооцогдох болсон. Ингэснээр боловсролд тэгш хамруулах асуудлыг нийт боловсролын тогтолцооноос салангид авч үзэх аюулаас зайлсхийх бололцоотой болсон ба энэ үйл явцад үндэсний түвшинд хүчин чармайлт тавьж, нөөц бололцоогоо зориулах таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна. 
    2.    Чили улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бүхий л үйлчилгээ үзүүлэх асуудлыг хуульчилж өгсөн байна (Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн интеграцчиллын тухай хууль, 1994). Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд суралцуулах  асуудал нь нэлээд өргөн хүрээтэй заалтууд бүхий энэхүү хуулиар зохицуулагддаг тул боловсролд тэгш хамруулах зорилт нь гагцхүү боловсролын бус нийгмийн бодлогын бүрэлдэхүүн хэсэг болсон байна. 
    3.    Бразиль улсад боловсролд тэгш хамруулах зарчмыг ядуурлыг бууруулах, бичиг үсэгт тайлагдах ба нийгмийн тодорхой бүлгүүдийг гадуурхагдахаас хамгаалах зорилттой уялдуулсан. Боловсролд тэгш хамруулах зарчим нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон бусад гадуурхагдсан бүлгүүдийн нийгэмд эзлэх байр суурийг сайжруулах үйл явцын нэг хэмээн үздэг болсон байна. 
    4.    Канад, Англи болон Өмнөд Африк зэрэг орнуудын бодлого боловсруулах үйл ажиллагаанд боловсролд тэгш хамруулах үзэл баримтлалын зарчмуудыг практик амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, учирч буй үзэл суртлын болон практик үйл ажиллагааны бэрхшээлүүдийг тодорхойлохоос гадна одоогийн тогтолцоонд байгаа бололцоо нөхцөлүүдийг олж харсан нь засгийн газрын түвшинд (төрийн албан хаагч, зөвлөхүүдийг оролцуулсан) буюу бие даасан байгууллагууд болон лобби бүлгүүдийн тусламжтайгаар явуулах, төр засгаас тодорхой дэмжлэг авах шаардлагатай байдаг гэдгийг нотолсон байна.  
    5.    Англи болон Өмнөд Африк зэрэг оронд боловсролд тэгш хамруулах зорилтыг хэрэгжүүлэх нь сургуулийн санхүүжилтийн бодлогыг эргэн харж, боловсролд тэгш хамруулах зарчмыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө тусгай сургуульд сургахаас гадна ердийн сургуульд хамруулан сургасан ба сургалтын хөтөлбөр, боловсролын байгууллагад элсүүлэх журам, санхүүжилт зэрэгтэй холбогдсон саад бэрхшээлүүдийг судлан гаргаж, нааштайгаар шийдвэрлэсэн байна. 
    6.    Румын улсын боловсролын яамнаас боловсролд тэгш хамруулах үйл ажиллагааны "амжилтын хэмжүүр" -ийг тодорхойлоход багш нар, захирлууд болон эрдэмтдийн бүлгүүд дэмжлэг үзүүлсэн. Тимишоара хотын нэгэн сургуульд боловсролын яамнаас НҮБ-ын Хүүхдийн Сан болон ЮНЕСКО-той хамтран боловсролд тэгш хамруулах төсөл хэрэгжүүлэн, багш нарт зориулсан сургалт хийхэд захирлууд хамрагдсан бөгөөд нэгэн сургуулийн захирал семинарын үеэр сурч мэдсэн зүйлээ өөрийнхөө сургууль дээр буцаж очоод багш нартаа танилцуулж, "бүхэнд нээлттэй сургууль" бий болгох төлөвлөгөө гаргасан байна. 
    7.    Англи улсад сурагчдын тусгай хэрэгцээг ердийн сургуулийн нөхцөлд хэрхэн хангах тухай өгүүлсэн "үйл ажиллагааны дүрмийг" засгийн газраас боловсруулсан. Сургуулиудын хүсэл шаардлагад үндэслэн албан ёсны журам тогтоохын хажуугаар практик ач холбогдолтой удирдамж гаргах нь чухал гэдгийг баталсан байна. 
    8.    Баруун европын орнуудтай харьцуулахад Нидерланд улсын тусгай ба ерөнхий боловсролын тогтолцоо нь нилээд салангид байдаг. 1990-ээд оны сүүлчээр боловсролд тэгш хамруулах арга ажиллагааг дэмжих, зөвшилцөл бий болгох, багш нарын мэдлэг чадварыг сайжруулах, саад тотгор болон нөхцөл бололцоонуудыг судлан шинжлэхэд чиглэсэн "сургуульд хамтдаа" хэмээх хөтөлбөрийг засгийн газраас батлан хэрэгжүүлж байна.
    9.    Перу улсад Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан болон ДАНИДА-гаас "дээрээс доош" болон  "доороос дээш" чиглэсэн арга барилуудыг хослуулсан, боловсролд тэгш хамруулах төслүүдийг хэрэгжүүлсэн. Тус төсөлд  хамрагдах сургуулиудыг тэнд ажиллаж буй багш нарын хүсэл эрмэлзлийг харгалзан сонгож авсан. Багш нарт зориулан сургалт явуулахын зэрэгцээ анги танхимаа тохижуулахад нь дэмжлэг үзүүлсэн. Төсөлд хамрагдсан сургуулиудад бусад сургуулийн багш нар айлчлан ирж, сургалтад хамрагдаж байсан. Сургуулиудтай ажиллахын хажуугаар орон нутгийн иргэдийн дунд ч мэдээлэл сурталчилгааны ажил явуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй уулзуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх олон нийтийн дунд төлөвшсөн хандлагыг өөрчлөх ажилд эцэг эхчүүдийн хүчийг ашигласан нь үр дүнтэй болсон ба эдгээр төслийн үр дүнд тулгуурлан 1998 оны 12 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэй болон бусад эмзэг бүлгийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах тогтолцоо бүрдүүлсэн хууль тогтоомжийг баталсан. 

    Боловсролд тэгш хамруулах нь өргөн хүрээтэй ардчилсан шинэчлэлийн бүрэлдэхүүн хэсэг болдог. Шилжилтийн нөхцөлд буй олон орны хувьд боловсролд тэгш хамруулах чиглэлээр хийж буй ажлуудыг ардчиллыг бий болгож, хүний эрхийг дээдлэх өргөн хүрээтэй хүчин чармайлтуудаас салгаж үзэх бололцоогүй. Иймээс боловсролд тэгш хамруулах явдал нь улс төр, нийгмийн өөрчлөн байгуулалтын үр дүнд хүмүүсийн эрхэмлэх зүйлс төлөвшихөд хувь нэмрээ үзүүлдэг гэдгийг бусад улсын туршлага амьдрал дээр харуулж байна.  

    Ойлголтыг төлөвшүүлэх ба зөвшилцөлд хүрэх

    Боловсролд тэгш хамруулах чиглэлээр хийж буй өөрчлөлтүүдийг зарим хүмүүс бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрдөггүй. Түүнчлэн харилцан адилгүй, ялгаатай хүүхдүүдтэй ажиллахаас эмээх явдал багш нарын дунд тохиолддог. Иймээс боловсролд тэгш хамруулах үзэл баримтлалын ач холбогдлын талаарх ойлголтыг нийгэмд төлөвшүүлж, зөвшилцөлд хүрэх үйл явцыг аль болох эртнээс эхлэх нь зүйтэй байдаг. 
                Үүний тулд нөлөөллийн үйл ажиллагаа явуулах ба эцэг эхийн дэмжих бүлгүүдийг бий болгох нь олон нийт ба багш нарын дундах ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэртэй төдийгүй энэ зорилгоор олон улсын чиг хандлагыг сурталчилснаар нийгэмд шинэ үзэл санаа нэвтрүүлэхэд амжилт гаргах бололцоотой. Эдгээр бүлэг хүмүүст дэмжлэг үзүүлэх хэрэгтэй ба судалгаа хийх, ном товхимол гаргах, хурал цуглаан зохион байгуулах зэрэг ажилд засгийн газраас санхүүгийн туслалцаа үзүүлэх буюу нэр хүнд бүхий улс төрчдийн зүгээс иргэдийн үүсгэл санаачлагын эдгээр байгууллагын ажилд оролцох нь чухал байдаг. 

    Хууль тогтоомжийн гүйцэтгэх үүрэг

    Боловсролд тэгш хамруулах арга ажиллагаанд шилжихэд хууль тогтоомж чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал:
    ·         Боловсролд тэгш хамруулах үйл ажиллагааны хүрээг бий болгох зорилгоор шинэлэг зарчмууд болон эрх үүргийг тодорхойлох;
    ·         Боловсролд тэгш хамруулах аргад шилжих явцад тулгамдаж буй томоохон бэрхшээлүүдийг даван туулах зорилгоор одоогийн тогтолцооны тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг өөрчилж шинэчлэх (жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрийн амьдран суугаа орон нутагт буюу  оршин суугаа газрынхаа харьяаллын сургуульдаа явах бололцоог нь хангасан заавар журам гаргах);
    ·         Боловсролд тэгш хамруулах арга ажиллагааг практик амьдралд зайлшгүй нэвтрүүлэх явдлыг хуульчлах (жишээлбэл, боловсролын байгууллага бүр тухайн орон нутгийнхаа бүх хүүхдийг боловсролд зайлшгүй хамруулах үүргийг ногдуулах);
    ·         Боловсролд тэгш хамруулах үйл явцад дэмжлэг үзүүлэхүйц журмуудыг бий болгох (жишээлбэл, сургалтын хөтөлбөрийг уян хатан болгох, хувь хүүхдийн онцлогийг харгалзах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэт); 
    Шилжилтийн нөхцөл байдлын аль ч шатанд хууль тогтоомжид өөрчлөлт хийж болдог. Одоогийн мөрдөж буй хууль тогтоомж нь боловсролд тэгш хамруулах үйл ажиллагаанд томоохон бэрхшээл үүсгэж буй тохиолдолд эрх зүйн шинэчлэлийг цаг алдалгүй хийх нь зүйтэй. 

    Ердийн болон тусгай сургалтуудыг зохицуулсан нийтлэг хууль тогтоомжуудыг бий болгох нь чухал. Ихэнх улс оронд тусгай болон ердийн сургуулиудын үйл ажиллагааг өөр, өөр хууль тогтоомжийн дагуу зохицуулдаг буюу үндэсний болон орон нутгийн түвшинд өөр өөр удирдах байгууллагуудад харьяалагдаж, сургалт, санхүүжилтийн журам, сургалтын хөтөлбөр болон үнэлгээний аргачлал нь эрс ялгаатай байдаг. Зарим хүүхдийн хөгжлийн асуудлыг боловсролын гэхээсээ илүү эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн дагуу зохицуулах шаардлага гардаг. Энэ тохиолдолд дээрх хоёр салбарын ажиллагааг захиргааны болон зохицуулалтын түвшинд нэгтгэх нь боловсролд тэгш хамруулах үйл явцын эхний шатанд хэрэгжүүлэх ёстой арга хэмжээ болно. 

    Шилжилтийн үйл явцын нэг чухал хэсэг нь эрх зүйн шинэчлэл байсан. Тусгай боловсролын тогтолцоог бага боловсролын тогтолцоонд багтаан шилжүүлж,  суралцахад нь бэрхшээл учирдаг хүүхдүүдийг аль сургуульд оруулах талаар орон нутгийн түвшинд шийдвэр гаргах бололцоогоор хангаж, санхүүжилтийн зарчмуудыг уян хатан болгосон байдаг. Боловсролд тэгш хамруулах явдлыг хуульчилж өгөөгүй учраас энэхүү шинэ тогтолцооны хэрэгжилтэд нэлээд бэрхшээл учирсан байна. Гэсэн хэдий ч боловсролд тэгш хамруулах туршлагуудыг амжилттай хэрэгжүүлэх бололцоог хууль тогтоомжийн хүрээнд олгосон нь сайшаалтай юм.  

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах асуудал нь маш ярвигтай, зарим үед маргаантай асуудал хэвээр байгаа юм. Хөнгөн болон хүндэвтэр зэргийн хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийн онцлог хэрэгцээг нь харгалзан ердийн сургуульд сургах нь эдийн засаг, нийгэм, хүний эрхийн талаас нь авч үзвэл тун зохимжтой, үр өгөөжтэй байдгийг дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрөөд байгаа боловч тусгай сургуулийн гүйцэтгэх үүргийн талаар болон хүнд буюу давхар хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулж болох эсэх, ер нь боловсролд хамруулах ёстой юу гэдэг асуудал нь боловсролын салбарт ажиллагчдын дунд нэлээд маргаантай асуудал хэвээр байна. 

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах асуудал нь Азийн ихэнх оронд харьцангуй шинэ ойлголт бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдалтын хувь ерөнхийдөө маш хангалтгүй, доогуур байдаг. Гэхдээ, боловсролд тэгш хамруулах асуудал нь нийгэмд хамгийн их ялгаварлан гадуурхагддаг бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чанартай боловсрол эзэмших эрхийг хангахад практик ач холбогдолтой, өртөг багатай арга болох нь улам бүр нотлогдсоор байгаа билээ. Иймээс ч ихэнх улс орон бүх хүүхдийг ялгаварлалгүйгээр боловсролд тэгш хамруулах үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй хэрэгжүүлж, боловсролд хамрагдах хүүхдийн тоо жил бүр өссөөр байна.  


    МОНГОЛ УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА

    Монгол улс НҮБ-ын гишүүн орныхоо хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол улсын үндсэн хуулиа дээдэлж, хүүхэд багачуудынхаа хөгжих, боловсрох эрхийг хамгаалан 1996 онд "Хүүхдийн эрхийг хамгаалах тухай" хууль баталснаас гадна Боловсролын багц хуулинд бүх хүн суурь боловсрол эзэмшсэн байх ёстой гэж заасан байдаг. 

    Хууль эрх зүйн талаас нь авч үзвэл, Монгол Улсын Үндсэн хуульд бүх хүүхэд сурч боловсрох эрхтэйг баталгаажуулсан байдаг. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцэд Монгол улс нэгдэн орсон бөгөөд тус конвенцэд гарын үсэг зурсан улс орнууд хүүхэд бүрийн боловсрол эзэмших эрхийг хангахын төлөө ажиллах үүрэг хүлээдэг билээ. Бүх нийтэд боловсрол олгох олон улсын хөдөлгөөн, Боловсрол эзэмших тусгай хэрэгцээний тухай Саламанкагийн мэдэгдэлд Монгол улс нэгдсэн бөгөөд Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг боловсролд тэгш хамруулдаг, саад бэрхшээлийг арилгасан, эрхэд тулгуурласан нийгэм байгуулах талаар авах арга хэмжээний Бивакогийн ерөнхий хүрээний төслийг гаргахад оролцсон билээ. Эдгээр гэрээнд тулгуурлан Засгийн газраас бүх хүүхдэд, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чанартай боловсрол олгох зорилт тавьсан. 

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах нь Монголд хэд хэдэн шалтгааны улмаас нэн чухал ач холбогдолтой юм. Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөвхөн тусгай сургуулиар сургаж байсан бөгөөд тэдгээр сургуулиудад ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн маш бага хувь нь хамрагдаж байв. Хөдөө орон нутагт ажиллаж байсан тусгай сургуулиуд нь зах зээлийн нөхцөлд оршин тогтнох боломжгүй болж хаагдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ихэнх нь боловсролд хамрагдах боломж нь хязгаарлагдаж, нийгмийн эмзэг бүлгийн нэг хэсэг хэвээр үлдсээр байна. Ердийн сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч болох наад захын орчин бүрдээгүй, анги дүүргэлтийн тоо их, хүүхэд бүртэй тулж ажиллах боломж хомс, нийгмийн зүгээс ялгаварлан гадуурхах хандлага их, ядуугаасаа болоод суралцах боломжгүй, түүнчлэн сургууль нь хол оршдог, сургалтын хэрэгсэл дутмаг зэрэг нийгмийн талын материаллаг бэрхшээл саад болсон хэвээр байна. 

    Сүүлийн хэдэн жилийн дотор Монгол улсын боловсролын тогтолцоонд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан бөгөөд боловсролд тэгш хамруулах асуудлаар бодлого боловсруулах болон үндэсний хэмжээний бүтэц бүрдүүлэх талаар гарсан хамгийн сүүлийн үеийн томоохон ололтын нэг нь 2003 онд батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах хөтөлбөр" бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд ердийн сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт мэдэгдэхүйц нэмэгдсэн. 

    Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангахын төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд, зарим нэгэн олон улсын байгууллагууд шат дараалсан арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсний үр дүнд  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх олон нийтийн ойлголт мэдэгдэхүйц өөрчлөгдөж, хууль эрх зүйн орчин бага боловч сайжирч байна. 

    Монгол улсын Засгийн газраас хүүхэд бүрт тохирсон боловсрол олгоход анхаарч, тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд хамруулах үйл ажиллагааг төрийн бодлогын хүрээнд авч үзэн гадаадын хандивлагч байгууллагууд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах үйл ажиллагаа 1994-1998 онуудад "интеграцчилсан сургалт" нэртэйгээр ДАНИДА төслийн хүрээнд эхэлж, 1998-2006 онуудад Их Британий Хүүхдийг Ивээх Сангийн "Боловсролд тэгш хамруулах сургалт" төсөл, 2004-2006 онуудад СИДА-гийн "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол" төслийн хүрээнд тус тус хэрэгжсэн билээ. Түүнчлэн тэгш хамруулах боловсролын асуудлаар үндэсний хэмжээний бодлого зохицуулалтыг удирдан чиглүүлэх зорилгоор 2003 оны 2 дугаар сарын 17-нд БСШУЯ-ны Бага, дунд боловсролын бодлого зохицуулалтын газрын дэргэд "ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ БОЛОВСРОЛЫН НЭГЖ" байгуулагдсан. 

    Үүнээс гадна "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах бодлого" сэдэвт Олон улсын анхдугаар семинар зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулсан нь одоогийн мөрдөж буй "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах хөтөлбөр" боловсруулан гаргах үндэс суурь болсон юм. "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах хөтөлбөр"-ийг БСШУ, НХХ, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар 2003 оны 12 дугаар сард баталсан билээ. 

    Тус хөтөлбөрийн эрхэм зорилго нь хүүхдийн суралцах, хөгжих эрхийг тэгш боломжоор хангахад орших ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрэлт хэрэгцээг хангахуйц боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлэхэд оршино. Тус хөтөлбөрийн хүрээнд ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй   хүүхдүүд суралцах, боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх, боловсролын тусгай хэрэгцээг хангах үйлчилгээг боловсронгуй болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах нийгэм-сэтгэлзүйн  таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн.  

    Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
    ·         Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн цогц үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, өсөлтийн хувь; 
    ·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулан сургах нөхцөлийг бүрдүүлсэн цэцэрлэг, сургуулийн тоо, өсөлтийн хувь;
    ·         Ердийн цэцэрлэг, сургуульд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, өсөлтийн хувь; 
    ·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурлагын амжилтын ахиц;  
    ·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ур чадвар эзэмших сургалтад хамрагдсан багшийн тоо, өсөлтийн хувь;
    ·         Тусгай хэрэгцээт боловсролын байгууллагуудын мэргэжлийн үйлчилгээний чадавх дээшилсэн байдлаар үнэлэх юм.
    Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 5.1-д Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын хэрэгцээг тодорхойлох судалгааг тогтмол явуулахад дэмжлэг үзүүлж, үр дүнг бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношлох, үнэлэх аргыг боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ төлөвлөгдсөний дагуу олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаагийн нэг нь энэхүү гарын авлагыг багш нарт зориулан гаргаж байгаа билээ. 

    Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх олон нийтийн ойлголт эрс сайжирч эдгээр хүүхдүүд нь бусад хүүхдийн нэгэн адил боловсрол эзэмших эрхтэй бөгөөд зайлшгүй тэднийг боловсролд хамруулах шаардлагатай гэж үзэн хууль эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ авсаар ирлээ. Үүний нэг тод жишээ бол Монгол улсын Боловсролын тухай хуулийн 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах, тэдний сурах нөхцөлийг сайжруулах талаар тодорхой заалтуудыг тусгаж оруулсан. Үүнд: 
    ·  Боловсролын тухай хуулийн 3.1.9-д "хөгжлийн бэрхшээлтэй суралцагч" гэж төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавх нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс суралцах боломж нь хязгаарлагдсан суралцагчийг;
    ·  40.5-д Нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг сургуулийн байршил, хэв шинж, мэргэжлийн чиглэл болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээтэй уялдуулан энэ хуулийн 40.3-т заасан сургалтын байгууллага тус бүрээр ялгавартай тогтоох бөгөөд аргачлалыг нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална; 
    · 42.1-д Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна; 
    · 43.2.7-д Суралцагчийн онцгой авьяас, чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, урамшуулан дэмжих, өнчин, амьжиргааны түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг сурах нөхцөл бололцоогоор төрөөс хангах тухай тус тус тусгаж оруулсан билээ.  

    Өнөөдөр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөн хэрэгжиж байгаа тэгш хамруулан сургах бодлого нь бүх нийтийн боловсролын талаарх Дакарын тунхаглал, зорилтууд, Саламанкагийн тунхаглалуудад тусгагдсан "боловсролынүйлчилгээг  НЭЭЛТТЭЙ, БҮХ ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ, ЧАНАРТАЙ  болгох "-ыг  эрхэмлэдэг.

    Тэгш хамруулан сургах бодлогын үндсэн зарчмуудад: 
    ·         Бүх хүүхдүүд суралцах чадвартай бөгөөд тэдний хэрэгцээг хангах сургалтын хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрөх;
    ·         Хүүхдийн суралцах явцад тохиолдох бэрхшээлийг хөнгөвчлөх, түүнийг даван туулахад туслах;
    ·         Сургуульд болон сургуулиас гадуур (гэр бүл, нийгэм)  боловсрол эзэмших бололцоог нэмэгдүүлэх;
    ·         Бүх хүүхдийн хэрэгцээнд нийцүүлэн боловсролын үзэл хандлага, сургалтын орчин, багшийн сургалтын арга зүй,  харилцааг өөрчлөх;
    ·         Нийгмийн тэгш ойлголтын талаарх үндэсний соёл, уламжлалыг хөгжүүлэх асуудлууд ордог. 
    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсролын эрхийн тусгай илтгэгч ноён Вернор Муноз 2009 оны 10 дугаар сарын эхээр Монгол улсын Засгийн газрын урилгаар тус улсад айлчлал хийсэн бөгөөд НҮБ-ын тусгай илтгэгчийн чиг үүргийн хүрээнд Монгол улс дахь боловсролын талаар буюу хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг үнэлэх анхны айлчлалаа хийсэн билээ. Энэхүү айлчлалын үеэр ноён Муноз Монгол улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг соёрхон баталж нэгдэн орсноос хойш тус конвенцийг хэрэгжүүлэх талаар дорвитой ажил хийгдээгүй байгаа талаар дурдахын сацуу "Засгийн газрын зүгээс боловсролын үйлчилгээнд бүх хүүхдийг хамруулан сургах орчин бүрдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчинг сайжруулах талаар бодитой анхаарал хандуулах хэрэгтэй" гэдгийг онцлон тэмдэглэсэн. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах, тэдний зөрчигдөөд байгаа эрхийг хангахын тулд олон талт үйл ажиллагаа явуулах шаардлагатай болохыг амьдрал бидэнд харуулж байна. 
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах